Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         04              04                                           2019/ШЦТ/110                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгит холбогдох эрүүгийн 1934002080137 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1984 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг 123-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЮ84120471 дугаарын регистртэй, Б овгийн Б.Б

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Доржмягмартай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...

 

Эрүүгийн 1934002080137 дугаартай хэрэгт хохирогч А.Доржмягмарын /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч А.Доржмягмар /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, гэрч Б.Гансүхийн /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ын /хх-ийн 12-13 дугаар хуудас/, яллагдагч Б.Б-ын /хх-ийн 26-27 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 171 дугаартай дүгнэлт, “MED TRAUMA HOSPITAL” эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 15, 16-17 дугаар хуудас/,  хохирогч А.Доржмягмарын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 5 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эмчилгээ хийлгэсэн хохирлын баримт /хх-ийн 42-43 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28-40 дугаар хуудас/, хохирогч А.Доржмягмарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

    

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Доржмягмартай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.Доржмягмарын ...Б.Быг чи явахгүй гэж хэлээд нүүр хацар руу нь алгадсан чинь Б.Б намайг эргүүлээд гараараа нүүр рүү зүүн нүд орчимд нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр заамдалцаж боолцсон. Би Б.Б-т гинж тасалчихна тавь гэж хэлээд Б.Быг заамдсан байсан... ...Б.Б намайг өөр рүүгээ татаж нүүр рүү мөргөсөн. Тэгээд миний нүүр рүү хоёр удаа гараараа цохичихоод машинтайгаа яваад өгсөн... /хх-ийн 7 дугаар хуудас/,

гэрч А.Доржмягмар ...Би Очког чи явахгүй гэж хэлээд нүүр хацар руу нь алгадсан чинь Очко намайг эргүүлээд гараараа нүүр рүү зүүн нүд орчимд нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр заамдалцаж боолцсон. Би Очкод гинж тасалчихна тавь гэж хэлээд Очког заамдсан байсан... ...Очко намайг өөр рүүгээ  татаж нүүр рүү мөргөсөн. Тэгээд миний нүүр рүү хоёр удаа гараараа цохичхоод машинтайгаа яваад өгсөн... /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,

гэрч Б.Гансүхийн ...Доржоо нөгөө залууг нэг удаа нүүр рүү нь алгадсан. Нөгөө залуу нь Доржоог татаж өөр рүүгээ болгоод нүүр рүү нь нэг удаа мөргөөд мөн хоёроос гурван удаа нүүр рүү нь гараараа цохисон. Би дундуур нь орж салгасан чинь нөгөө Очко нь машиндаа суугаад яваад өгсөн... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Б.Б-ын ...миний чихний хэнгэрэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Доржмягмарын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд Гансүх гэж ах ирээд боль гээд салгах гэсэн Доржмягмар намайг ална гээд заамдаж чирсэн. Тэгэхээр нь би хамар руу цохисон. Тэгээд би машинаа асаагаад яваад өгсөн юм... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

яллагдагч Б.Б-ын ...Би Доржмягмарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 26-27 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,  

 Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 171 дугаартай ...А.Доржмягмарийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт, “MED TRAUMA HOSPITAL” эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 15, 16-17 дугаар хуудас/,  хохирогч А.Доржмягмарын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 5 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эмчилгээ хийлгэсэн хохирлын баримт /хх-ийн 42-43 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28-40 дугаар хуудас/, хохирогч А.Доржмягмарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

     

            Прокуророос шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн 1934002080137 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:  

Шүүгдэгч Б.Б-ын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А.Доржмягмартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, цохиж зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн үйлдэл хөнгөн хохирол, хор уршиг бий болсон үр дагаврын хооронд шалтгаант холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.   

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Доржмягмарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. 

 

Хавтас хэргийн 43 дугаар хуудсанд хохирогч А.Доржмягмар нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаар 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөг, баримтгүйгээр дээрх 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгөөс гадна 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг, нийт 610.000 /зургаан зуун арван мянга/ нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын шинээр гаргаж өгсөн Аюушийн Доржмягмарын 5032305089 дугаарын дансанд Б.Б-оос 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөг төлсөн талаарх “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Харин баримтгүй нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал болох 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч  Б.Б-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.4.2, 36.6., 36.7., 36.8.,

                   36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

        

4. Шүүгдэгч Б овгийн Б.Б-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

   

5. Шүүгдэгч Б овгийн Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч А.Доржмягмар нь гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.     

 

6. Хохирогч А.Доржмягмар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.      

 

8. Хохирогч А.Доржмягмар нь эрүүл мэндэд учирсан, гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН