Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         04              03                                           2019/ШЦТ/109                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Э.О, М.Ө, тэдний өмгөөлөгч П.Ганбаатар,

иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овгийн Э.О, Боржигон овгийн М.Ө-д нарт холбогдох эрүүгийн 1834008560088 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд суманд 1983 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Архангай аймаг, Өлзий сум, 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 831119 дугаарын регистртэй, Ө овгийн Э.О

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, овооны 8-7а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 

урьд өмнө Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 7.160.400 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 860121 дугаарын регистртэй, Б овгийн М.Ө-д

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.О, М.Ө нар нь бүлэглэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутагт “Хуурайн давааны ар” гэх газарт оршин суух хохирогч Б.Энхбаярын малчнаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Энхбаярын итгэмжлэн хариуцуулсан малаас 24 тооны ямааг завшин бусдад зарж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг:

...Нөхөртэйгөө цуг явж байгаагүй. Ямаа цуглуулж хөлсөөр өгсөн байгаа. Тэгсэн тэр манай нөхөр эдний хажуу айлд нь өөрийнхөө утсыг үлдээгээд явсан байсан. Утсаар залгахаар нь очоод 24 ямаа авсан гэсэн. Удалгүй манай нөхрийн утас руу нэг хүн их залгаад байсан гэсэн. Утсаар ярихад Энхбаяр гэдэг хүн байна. Манай хоёр малчин манай ямааг зарсан гээд хэлсэн байсан.  13 ямаа нь бойнд орсон байсан гэсэн. Одоо бол 840 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв...

 

Эрүүгийн  1834008560088 дугаартай хэрэгт хохирогч Б.Энхбаярын /хх-ийн 9, 10 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгийн /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Б.Энхбаярын /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Р.Тэгшбаярын /хх-ийн 17-18 дугаар хуудас/, сэжигтэн Э.О-ын /хх-ийн 42-43 дугаар хуудас/, сэжигтэн М.Ө-ын /хх-ийн 44-45 дугаар хуудас/, яллагдагч Э.О-ын /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, яллагдагч М.Ө-ын /хх-ийн 55-56 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,   

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 25 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, малын А дансны хуулбар /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 57-92, 97-101 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

     

Шүүгдэгч Э.О, М.Ө нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутагт “Хуурайн давааны ар” гэх газарт иргэн Б.Энхбаярын малчнаар ажиллаж байхдаа буюу Б.Энхбаярын итгэмжлэн хариуцуулсан малаас 24 тооны ямааг завшин бусдад зарж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Энхбаярын ...Би Э.О-т итгэж найдаад хөдөө гэртээ малаа тоолж үлдээгээд би өөрөө эхнэр хүүхэдтэйгээ Багануур руу орсон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр Оюунгэрэл хонь ямаандаа хуц, ухна нийлүүлж тавьчхаад ирье гээд Багануураас хөдөө гэртээ очтол гэр эзэнгүй хонь мал тарчихсан Э.О өөрөө байхгүй байна гээд над руу ярихаар нь би маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө хөдөө гэртээ очоод хонио тоолсон чинь эр, эм нийлсэн 24 ямаа дутсан. Тэгээд ойр хавийнхаа айлуудаас асуусан чинь энэ хавиар ямаа худалдаж авна гээд бүхээгтэй цагаан өнгийн бонго-3 маркийн машин явж байсан гэж хүнээс сонсоод саахалт айлын Отгоо гэдэг залуугаас ямаа худалдаж авна гээд явсан гэх Ченжийн утасны дугаарыг олж авч залгаад “Хуурай даваа”-ны араас 24-н тооны ямаа худалдаж авсан уу гэж асуухад Ченж залуу би наад хавиас чинь нэг айлаас 20 ямаа худалдаж авсан гэж надад хэлсэн... /хх-ийн 9 дүгээр хуудас,

...Анх гэрээ байгуулаагүй амаар тохиролцож, сардаа 300.000 төгрөгийн цалин олгож сар бүр нь хөлсийг нь өгдөг байсан... ...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хэрлэн голын хажууд очиж 11 тооны ямаа хүлээн авсан... ...ямаанууд ихэнхдээ 17 улаан, 7 хар нийт 9 эр ямаа, 15 эм ямаа зөв тал нь мухар буруу тал араас цуулбар имтэй байсан юм... ...нийт 9 эр ямаагаа 900.000 төгрөгөөр, 15 эм ямааг 1.200.000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 10 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгийн ...Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар баг “Хуурай давааны ар” гэдэг газар ирж авбал 24 тооны ямаа зармаар байна гэж хүн утсаар ярихаар нь манай нөхөр Тэгшбаяр машинтайгаа очоод газар дээрээс нь 13 тооны ямаа нь нядалгаанд ороод 11 тооны ямаа нь хашаанд байхад нь малынх нь эзэн Бадамын Энхбаяр гэдэг хүн ирээд манай хулгайд алдсан ямаанууд им зүсээрээ мөн байна. Ямаагаа авна гэхээр нь манай нөхөр Тэгшбаяр 11 ямааг нь хүлээлгэн өгсөн. Одоо 11 тооны ямааны мөнгө болох /840.000/ мянга төгрөгийг Э.О, М.Ө нараас нэхэмжилж байна... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Б.Энхбаярын ...хуц ухна аваачиж тавих гээд очтол манай туслах малчин Э.О, эхнэр Өлзийханд нар манай гэрийг сахиж байгаад хонь, мал эзэнгүй хаяад алга болсон байсан. Тэгээд би Багануур эмнэлэгт хэвтэж байгаад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгээс гараад 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хөдөө гэртээ очоод малаа тоолсон чинь 25 ямаа дутсан байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай тэр хавийн айлуудаар машинтай ченж ямаа авна гээд явж байсан гэж сонсоод саахалт айлын Отгоо гэдэг залуугаас ченжийн утасны дугаарыг олж аваад зогсоод хуурын давааны ар гэх газраас ямаа худалдаж авсан уу, гэж асуухад ченж залуу 20 гаран ямаа худалдаж авсан. Би дансаа хараад хэлье гэсэн... ...Э.О-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, сарын /300.000/ төгрөгөөр цалин болгож өгөхөөр тохироод малаа маллуулаад 2 жил гаран манай малыг малласан юм... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

гэрч Р.Тэгшбаярын ...2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 00 цагийн үед над руу залгаад ямаа авах уу гээд ярихаар нь авна, хэдэн ямаа байгаа юм гэсэн чинь 20 гаран ямаа байна гэхээр нь 48-80 БРА улсын дугаартай Вондо 3 маркийн машинтай үдээс хойш 15 цагийн үед очиход 8-н эр ямаа 1 хязаалан эр ямаа, 15 эм ямаа ялгаад хашаанд хийчихсэн байсан. Тэгээд ямаа өгсөн хүнээс малчны чинь тамга байна уу гэхэд байхгүй зун ноосны үеэр сумаас хураагаад авсан гэж хэлсэн. Тэгээд ямаагаа ачаад явах гэтэл ямаа зарсан залуугийн эхнэр Багануур ороод бууя гээд 8 наран дэлгүүрийн үүдэнд буугаад явсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

сэжигтэн Э.О-ын...гэртээ байсан чинь зүс мал авна гээд явж байсан. Тэгэхээр нь би утсыг нь аваад 2018 оны 10 дугаар сард сүүлээр ямаа авна гээд явж байсан ченжийн утсаар залгаад ямаа зармаар байна гээд тэгсэн тухайн ченж манайд ирээд би Б.Энхбаярын малаас зөвшөөрөлгүй 24 тооны ямааг дур мэдэн барьж өгөөд 1 сая 600 мянган төгрөг аваад 89829744 дугаарын утсаар Б.Энхбаярт би Улаанбаатар явлаа гэж хэлээд мал гэрийг нь эзэнгүй орхиод явсан юм... ...Б.Энхбаярынд туслах малчнаар ажиллах гэрээ байгуулаагүй аман гэрээгээр мал маллаж байсан. Сард 300.000 төгрөгийн цалин хөлс авч байсан юм. Б.Энхбаяр сар болгон цалин мөнгө өгч байсан юм... ...Би зарж ачуулж байх үед байсан. Тэр ачуулсан ченжийг би танихгүй ямаагаа нийт 1.600.000 төгрөг болсон зарчихаад бид хоёр шууд Улаанбаатар хот руу малыг орхиод явсан... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

сэжигтэн М.Ө-ын ...Багануур дүүргээс ченж болох нэг залууг Э.О дуудаж 24 тооны ямаа амьдаар ачуулж зарсан... ...би зарж ачуулж байх үед байсан. Тэр ачуулсан ченжийг би танихгүй ямаагаа нийт 1.600.000 төгрөг болсон. Зарчихаад бид хоёр шууд Улаанбаатар хот руу малыг орхиод явсан... ...тухайн үед шууд ачуулж зарсан болохоор зүс им тамгыг санахгүй байна. Улаан голдуу ямаа нар байсан... /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

яллагдагч Э.О-ын ...тухайн үед эхнэр Өлзийханд бид хоёр л байсан. Тэгээд ченж ирэхэд нь 1.600.000 төгрөгөөр ямаануудаа зараад бид хоёр тэр айлаа орхиод явчихсан юм... /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

яллагдагч М.Ө-ын ...Би өмнө нь өгсөн сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон явлаа дэлгэрэнгүй ярьсан байгаа... ...би уг нь яах гэж зарах гэж байгаа талаар нь асуухад би мэдэж байна гэж нөхөр маань хэлсэн ба би болох юм уу гэж асуухад болно гэсэн тэгээд л зарчихсан юм... /хх-ийн 55-56 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 25 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, малын А дансны хуулбар /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 57-92, 97-101 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна. 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.О, М.Ө нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутагт “Хуурайн давааны ар” гэх газарт иргэн Б.Энхбаярын малчнаар ажиллаж байхдаа буюу Б.Энхбаярын итгэмжлэн хариуцуулсан малаас 24 тооны ямааг завшин бусдад зарж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан ...шүүгдэгч нар нь хоорондоо гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, хамтран үйлдсэн байдлаараа бүлэглэсэн шинжийг хангаж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бусдад зарж борлуулж байгаа өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг хууль бус үйлдэл хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.О, М.Ө нарыг бүлэглэж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.О, М.Ө нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Энхбаярт 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг нарт 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

Шүүгдэгч Э.О, М.Ө нарын бүлэглэж гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан 24 тооны ямаанаас хохирогч Б.Энхбаяр нь 6 тооны эр ямаа буюу 1 эр ямаа 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож, 6 эр ямаа 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, 5 тооны эм ямаа буюу 1 эм ямаа 80.000 /наян мянга/ төгрөгөөр тооцож, 5 эм ямаа 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 11 тооны ямаагаа биет байдлаар нь хүлээн авсан болох нь хавтас хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан “эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.О, М.Ө нараас үлдэх 3 тооны эр ямаа буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, 10 тооны эм ямаа буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөг, нийт 13 тооны ямааны үнэ 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Энхбаярт,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгт хохирогч Б.Энхбаярын биет байдлаар нь хүлээн авсан 6 тооны эр ямаа буюу 1 эр ямаа 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож, 6 эр ямаа 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, 5 тооны эм ямаа буюу 1 эм ямаа 80.000 /наян мянга/ төгрөгөөр тооцож, 5 эм ямаа 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 11 тооны ямааны үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Э.О, М.Ө нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан олгохоор байгаа хэдий ч иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг нь шүүгдэгч нараас 24 тооны ямаа худалдан авсан үеийн ханшаар буюу 1 эм ямааг 60.000 /жаран мянга/ төгрөг, 5 эм ямаа 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, 1 эр ямаа 90.000 /ерэн мянга/ төгрөг, 6 эр ямаа 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөг, нийт 11 тооны ямааны үнэ 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийг нэхэмжилсэн учраас шүүгдэгч Э.О, М.Ө нараас 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.О, М.Ө нар нь хохирогч Б.Энхбаярт 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгт 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөг, нийт 1.940.000 /нэг сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар нь хоорондоо харилцан тохиролцож хохирлоо мөнгөн дүнгээр биш ажил гүйцэтгэх гэрээгээр төлж барагдуулахаар тохиролцсоныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.О, М.Ө нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, давхар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.О, М.Ө нар нь тус бүр 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 /хоёр/ хоног баривчлагдсан, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон, нийт 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсоныг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овгийн Э.О, Б овгийн М.Ө нарыг бүлэглэж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө овгийн Э.О, Б овгийн М.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн Э.О, Б овгийн М.Ө нарт тус бүр шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух, газар, ажил, суруулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай. 

     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч шүүгдэгч Ө овгийн Э.О, Б овгийн М.Ө нарт шүүхээс хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн хэд хэдэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Ө овгийн Э.О, Б овгийн М.Ө нар нь тус бүр 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 /хоёр/ хоног баривчлагдсан, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон, нийт 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсоныг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ө овгийн Э.О, Б овгийн М.Ө нараас нийт 1.940.000 /нэг сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 970.000 /есөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч НЧ78110510 дугаарын регистртэй, Хамниган овгийн Бадамын Энхбаярт 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч УС86062782 дугаарын регистртэй, Шарчин овгийн Баасансүрэнгийн Батцэцэгт 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө овгийн Э.О, Б овгийн М.Ө нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй. 

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө овгийн Э.О, Б овгийн М.Ө нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН