| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1554 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 1554
2019 10 09 2019/ШЦТ/1554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч, хохирогч Н.Ж ,
шүүгдэгч, хохирогч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Ж , Д.У нарт холбогдох эрүүгийн 1906 03710 1790 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй гэх, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянгол дүүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 22-ны Баянгол дүүргийн шүүхийн 62 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял шийтүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Н.Ж .
2. Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, эх бэлтгэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 хороо, тоот оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Д.У .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Ж , Д.У нар нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Генерал” нэртэй баарны гадна харилцан зодолдох явцдаа бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Н.Ж мэдүүлэхдээ: “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.У мэдүүлэхдээ: “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.У өгсөн мэдүүлэг /хх-33/, хохирогч Н.Ж ын өгсөн мэдүүлэг /хх-38/, гэрч А.Нэргүйбаатарын өгсөн мэдүүлэг /хх-49/, гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-54/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9304, 6973 дугаартай дүгнэлт /хх-67, 56/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-89, 116/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Ж , Д.У нар нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Генерал” нэртэй баарны гадна харилцан зодолдох явцдаа бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.У өгсөн: “...Машины цонхоо хагалуулсан гэх залуу ч мөн биднийг явуулахгүй байсан. Ингээд тэр залуутай ноцолдоод цагаан цамцнаас нь татаж байтал намайг доош тонгойх үед миний хамар руу өшиглөсөн. Би хамраа цохиулаад байж байтал манай найз такси бариад таксинд найзын хамт суутал таксины шалаар дүүрэн цус болчихсон тул тус жолооч надад нэг алчуур өгөөд би таксинаас буусан. Дахиад такси барьтал тэр залуу такси явуулахгүй “буулгахгүй өлөгчин минь чамайг таксинаас буувал ална шүү" гэж хэлсэн. Яг энэ үед аз болж цагдаа ирээд Оюунцэцэг, машины цонхоо хагалуулсан гэх залуу бид 3 цагдаагийн хэлтэст ирсэн. Коридорт сууж байхад би цагдаад машины цонхоо хагалуулсан гэх залуу миний хамрыг цохисон талаар хэлэхэд дуугүй суугаад байсан хэрнээ хэсгийн байцаагч дээр очихдоо би хамрыг нь цохиогүй гэж гэнэт гүрийгээд эхэлсэн. Машины цонхоо хагалуулсан гэх залуу миний зүүн талын гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Одоо миний зүүн гуяны хэсгийг барихад мах нь тасарчихсан юм шиг болчихсон. Мөн хөл хөхөрсөн. Таксинд суулгаж, явуулахгүй гэж ноцолдож байх хооронд улаан цамцтай залуу машины цонхоо хагалуулсан гэх залуу бид хоёрыг салгах гэж байсан. Энэ хугацаанд бид хоёр нэг нэгнээ түлхээд хувцаснаасаа нилээн зулгаалцаж байгаад намайг түлхэхэд нь би тонгойсон. Яг энэ мөчид тус машины толио хагалуулсан гэх залуу намайг намайг өвдөглөж таарсан юм.” /хх-13-14, 33/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Ж ын өгсөн: “...Би 22
цагийн үед найзуудтайгаа уулзаж “Генерал” бар ороод сууж байгаад 00-01 цагийн орчим гадаа гараад тмхи татаж байтал баарнаас хөөгдөөд чирэгдээд 3 хүүхэн гарч ирсэн. Ингээд хажуугаар гарахдаа нэг эмэгтэй нь миний машины цонхыг цүнхээрээ савж хагалсан. Ингээд нөгөө хүүхнийг барьж аваад “цагдаа иртэл түрдээ байж бай” гэтэл учир зүггүй дайраад байхаар нь цагдаа дуудаад явуулахгүй гэж хичээх явцад намайг нүүр, хүзүү, цээж самардаж хувцас урсан. Шинжээчийн дүгнэлтэд зүүн хөмсөгний дор өвчүүний дээд хэсэгт сорви зүүн нүдчий гадна хажуу, хүзүүний баруун урд хэсэг, зүүн хөхний дотор дээд хэсэгт нөсөө бүхий гэмтэл учирсан. Уг гэмтлийг миний биед машины цонх хагалсан эмэгтэй учруулсан.” /хх-38/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Нэргүйбаатарын өгсөн: “...Би зууралдацгааж байхыг нь харсан ч хэн хэнийгээ зодсоныг сайн хараагүй. Цагдаа ирэх хүртэл зугтаахыг оролдоход нь бид зогсоож цагдаатай асуудлаа шийдэхийг хичээсэн. Би Н.Ж тай тус өдөр болон маргааш нь хамт явж байхад Н.Ж ын нүүр хүзүү хэсэгт хумсны ором гарч шарх үүссэн байсан.” /хх-49/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 16 цагийн үед манай гэрээс манай найз Уянга болон түүний төрсөн эгч Энхчимэгийн хамт гараад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” нэртэй баар руу орсон. Тэр бааранд ороод бид 3 тус бүр 2 шил пиво уусан ба тэндээ байж байгаад удалгүй гарсан. Тэгээд “Генерал” нэртэй бааранд орсон. Тэр бааранд ороод бид 3 тус бүр хоёр шил пиво уугаад байж байсан чинь хоёр залуу ирээд манай найз Уянга болон намайг өдөөд байсан. Бид нар ерөөсөө тоогоогүй ба тэр залуучуудтай сүүлдээ маргалдсан. Машины эзэн гэх залуу өдөж байгаад хэрүүл үүсгээд бид гуравт бүгдэд нь гар хүрсэн. Гэхдээ арай илүү гэмтэл учруулсан хүн нь Уянга, хөл рүү нь цохиод хамар руу цохих юм уу өшиглөсөн.” /хх-17-18, 54/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6973 дугаартай дүгнэлтэд:
1. Д.У хамар, хэвлий, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” /хх-56/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9304 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Ж ын биед гэмтэл учирсан байна.
2. Зүүн хөмсөгний дор өвчүүний дээд хэсэгт сорви, зүүн нүдний гадна хажуу, хүзүүний баруун урд хэсэг, зүүн хөхний дотор дээд хэсэгт нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтлүүдээс сорви нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин нөсөөжсөн хэсэг нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.
7. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” /хх-67/ гэх дүгнэлт,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-89, 116/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь харилцан зодож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Ж , Д.У нар нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Генерал” нэртэй баарны гадна харилцан зодолдох явцдаа бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нар харилцан гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Н.Ж , Д.У нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ж , Д.У нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Ж , Д.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Ж , Д.У нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Ж , Д.У нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ж , Д.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Ж , Д.У нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Ж , Д.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Ж , Д.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС