| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2023/03627/И |
| Дугаар | 210/МА2025/01925 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01925
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/06880 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 127,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр -иас ******* маркийн тээврийн хэрэгслийг 295,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа 88,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 206,500,000 төгрөгийг *******-ийн зээлийн нөхцөлтэйгөөр худалдан авсан. Улмаар, *******-тай даатгалын гэрээ байгуулан тээврийн хэрэгслийг даатгуулж, гэрээнд заасны дагуу даатгалын хураамжийг төлсөн.
1.2 ******* суурьшлын бүсэд байрлах өөрийн кемп дээр гал гарч, зогсоолд байршуулсан дээрх тээврийн хэрэгсэл шатаж, дахин ашиглах боломжгүй болсон. Гэрээнд галын эрсдэлийн /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт гэх мэт/ нөхөн төлбөрийг 100 хувь ******* хариуцахаар заасан. Гэтэл ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 168,000,000 төгрөгийг төлж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ зарим хэсгийг биелүүлээгүй.
1.3 Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9/2997 дугаар шийдвэрээр даатгуулагчийн эрх ашгийг ханган, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөрийг бүрэн олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид мэдэгдсэн. ******* нь уг шийдвэрийг биелүүлээгүй.
Иймд *******-иас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 127,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Талууд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг даатгалын баталгаа бичүүлж, 1 жилийн хугацаатай даатгуулсан.
2.2 Даатгуулагч *******ын дангаар хувьцаа эзэмшдэг -ийн хашаанд байрлах тус компанийн сэндвичэн барилгын цахилгааны массаас үүдэн гарсан галын улмаас даатгалын зүйл болох тухайн тээврийн хэрэгсэл шатаж, даатгалын зүйл бүрэн устсан.
2.3 Ашид билгүүн ХХК-ийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 210,000,000 төгрөг гэж үнэлсэн тул даатгалын гэрээний 8.4, Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.4 дэх хэсэгт заасны дагуу тооцоолж, нөхөн төлбөрт 168,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 42,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 367,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс шинжээчийн ажлын хөлсөнд 550,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгчийн эзэмшлийн кемп дээр гал гарсны улмаас сендвичин сууцын хажууд тавьсан байсан тээврийн хэрэгсэл шатсан тохиолдол гарсан. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учраагүй болох нь тогтоогдсон. Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас буюу нэхэмжлэгч Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэж, гэрээний 7.1.18-д Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах... гэж тус тус хуулиар болон гэрээгээр тусгайлан заасан үүргээ биелүүлээгүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан. Өөрөөр хэлбэл, *******ын өөрийн эзэмшлийн компанийн кемп дээр байрлах нэхэмжлэгчийн сууцнаас гал гарсны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл шатсан нь бусдын буруутай үйлдэл биш. Бусдын сууцнаас гал гарч нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй тул өөрийн хүлээх хариуцлагыг хүлээх үндэслэлтэй.
4.2 Гэрээний 2.1.10-т Өөрийн хүлээх хариуцлага гэж даатгалын тохиолдлоос үүссэн хохиролд даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ буюу даатгуулагчийн хариуцах мөнгөн төлбөрийг хэмжээг хэлнэ гэж тусгайлан тодотгож өгсөн тул даатгалын тохиолдол болох үед даатгуулагчийн өөрийн хариуцах хэмжээг хасаж нөхөн төлбөр олгосон.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгчийн зүгээс даатгалын хураамжийг төлж, даатгалын зүйлд хамрагдсан нь хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөр авах зорилготой байсан. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлийн кемпийн сууцнаас гал гарсан тул нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байсан гэж үзэн, даатгалын нөхөн төлбөрөөс 20 хувийг хасах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Мөн тээврийн хэрэгслийг авто зогсоолд байрлуулаагүй байсан тул 20 хувийг хасаж тооцно гэж дурдсан. Хариуцагчийн энэхүү тайлбараас үзвэл, нэхэмжлэгч гал гарч болзошгүйг урьдчилан мэдэрч, сендвичин сууц шатах тул тээврийн хэрэгслээ хол байрлуулах ёстой байсан мэтээр ойлгуулах үндэслэлтэй болж байна. Энэ нь бодит амьдралд нийцэхгүй.
5.2 Шинжээчийн дүгнэлт болон хэрэг бүртгэлийн хэргийг хаасан прокурорын дүгнэлтээр тухайн гал гарсан хэрэгт *******ын буруутай үйлдэл байхгүй болохыг тогтоосон. Гэвч хариуцагч энэхүү шинжээчийн дүгнэлтийг буруу тайлбарлаж, даатгуулагчийн буруутай үйлдэл байсан тул 20 хувийг хассан гэж үндэслэлгүйгээр маргаж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтэд гал гарах шалтгаан нь цахилгааны гэмтэлтэй холбоотой болохыг тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй биш болох нь нотлогдсон.
5.3 Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг 292,000,000 төгрөгөөр худалдан авч, богино хугацаанд буюу нэг сар орчим ашигласан байсан. Харин шинжээчийн үнэлгээгээр уг тээврийн хэрэгслийн үнэлгээ 210,000,000 төгрөг гэж тогтоогдсон тул анхан шатны шүүх энэ үнэлгээг үндэслэн шийдвэр гаргасан.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүрэгт, нөхөн төлбөрийн үлдэгдэл 127,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 ******* нь *******-тай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ЗГ-22/1000 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* маркийн, улсын дугаартай, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг *******-д шилжүүлсэн. /хх 8-14/
3.2 *******, ******* нь *******-тай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дугаартай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээгээр даатгуулагч *******ын эзэмшлийн, ******* маркийн, арлын дугаартай, улсын дугаартай тээврийн хэрэгслийг 295,000,000 төгрөгийн үнэлгээгээр даатгуулах, даатгуулагч нь даатгалын хураамжид 5,605,000 төгрөг төлөх, даатгагч ******* нь гэрээнд заасан даатгалын тохиолдолд бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 43/
3.3 Даатгалын гэрээ үйлчлэх хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр аймаг, сум, Хайрхан 5 дугаар баг, ******* суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг -ийн хашаанд байрлах сэндвич барилгад гал түймэр гарсны улмаас зогсоолд байршуулсан даатгалын зүйл болох дээрх тээврийн хэрэгсэл шатаж, нөхөн сэргээгдэх боломжгүй болсон.
3.4 аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30/01 дугаар дүгнэлтэд ...Гал түймрийн шатлагын явц байдал, хэргийн газар хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлэг, гал түймэр гарсан голомт зэргийг нэгтгэн үзэхэд гал түймэр нь сендвичин байшинд цахилгааны масс /богино холболт, шилжилтийн эсэргүүцэл, хэт ачаалал/ үүссэнээс хялбар авалцсан асах материалаар дамжин гал түймэр тархан дэлгэрсэн байна. Ямар нэгэн байдлаар гадны нөлөөтэй гал түймэр гарсан шинж тэмдэг илрээгүй гэсэн. /хх 58-59/
3.5 аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаар тогтоолоор дээрх гал түймэртэй холбоотой *******ын мэдээлэлд ...хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагаа материалд цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. /хх 46-49/
3.6 Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9/2997 дугаар Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр ...зах зээлийн үнэлгээг бодитоор тогтоолгон, даатгуулагчийн эрх ашгийг ханган Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөрийг бүрэн олгох асуудлыг шийдвэрлэж, авсан арга хэмжээний талаар 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хороонд мэдэгдэнэ үү гэх хариуг *******-д хүргүүлсэн. /хх 5/
3.7 -ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 25/06 дугаар тодорхойлолтод ...Япон улсад үйлдвэрлэгдэж 2022 онд Монгол улсад орж ирсэн /GХR 4000cc маркийн тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж техникийн байдлаасаа шалтгаалан 2022 оны 2-р улиралд дунджаар 200,0 сая төгрөг, 2023 оны 1-р сард 210,0 сая төгрөгөөр худалдаалагдаж байсан болохыг тодорхойлов. гэсэн. /хх 73/
3.8 Шинжээч -ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 148 дугаар дүгнэлтээр Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол улсад импортлогдсон, маркийн загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 2022 оны 2 дугаар улирлын байдлаар дунджаар 200,0 сая төгрөг, 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар дунджаар 210,0 сая төгрөг болохыг тус тус тогтоосон. /1хх 135/
3.9 ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 168,000,000 төгрөгийг *******т шилжүүлсэн. /хх 17/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
4.1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.2 Гэрээний 4.3-т заасан даатгалын эрсдэлд галын эрсдэл /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэх гэх мэт гадны нөлөөллөөс үүдэлтэй гал/ хамаарч байх бөгөөд гэрээний 5-д даатгуулагчийн хүлээх хариуцлагыг даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ /дэлгэрэнгүй гэрээний 8.4 заалт/ 20% гэж заасан. Мөн гэрээний 8.4-т хохирол нь даатгуулагчийн буруутай (энэхүү гэрээний 8.5.1 болон 8.5.2-д зааснаас бусад) үйлдлээс шалтгаалсан бол даатгуулагчийн сонгосон даатгалын багцаас хамааран эрсдэл хэсэгт зааснаас өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгээр нөхөн төлбөр олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний дээрх зохицуулалтаар даатгалын тохиолдол үүсэхэд даатгуулагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн нөхцөлд даатгалын нөхөн олговрын хэмжээг багасгах, мөн олгохгүй байхаар тохиролцсон гэж үзэхээр байна.
4.3 Хэрэгт авагдсан нотлох баримтаар даатгалын зүйл болох тухайн тээврийн хэрэгсэл гал түймэрт шатаж үгүй болоход даатгуулагч *******ын буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Гал түймрийн улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30/01 дугаар дүгнэлтэд ...гадны нөлөөтэй гал түймэр гарсан нөхцөл илрээгүй гэж дүгнэсэн байх тул хариуцагч нь гэрээ болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид бүрэн төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүхийн гал гарах шалтгаан нөхцөл, хохирол учирсан байдалд даатгуулагчийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй гэх дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн төлөөлөгчийн ...гэрээгээр тусгайлан заасан үүргээ биелүүлээгүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4.4 Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг тогтоохдоо дээрх зах зээлийн үнэлгээний тайланд үндэслэн хариуцагч *******-иас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 42,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Нэхэмжлэгч нь гал түймэр гарсан кемпийн эзэмшигч байх нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу олгох нөхөн төлбөрийн хэмжээг багасгах, эсхүл гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн, талууд гэрээгээр энэ талаар тохиролцоогүй байхаас гадна тухайн даатгалын тохиолдол бий болсон энэхүү нөхцөлд болон нөхөн төлбөрийн хэмжээг багасгахад Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэг болон гэрээний 7.1.18-д заасан зохицуулалт нь хамааралгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/06880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
М.БАЯСГАЛАН