Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01951

 

2025.11.12 210/МА2025/01951

БНХАУ-ын иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Ууганбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/07015 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн *******, *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 28,967,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, орчуулагч , нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 БНХАУ-ын иргэн *******, ******* нар нь Монгол улсад түр оршин суудаг бөгөөд автомашин зээлээр худалдан авахад гадаадын иргэнд олгох боломжгүй гэсэн тул *******гийн нэр дээр зээл авч, урьдчилгаа болон зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Урьдчилгаа 10,530,000 төгрөгийг *******-аас автомашин худалдсан од өгсөн. Үлдэгдэл 17,000,000 төгрөгийг ******* улсын дугаартай ******* маркийн автомашины гэрчилгээг барьцаанд тавьж, *******-аас *******гийн нэр дээр зээл гаргуулан автомашиныг эзэмшиж эхэлсэн.

Улмаар, *******д 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 19,677,000 төгрөгийг ******* нь бэлэн бусаар шилжүүлсэн.

1.2 ******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 6,097,000 төгрөгийг *******-д зээлийн төлбөрт төлсөн. Гэтэл 2024 оны 12 дугаар сард ******* нь зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг *******-д төлж, зээлийг дуусган, автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан автомашиныг авч явсан.

Иймд *******-аас автомашины урьдчилгаанд шилжүүлсэн 10,530,000 төгрөг, зээлийн төлбөр болон *******д шилжүүлсэн 19,677,000 төгрөг, нийт 30,207,000 төгрөгөөс язгуур эмээл, хүрэн цутгамал агсарга авхуулсан, автомашины засвар, үйлчилгээ, бензинд зарцуулагдсан төлбөрт 7,337,000 төгрөгийг хасч, үлдэх 22,870,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан *******-д, автомашины зээлийн төлбөрт төлсөн 6,097,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан *******-д тус тус олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь газрын харваа, морьт харваа, морьтой аялал зохион байгуулдаг. 2023 онд БНХАУ-ын иргэн *******-тай танилцаж, тэрээр аялал зохион байгуулъя гэх санал тавьсны дагуу би зөвшөөрсөн. Улмаар, 1 өдрийн цалин 1 хүнд сургалт орох нь 125,000 төгрөг байхаар тохиролцож, эхний аяллын 7 хоногийн 5 хүний цалин 4,375,000 төгрөг болсон.

Хоёр дахь аяллаа 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 7 хоногийн газрын харваа, морьт харваа, морьтой аялал 4 хүнтэй зохион байгуулсан. Мөн 1 хүнтэй ажиллах цалин 125,000 төгрөгөөр тооцож 3,500,000 төгрөгийн цалин болсон. 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 5 хоногийн мөн аялал зохион цалин 1,500,000 төгрөг болсон. Ингээд *******-тай 3 удаагийн аялал зохион байгуулсан ажлын хөлс 9,375,000 төгрөг болсон.

2.2 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын иргэн ******* нь Монгол улсад ирж өөрийн болон өөрийнх нь хамаарал бүхий хүмүүсийн Монголд оршин суух визний хугацаа дуусаж, хугацаа сунгахад Монгол талаас итгэмжлэгдсэн хүн хэрэгтэй гэж *******-д ажиллах санал тавьсан, 1 сарын 1,500,000 төгрөг өгөхөөр тохиролцож хамтран ажилласан.

Би ******* болон түүний хамаарал бүхий хүмүүсийн визний асуудлуудыг нь сунгаж *******-ийн бичиг баримтыг цэгцэлж, асуудлуудыг нь шийдэж, өөрийг нь болон гэр бүлийг нь Монголд оршин суух визтэй болгож, ******* *******, хаягт бүртгэл хийлгэх гэх зэрэг Монгол улсад шаардлагатай бүхий л асуудлыг шийдвэрлэж өгсөн. Хамтарч ажилласан хугацааны цалин хөлс 4 сарын цалин 6,000,000 төгрөг болсон. Тэдний хууль бус шаардлагыг биелүүлэхгүй гэж цаашид хамтран ажиллахаа больсон.

2.3 Аялал зохион байгуулахад бидэнд автомашин хэрэгтэй, гадаадын иргэнд зээл өгөхгүй гэж хэлэхэд нь би өөрийн нэр дээр урьдчилгааг нь гаргаж *******-аас зээл авсан. 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг -аас зээлээр авсан. Банк бус санхүүгийн байгууллагаас 16,500,000 төгрөгийн зээл авч би өөрөө төлж дуусгасан. Урьдчилгаа 10,530,000 төгрөгийг ажлын хөлс 9,375,000+1,500,000=10,875,000 төгрөгөө би нэхэмжлэгчээс авч, өөрөө урьдчилгааг нь төлсөн. Автомашиныг худалдан авсан боловч ажилд хэрэглэх шаардлагаар нэхэмжлэгч автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр очиж автомашиныг авсан.

Энэ хугацааны банк бус санхүүгийн байгууллагын зээлийг сар бүрийн 1,007,000 төгрөгийг төлж байхаар тохиролцсон боловч 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн төлөлтийг бүтэн 1 сар төлөөгүй, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн төлөлтийг 10 хоног хугацаа хэтрүүлж банк бус санхүүгийн байгууллагаас удаа дараа мэдэгдэл ирж, намайг хар дансанд оруулах эрсдэлд хүргэж 2024 оны 12 дугаар сард төлж асуудал удаа дараа үүсгээд байсан учраас би автомашинаа зарахаа больж 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагын үлдэгдэл 12,053,910 төгрөгийг төлж зээлээ бүрэн хааж автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг өөрөө авсан.

2.4 ******* нь автомашиныг эзэмшиж байх үедээ 17 удаа торгуулж 434,300 төгрөгийн торгууль, зам ашигласны төлбөр 43 удаагийн 70,300 төгрөг, татварын 101,946 төгрөг, нийт 606,546 төгрөгийн хохирол учруулсан байсан. Энэ мөнгийг би түүний өмнөөс төлсөн. Мөн над руу шилжүүлсэн гэх бусад мөнгө нь бүгд өөрсдийнх нь компанийнх нь бичиг баримт, оршин суух, жуулчид авчрах гэх мэт өөрсдийнх нь үйл ажиллагааны зардалд явсан.

2.5 Нэхэмжлэлд дурдсан үнийн дүнд нэхэмжлэгч нь надаар дамжуулж язгуур монгол эмээл авсан 3,000,000 төгрөг, карго авхуулсан 2,000,000 төгрөг, 5 ширхэг хүрэн цутгамал агсарга авхуулсан 2,043,000 төгрөг, оюуны өмчийн газар компани бүртгүүлэх улсын хураамж 130,000 төгрөг, мөн миний дансанд огт ороогүй мөнгө зэргийг бичсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 22,870,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д, 6,097,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* нарт тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 339,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 272,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д, 112,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* нарт тус тус олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд автомашиныг эзэмшиж, ашигласан үйл баримт дээр маргаагүй. Уг хугацаандаа автомашины зээлийг төлчхөөд дараа нь эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа төлсөн зээлээ хариуцагчаас шаардаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Хариуцагч нь заавал сөрөг шаардлага гаргах шаардлагагүй, тайлбар татгалзлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шийдэгдэх боломжтой.

4.2 Нэхэмжлэлийн үндэслэлд гадаад улсын иргэдэд зээл олгох боломжгүй зээлийн төлбөрийг бид хоёр хийх болно гэхэд зөвшөөрч гэж бичсэн зэргээс үзвэл эзэмшиж, ашиглаж байх хугацааны зээлийн төлбөрийг нэхэмжлэгч нар төлөхөө илэрхийлсэн байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй, маргаагүй үйл баримтыг тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

4.3 Нэхэмжлэгч нар нь хариуцагчаар ажил үүрэг гүйцэтгүүлж, түүгээр эд зүйл, бараа материал авхуулахаар шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгч нараас мөнгө, төгрөг зээлсэн, тэднээс мөнгө төгрөг авсан үйлдэл нэг ч байхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог.

Нэхэмжлэгч нь язгуур эмээл, асгар бүс зэрэг авхуулж байсан үйл баримт нь баримтаар тогтоогдохоор нэхэмжлэлийн шаардлага 7,337,000 төгрөгөөс татгалздаг, харин бусад эд зүйл, ажил үйлчилгээ, карго зэрэг бусад зардалд шилжүүлж байсан мөнгөн дүнгээс татгалзахгүй, шүүх түүнийг хангаж шийдвэрлэсэн буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ийн тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч ******* бид 2 Өвөр Монголд аялал зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Автомашин хэрэгтэй байсан ч бидний мөнгө хүрэхгүй байсан тул *******гийн нэр дээр автомашин худалдан авсан. Нэг жилийн хугацаатай бид нар барьсан, төлбөр өгсөн зүйл байхгүй. Энэ автомашиныг бид эзэмших гэж авсан гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Талууд аливаа хэлбэрээр түрээсийн гэрээ байгуулаагүй. Зорилго нь автомашинтай болох байсан учраас хариуцагч талд ямар нэгэн түрээсийн төлбөр төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч нар нь *******тай байгуулсан аман хэлцлийн үндсэн дээр автомашиныг *******гийн нэр дээр зээлээр худалдан авч, урьдчилгаа төлбөр болон зээлийн төлбөрүүдийг цаг тухайд нь төлж байсан. 12 сард нэг удаа зээлийн хугацааг хожимдуулж төлснөөс үүдэн ******* нь тухайн автомашиныг бүхлээр нь өөрөө эзэмшихээр санаархаж тухайн автомашиныг гэрийнх нь үүднээс илүү түлхүүрээр онгойлгоод авч явсан.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь хариуцагч *******д холбогдуулан 22,870,000 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь хариуцагч *******д холбогдуулан 6,097,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Хариуцагч ******* нь *******-тай 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 16,500,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг *******-ийн өмчлөлд шилжүүлсэн. /хх 128-132/

3.1 Нэхэмжлэгч нар нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан, мөн дээрх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг ******* төлж дуусган, автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх 126/

4. Хэрэгт авагдсан Голомт банк болон Хаан банкны дансны хуулгаар /хх 11-33, 52-61/ нэхэмжлэгч *******-аас нийт 10,530,000 төгрөгийг автомашины урьдчилгаанд т, 17,990,000 төгрөгийг хариуцагчид, нэхэмжлэгч *******-ээс нийт 6,097,000 төгрөгийг *******-д тус тус шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх 11-33/ Уг үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нар нь хариуцагчийн худалдан авсан автомашины урьдчилгаа төлбөр болон зээлийн төлбөрийг хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн гэж үзэхээр байна.

5. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.

5.1 Нэхэмжлэгч нар нь тухайн автомашиныг худалдан авах урьдчилгаа төлбөр болон зээлийн төлбөрийг хариуцагчийн өмнөөс төлсөн байх тул хариуцагчийг тэр хэмжээгээр буюу нийт 28,967,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******гаас 22,870,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д, 6,097,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* нарт тус тус олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт нийцсэн байна. Түүнчлэн, хариуцагч нь мөнгөн төлбөрийг төлөхгүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

6. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...эзэмшиж, ашиглаж байх хугацааны зээлийн төлбөрийг нэхэмжлэгч нар төлөхөө илэрхийлсэн, ...хариуцагч нь заавал сөрөг шаардлага гаргах шаардлагагүй, тайлбар татгалзлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шийдэгдэх боломжтой гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.1 Мөн хариуцагчийн ...нэхэмжлэгч нар нь хариуцагчаар ажил үүрэг гүйцэтгүүлж, түүгээр эд зүйл, бараа материал авхуулахаар мөнгө шилжүүлсэн гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/07015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

М.БАЯСГАЛАН