Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01949

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/06587 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 19,318,389 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь ******* аймгийн ******* сумын ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар тус сургуулийн химийн багш *******ийг төрийн албанаас чөлөөлсөн. ******* нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 266 дугаар, 267 дугаар шийдвэрээр *******ийг тус сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

1.2 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тус сургуулиас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 538,937 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18,779,452 төгрөг, нийт 19,318,389 төгрөгийг *******т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон.

Иймд дээрх төлбөрийг *******аас гаргуулж төрийн сангийн дансанд оруулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 3,072,180 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, үлдэх 16,246,209 төгрөгийн шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******аас 64,105 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ******* аймгийн ******* сумын ******* сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгож, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаар шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00019 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 707 дугаар тогтоолоор *******ийг эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн ******* нь 2021 оны Б/88 дугаар тушаалтай холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилогдсон өдөр болох 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00266 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

4.2 ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00266 дугаар шийдвэрийн дагуу тус сургуулиас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 538,937 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 18,779,452 төгрөг, нийт 19,318,389 төгрөгийг *******т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосноос 3,072,180 төгрөг нь 2023 оны Б/11 дугаар тушаалтай холбоотой, 14,054,036 төгрөг нь 2021 оны Б/88 дугаар тушаалтай холбоотойгоор олгосон байна.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр олгосныг төсвөөс төлсөн тул буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх тухай Говь- Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 04/19 дугаар албан шаардлагыг тус сургуульд хүргүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 19,318,389 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.1 Хариуцагч ******* нь ******* аймаг ******* сумын ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар тус сургуулийн химийн багш *******ийг ажлаас нь чөлөөлсөн.

3.2 ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаар шийдвэр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00019 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/00707 дугаар тогтоолоор *******ийг урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон. /хх 9/

3.3 Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу тус сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар *******ийг урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн томилсон. /хх 16/ Улмаар, мөн сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар *******ийг химийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. /хх 45/

3.4 ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00267 дугаар шийдвэрээр *******ийг ******* аймгийн ******* сумын ******* сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, *******т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,072,180 төгрөгийг ******* аймгийн ******* сумын ******* сургуулиас гаргуулж олгож шийдвэрлэсэн. /хх 13-21/ Түүнчлэн, мөн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00266 дугаар шийдвэрээр *******т 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,054,036 төгрөгийг ******* аймгийн ******* сумын ******* сургуулиас гаргуулан олгож шийдвэрлэсэн. /хх 7-12/

3.5 Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 538,937 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18,779,452 төгрөг, нийт 19,318,389 төгрөгийг *******т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тооцон олгосон байна. /хх 23-24/

4. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан.

4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, харин хариуцагчийн учруулсан гэм хорыг төр хариуцан арилгасан бол байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсвэл илтэд болгоомжгүй гэм буруутай нь тогтоогдсон нөхцөлд хуульд заасан хариуцлага хүлээх учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ын шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байх учиртай.

4.2 Хариуцагч *******ын гаргасан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаар тушаалыг ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаар шийдвэр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00019 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/00707 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч уг шийдвэрээр хариуцагчийн гэм буруу тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул гэм бурууг тогтоосон шийдвэр гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4.3 Түүнчлэн, анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан заалтад төрийн үйлчилгээний албан хаагч хамаарахаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан тул ******* аймгийн ******* сумын ******* сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаар тушаалтай холбоотой нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэж дүгнэж, 16,246,209 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн Б/88 дугаар тушаалыг гаргах цаг хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тус сургуулийн химийн багш ******* нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахгүй этгээд байсан байна.

Дээрх тохиолдолд Төрийн албаны тухай хуульд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг гэх этгээдэд хамааруулан хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болох гэм буруугийн талаар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө уг шаардах эрх үүсээгүй нөхцөлд уг зүйлд хожим нэмэлт, өөрчлөлт орсноор үр дагаврыг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэхгүй.

5. Иймд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт тус тус зааснаар ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаар шийдвэрийн үр дагавар болох мөн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00266 дугаар шийдвэрээр *******т 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгосон 14,054,036 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00267 дугаар шийдвэрээр *******ийг ******* аймгийн ******* сумын ******* сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,072,180 төгрөгийг ******* аймгийн ******* сумын ******* сургуулиас гаргуулж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт ...нэхэмжлэгч *******ийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил тасалсан гэх боловч энэ хугацаа нь ажлын 3 өдөр байгаа ба шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Хариуцагч нь энэхүү үйлдэлдээ шууд санаатай гэм буруутай болох нь шүүхийн дээрх шийдвэрээр тогтоогдсон тул анхан шатны шүүх хариуцагч *******аас ******* аймгийн ******* сумын ******* сургуулийн захирлаар ажиллаж байхдаа гаргасан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаар тушаалын улмаас төрд учирсан хохиролд 3,072,180 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт тус тус нийцсэн байхаас гадна хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

7. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч талын шүүхийн иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/06587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН