Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01463

 

Э-3 СӨХны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01095 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1622 дугаар магадлалтай,

Э-3 СӨХны нэхэмжлэлтэй

А цэцэрлэг, Ц.Т нарт холбогдох

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөрт 15 828 015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А цэцэрлэгийн төлөөлөгч Ц.Тулгын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч Ц.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э-3” СӨХ нь “Э” хотхоны оршин суугчдын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот гэрчилгээтэй, албан ёсны СӨХ юм. Тус СӨХ нь “Э” хотхоны сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө, цэвэр, бохир ус тараалтын болон цахилгааны шугамыг хамгаалан, зэвэрч элэгдсэн даруйд шинэчлэн солих, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, орц, хонгил, гаражын гэрэлтүүлэг, нийтийн эзэмшилд хамаарах зам тапбай, орцны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж оршин суугчдыг ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэн, хууль тогтоомжид заасны дагуу хотхоны 1-4 дүгээр байрны 120 өрхийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч Ц.Т нь Э хотхоны 1 дүгээр байрны 1 давхрын 30 тоотын 306 м.кв талбайтай байранд оршин сууж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж “хувийн цэцэрлэг” ажиллуулдаг юм. 1-30 тоот сууцны сууц өмчлөгч, эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 148.2.1, 148.2.2, 148.2.3-д заасныг зөрчин дундын өмчлөлийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, нийтлэг зардал хог, орцны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, зам талбайн ашиглалт, үйлчилгээний гэрээт байгууллагын төлбөрийг төлөхгүй “үнэгүй үйлчилгээ авч” нийтийн орон сууцны нийтлэг байдлыг ашиглан ашиг олж бусад суугчдын эрх ашгийг хохироож байна. Хариуцагч Ц.Т нь СӨХ-ны төлбөрөөс зайлсхийгч, хур өртэй суугчидтай нэгдэн “өөрийн өрийг цайруулах” зорилгоор “Шинэ Э” СӨХ байгуулахаар оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар бүрдүүлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/613 тоот захирамж гаргуулан цаг хугацаа хожих байдлаар гүйцэтгэх захирлын ажлыг 1 жил 10 сар саатуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг түдгэлзүүлэн хохироож ирсэн. СӨХ-ны гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлж, тамга тэмдгийг хялбар байдлаар авах, төлбөрийн хөөн хэлэлцэх хугацааг хожих, төлбөрөө чөлөөлөх байдлаар залилангийн шинж чанартай үйл ажиллагааг тус хотхонд явуулж ирсэн нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 838 тоот шийдвэр, Баянгол дүүргийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/115 тоот захирамжаар нотлогдсон. Хууль бус үйл ажиллагаа явуулсан цаг хугацаа хариуцагчийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч Ц.Т улсаас нэг хүүхдэд ногдох хувьсах зардал болон хүүхдийн эцэг, эхээс төлбөр хураамж авдаг бөгөөд СӨХ-ны орлогын байцаагч төлбөрөө төлөх мэдэгдэл, шаардлага өгөх, өр төлбөрөө төлж дуусгахыг шаардахад өдийг хүртэл төлөхгүй байна. СӨХны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 13.2.4,13.2.6, 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 заалт, МСӨХДЗТ-ийн 06 тоот тогтоолын 1-р хавсралт, Удирдах зөвлөлийн тогтоолыг зөрчин нийтийн эрх ашгийг хохироож байгаа. Хариуцагчийн 306 м.кв талбайн дулаан, халуун, хүйтэн ус, бохирын төлбөр болон СӨХ-ны төлбөрийг оноор жагсаавал 2013 оны 1-3 дугаар сарын төлбөр 1 514 613 төгрөг, 2013 оны 4-12 дугаар сарын төлбөр 683 100 төгрөг, 2014 оны төлбөр 1 993 600 төгрөг, 2015 оны төлбөр 2 351 300 төгрөг, 2016 оны 1-10 дугаар сарын төлбөр 1 502 500 төгрөг, нийт 8 045 113 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна. Мөн дээрх шаардлагыг 7 782 901 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал буюу 2006 оны 2 дугаар сараас 2009 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацааны төлбөрийг хариуцагч “А” цэцэрлэгээс нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Ц.Т нь “Э” хотхоны 1 давхрын байрыг 2003 онд захиалж худалдан авсан. Зохих байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр анх “Касабланка” нэртэй цэцэрлэг байгуулан ажиллаж байсан. 2010 оноос “А” цэцэрлэгийг байгуулж үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж байна. Манай цэцэрлэг ашгийн төлөө бус бөгөөд уг байрны орцоор ордоггүй, хаалга тусдаа, харуул, хамгаалалт, цэвэрлэгээ, хогоо өөрсдөө хариуцан зохицуулдаг. Бид “Э-3” СӨХ-тэй ямар нэг гэрээ байгуулж үйлчилгээ авдаггүй. 2013 оноос хойш “КСИМС” ХХК-д ашиглалтын зардлаа төлж ирсэн. 2006 онд “Э-3” СӨХ байгуулагдаагүй байсан бөгөөд 2 өөр компанид ашиглалтын зардлаа төлж ирсэн учраас маргаан гарч, шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын зардалтай холбоотой хэргийг шүүх нэгэнт шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан. “Э-3” СӨХ нь нэг ч төгрөгийн өр төлбөргүй холбоог хүлээж авсан атал одоо биднээс 2006 оны төлбөрийг нэхээд байгааг гайхаж байна. Бид тог, цэвэр, бохир ус, дулаанаа тусдаа төлдөг, СӨХ-г хохироогоогүй. Иргэний хуулийн 145 дугаар зүйлд зааснаар орон сууцыг дангаар эзэмшиж байгаа учир СӨХ-ны төлбөрийг төлөхгүй, харин сантехниктэй холбоотой төлбөрийг төлнө, төлсөөр ч ирсэн. Хогны мөнгө мөн төлөхгүй, өөрсдөө хүмүүс дуудаж хогоо зөөлгөдөг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01095 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 496 дугаар зүйлийн 496.2, 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасныг баримтлан хариуцагч “А” цэцэрлэгээс 232 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э-3” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 596 015 төгрөгт болон хариуцагч Ц.Тд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “А” цэцэрлэгээс 7 610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э-3” СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1622 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан СӨХ-д төлөх ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг, эсхүл тэдгээрийн өмнөөс мэргэжлийн байгууллага тус бүрт хэрэглээ, үйлчилгээ, ашиглалтын зардлыг төлсөн учраас түүнийгээ нэхэмжилж байгаа эсэх нь тодорхой бус ойлгомжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Э-3 СӨХ-ны захирал Г.Энь ...гэрээт байгууллагын төлбөрийг төлөхгүй үнэгүй үйлчилгээ авч нийтийн орон сууцны нийтлэг байдлыг ашиглан ашиг олж бусад суугчдын эрх ашгийг хохироож байна. Хариуцагчийн 306 м.кв талбайн дулаан хагуун хүйтэн ус, бохирын төлбөр болон СӨХ-ны /2013 оны 1-р сараас 2016 оны 10-р сарын төлбөрт 8 045 113 төгрөг нэхэмжилсэн байснаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /2006-2009оны/ 7 782 901 төгрөгийг нэмэгдүүлэн нийт 15 828 015 төгрөгийн шаардлага гаргасан байдаг. Ц.Т би 2003 онд “Э” хотхоны 1-р байрны 1 давхарын 306 м.кв талбай бүхий байрыг цэцэрлэгийн зориулалтаар захиалан бариулж, худалдах худалдан авах гэрээний дагуу /хх74-75/ худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг /хх78/ гаргуулан, 2003 оноос “Касабланка” нэртэй цэцэрлэг байгуулан /хх114/ ажиллуулж эхэлсэн бөгөөд 2010 онд Нийслэлийн Засаг Даргын захирамжаар А цэцэрлэг болон өөрчлөгдөж, боловсролын хуулинд заасны дагуу ашгийн бус үйл ажиллагааг зохих тусгай зөвшөөрөлтэйгээр явуулж ирсэн /хх-41-43/ нь ИХ-ийн 146-р зүйлийн 146.1-д заасны дагуу “дангаар өмчлөх өмчлөлийн зүйл...” болно. Э хотхоны байрны үйлчилгээтэй холбоотой тооцоог 2003-2009 онуудад Промсервис ХХК, 2009 оноос “Ган бар од” ХХК-иуд хийдэг байсан бөгөөд тухайн үед энэхүү компаниуд нь шүүхэд манай цэцэрлэгт холбогдуулан 2006-2009 оны төлбөрийн нэхэмжлэл гаргаж байсныг 2007.10.17-ны 2567 дугаартай шүүгчийн захирамж, 2009.10.28-ны 1578 дугаар шийдвэрээр тус тус шийдвэрлэсэн /хх69-73/-нээс үзэхэд А цэцэрлэгтэй холбоотой нэхэмжлэлийн 2006-2009 оны асуудлыг шүүх урьд нь шийдвэрлэсэн байгаа тул ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдагдсан 2006 оноос 2016 оны 10 сарын хугацааны ашиглалтын зардлын төлбөр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.3-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Давж заалдах шатны шүүх “зохигчдын тайлбарт дурдсанаар хэн аль нь холбогдох байгууллагад ашиглалт үйлчилгээний зардлыг төлсөн гээд энэ талаарх баримтуудыг ирүүлсэн байх боловч хариуцагч нарын хэн нь хичнээн төгрөгийн төлбөр төлөхөөс хэдийг нь ямар хугацаанд төлсөн, түүний төлсөн төлбөрүүд нэхэмжлэгчийн мэргэжлийн байгууллагад хариуцагч нарын өмнөөс төлсөн гэх төлбөртэй давхцаж байгаа эсэхийг ялгаж салгах хэргийн үйл баримтыг зөв тогтоох, дүгнэлт хийх боломжгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Э-3 СӨХ-ны захирал Г.Энь мэргэжлийн байгууллагад А цэцэрлэгийн өрийг төлсөн гэдэг боловч тэр нь үндэслэлгүй байна. Э-3 СӨХ нь 2009 оны 11-р сарын 01-нд байгуулагдсан /хх-11/ бөгөөд урьд нь СӨХ ажиллуулж байсан Ганбар Од ХХК /Промсервис ХХК/ нь Э-3 СӨХ-тэй 2011.11.03-ны өдрийг хүртэл хугацааны тооцоо нийлж үзэхэд 0 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй /хх-64/, Э-3 СӨХ нь УБДС ХК-тай 2010.01.01-2013.04.01-ний өдрийг дуустал 0 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй /хх-20/, УСУГ-тай мөн тооцоо нийлж 2010.01.01-2010.10.22 -ныг дуустал 0 төгрөг өргүй/хх-60/ гэж тооцоо нийлж улмаар тус СӨХ нь КСИМС ХХК-тай /орон сууцны контор/ өр авлагын тооцоо нийлсэн албан бичигт “...орон сууцны ашиглалтыг Э-3 СӨХ-ноос 2013.04.01-ний өдрөөс УБДС ТӨХК, УСУГ, УБЦТС ХК-даас халаалт усны болон бусад ашиглалтын өр төлбөр тооцоогүй хүлээн авсан” гэсэн /хх-18/ байгаагаас үзэхэд хэрэв А цэцэрлэгийн нэр дээр өр байсан бол Э-3 СӨХ-ийг өр төлбөргүй гэж тооцоо нийлэхгүй байх байсан. Нэхэмжлэгч Г.Энь манай цэцэрлэгээс нэхэмжилж байгаа дээрх мөнгийг мэргэжлийн байгууллагуудад төлсөн гэж ярьдаг бөгөөд мэргэжлийн байгууллагуудад А цэцэрлэгийн өрөнд төлсөн гэх нэртэй санхүүгийн баримт байхгүй болно. А цэцэрлэг цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, кабел телевизийн төлбөрүүдийг мэргэжлийн байгуулагуудад нь төлдөг төлбөрийн баримтуудыг /хх81-89/ нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Бид өөрийн жижүүр, цэвэрлэгчээ ажиллуулдаг бөгөөд хог хаягдлаа гэрээгээр тусгай машинаар зөөлгөдөг болно. Харин тухайн орон сууцны нэгдсэн сантехник болон байрны дээвэр, хана, таазанд эвдрэл гэмтэл гарахад нь засвар үйлчилгээний нийт зардлаас өөрт оногдох хувийг төлнө гэдгийг ухамсарлан ойлгож байгаа бөгөөд эвдрэл, гэмтэл гарсан үед нь төлж байсан баримтууд хавтаст хэрэгт байгаа болно. /30000төг, 350000 төгрөгийн баримтууд. Аптанзул цэцэрлэг нь тус орон сууцны орцноос тусдаа хаалгатай, өөрсдийн хүч хөрөнгөөр тохижуулсан тоглоомын талбай /худалдах худалдан авах гэрээний 3.4-д заасны дагуу/ болон тусгаарласан хашаатай үйл ажиллагаа явуулдаг. А цэцэрлэг болон Ц.Т би Э-3 СӨХ-тэй ямар нэгэн гэрээт байгууллагын төлбөр төлөх гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжилж буй дулаан, халуун хүйтэн ус бохирын төлбөрийг орон сууцны КСИМС компанид цаг хугацаанд нь төлж цахилгааны төлбөрийг цахилгаан сүлжээ компанид төлдөг тооцооны баримтууд хавтаст хэрэгт /хх81-89/ нотлох баримтаар байгаа болно. А цэцэрлэгийн мэргэжлийн байгууллагад нь төлж байгаа төлбөртэй Э-З СӨХ-ны манай цэцэрлэгийн төлбөрийг төлсөн гээд баримтгүй яриад байгаа мөнгө нь давхцах боломжгүй юм. Э-3 СӨХ нь тус цэцэрлэгийн нэр дээрхи ямар нэгэн төлбөрийг аль нэгэн байгууллагад төлөөгүй болно. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчмыг зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчсөн мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А цэцэрлэгийн хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Э-3” СӨХ нь хариуцагч А цэцэрлэг, иргэн Ц.Т нараас хэрэглээний төлбөр болон орон сууцны дундын өмчлөлийн зүйлийг ашиглалт, засварын зардалд 15 828 015 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлүүдэд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно. Тодруулбал:

1.Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ...хариуцагчийн хэрэглэсэн дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны төлбөр болон СӨХнд төлөх төлбөр нийт 8 045 113 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7 782 901 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 15 828 015 төгрөгийг   шаарджээ. Нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүнд хавсаргасан, он тус бүрээр гаргасан тооцооны баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас 2006 оны 2 дугаар сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд хэрэглэсэн халаалт, цэвэр ус, халуун ус, бохир усны төлбөрийг, 2006 оны 2 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засварын зардлыг тус тус зааглан, тооцоог гаргаж шаардсан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус гэж үзэх агуулга байхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна./хх-1, 2-7, 52-55/

2.Э-3 СӨХ 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдсан атлаа үүнээс өмнөх 2006 оноос 2009 он хүртэл хугацааны хэрэглээний төлбөр болон дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, зардлыг шаардсан нь үндэслэлгүй болно. Харин СӨХ үүсгэн байгуулагдсан үеэс хойш сууц өмчлөгчийн хэрэглэсэн дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны төлбөрийг авч дамжуулан төлж байсан, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зохих байгууллагад инженерийн шугамыг хүлээлгэн өгсөн, ийнхүү хүлээлгэн өгөх үед төлбөр тооцоогүй байсан үйл баримт тогтоогдсон байгаа боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байна. Хариуцагч нь 2009 оноос 2013 оны 3 дугаар сар хүртэлх хэрэглээний зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй бол үүрэг биелүүлэх сүүлийн хугацаа буюу 2013 оны 03 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгт шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрснөөс хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй тул хэрэглээний зардал гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

3.СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагддаг байна. Тийм учраас орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал  тухайн холбооны гишүүн байхыг хуульд заажээ.

Хариуцагч Ц.Т-ын хувьд орон сууцны өмчлөгч бус анхнаасаа уг байшингийн 1 давхарт цэцэрлэгийн зориулалтаар барьсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан, тухайн зориулалтаар эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа нь тогтоогдсон, хариуцагч нарыг орон сууцны зориулалттай эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Т нь орон сууцны өмчлөгч биш бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны нэг хэсэгт цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тул СӨХны гишүүн байх үүрэг хуулиар үүсэхгүй, нэхэмжлэгчийн хувьд хариуцагч нараас дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засварын зардлыг сууц өмчлөгч гэж үзэж шаардах эрхгүй байна.

Хариуцагч Ц.Т-ын өмчлөлийн эд хөрөнгөд А цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа, тус цэцэрлэг нь орон сууцны гадна талаасаа тусдаа хаалгатай боловч сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн эд зүйл болох орон сууцны орц, орчны талбай зэрэг зарим эд хөрөнгөд ашиглах, нөлөөлөх боломж байгаа нь тогтоогджээ. Энэ тохиолдолд зохигчид нь гэрээ байгуулах замаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Харин Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан шаардах эрх үүсэхгүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс хогны мөнгө болох 232 000 төгрөгийг А цэцэрлэгээс гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч зөвшөөрсөн байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1622 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А цэцэрлэгээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА