| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00314/И |
| Дугаар | 103/ШШ2016/00309 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2016/00309
| 2016 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2016/00309 | Улаанбаатар хот |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 13 дугаар гудамжны 08 тоотод оршин суух Боржигон овогт Оргийн Гантөгсийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Гантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч О.Гантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1981 оны 09 дүгээр сарын 15-нд Багануурын уурхайн Зөвлөлтийн барилгын байгууллага АТК-д МАЗ кразын жолоочоор ажилд орсон. 1982 оны 6 дугаар сарын 22-нд цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс дахин АТК-д МАЗ кразын жолоочоор томилогдож 1990 оны 09 дүгээр сарыг дуустал тасралтгүй ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт МАЗ кразын жолоочоор томилсон атлаа зүгээр жолоочоор томилов гэсэн бичилттэй байгаа учир шүүхэд хандсан. Зөвлөлтийн барилгын байгууллага буюу АТК нь тэр үед Багануурын бүхий л барилга багууламжийг барьж байсан бөгөөд би хүнд даацын тэрэг тасралтгүй барьсан. Иймд намайг дээр дурьдсан хугацаанд МАЗ кразын жолоочоор тасралтгүй ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч О.Гантөгс 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ныг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл Багануурын уурхайн Зөвлөлтийн барилгын байгууллага АТК-д МАЗ кразын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
О.Гантөгс нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
Шүүх хүсэлтийг хангах нь үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: нэхэмжлэгч О.Гантөгс 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ныг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дүгээр сарын 01-нийг хүртэл Багануурын уурхайн Зөвлөлтийн барилгын байгууллага АТК-д МАЗ кразын жолоочоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар
- О.Гантөгсийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /ХХ-4, 7/ Уг дэвтэрт Багануурын уурхайн Зөвлөлтийн барилгын байгууллага АТК-д жолоочоор авч ажиллуулав. 1981.9.15 , цэргийн албанд татагдсан тул жолоочийн ажлаас чөлөөлөв. 1982.6.22, Зөвлөлтийн барилгын байгууллага АТК-д жолоочоор ажиллуулав. 1985.08.01, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөв. 1990.10.01 гэжээ.
- Түлш эрчим хүчний үйлвэрийн яамны харъяа Багануурт баригдаж байгаа нүүрсний уурхайн захиргааны даргын 1981.09.22-ны тушаал /ХХ-8/ Уг тушаалд Ориг овогтой Гантөгсийг АТК-д жолоочоор 1981.9.10-наас томилсугай гэжээ.
- Ардын хурлын гүйцэтгэх захиргаа үйлдвэрчний эвлэлийн 1990.11.23-ны өдрийн 45/32-р тогтоолоор олгосон таван жилийн гавшгайчийн үнэмлэх
1985-1990 онуудын цалингийн тодорхойлолт
1986 онд ажлын байран дээрээ авахуулсан гэрэл зураг
Гэрч Ц.Амгалангийн шүүхэд өгсөн 1990 оны сүүлчээр Багануурын уурхайн зөвлөлтийн барилгын байгууллага АТК татан буугдсан. О.Гантөгс 1981 оноос татан буугдах хүртэл буюу 1990 оны сүүлч хүртэл ажилласан. Татан буугдсан сарыг сайн санахгүй байгаа бөгөөд энэ хугацаанд Маз кразын буюу том машины жолоочоор тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг
Гэрч Б.Гантөмөрийн шүүхэд өгсөн Гантөгс нь Краз, маз машины жолоочоор 1981 оноос 1990 он хүртэл ажилласан. 1990 онд Багануурын уурхайн зөвлөлтийн барилгын байгууллага буюу АТК татан буугдсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь нотариатаар батлуулсан, гэрч нарын мэдүүлэг дээрх нотлох баримттай холбоотой, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115
дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр
зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Оргийн Гантөгсийг 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ныг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл Багануурын уурхайн Зөвлөлтийн барилгын байгууллага АТК-д МАЗ кразын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА