Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2017/0991/з |
Дугаар | 221/МА2020/0211 |
Огноо | 2020-03-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2020/0211
“Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.О-д холбогдох “Ю Э Д” ХХК-ийн гомдолтой зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийг баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Отгонцэнгэлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн “Ю Э Д” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 1.2 “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” байхыг хуулиар шаардсан. Тэгвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байхгүй буюу “Н-У” ХХК гомдол гаргаагүй байхад ажиллагаа явуулж байгаа нь төрийн албан хаагч нарын эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй, зөрчил шалган шийдвэрлэх журам зөрчсөн үйлдэл болсон байхад шүүх “Н-У” ХХК нь хүсэлт гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр “Ю Э Д” ХХК-ийн зүгээс 2014 оны 10 дугаар сард пандус барихдаа “К л” ХХК-иар барилгын гадна тохижилтын зургийг хийлгэсэн юм. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.12 “...барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээнэ” заасан атал манай компанид хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй. Байцаагчийн шийтгэлийн хуудсыг даган гарсан даалгаварт барилгыг буюу пандусыг буулгах тухай байдаг ба барилга, байгууламж гэдэг ялгаа заагийг мэдэхгүйгээр эрх зүйн зөрүүтэй үр дагавар үүсгэхээр байгааг анхаарч үзсэнгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь төрийн байгууллага бөгөөд Төрийн хяналт, шалгалтын хуулийн 51, 52, 53 дугаар зүйлд заасны дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн шалгалтуудыг удирдамжийн дагуу, эсвэл онцгой нөхцлийн дагуу хийх ёстой байдаг атал “Н-У” ХХК-ийн эрх ашгийг хамгаалах замаар, эрх мэдлээ хэтрүүлэн шалгалт хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Ю Э Д” ХХК нь “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Отгонцэнгэлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдол гаргажээ.
Маргаан бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчилд 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгч “Ю Э Д” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/895 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 767 м.кв газар эзэмшиж байхдаа өөрийн эзэмшил газраас хэтрүүлэн 111.21 м.кв газар ашиглаж байсан нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой маргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хийсэн шүүхийн дүгнэлт холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд мөн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Тодруулбал,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” байдал нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болох бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 5/3765 дугаар албан бичгийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дээрх хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гомдол гаргаагүй байхад ажиллагаа явуулж байгаа нь төрийн албан хаагч нар эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй, зөрчил шалган шийдвэрлэх журам зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяаллыг тогтоож өгсөн бөгөөд уг зүйлийн 6.10-т мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрх хэмжээтэй байх тул “мэргэжлийн хяналтын газрын байцаагч нь эрх мэдлээ хэтрүүлэн шалгаж шийтгэл ногдуулсан нь хууль бус” гэх давж заалдах гомдол, мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан тул өөрийн эзэмшил газраас хэтрүүлэн газар ашигласан бодит үйлдэлд гэм буруутай этгээдэд шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, “пандус барихдаа “Классик лэнд” ХХК-иар барилгын гадна тохижилтын зургийг хийлгэсэн байхад манай компанид хариуцлага тооцсон” гэх давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ Н.Хонинхүү
ШҮҮГЧ О.НОМУУЛИН