Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 140

 

С.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалтай, С.А-д холбогдох 2113001980081 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шыбарайгыр жүзик овогт С-ы А нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ы А-д холбогдох хэргээс “шүүгдэгч С.А нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б-ийн г х ө-тэй т г-т голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллахдаа Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр суралцаж төгссөн гэх N237526 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

С.А-ыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 8 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-аас 103,355,405 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн З-ын ө с-ын төвд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс 16,323,747 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 103,355,405 төгрөгийг албадан гаргуулж, Баян-Өлгий аймгийн З-ын ө с-ын төвд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.А гаргасан гомдолдоо “... Нэг. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын үндэслэл:

1.1.Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 40 дугаартай яллах дүгнэлтээр: Яллагдагч С.А нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б г х ө т г-т Голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдохдоо 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЭМШУИС-ийн харьяа Магадлан итгэмжлэгдсэн сувилахуйн сургуулийг “Эх баригч, бага эмч” мэргэжилтэй төгссөн гэх 37526 дугаартай Бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, үргэлжлүүлэн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус газарт гоц халдвартын лаборантаар томилогдохдоо мөн ЭМШУИС-ийн харьяа Магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг “Эх баригч, бага эмч” мэргэжилтэй төгссөн гэх 37526 дугаартай Бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж одоо хүртэл ашиглаж, Баян-Өлгий аймгийн З-ын ө с-ын төвийн цалингийн санд 130,114,396 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

1.2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох хэргээс шүүгдэгч С.А нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллахдаа ЭМШУИС-ийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр суралцаж төгссөн гэх №37526 дугаартай Бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 4 дүгээр тушаалаар “Гоц халдвартын лаборант”-ын албан тушаалд томилогдоход ЭМШУИС-ийн магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг “Эх баригч, бага эмч”-ийн мэргэжлээр 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төгссөн гэх 37526 дугаартай Бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гоц халдвартын лаборантын албан тушаалд ажилласан хугацааны цалинг гэмт хэргийн хохирол, гэм хорд тооцож нийт 103,355,405 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан юм.

Хоёр: Хяналтын гомдлын үндэслэл:

2.1. Шүүгдэгч С.А би Байгалийн голомтод халдварт өвчин судлалын Үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтод халдварт өвчин судлалын төвийн хамтарсан 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Гоц халдвартын мэргэжил эзэмшүүлэх тухай” 08 дугаартай гэрээ, Байгалийн голомтот өвчин судлалын үндэсний төвийн “Сургалт зохион байгуулах тухай” 85 дугаартай тушаал, мөн Үндэсний төвийн захирамж, 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Сургалтад хамруулах тухай” 1/298 дугаартай албан бичиг зэрэг эрх зүйн баримт бичгийн үндсэн дээр Эрүүл мэндийн яамны харьяа БГХӨС-ын Үндэсний төвийн дэргэдэх мэргэжил эзэмшүүлэх курст суралцан төгсөж, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Гоц халдвартын лаборант”-ын мэргэжил эзэмшиж, тусгай мэрэгжлийн С/102/08 дугаартай “Мэргэжлийн Үнэмлэх” авсан юм. Ингэж С.А би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтод өвчин судлалын төвийн захиалгаар суралцаж, “Гоц халдвартын лаборант” мэргэжил эзэмшсэн учир Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтод өвчин судлалын төвийн даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 04 дугаартай тушаалаар тус байгууллагад мэргэжлийн дагуу “Гоц халдвартын лаборант”-ын албан тушаалд томилогдсон болно.

2.2. Шүүгдэгч С.А миний бие Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтод халдварт өвчинтэй тэмцэх төвийн даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 4 дүгээр тушаалаар тус байгууллагад “Гоц халдвартын лаборантын” албан тушаалд томилогдоход ямар нэгэн диплом ашиглаагүй бөгөөд ЭМЯ-ны дэргэдэх Байгалийн голомтод халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжил олгох дамжааг дүүргэсэн “Гоц халдвартын лаборант” мэргэжлийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн С/102/08 дугаартай мэргэжлийн үнэмлэх, захиалгаар сургасан гэрээ зэргийг үндэслэл болгож тухайн албан тушаалд томилогдсон юм.

2.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоол нь хэт нэг талыг баримталсан, нотлох баримтанд хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй гэж гомдол гаргаж байна.

Тухайлбал: Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А намайг Баян-Өлгий аймгийн БГХӨТ-х газрын “гоц халдвартын лаборант”-ын албан тушаалд томилох эрх зүйн угтвар нөхцөл болсон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгалийн голомтод халдварт өвчинтэй тэмцэх үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Баян-Өлгий аймгийн БГХӨТ-х газрын хамтарсан 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Гоц халдвартын мэргэжил эзэмшүүлэх сургалтын гэрээ”, БГХӨС-ын Үндэсний төвийн захирлын 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Сургалт Зохион байгуулах тухай” 85 дугаартай тушаал, мөн БГХӨС-ын Үндэсний төвийн захирлын 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Сургалтанд хамруулах тухай” 1/298 дугаартай албан бичиг, мөн “Гоц халдвартын лаборант”-ын мэргэжил эзэмшсэнийг батлах 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн С/102/08 дугаартай “Мэргэжлийн үнэмлэх” зэрэг бичгийн нотлох баримтыг шүүх огт нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан байна.

2.4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А миний 2018 оны “Гоц халдвартын лаборант” мэргэжил эзэмшсэн тухай С/102/08 дугаартай “Мэргэжлийн үнэмлэх”-ийг нотлох баримтаар үнэлж, дүгнээгүй байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Шүүгдэгч С.А намайг ажил олгогчийн захиалгаар “Гоц халдвартын лаборант” мэргэжлээр 2008 онд мэргэжлийн дамжаанд суралцан төгссөнийг бүрэн үгүйсгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэсэн заалт, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал” гэх заалт, 1.2-д заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн” гэх заалт, 1.3-д заасан “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэх заалтуудын шаардлага хангагдаагүй байна. Нэгэнт С.А миний бие “Гоц халдвартын лаборант” мэргэжил 2008 онд дамжааг дүүргэж эзэмшсэн тул ЭМШУИС-ийн магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг “Бага эмч,” мэргэжлээр төгссөн гэх 37526 дугаартай дипломыг (хуурамч диплом) ашиглах шаардлага байхгүй байсан болно.

2.5. С.А би Баян-Өлгий аймгийн БГХӨТ-газрын “Голомт хяналт хариуцсан” ажилтнаар томилогдон ажиллаж байхад тус байгууллагын “Гоц халдвартын лаборант” мэргэжилтэн Мурат гэх хүн өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан хамт олны хурлаар хэлэлцүүлэн намайг “Гоц халдвартын лаборант”-ын дамжаанд явуулж сургасан юм. С.А намайг “Гоц халдвартын лаборант”-ын дамжаанд явуулах болсон шалтгаан үндэслэл нь “Гоц халдвартын лаборант” гэх албан тушаал нь байнга хөдөө, хээрийн нөхцөлд газар нутагт тархан амьдарч байгаа зэрлэг, араатан амьтантай байнга харьцдаг, түүнээс дээж авдаг, шинжилгээ хийдэг учраас хээрийн нөхцөлд ажиллах боломжтой, зэрлэг араатан амьтанаас айж, цочирдоггүй байх боломжийг хангаж, эрэгтэй хүнийг “Гоц халдвартын лаборант”-аар сургаж бэлтгэх болж дамжаанд явуулж байсан юм. Миний бие С.А нь “гоц халдвартын лаборант”-ын мэргэжил эзэмшиж, тухайн албанд мэргэжлийн дагуу томилогдсон юм.

2.6. С.А би “Гоц халдвартын лаборант” гэх албан албан тушаалд ЭМШУИС-ийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийн “эх барих бага эмч” гэх 37526 дугаартай хуурамч дилломыг ашигласан үйлдэл нотлох баримтаар батлагдаагүй байгаа болно.

2.7. Баян-Өлгий аймгийн БГХӨТ-х газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 04 дугаартай тушаалын “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсэгт: “Мэргэжил олгох 3 сарын дамжааг дүүргэсэн С.А-ыг ... гоц халдвартын лаборантаар томилсугай” гэжээ. Хэрэв би ЭМШУИС-ийн харьяа сувилахуйн сургуулийн “эх барих бага эмч” мэргэжлийн хуурамч 37526 дугаартай диплом ашигласан бол уг ажилд томилсон тушаалд дурдах, мөн Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, анкетад хавсаргаж, бичилт хийгдэх ёстой гэж үзэж гомдол гаргаж байна.

2.8. Байгалийн голомтод халдварт өвчинтэй тэмцэх газрын “Гоц халдвартын лаборант” гэх албан тушаалын 2008 оны ажлын байрны тодорхойлолт байхгүй, уг албан тушаалд дээд боловсрол болон бакалаврын диплом шаардсан талаар ямар ч нотолгоо алга байна. Харин хавтаст хэрэгт Төрийн албаны тухай хуулийн зохих заалтыг хавсаргасан байна. Тухайлбал: 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалд тавих шаардлага” хэсэгт “Дээд боловсрол” шаардаагүй ба харин 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.2-т “Төрийн албан хаагч дээд боловсролтой байх” гэсэн шаардлага анхлан тавигдсан байна. Шүүгдэгч С.А би 2013 онд дээд боловсрол эзэмшсэн болох нь хэргийн материалд байгаа дипломын хуулбараар нотлогдоно.

2.9. Шүүгдэгч С.А миний бие 2008 онд “Гоц халдвартын лаборант”-ын мэргэжил эзэмшиж С/102/08 дугаартай нарийн мэргэжил эзэмшээгүй бол хичнээн дээд боловсрол эзэмшиж, эмнэлгийн бусад төрлийн мэргэжил эзэмших боловч “гоц халдвартын лаборант”-ын гэх албан тушаалд томилогдох боломжгүй байсан гэдгийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

2.10. Шүүгдэгч С.А миний 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл буюу ял шийтгүүлэх хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, хөдөлмөр хийсний төлөө авсан ажлын хөлс болох нийт 103,355,405 төгрөгийг бүхэлд нь төлүүлсэн явдалд гомдолтой байна. Ажил хөдөлмөр эрхэлсэн үеийн цалин хөлс нь миний хөдөлмөрийн үр шим учраас гэмт хэргийн бодит хохирол биш гэж үзэж байна.

2.11. Энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолууд нь тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн хохирол тооцож гаргасан байхад шүүгдэгч С.А надад гардан авсан бүх цалин хөлсийг бүхэлдээ төлүүлж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

2.12. Шүүгдэгч С.А надад холбогдох хэрэгт Баян-Өлгий аймгийн прокурорын газар нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 2113001980081 дугаартай тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байхад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш хохирол тооцож гаргасан нь хууль хэрэглээний алдаа гэж гомдол гаргаж байна.

2.13. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар С.А би лаборантын албан тушаалд томилогдоход АУШУИС-ийг төгссөн гэх хуурамч дипломыг ашигласан гэх үйлдэл нотлогдоогүй байтал гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Баян-Өлгий аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ДШМ/23 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, С.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш хэлсэн саналдаа ... С.А нь тухайн албан тушаалд томилогдоход хуурамч гэх дипломыг ашигласан үйлдэл холбогдол огт нотлогдон тогтоогдоогүй. Төрийн албан хаагчийн хувийн хэрэгт бүх албан тушаалд томилогдоход бүрдүүлж өгсөн материал байгаа. Өөрөөр хэлбэл хуурамч нотлох баримт хувийн хэрэгт нь авагдаагүй, тухайн лаборантын мэргэжилд дээр дурдагдсан гурван байгууллагын гэрээгээр суралцсан. Гоц халдвартын лаборантын мэргэжил эзэмшсэн үнэмлэхийн үндсэн дээр албан тушаалд томилогдсон. Тухайн үед буюу 2008 онд мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулиар “төрийн үйлчилгээ”-ний албан тушаалд заавал дээд боловсролтой байх шаардлага тавигдаагүй байсан бөгөөд 2017 оны Төрийн албаны тухай хуулиар “төрийн албан хаагч дээд боловсролтой байх” хуулийн шаардлага тавигдсан. Энэ үед С.А-ын хувьд дээд боловсрол эзэмшсэн болох нь хавтас хэрэгт авагдсан дээд боловсролын дипломаар батлагдан тогтоогдож байгаа. С.А нь эрүүл мэндийн бусад мэргэжил эзэмшсэн ч гэлээ гоц халдвартын лаборантын тусгай мэргэжлийг эзэмшээгүй байсан бол тухайн албан тушаалд томилогдох боломжгүй байсан гэдгийг дурдсан байна. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх анхаарал тавиагүй байна. Хохирол төлбөрийн тухайд С.А-ын ажилласан хугацааны бүх цалин хөлсийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолоос харахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцүүлж хасч тооцсон жишиг тогтсон байна. Түүнчлэн яллагдагчаар татагдсанаас хойш хугацааны цалин хөлсийг мөн адил хохирлоор тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.А-ыг хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ. Шүүх шүүгдэгчийн төрөөс цалинжиж буюу гэмт хэргийн улмаас орлого олсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хуурамч диплом ашиглаагүй гэж мэдүүлдэг боловч Зоонозын өвчин судлалын төвд гоц халдвартын лаборантаар ажиллахын тулд заавал тусгай болон түүнээс дээш боловсролтой байхыг шаарддаг. Иймд хүний нөөцийн мэргэжлээр сургууль төгссөн С.А-ыг одоо ажиллаж байгаа албан тушаалын мэргэжлийг эзэмшээгүй гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч С.А-ыг 8 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлт оруулах, түүнчлэн шүүгдэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар татагдсанаас хойш ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа тул энэ хугацаанд түүний авсан цалин хөлсийг төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий этгээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч С.А-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй,  хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Прокуророос С.А-ыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Эх баригч, бага эмч” мэргэжлээр төгссөн гэх 37526 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдож, үргэлжлүүлэн 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус төвд гоц халдвартын лаборантаар томилогдон одоог хүртэл ажиллахдаа Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн цалингийн санд 130,114,396 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.А-ыг Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тушаалаар тус газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдохдоо Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Сувилахуйн сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр суралцаж төгссөн гэх 37526 дугаартай дипломыг ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн, холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч С.А-ыг 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тус газарт гоц халдвартын лаборантаар томилогдон ажиллахдаа дээрх хуурамч дипломыг ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч С.А-ыг “диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

3.Харин түүнд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Иймд шүүгдэгч С.А-ыг оршин суугаа газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлаж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

4.Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд шүүгдэгч С.А нь Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвд гоц халдвартын лаборантаар томилогдон ажиллахдаа хуурамч диплом ашигласан болох нь Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаартай ажилд томилох тухай тушаал (2 дахь хавтаст хэргийн 73 дахь тал), Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14/164 дугаартай “Самалхан овогтой А нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг 2006 онд №37526 дугаартай дипломтой төгсөөгүй нь үнэн болно” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал), Лаборантын албан тушаалын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэг боловсролын байдал ... анагаах ухааны боловсрол олгох сургуулийг дипломын буюу бакалаврын боловсролын зэрэгтэй төгссөн байх” гэсэн ажлын байрны тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 32-36 дахь тал) болон мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б (1 дэх хавтаст хэргийн 215-216, 2 дахь хавтаст хэргийн 177, 3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал), гэрч Ч.Ү (1 дэх хавтаст хэргийн 218 дахь тал), гэрч М.Н (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал), гэрч П.А (2 дахь хавтаст хэргийн 183-184 дэх тал) нарын өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд түүний гэм буруугийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтэд эргэлзэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүний энэхүү үйлдэл нь төрийн албанд хууль дээдлэх, иргэн бүр төрийн алба хашихад адил тэгш боломжоор хангагдах зарчмыг ноцтой зөрчиж, тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон байна гэж үзэв.

5.Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.А-ын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл авсан цалин хөлс болох нийт 103,355,405 төгрөгийг бүгдийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн гоц халдвартын лаборантын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагад анагаах ухааны боловсрол олгох сургуулийг дипломын буюу бакалаврын боловсролын зэрэгтэй төгссөн байхаар заасан байхад ажил олгогчийн зүгээс шүүгдэгч С.А-ыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгаагүй, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй буруутай үйл ажиллагаа энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэв.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заажээ.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 260 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.А-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон Зоонозын өвчин судлалын төвийн цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн тооцож үзэхэд 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 103,461,598 төгрөгийн цалин олгосон байх тул тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлсийг тооцон 35,919,600 төгрөгийг үлдээж, түүний өөртөө хууль бус давуу байдал олгох замаар авсан 67,541,998 төгрөгийн цалинг гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-аас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсэгт хохирлын хэмжээнд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй” гэснийг ... Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг хязгаарласугай”,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-аас 67,541,998  (жаран долоон сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун ерэн найм) төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Шүүгдэгч С.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлоос “шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                         Б.АМАРБАЯСГАЛАН

    С.БАТДЭЛГЭР

    Б.БАТЦЭРЭН

                                                                                М.ПҮРЭВСҮРЭН