| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 103/2016/00246/и |
| Дугаар | 103/ШШ2016/00306 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2016/00306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч, Т.Эрдэнэтунгалаг, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багт оршин суух Монгол овогт Шарайд овгийн Энхболдын Болорбатын нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс 26,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн , прокурор Н.Эрдэнэтуяа, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Э.Болорбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн н.Дашдэлэгийг хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш сэжиглэгдэж улмаар 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 47 дугаар шийтгэх тогтоолооор 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлэн мөн өдрөөр цагдан хоригдсон.Үүнийг эс зөвшөөрч шат шатны шүүхэд гомдол гаргаж явсаар Улсын дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 253 дугаар тогтоолоор намайг цагаатгаж сулласан.Би энэ хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 140 хоног хууль бусаар цагдан хоригдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйл, 389 дүгээр зүйлийн 389.2.1, 389.2.2, 389.2.3 дугаар зүйлд тус тус зааснаар одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ192,000 төгрөгийг цагдан хоригдсон 140 хоногт үржүүлэн 26,880,000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Прокурор Н.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дүгээр зүйлд зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлоо төрөөс шаардах эрхтэй боловч төрөөс 26, 880, 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна.Нэхэмжлэгч Э.Болорбат нь гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул Эрүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1 дэх хэсэгт зааснаар хууль бус үйл ажиллагааны улмаас цагдан хоригдсон 140 хоногт ногдох орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн төлүүлэх ёстой. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагийн үнэлгээг 1,142,45 төгрөг буюу сард 192, 000 төгрөгөөр тогтоосон байх тул Э.Болорбатын нэг өдөрт ногдох орлогыг /1142,45х8цаг/ 9142.80 төгрөгөөр тооцож, түүний үндэслэлгүй цагдан хоригдсон 140 хоногт ногдох орлогыг /9 142.80х140 хоног/ 1 279 992 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 279 544 төгрөгийг хангаж, нэхэмжлэгчид олгуулан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул үлдэх 25 600 456 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс 2015.04.29-ний өдрийн 47 дугаартай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шийтгэх тогтоол, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 253 дугаар цагаатгах тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Э.Болорбат нь үндэслэлгүй 140 хоног цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд төрөөс 26,880,000 төгрөг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Э.Болорбатыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор “Бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай”-д тооцож Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, тогтоолыг хүчин төгөлдөр болтол урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьсон байна. /хх-ийн 2-5 дугаар тал/
Шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн ба ялтны өмгөөлөгчийн гомдлоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар Э.Болорбатад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Болорбатыг цагаатгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож суллажээ. /хх-6-8 дугаар тал/
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дугаар зүйлийн 389.2.2-т заасан үнэдэслэлээр Э.Болорбат хохирол нөхөн төлүүлэх шаардах эрх үүсчээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт ”иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заажээ.
Нэхэмжлэгч Э.Болорбат нь гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1 д зааснаар хууль бус ажиллагааны улмаас цагдан хоригдсон 140 хоногт ноогдох орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Болорбатыг 140 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон гэм хорын хохиролд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоорхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1,142,85 төгрөг буюу сард 192,000 төгрөгөөр тогтоосон байх тул нэг өдөрт ногдох орлогыг /1,142х8 цаг/ 9,142,80 төгрөгт тооцож, цагдан хоригдсон 140 хоногт ногдох орлогыг /9,142,80х140 хоног/ 1,279,992 төгрөгөөр тогтоож нэхэмжлэгчид олгуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,600,456 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлох баримт цуглуулах, гаргах талаар хуульд заасан журмын дагуу цуглуулсан, тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой, харилцан хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас 1,279,992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шарайд овгийн Энхболдын Болорбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,600,456 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.АРИУНАА
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ