| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 103/2016/00261/И |
| Дугаар | 103/ШШ2016/00310 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2016/00310
| 2016 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2016/00310 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 110 тоотод оршин суух, Сүрэнжавын Дуламрагчаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо 58 дугаар байрны 06 тоотод оршин суух Боржигон овгийн Базарын Сувдансүрэн/РД:УГ63010527/-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,646,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Дуламрагчаа, хариуцагч Б.Сувдансүрэн хариуцагчийн өмгөөлөгч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
Нэхэмжлэгч С.Дуламрагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэл Сувдансүрэн, охин Энхсувдаараа зуучлуулан дамжуулж 5 удаа 1,800,000 төгрөгийг түрээсийн байрныхаа төлбөрт өгөх хүсэлтээр аваад надад эргүүлэн өгөөгүй. Б.Сувдансүрэн түүний нөхөр Ж.Нацагдорж, охин Энхсувд нар 2,000,000 төгрөгийг тэтгэврийн зээл авч, Хаан банкнаас 4,000,000 төгрөгийн цалингийн зээл авах боллоо, энэ зээлээр авах 4,000,000 төгрөгөө аваад одоо авч байгаа 2,000,000 төгрөг, өмнө нь авсан 1,800,000 төгрөг нийт 3,800,000 төгрөгийг төлнө гэж тохирсон. Б.Сувдансүрэн нар 2,000,000 төгрөгөөсөө 4 удаа 1,250,000 төлсөн буюу одоо түүнээс 750,000 төгрөг, энэ мөнгөн дээрээ дээрх 1,800,000 төгрөг бүгд 2,550,000 төгрөгийг жил шахам хугацаа өнгөрөхөд төлөөгүй байна. 1,800,000 төгрөгийг Доун ХХК-д ажилтай байсан охин Энхсувд нь би төлнө гэдэг байсан боловч төлөөгүй, надаас авсан 1,800,000 төгрөгийг Энхсувд ээж Б.Сувдансүрэндээ өгсөн. Сувдансүрэн Энхсувд нар 2014 онд 20 литр бензин буюу 20,000 төгрөг, мөн Б.Сувдансүрэн 2016 оны сүүлчээр эмнэлэгт эмчлүүлсний зардал, эрүүл мэндийн даатгалын төлбөр нэхэгдээд байна та 40,000 төгрөг зээлээч гэхээр нь өгсөн. Иймд энэ бүгд надаас зээлсэн 2,646,000 төгрөгийг Б.Сувдансүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Сувдансүрэн шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тайлбартаа: Би нэхэмжлэгч С.Дуламрагчаагаас цувуулаад 1,800,000 төгрөг авсан нь үнэн. Би зээлсэн мөнгөөнөөсөө 2014.12.03-нд 100,000 төгрөг, 2015 оны 2, 3, 4 дүгээр саруудад 30,000 төгрөг, мөн 100,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сард Голомт банкны дансанд 800,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сард 150,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 200,000 төгрөг, нийт 1,430,000 төгрөг өгсөн. Тийм учраас 370,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Дуламрагчаа хариуцагч Б.Сувдансүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,550,000 төгрөг, 20 литр бензиний 36,000 төгрөг, 4 метрийн урттай палк ны 20,000 төгрөг, Н.Энхсувдын эмчилгээнд заруцуулсан 40,000 төгрөг нийт 2,646,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед зээлийн гэрээний үүргийн биелэлтээс 750,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4 метрийн палкны 20,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, бусад шаардлагыг дэмжиж байна.
Хариуцагч Би Дуламрагчаагаас 1,800,000 төгрөг зээлээд 1,430,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 370,000 төгрөгийг төлнө. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов
1. Зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Б.Сувдансүрэн нь нэхэмжлэгч С.Дуламрагчаагаас 1,800,000 төгрөгийг зээлсэн, зээлүүлсэн талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн Голомт банкны 4605015514 дансанд 2014.12.3-ны өдөр 100,000 төгрөг, 2015.07.27-ны өдөр 800,000 төгрөг, 2015.10.30-ны өдөр 200,000 төгрөг, 2015.09.01-ний өдөр 150,000 төгрөгийг шилжүүлж, бэлнээр 180,000 төгрөгийг нийт 1,430,000 төгрөгийг төлжээ. /хх-ийн 13-14 дүгээр талууд/
Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд төлсөн 1,430,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил,төрөл тоо,чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 370,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Хариуцагчаас 20 литр бензиний 36,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс 2011 онд хариуцагчийн хүргэн болох н.Улсболд 20 литр бензин зээлж авсан, хариуцагч аваагүй гэдийг нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу тухайн гэрээний үүргийн биелэлтийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Н.Энхсувдын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эмчилгээний зардалд 40,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Багануур Эрүүл Мэндийн Төвийн тасалбарт 28,350 төгрөг, 2016 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын эрүүл мэндийн даатгалд шимтгэлд 11,520 төгрөгийг Н.Энхсувд нэрээр төлсөн болох хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нь нотлогдож байна./хх-ийн 15 дугаар тал/
Хариуцагчийн охин Н.Энхсувд 2016 онд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үеэр нэхэмжлэгчээс ор хоногийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрт 40,000 төгрөгийг Б.Сувдансүрэн зээлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт нотлоогүй тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Сувдансүрэнгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 370,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дуламрагчаад олгож,нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ