Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01924

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Ууганбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/06419 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: 59,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр *******-ийн гүйцэтгэх захирал *******тай Т/2-26 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулж, ******* *******,******* баригдаж буй ******* хотхонд 71 м.кв талбайтай, 3 өрөө амины орон сууцыг 198,000,000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 39,600,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 158,400,000 төгрөгийг Хаан банкны ногоон зээл буюу жилийн 12 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон.

1.2 Тус гэрээний 4.1-д зааснаар гүйцэтгэгч тал нь амины орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл захиалагч талд хүлээлгэн өгөөгүй, суурь хундаамнаас өөр зүйл хийгээгүй, залгахаар утсаа авдаггүй, оффис дээр нь очихоор хүн байдаггүй.

1.3 Гэрээний 4.5-д гүйцэтгэгч талаас шалтгаалан хугацаа хойшилсон тохиолдолд 2 дахь сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувьтай тэнцэх алданги тооцож захиалагчид төлнө гэж заасан. Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 39,600,000 төгрөгийн 50 хувиар буюу 19,800,000 төгрөгөөр алдангийн хэмжээгээ тодорхойлно.

Иймд гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 39,600,000 төгрөг, алданги 19,800,000 төгрөг, нийт 59,400,000 төгрөгийг ******* болон *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь *******-тай 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* *******ны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны , 71 м.кв талбайтай амины орон сууц бариулах зорилгоор Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулсан. Гэрээний нийт төлбөр 198,000,000 төгрөгөөс урьдчилгаа 39,600,000 төгрөгийг ******* гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 158,400,000 төгрөгийг ******* банкнаас зээл авах замаар төлөхөөр талууд тохиролцсон.

2.2 Гэрээний дагуу хариуцагч нь барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу эхлүүлж, зохих шат дарааллын дагуу гүйцэтгэж байсан. Гэвч ******* нь гэрээний дагуу хүлээсэн гол үүрэг болох үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь шилжүүлээгүйгээс үүдэн барилгын ажил үргэлжлүүлэх боломжгүй болж, түр зогсонги байдалд орсон. Гэрээний 3.2-т зааснаар гүйцэтгэлийн явцад захиалагч нь гэрээг дангаар цуцлах санаачилга гаргавал тухайн саналаа гүйцэтгэгч талд бичгээр мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор 2 тал гэрээг дүгнэн цуцалж, гэрээ цуцалсны торгуульд төлсөн төлбөрийн 10 хувийг суутгуулан төлнө гэж заасан. Захиалагчаас гэрээг албан ёсоор цуцлах бичгээр мэдэгдэл ирүүлээгүй бөгөөд гэрээг хууль ёсоор цуцлах үйлдэл огт хийгдээгүй байна.

2.3 Мөн гэрээний биелэлт тасалдахад хүргэсэн гол шалтгаан нь *******ын зүгээс гэрээний үндсэн үүрэг болох үлдэгдэл төлбөрийг биелүүлээгүйтэй холбоотой тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар түүний хугацаа хэтрүүлсний үүсэх үүрэгт мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасны дагуу алданги авах эрхээ алддаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан урьдчилгаа төлбөр буцаан гаргуулах, түүнтэй холбоотой алданги шаардах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүйд тооцож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******-иас 39,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,800,000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч *******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 355,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр *******-тай Т2/-26 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан бөгөөд ******* амины орон сууц баригдахын өмнө урьдчилгаа төлбөрийг төлж, амины орон сууц баригдаж дууссаны дараа ногоон зээлийн нөхцөлийн дагуу үлдэгдэл 158,400,000 төгрөгийг баригдсан амины орон сууцыг банканд барьцаалан төлж дуусгах үүрэг хүлээсэн. Гэрээ байгуулах үед хариуцагч тал Хаан банктай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд уг амины орон сууцыг барьж гүйцэтгэн, Хаан банкны ногоон зээлд захиалагч нарыг хамруулан үлдэгдэл төлбөрөө гаргуулан авахаар харилцан тохиролцсон.

Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл амины орон сууцыг барьж дуусгалгүй, гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэж үндэслэлгүй маргасныг шүүхээс хүлээн авч, гэрээ болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй алданги болох 19,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Талууд гэрээ байгуулахдаа орон сууц ашиглалтад оруулах, Хаан банкны ногоон зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх үүргийг хариуцагч болон нэхэмжлэгч талууд аль аль нь хүлээсэн. Тус гэрээний нийт үнийн дүн болох 198,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 39,600,000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр нэхэмжлэгч шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 158,400,000 төгрөгийг Хаан банкны ногоон зээлээр төлж барагдуулахаар тохиролцсон. Түүнчлэн гэрээнд зааснаар орон сууц барьж дууссаны дараа төлбөрийг төлж барагдуулна гэж тусгаагүй.

Иймд нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлд дурдсан амины орон сууц барьж дууссаны дараа Хаан банкны ногоон зээлээр төлж барагдуулна гэх тайлбар үндэслэлгүй байна.

5.2 Нэхэмжлэгч нь Хаан банкнаас ногоон зээл авах оролдлого хийж байгаагүй атал хариуцагч дангаар шийдвэрлэх байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 39,600,000 төгрөг, алданги 19,800,000 төгрөг, нийт 59,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. ******* болон ******* нар нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Т/2-26 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь ******* *******,******* баригдаж буй ******* хотхоны барилгын 71 м.кв талбайтай, 3 өрөө амины орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний төлбөрт нийт 198,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 5-9/

3.1 Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нийт 39,600,000 төгрөгийг хариуцагч *******-д шилжүүлсэн, хариуцагч ******* нь гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

4. Анхан шатны шүүх ******* болон ******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

4.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Гэрээний 2.1.1-д Гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар гэрээ баталгаажих ба урьдчилгаа төлбөр 39,000,000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр, 2.1.2-т Гэрээний үлдэгдэл төлбөр болох 158,400,000 төгрөгийг Хаан банкны ногоон зээл буюу жилийн 12 хувийн хүүтэй зээл авч төлөхөөр тохиролцов. гэж заасан. Гэрээний уг заалтаар гэрээний үлдэгдэл төлбөрийг Хаан банкны ногоон зээлд хамрагдсаны дараа төлөх агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь барилгыг ашиглалтад оруулсны дараа нэхэмжлэгч ногоон зээлд хамрагдан үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

4.3 Нэхэмжлэгч нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 39,600,000 төгрөгийг хариуцагч байгууллагад төлсөн боловч хариуцагч нь амины орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагч *******-д шилжүүлсэн 39,600,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Талууд үүнд гомдол гаргаагүй.

6. Гэрээний 4.5-д гэрээний 4.1-д заасан хугацааг 1 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хэрэв гүйцэтгэгч тал дээрх хугацааг хойшлуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд захиалагч талтай тохиролцож гэрээнд нэмэлт тодотгол хийж болно. Хэрэв ийнхүү харилцан тохиролцож чадалгүй зөвхөн гүйцэтгэгч талаас шалтгаалан хугацаа хойшилсон тохиолдолд 2 дахь сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувьтай тэнцэх алданги тооцож захиалагчид төлнө. гэж заасан.

6.1 Хариуцагч ******* нь амины орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор буюу хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж, хохирол шаардах агуулгаар гэрээний 4.5-д заасан алданги шаардсан гэж үзэх үндэслэлтэй.

6.2 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

6.3 Иймд гэрээний 4.5-д зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувиас 0,1 хувийн алдангийн тооцоход өдрийн 19,800 төгрөг байна. Үүнийг гэрээний 4.5-д заасан хугацаагаар буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 368 хоногоор тооцож, нийт 7,286,400 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас шаардах эрхтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

6.4 Хариуцагч нь нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөр болох 39,600,000 төгрөгтэй дүйцэх хэмжээний ажил гүйцэтгэсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй. Уг байдал нь гэрээ цуцлах үндэслэл болсныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзсэн болно.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Талууд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно. Хэрэгт Ерөнхий шүүгч шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан талаарх захирамж авагдаагүй боловч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх ноцтой зөрчилд тооцогдохооргүй байна. Учир нь, уг нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн байхаас гадна талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй, мөн давж заалдах гомдол гаргаагүй.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******-аас 46,886,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,513,600 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/06419 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дүгээр зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 46,886,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,513,600 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 355,950 гэснийг 392,382 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

М.БАЯСГАЛАН