| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00288/И |
| Дугаар | 103/ШШ2016/00307 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2016/00307
| 2016 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2016/00307 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, Монгол овогт Батмөнхийн Мөнхжаргалын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Тогос-Уулын 6 дугаар гудамжны 8 тоотод оршин суух Балгансүрэнгийн Алтантүлхүүрт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 150000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 3-нд Алтантай зээлийн гэрээ хийж, 150000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлсэн боловч одоог хүртэл мөнгөө төлөхгүй байгаа тул Алтангаас 150000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал нь хариуцагч Б.Алтантүлхүүрээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 150000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нь 150000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн сард 30000 төгрөг өгч, 2017 оны 1 дүгээр сард төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2575 төгрөгийг улсын орлогоос, 2575 төгрөгийг хариуцагч Б.Алтантүлхүүрээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал зээлийн гэрээний үүргийн биелэлт 150000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч Б.Алтантүлхүүр нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 1 дүгээр сар хүртэл сард 30000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 2575 төгрөгийг улсын орлогоос, 2575 төгрөгийг хариуцагч Б.Алтантүлхүүрээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА