Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1518

 

 

 

 

 

      2019       09        30                                   2019/ШЦТ/1518    

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,

Хохирогч Ж.Болормаа,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Н холбогдох эрүүгийн 1906 03447 1870 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум   тоотод оршин cуух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо   тоотод түр оршин суух,  гавъяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.Н .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их орд” худалдааны төвийн 3 давхарын 14 дүгээр лангуунд үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ломбарданд теллерээр ажиллах хугацаандаа 19.562.500 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан

үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Болормаа мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би “Мартуузай” компанийн захирал. Маш их гомдолтой байна. Мөнгөө олж авмаар байна. 19.562.500 төгрөгийг нэхэмжилж байна.”   

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ж.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх-26-27/, иргэний нэхэмжлэгч С.Алтанчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-30/, гэрч Б.Уранчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-33/, гэрч С.Батболдын өгсөн мэдүүлэг /хх-34/, гэрч Б.Зуунжаргалын өгсөн мэдүүлэг /хх-36/, гэрч Г.Цэрэндолгорын өгсөн мэдүүлэг /хх-38/, гэрч Ч.Алтантуулын өгсөн мэдүүүлэг /хх-39/, гэрч Б.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-40/, гэрч Б.Энхтуулын өгсөн мэдүүлэг /хх-39/, гэрч Н.Мөнх-Амгалангийн өгсөн мэдүүлэг /хх-42/, гэрч Б.Алдармаагийн өгсөн мэдүүлэг /хх-43/, гэрч О.Цэгмидийн өгсөн мэдүүлэг /хх-45/, гэрч Э.Энхжингийн өгсөн мэдүүлэг /хх-46/, гэрч Нарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-47/, гэрч А.Алтанхуягийн өгсөн мэдүүлэг /хх-48/, гэрч Б.Өнөрбуянгийн өгсөн мэдүүлэг /хх-49/, гэрч Ц.Цэцэгмаагийн өгсөн мэдүүлэг /хх-50/, гэрч Ж.Энхмаагийн өгсөн мэдүүлэг /хх-51/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-52-54/, Г.Н хохирогч Ж.Болормаагийн нарын хохирлын тооцоо нийлсэн баримт /хх-146-147/, шүүгдэгч Г.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-57/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их орд” худалдааны төвийн 3 давхарын 14 дүгээр лангуунд үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ломбарданд теллерээр ажиллах хугацаандаа 19.562.500 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Болормаагийн өгсөн: “...Би “Мартуузай” ломбардыг 2009 оноос хойш ажиллуулж байна. 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд манай ломбарданд Г.Н теллерээр ажиллах хугацаандаа ломбарднаас хөрөнгө завшсан гэдгээр 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр шүүхээр орж 1 жилийн тэнсэн харгалзах ял авсан. Г.Н шүүхээр орж тэнсэн авахаас өмнө 11.414.950 төгрөгийн хохирлоос 6.414.950 төгрөгийг барагдуулаад үлдэгдэл 5 сая төгрөгийг төлөхөөр 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хохирлоо барагдуулахаар хэлцэл байгуулсан. Тус хэлцлээр ажил хийж төлбөрөө цалингаасаа барагдуулахаар тохирсон бөгөөд энэ хэлцлээр cap бүр 400 000 төгрөг төлөх график гаргасан. Графикийн дагуу 2019 оны 5 дугаар сарыг хүртэл 2.400.000 төгрөг суутгуулаад одоо 2.600.000 төгрөг үлдсэн байгаа. Ингээд шүүхэд хохирлоо барагдуулсан гэдгээр миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Ингээд Г.Н 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед Г.Н өөрийнхөө 88018357 дугаараас залгаад “кассанд мөнгөгүй болчихлоо 650.000 төгрөгийн зээл гаргах боллоо та данс руу шилжүүлчих” гээд зээлийн гэрээ хийсэн баримтаа явуулсан бөгөөд баримтан дээр Уранчимэг гэх хүний 5926067898 дугаар руу 5753337226 дугаартай данснаас шилжүүлсэн. Ингээд маргааш нь Г.Н хариуцан ажилладаг “Их Орд” худалдааны төвийн лангуу руу өглөө 10 цаг болж байхад очоод шалгахад Уранчимэгийн барьцааны эд зүйлийг тулгаж хартал 2 ширхэг монетон бөгж нь байхгүй, зөвхөн гинж байсан. Уг гинж нь 650.000 төгрөгийн үнэлгээ хүрэхээргүй байсан. Ингээд бүх зээлүүдийг нэг бүрчлэн шалгахад өмнө нь зээл авсан хүний хаяг, утасны дугаар, нэрийг ашиглан программ дээр зээл үүсгэж шивж оруулаад өөрөө тухайн мөнгийг бэлнээр хэрэглэж байсан байна. 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хохирлын тооцоо болох 18.050.000 төгрөг дээр 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн зузаатгал хийж 1 сая төгрөгийг Г.Н өгч байсан. Тэр мөнгийг болон С.Алтанчимэг гэх хүний алтан бөгжний үнэ болох 512.500 төгрөгийг нэмж нийт 19.562.500 төгрөгийг нэхэмжилж байна." /хх-26-27, 28, 151 / гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Алтанчимэгийн өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Мартуузай” ломбарданд 6.2 гр алтан ээмэг, 4.1 гр алтан бөгж мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг 1 сая төгрөгөнд барьцаанд тавьсан. Ломбарднаас надтай холбогдож алтан бөгжөө буцааж авсан эсэхийг асуусан. Ямар нэгэн эд зүйлээ буцааж аваагүй байгаа. 2018 оны 2 дугаар сард манай охин Оюунбилэг надад тэр бөпжийг 550 000 төгрөгөөр авч өгч байсан.” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Уранчимэгийн өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би “Их Орд” худалдааны төвд байрлах “Мартуузай” ломбарданд 2 ширхэг мөнетон бөгж, 1 ширхэг гинжээ 650.000 төгрөгөөр барьцаалсан. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр барьцаалсан зүйлсээ буцааж авахаар очтол гинжнээс бусад зүйлс нь байхгүй болсон байсан.” /хх-33/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батболдын өгсөн: “...Би Гүндсамбуу, Гантөгс гэх хүмүүстэй хамтарч ББСБ-аас машин зээлээр аваад авсан машинаа өдрөөр түрээсэлж гаргадаг юм. Энэ ажлыг 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хийж байна. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байх Намуунзул гэх охин 88018357 дугаарын утсаар холбогдож ирээд хамт явж байсан эмэгтэй Баатархуягийн Зуунжаргалан гэх эмэгтэйн бичиг баримтаар 39-28 УБУ улсын дугаартай приус маркийн машин 4 хоногийн хугацаатай өдрийн 50.000 төгрөгөөр түрээсэлсэн. Машин авснаас хойш дугаар явахгүй өдөр машинаа сольё гээд 2,3 хоногийн дараа машинаа 10-30 УНС улсын дугаартай машинаар сольсон. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш залгасан чинь маргааш нөгөөдрөөс өгнө гээд машин өгөхгүй яваад байсан. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш дээрх утсаа авахгүй байсан учир Баянхошуунд очиж машинаа хурааж авсан.” /хх-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гантөгсийн өгсөн: “...Би Батболд Гүндсамбуу гэх хүмүүстэй хамтарч ББСБ-гаас машин зээлээр авсан. Машинаа өдрөөр нь түрээсэлж гаргадаг юм. Энэ ажлыг 2019 оны 1 сараас хойш хийж байна. 2019 оны 5 сарын дундуур хамтарч ажиллуулах Батболд гэх хүн энэ Намуунзул гэх эмэгтэйд 10-30 УНС улсын дугаартай машиныг хоногоор түрээсэлсэн юм. Яг түрээслэх үед нь би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.” /хх-35/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Зуунжаргалангийн өгсөн: “...Би цаг

хугацааг сайн санахгүй байна Намуунзул над руу яриад “жолооны үнэмлэх, бичиг баримт чинь хэрэгтэй байна, машин түрээслэх гэсэн” юм гэсэн. “Завтай бол Аглаг бүтээлийн хийд хамт явах уу” гэхээр нь тухайн үед ажилтай байсан учраас Төмөр замын варетэ чуулгын зогсоолд очоод нэг хүнтэй уулзаад тэр хүн миний бичиг баримтын зургийг аваад буцаагаад өгсөн. Эхлээд хар өнгийн харейр машин сонирхож байгаад хөдөө явахаар их эддэг гээд ногоон өнгийн приус 20 машин авсан. Тэр машиныг хашаанаас би унаж гараад цаашаа Намуунзул унаад явсан.” /хх-36/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Алтанцэцэгийн өгсөн: “...Ингээд тэр өмнөх хохирлоос мөнгө төлөөд үлдсэн 5 сая төгрөг дээр нь гэрээ байгуулсан байгаа. Сүүлд гэрээ байгуулахдаа тус ломбардандаа ажил хийж мөнгөнөөсөө төлөхөөр болсон. 2018 оны 11 сараас тус ломбардандаа эргэж ажилласан. Ингээд сүүлд мөнгө ахиад завшсан гэж Болормаа ахиж залгаж хэлэхээр нь мэдсэн. Энэ завшсан мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй.” /хх-37/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цэрэндолгорын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шигтгээтэй монетон бөгж тавьж байгаагүй, надад тийм бөгж ерөөсөө байхгүй. Одоо надад энэ мартуузай ломбарданд барьцаанд тавьсан зүйл байхгүй.” /хх-38/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Алтантуулын өгсөн: “...Би өмнө нь тус ломбардаар 2019 оны 2 сард үйлчлүүлж 100.000 төгрөгөнд монетон ээмэг болон бөгж барьцаалж, 2019 оны 3 сарын 26-ны өдөр барьцаалсан зүйлсээ авсан.” /хх-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сарантуяагийн өгсөн: “...Би өмнө нь тус ломбардаар 2019 оны 1 сард үйлчлүүлж 210.000 төгрөгөнд монетон гинжийг барьцаалж, 7 орчим хоногийн дараа барьцаалсан зүйлийнхээ мөнгийг өгөөд авсан.” /хх-40/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтуулын өгсөн: “...Би тус ломбардаар 2019 оны 1 сарын 26-ны өдөр үйлчлүүлж 500.000 төгрөгөнд алтан ээмэг, бөгж барьцаалж, 1 cap бололгүй авч байсан.” /хх-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнх-Амгалангийн өгсөн: “...Миний дүү Мөнхтуяа нь 2019 оны 2, 3 сард “Мартуузай” ломбардаар үйлчлүүлж 100.000 төгрөгөнд монетон ээмэг барьцаалан маргааш нь эд зүйлсээ буцаан авсан байсан.” /хх-42/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алдармаагийн өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр мөнгөний хэрэг гараад монетон ээмгээ 300.000 төгрөгөнд барьцаалж, 2019 оны 4 сарын сүүлээр авсан.” /хх-43/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Цэгмидийн өгсөн: “...Т.Намуунзул нь миний эгч болох Нарангэрэлийн охин гэрэлтуяагийн том охин юм. Би “Мартуузай” ломбардаар үйлчлүүлдэг. Хамгийн сүүлд очиход Г.Н “би энэ газарт ажиллаж байгаа” гээд сууж байсан. Тэр үед би 200.000 төгрөгөөр монетон бөгж барьцаалж зээл авсан. Надад монетон гинж байхгүй, гинж барьцаалж 1.100.000 төгрөг авсан тохиолдол байхгүй.” /хх-45/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхжингийн өгсөн: “...Би 2019 оны 3 сард мөнгөний хэрэг гараад монетон бөгжөө 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би өөрийн бөгжийг одоо болтол аваагүй байгаа. Би монетон ээмэг барьцаалж байгаагүй.” /хх-46/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нарантуяагийн өгсөн: “...Би тус ломбардаар 2 удаа үйлчлүүлж байсан. Би 2 удаа монетон гинжээ тавьсан бөгөөд

нээх удалгүй буцаагаад авсан.” /хх-47/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Алтанхуягийн өгсөн: “...Би 2019 оны 3 сарын 18-ны өдөр 600.000 төгрөгөнд эхнэрийн монетон бөгж, гинжийг барьцаанд тавьсан. Тэр үед бэлэн мөнгө байхгүй гээд цаашаагаа утсаар яриад дансаар 600.000 төгрөг шилжүүлж байсан. 3, 4 хоногийн дараа эд зүйлээ буцааж авсан.” /хх-48/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өнөрбуянгийн өгсөн: “...Би 1 удаа “Мартуузай” ломбардаар үйлчлүүлж байсан. Үйлчлүүлэхдээ нэг ширхэг өрөөсөн цэцэгтэй монетон ээмэг 20.000 төгрөгөөр барьцаалдан зээл авч байсан. Уг ээмгээ буцааж авч чадаагүй. Би 2 ширхэг монетон бөгж 910.000 төгрөгөөр барьцаанд тавьж байгаагүй.” /хх-49/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэцэгмаагийн өгсөн: “...Би 2019 оны 4 сарын дундуур өөрийн навчин хэлбэртэй монетон ээмгийг 120.000 төгрөгийн барьцаанд тавиад cap орчмын дараа буцааж авсан.” /хх-50/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Энхмаагийн өгсөн: “...Би “Мартуузай” ломбарданд 2018 оны 5 сард анх ажилд орж байсан. 2018 оны 11 дүгээр сарын       17-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад төрөх хугацаа дөхсөн тул ажлаасаа гарсан. Би ажлаасаа гарахдаа Г.Н гэх хүүхэнд ажлаа хүлээлгэж өгсөн. М.Алтанчимэг гэх хүн манайхаар байнга үйлчлүүлдэг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хос алтан ээмэг, 1 ширхэг алтан бөгж барьцаанд тавьж зээл авсан. Би Намуунзулд бүх зүйлийг тоо ёсоор нь баримтан дээр үндэслэн хүлээлгэн өгсөн. Г.Н надаас бүх зүйлийг бүрэн хүлээн авч өөрийн биеэр гарын үсэг зурж хүлээж авсан.” /хх-51/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Н яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хохирлын тооцоотой танилцлаа. Хохирлын тооцоотой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Дээрхи хохирол 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зузаатгал хийхээр 1 сая төгрөгийг Болормаа эгчээс авсан нь үнэн. Би дээрхи төлбөр тооцоог хүлээн зөвшөөрч байна. Мөн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлантай танилцлаа. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. 18.050.000 төгрөг дээр зузаатгалаар 1 сая төгрөг, мөн бөгжний 512.500 төгрөгийн хохирлыг нэмээд нийт 19.562.000 төгрөгийг Болормаа эгчид учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо төлж барагдуулах болно.” /хх-152-153, 164-165/ гэх мэдүүлэг, 

 

Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-52-57/

Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ, зээлийн гэрээ /хх-66-67, 68-69/,

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-70/,

Гар утасны мессежийг зургаар баримтуулсан тэмдэглэл /хх71-73/,

“Мартуузай” ломбардны зээлийн баримтууд /хх-74-136/,

Г.Н хохирогч Ж.Болормаагийн нарын хохирлын тооцоо нийлсэн баримт /хх-146-147/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-155-156/,

Шүүгдэгч Г.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-57/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Н 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их орд” худалдааны төвийн 3 давхарын 14 дүгээр лангуунд үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ломбарданд теллерээр ажиллах хугацаандаа 19.562.500 төгрөгийг завшсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчийг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Н Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирол төлбөр болох 19.562.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Болормаад олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Н нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэж шийдвэрлэсэн хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд “Хөрөнгө завших” гэмт хэргийг дахин үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар

шүүгдэгч Г.Н Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, уг ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.Н Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр энэ шийтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэлийг нэмж нэгтгэж нийт түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Г.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагааар хорих ял шийтгэсүгэй.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэж хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар Г.Н Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацагаар хорих ялыг нэмж нэгтгэж нийт түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Г.Н оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Н хохирол төлбөр болох 19.562.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Болормаад олгосугай.

 

            7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй

болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС