Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Э.Ш, Б овгийн Б.Ж нарт холбогдох эрүүгийн 1934000730057 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

     

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг, Баян-Өнжүүл суманд 1995 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 11-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд өмнө 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 42 дугаартай таслан шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг хойшлуулж байсан, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НГ95053139 дугаарын регистртэй, Б овгийн Э.Ш

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Зуунмод суманд 1995 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Төв аймгийн Зуунмод сум, 2 дугаар баг, 04-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, СЭ87102514 дугаарын регистртэй, Б овгийн Б.Ж

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Ш, Б.Ж нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 47-94 улсын дугаартай “Тоёота Приус”-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Ууганбаярыг Улаанбаатар хот Драгон төвөөс Төв аймаг руу 25.000 төгрөгөөр явна гэх нэрийдлээр хуурч, Төв аймагт ирээд үйлчлүүлгээний хөлсөө өгөлгүй зугтаж залилах гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлгүүдийг өгсөн болно.

 

Эрүүгийн 1934000730057 дугаартай хэрэгт хохирогч Б.Ууганбаярын  /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Ууганбаярын /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхсарангийн /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Д.Сэлэнгийн /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Л.Юмчмаагийн /хх-ийн 25 дугаар хуудас/, яллагдагч Э.Ш-ын /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, яллагдагч Б.Ж-ын /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар хуудас/, хохирогч Б.Ууганбаярын жолоочийн түр зөвшөөрлийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, хохирогч Б.Ууганбаярын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 67 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-64 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 65-67 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 72 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Э.Ш, Б.Ж нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Тоёота Приус”-20 маркийн 47-94 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ууганбаярыг Улаанбаатар хот Драгон төвөөс Төв аймаг руу 25.000 төгрөгөөр явна гэх нэрийдлээр хуурч, Төв аймагт ирээд үйлчлүүлгээний хөлсөө өгөлгүй зугтаж залилах үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Ууганбаярын ...би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг  дээрээ бүх зүйлийг тодорхой ярьсан байгаа. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмээд хэлэхэд би алдсан гэсэн 47.000 төгрөгөө маргааш нь машинаасаа олсон тул тухайн мөнгийг нэхэмжлэхгүй... ...миний хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

гэрч Б.Ууганбаярын ...саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирж хажууд зогсоод жолооч нь Төв аймаг явах 2 хүн байна чи явах уу гэхээр нь би хариуд нь хэдэн төгрөгөөр явах юм бэ гэж асуухад жолооч 25 мянган төгрөгөөр өгнө гэсэн гэж хэлэхээр нь  би зөвшөөрөөд машинд оруулаад суулга гэж хэлээд нөгөө машинаас 2 залуу гараад ирэхээр нь 25 мянган төгрөгөөр явах юм уу гэж асуухад тэгье гэж хэлсэн... ...Ингээд замдаа явж байгаад нөгөө 2 залуу надад хандаж ахаа очиж мөнгө өгнө шүү гэж хэлэхээр нь за гэж хэлээд явсан. Ингээд наашаа явж байгаад Төв аймаг руу орж ирээд хамт явсан залуу нь аймгийн Төвд 5 давхар байрны хажууд зам дээр буугаад нөгөө залуу нь цаашаа явна гэхээр нь танай гэр хаана юм бэ гэж асуухад нөгөө залуу гэрээ зааж өгнө гээд 11-17 тоотын үүдэнд ирж зогсоогоод би гэртээ ороод мөнгөө аваад ирье гэхээр нь хамт орно гэж хэлээд машинаасаа буухад нөгөө залуу надад хандаж та ямар сонин хүн бэ хүнд итгэдэггүй юм уу хаашаа юм бэ хүн ороод аваад ирье гэж байхад гэж хэлэхээр нь би хашаанд чинь хамт ороод наана нь чамайг хараад зогсож байя гэхэд аль гэр рүү орохыг чинь харна гэж хэлээд нөгөө залуу түрүүлж ороод би араас нь дагаж ороход улаан тоосгон байшин, хажуу талд нь монгол гэр байсан. Ингээд нөгөө залуу миний урд алхаж байгаад айл руу явахаар нь хажуугаар нь гараад хойшоо алхахаар нь би гар утасныхаа гэрлийг асаагаад чи хаашаа яваад байгаа юм бэ гэж хэлэхэд та наад гэрлээ унтраа би хажуу талын цонхоор харах гэсэн юм гэж хэлээд манай аав их архи уудаг намайг алах байх би айгаад байна гэхээр нь би гэрлээ унтраагаад нөгөө залуу эргэж ирээд нөгөө байшингийн хаалгыг нүдээд би хажууд нь зогсож байхад шууд гүйгээд баруун талын хашаа руу давах гэхээр нь би араас нь гүйж очиж барьж аваад татаж унагаад энэ танайх биш байна чи ямар арчаагүй хүүхэд вэ гэж хэлээд буцаагаад энэ хашаанаас гаръя гэхэд гарахгүй байсан. Тэгснээ баруун талын хашаа руу заагаад энэ манай гэр гэхээр нь энэ хэнийх юм бэ гэж асуухад манай ахынх гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ айлын хашааны хаалгаар гаръя танай хашааны хаалгаар оръё гэхэд заавал үүгээр орно гээд давах гээд байхаар нь би явуулахгүй байхад би 4 ахтай энэ ахыг сэрээх юм бол таныг алж ч мэднэ гэж хэлээд намайг мушгиад газарт унасан. Би унахдаа зуурч унаад босохдоо түрүүлж босож ирээд хашааны гадаа гаръя гэж хэлээд чирээд гаргах гэтэл ахаа одоо тавьчих би гэр рүүгээ ороод мөнгөө аваад өгье гэж хэлээд намайг боогоод унагасан. Ингээд баруун талын хашаа руу даваад орсон.  Би араас нь гүйгээд даваад очиход алга байсан. Хойш хашаа руу давж харахад байхгүй байхаар нь машинд дээрээ ирээд машинаа асаагаад тойрч хараад олдоогүй. Ингээд халаасаа үзэхэд гар утас байсан. Харин миний таксинд яваад олсон мөнгө байхгүй байсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч Б.Мөнхсарангийн ...Оёдлын үйлдвэрийн 40 дүгээр байранд гэртээ байхад Э.Ш-ээ өөрийн найз гээд зүс таних нэгэн залуугийн хамт архи уусан шинжтэй орж ирсэн. Тэгэхээр нь би нөгөө залууг гэртээ оруулахгүй гээд гэрээс гаргаад хаалгаа хаасан. Тэгсэн чинь Э.Ш-ээ наадах чинь хотоос явж байгаа юм оруулчих гэхээр нь би гэртээ оруулсан... ...Тэгээд бид гуравыг унтаж байхад өглөө 05 цаг 40 минутын орчим цагдаа нар орж ирээд Э.Ш-ээ тэр залуу хоёрыг аваад явсан... ...Э.Ш-ээ хэлэхдээ Улаанбаатар хотоос ирлээ гэж байсан... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

гэрч Д.Сэлэнгийн ...Тухайн орой манай хашаанд ороод ирсэн байсан. Тэндээсээ дуудаж бариагүй цонх нэг удаа л цохисон байгаа. Тэгээд хашаанд нэг хүнтэй барилцаж аваад байсан байгаа... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч Л.Юмчмаагийн ...караокед дуулж байгаад нилээн орой гарах болсон чинь мөнгөггүй гээд байсан хамт явсан залуу нь яваад өгсөн байсан тул Б.Ж, Э.Ш гэж залуучууд мөнгөө дараа өгнө гэж хэлээд куртикээ үлдээгээд явсан. Тухайн үед энэ хоёр залуу хэлэхдээ таксины 3000 төгрөг байна, хариад мөнгөө аваад ирнэ гэж хэлээд л явсан байгаа... /хх-ийн 25 дугаар хуудас/,

яллагдагч Э.Ш-ын ...Драгон дээр очоод аймаг явах унаа хайсан чинь унаа олдохгүй байхаар нь такси барьж Төв аймаг ороод мурих талаар ярилцаж тохиролцоод Төв аймгийн Зуунмод сум руу мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн машиныг хөлслөөд явсан юм... ...Төв аймгийн Зуунмод суманд орж ирээд Б.Ж-ыг гэрийнхээ үүд буюу Оёдлын үйлдвэрийн байранд буулгаад би өөрөө хойш Энхтайван руу 11 дүгээр гудамны 17 тоотод очоод мурих талаар ярилцаж тохиролцоод Төв аймгийн Зуунмод сум руу мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн машиныг хөлслөөд явсан юм. Төв аймгийн Зуунмод суманд орж ирээд Б.Ж-ыг гэрийнхээ үүд буюу Оёдлын үйлдвэрийн байранд буулгаад би өөрөө хойш Энхтайван руу 11 дүгээр гудамны 17 тоотод очоод нөгөө ахад хэлээд би ах ороод мөнгө аваад ирнэ гэсэн чинь чи зугтаачихна танайх руу цуг орно гээд хамт буусан. Тэгээд 11-17 тоотод байх танил Сэлэнгээ эгчийн хаалгыг цохисон чинь онгойлгохгүй байсан. Тэгтэл нөгөө жолооч ах чи худлаа яриад байна гэхээр нь би худлаа яриагүй гэж хэлээд намайг цагдаа орно гээд чирэхээр нь бид хоёр барилцаад авсан. Тэгж байгаад газар унасан юм. Тэгээд би зугттал бариад авсан байгаа. Тэгээд намайг чирсээр байгаад хашааны хаалган дээр очоод Улаанбаатар хот авч явна хүн рүү залгана гээд байхаар нь би түлхчихээд зугтчихсан. Юм. Тэгээд Оёдлын үйлдвэрийн байранд байх найз охинийдоо очсон юм. Тэгээд унтаж байсан чинь цагдаа орж ирээд аваад явсан... ...Хонох газаргүй болчихоод л Төв аймаг явахаар болоод такси мурина гэж бодоод л гарсан юм... /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Ж-ын ...Драгон дээр очоод аймаг явах унаа хайсан чинь унаа олдохгүй байхаар нь такси барьж Төв аймаг ороод мурих талаар ярилцаж тохиролцоод Төв аймгийн Зуунмод сум руу мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн машиныг хөлслөөд явсан юм. Төв аймгийн Зуунмод суманд орж ирээд би Зуунмод сумын төвд байдаг оёдлын үйлдвэрийн байранд бууж үлдээд Э.Ш жолооч хоёр хөдлөөд явсан. Тэгээд би Шижрээгийн найз охиных нь орцонд хүлээж байхад 1 цаг орчмын дараа ирээд найз охиныд нь ороод унтаж байхад шөнө цагдаа орж ирээд барьсан юм... /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-64 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Ш, Б.Ж нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Тоёота Приус”-20 маркийн 47-94 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ууганбаярыг Улаанбаатар хот Драгон төвөөс Төв аймаг руу 25.000 төгрөгөөр явна гэх нэрийдлээр хуурч, Төв аймагт ирээд үйлчлүүлгээний хөлсөө өгөлгүй зугтаж залилах үйлдэл, эс үйлдэхүй нь үйлчилгээний хөлсөө өгөхгүй, хуурч, залилах талаар урьдчилан үгсэж тохиролцсон шинжээрээ бүлэглэсэн, энэ үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хуурч, залилсан үйлдэл хохирол, хор уршиг учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоотой зэргээс үзэхэд гэм буруугийн бүлэглэсэн, санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ш, Б.Ж нар нь бүлэглэж, бусдыг хуурч, бодид байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Ш, Б.Ж нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ууганбаярт 25.000 төгрөгийн хохирол хор уршиг учирсан байна. 

 

Шүүгдэгч Э.Ш, Б.Ж нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 25.000 /хорин таван мянга/ төгрөгийг төлсөн болох нь хавтас хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Ууганбаярын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Э.Ш, Б.Ж нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ш, Б.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

                 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

                                               болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Э.Ш, Б овгийн Б.Ж нарыг бүлэглэж, бусдыг хуурч, бодид байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Э.Ш, Б овгийн Б.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Ш, Б овгийн Б.Ж нарт шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Ш, Б овгийн Б.Ж нарт шүүхээс хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

Мөн хэд хэдэн үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б овгийн Э.Ш, Б овгийн Б.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Э.Ш, Б овгийн Б.Ж нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Э.Ш, Б овгийн Б.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН