Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1788

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04944 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алдангид                 4 424 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Миний бие “ХХ" ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах гэрээ" байгуулан, ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан ХХХХХХХХХХХ дугаар /хуучнаар ХХХХХХХХХХХХ давхарт 3 өрөө орон сууц захиалж, гэрээний 3.3.1-д зааснаар 2013 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад хүлээж авахаар тохиролцсон. Дээрх хугацаанаас 45 хоногийн хугацаа хойшилсон хоног тутамд төлсөн үнийн дүнгийн буюу 90 300 000 төгрөгийн 0.05 хувийн торгууль тооцож захиалагчид олгоно гэсэн гэрээний 3.4 дэх заалтын дагуу алданги тооцуулах хүсэлт гаргасан боловч уг компанийн зүгээс хүлээн аваагүй болно. Уг орон сууцыг миний бие 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс хойшхи 45 хоногийг хасаад 98 хоногийн 0.05 хувийн алданги болох 4 424 700 төгрөг болж байгаа тул гэрээний дагуу уг компаниас алданги тооцуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан. Нэгэнт гэрээ байгуулсан учраас гэрээний үүргээ талууд биелүүлэх ёстой. Хэрэв захиалагч тал тухайн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй бол торгууль төлнө гэсэн заалт гэрээнд мөн байгаа. Хариуцагч тал Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл байдлын давагдашгүй хүчин зүйл гэсэн сертификат гаргуулсан байна. Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан учир барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй гэж тайлбарладаг. Тэгвэл миний хувьд байрандаа орж чадахгүйгээр 2 жилийн хугацаанд байр түрээслэн амьдарч, сарын түрээсийн төлбөр 3 200 000 төгрөг гэх мэтчилэн хохирлоо тооцож болно. Тиймээс гэрээний заалтын дагуу 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр би байрныхаа түлхүүрийг хүлээж авсан. Түлхүүр авахдаа үлдэгдэл төлбөрөө бүгдийг төлсөн. Би 90 300 000 төгрөг төлсөн бөгөөд 98 хоногийг өдрийн 0.05 хувиар тооцоод 4 424 700 төгрөг болж байгаа. Нэгэнт гэрээ хийгээд хүний мөнгийг аваад байрыг ашиглалтад оруулна гэж гэрээнд зааж өгчихөөд биелүүлээгүй болохоор түүнийгээ дараа нь давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж халхавчлаад байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир хугацаа хэтрүүлсэн алдангид 4 424 700 төгрөгийг "ХХ" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч "ХХ" ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарт:

            Хгийн нэхэмжилж буй анз нь алданги биш торгуулийн асуудал юм. Энэхүү анзыг төлөх үүргээс манай компани чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчтэй манай компани байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.3-т байр ашиглалтад оруулах хугацаа 45 хоногоос дээш хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувийн торгууль тооцож захиалагчид төлнө гэж заасан. Нэхэмжлэгч тал ч өөрөө торгууль гэж хэлж байна. Энэ заалтыг харвал өдөр тутам тооцохоор алданги юм шиг, торгууль гээд бичсэнийг нь харахаар торгууль ч юм шиг хоёр утгатай заалт болчихоод байгаа. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Үгийн шууд утга нь торгууль гэж бичигдсэн байгаа учраас энэ бол алданги биш бөгөөд хоног тутмаар тооцогдохгүй. Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргуулсан. Тухайн үед зах зээлийн судалгаанд үндэслэж сертификат олгосон. Нэхэмжлэгч тал 2012, 2013 онд эдийн засаг хямраагүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч ярьж байгаа зүйлээ нотлоогүй, нотлох баримтгүй зүйл ярьж байгаа учраас албан ёсоор Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас бүрэн эрхийнхээ хэмжээнд зах зээлийн судалгаанд үндэслэж уг сертификатыг гаргаж өгсөн. Тиймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс энэ хэмжээг бууруулах боломжтой. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд нөлөөлсөн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Хугацаа хэтрэхэд хүрсэн нөхцөл байдал нь "ХХ” ХХК-иас шалтгаалахгүй хүнд нөхцөл байдал үүссэн учраас хариуцагч байгууллагыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодорхойлсоноор хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Талууд 2012 онд гэрээ байгуулаад 2013 онд байраа хүлээж авах тохиролцоо байсан бөгөөд одоо 2016 он гэхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч "ХХ" ХХК-иас 4 424 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 745 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85 745 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрт талуудын байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний 3.3-т заасан анзыг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан алданги гэж үзэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар өгүүлбэрийн бус үгийн шууд утгыг харвал талуудын харилцан тохиролцсон анз нь торгуулийн зохицуулалт байгаа юм. Ийнхүү талууд торгуулийн талаар харилцан тохиролцсон бөгөөд МҮХАҮТ-ын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01/612 дугаартай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээний дагуу "ХХ" ХХК нь тус орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй нь давагдашгүй хүнд нөхцөл байдал үүссэнээс болсон нь тогтоогдож байгаа юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-н 6/-д заасны дагуу МҮХАҮТ гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг гэрчлэх эрхтэй. Иймд манай компани нь дээрх анзын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Мөн 2012 онд талууд Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан бөгөөд 2016 онд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуульд заасны дагуу гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан ч тус хугацаа өнгөрсөн байгаа тул нэхэмжлэгч Х нь нэхэмжлэх эрхээ алдсан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

         

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Х хариуцагч “ХХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алдангид 4 424 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Зохигчид 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч 67.5 м.кв талбай бүхий 104 625 000 төгрөгийн үнийн дүнтэй 3 өрөө орон сууц захиалж, орон сууцны нийт үнийн 90 хувьтай тэнцэх буюу 90 300 000 төгрөгийн төлбөрийг 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, үлдэх төлбөрийг түлхүүр хүлээн авсан өдөр төлөх, хариуцагч нь орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан барьж өгөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулжээ.

 

Хариуцагч “ХХ” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох 3 өрөө орон сууцыг барьж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авч авч ажлын хөлсийг гэрээгээр тогтоосон журмын дагуу 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 90 300 000 төгрөг, орон сууцны түлхүүрийг хүлээн авахдаа үлдэгдэл төлбөрийг төлж үүргийн гүйцэтгэлийг хангасан үйл баримт тогтоогдсон байна.

 

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын хөлсөнд төлсөн мөнгөн дүн, орон сууцны талбайн хэмжээний талаар маргаагүй, гэрээний үүргийн зөрчилд хүлээх хариуцлага болоод гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  дууссан эсэх талаар маргажээ. Харин хариуцагч тал орон сууцыг гэрээгээр тогтоосон хугацаанд барьж ашиглалтад өгөх үүргээ зөрчиж гэрээний хугацааг 98 хоногоор хэтрүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн нь захиалагчид орон сууц, түлхүүр хүлээлгэн актаар /хх-7/ тогтоогдсон байна.

 

Талууд гэрээгээр үүрэг зөрчигдсөн нөхцөлд хүлээх хариуцлагын талаар харилцан тохирсон байх бөгөөд гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч тал буюу хариуцагчийн хувьд хүлээх хариуцлагыг “захиалсан барилгыг гэрээнд заасан хугацаа буюу орон сууц ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн дүнгийн 0.05 хувийн торгууль төлнө” гэж тусгасан байна.

 

 Дээрх гэрээний заалтад торгууль гэж бичигдсэн байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5. 232.6 дахь хэсэгт заасан агуулгатай харьцуулан үзэхэд гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль, гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тооцохоор тодорхойлсон бөгөөд шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын хоорондын анзын тохиролцоог гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар гэрээг тайлбарлан “алданги” гэж үзсэн нь зөв байна.

 

Түүнчлэн дээрх байдлаар гэрээний тохиролцооны агуулгыг тайлбарлах нь хариуцагч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэгч Хтай байгуулсан “Орон сууц захиалгаар барих гэрээ” нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлтэй гэрээ байх бөгөөд хариуцагч байгууллагын нэхэмжлэгчид санал болгосон гэрээний уг нөхцөлийг мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт “стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж заасантай нийцнэ.

 

              Харин хариуцагч “ХХ” ХХК эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдал бий болсон гэж тайлбарлан Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг нотлох баримтаар ирүүлсэн   боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т хоног тутамд төлөх алдангийн хувийг 0.05 гэж тогтоосныг энэхүү гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүнтэй харьцуулан үзвэл хэт их гэж үзэх нөхцөл бүрдээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй, шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зааснаар алдангийн хэмжээг багасгах боломжгүй байна.

 

Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний дагуу хариуцагчийн зүгээс үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш буюу 2013 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх ба орон сууцыг хүлээлгэн өгөх хүртэл ажил гүйцэтгэгчийн үүргийн зөрчил үргэлжилж байсан учраас энэ үүргийн зөрчил дууссан үеэс нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

 

 Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04944 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 750 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                               ШҮҮГЧИД                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                          А.МӨНХЗУЛ