Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01664

 

 

 

                                                          *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04263 дугаар шийдвэртэй

 

*******ийн нэхэмжлэлтэй

*******ид холбогдох

 

Гэм хорын хохиролд 1,330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* төвийн хойд уулзвар дээр 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 55 минутын орчимд ******* нь ******* улсын дугаартай, Toyota Land criuser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн улсын дугаартай, Toyota RAV-4 маркийн тээврийн хэрэгслийн ардаас мөргөж, зам тээврийн осол гаргасан бөгөөд түүнд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0769814 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага тооцсон.

1.2. Автомашины хаалгыг 1,000,000 төгрөгөөр худалдан авч, 1,200,000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэж нийт 2,200,000 төгрөгийн зардал гаргасан, үүнээс даатгалын байгууллагаас 870,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэх 1,330,000 төгрөгийг төлөөгүй.

Иймд хариуцагч Б. Дэмбэрэлдоржоос 1,330,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зам тээврийн осол гаргасантай маргахгүй.

2.2. Тухайн ослын дараа ХХК-иас тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 870,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг хохирлыг автомашины жолоочийн хариуцлагын даатгалын дагуу -аас нэхэмжлэгчид 100 хувь шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед хохирлын үнэлгээний тайланг өөрөө хүлээн зөвшөөрч, дахин үнэлгээ хийлгэх гомдол санал гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 1,330,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,600 төгрөгөөс 36,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 370 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 36,230 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Зөрчлийн хэргийн талаарх үйл баримтын хувьд зохигч маргаагүй болно. Шүүх хариуцагч талын гаргасан тайлбар, татгалзалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг тайлбарласан байхад шийдвэрт энэ талаар үгүйсгэсэн, няцаасан дүгнэлт хийгээгүй.

4.2. Хууль зүйн хувьд зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрт хохирогч тал гомдол хүсэлт гаргаагүй учир хүчин төгөлдөр болсон, мөн хохирлыг хуулийн дагуу үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, төлбөрийг холбогдогч *******оос гаргуулахаар шийдвэрлэж, даатгалаас 100 хувь төлсөн. Зөрчлийг хянан шийдвэрлэснээс хойш авсан үнийн санал, хийсэн засвар үйлчилгээний төлбөрийг гэм хорын хохирол гэж үзэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Давж заалдах гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримталж хэргийг шийдвэрлэх байсан боловч уг заалтыг хэрэглээгүй учраас үндэслэлгүй гэх агуулгыг дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д шүүхийн болон арбитрын шийдвэр байх ёстой гэсэн шаардлагыг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангаж байгаа мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан гэм хорын хохиролд 1,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ******* нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүрэг, 1 дүгээр хороо, пост 443, Шангириллагийн хойд замын уулзварт өөрийн өмчлөлийн, “Land cruiser-200” маркийн 10-19 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр *******ийн жолоодон явсан “Toyota RAV4” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, зам тээврийн осол гаргасан. /хх6/

3.2. *******ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.51-д заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. /хх13/

3.3. Захиалагч “” ХХК нь “” ХХК-иар *******ийн эзэмшлийн “Toyota RAV4” маркийн  автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг хийлгэхэд салхины шил /хойд, солих/ 320,000 төгрөг, шил арчигч /хойд, солих/ 15,000 төгрөг, буфер /хойд, засах/ 80,000 төгрөг, обуд /засах/ 20,000 төгрөг, багажны хаалга /засах/ 65,000 төгрөг, будах зардал /ажлын хөлс/ 280,000 төгрөг, шууд зардалд нийт 780,000 төгрөг, материалын үнэ 40,000 төгрөг, эд анги солиход 50,000 төгрөг, тэнхлэг тохируулахад 0 төгрөг, шууд бус зардалд нийт 90,000 төгрөг, нийт 870,000 төгрөгөөр тогтоосон байх ба уг төлбөрийг автомашины жолоочийн хариуцлагын даатгалын дагуу “” ХХК-иас *******т төлсөн.

 

4. Дээрх үйл баримтад зохигч маргаангүй. Харин зам тээврийн ослоос учирсан гэм хорын хохирлыг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлж барагдуулсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

4.1. “” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн автомашины эвдрэл, гэмтлийг оношилж, засварын зардал буюу хойд гүпер задалж, угсрах ажлын хөлс 180,500 төгрөг, хойд гүпер будах ажлын хөлс 247,000 төгрөг, бараа материалын үнэ 743,000 төгрөг, багажны хаалга задалж угсрах ажлын хөлс 437,000 төгрөг, багажны хаалганы гажаа засах ажлын хөлс 522,000 төгрөг, багажны хаалганы шил шинээр суулгах ажлын хөлс 456,000 төгрөг, түгжээ 50,000 төгрөг, будганд бэлдэх ажлын хөлс 266,000 төгрөг, угаалга 60,000 төгрөг, компьютер оношилгоо 30,000 төгрөг, нийт 2,992,000 төгрөг болох талаар үнийн санал гаргасан байна. /хх19/

4.2. Нэхэмжлэгч нь Вьетнам авто засварын газраар өөрийн автомашиныг засварлуулж, засварын хөлсөнд 2,200,000 төгрөг төлсөн, мөн тус засварын газар нь автомашины  арын хаалга задлах, будах, угсрах, гупер задлах, засах, будах, угсрах ажлыг гүйцэтгэсэн үйл баримт хэрэгт авагдсан түүний эзэмшлийн, “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн зарлагын баримтууд болон Вьетнам авто засварын үйлчилгээний хуудас, багажны хаалга авсан зарлагын баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.  /хх14-17/

Иймээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 2,200,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзнэ. Уг гэм хор хариуцагчийн буруутай үйлдлээс учирсан гэх үйл баримт дээр дурдсанаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хор арилгуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийн “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасантай нийцнэ. Учир нь, хариуцагч ******* нь ******* улсын дугаартай, “Toyota Land criuser-200” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч байх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа нэхэмжлэгч *******ийн автомашинд гэм хор учруулсан тул хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй.

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирол шаардахдаа “” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт шилжүүлсэн 870,000 төгрөгийг хасч, зөрүү 1,330,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасныг зөв хэрэглэсэн байна.

 

5. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн зам тээврийн осол гаргаж, түүний автомашинд хохирол учруулсан талаар маргаагүй тохиолдолд шүүх гэм хорын хохирлыг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг сонгох учиртай.

 

6. Нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоос зөрүү мөнгөн хөрөнгийг нэхэмжилж байгаа тохиолдолд өмнө нь шийдвэрлэсэн зөрчлийн арга хэмжээ болон тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон мөнгөн хөрөнгийг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04263 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1” гэснийг хасаж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ЦЭНД

 

 

                                  ШҮҮГЧИД                                        Т.ГАНДИЙМАА

 

 

                                                                                           Б.АЗБАЯР