Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         04              04                                            2019/ШЦТ/111                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.А, Б.У, тэдний өмгөөлөгч Н.Баяр,

хохирогч Ш.Мэдрээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л овгийн Б.А, Х овгийн Б.У нарт холбогдох эрүүгийн 1934000000138 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1996 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, гурван дүүгийн хамт  Төв аймаг, Өндөрширээт сум, Баянтуул 1 дүгээр баг “Алагийн Ар” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 960804 дугаарын регистртэй, Л овгийн Б.А

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг, Бүрэн сум, Эрдэнэхангай 4 дүгээр багт оршин суух албан ёсны хаягтай боловч, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошуу Булагт тоосго 1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 941005 дугаарын регистртэй, Х овгийн Б.У

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.А, Б.У нар нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын “Туул овоотын гүүр” гэх газар иргэн Ш.Мэдрээг “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар бүлэглэн зодож, улмаар эрүүл мэндэд нь “урууланд язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, урууланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А:

...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай тэнд архи зардаг айл байдаг. Тэр айлд очоод нэгийг авч уусан. Тэгээд нэгийг ахиад аваад уугаад хүүрийн урд энэ хүн явж байхаар нь очиж уулзаж мэндэлсэн. Ямаа нэхээгүй. Энэ ахыг ганц шил юм аваад өгөөч гэж гуйсан. Энэ хүнийг цохисон байгаа. Хоёр гурван удаа нуруу руу нь өшиглөж, нүүр рүү мөргөсөн...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У:

...мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Мэдрээ:

...2019 оны 03 сарын 20-ны өдөр хонь хариулаад явж байсан. Хоёр мотоциклтой хүн далаалд байсан. Мэнд ус мэдээд ярьж суусан архи аваад өг гэсэн. Ахад нь тэр айл архи өгдөггүй гэсэн. Тамхи татаад сууж байгаад гэнэт өшиглөсөн. Чи хэзээ байхдаа миний ах байсан юм гээд байсан. Б.У нь морьны цулбуурыг багалзуураас оосорлоод миний нүүр рүү өшиглөсөн. Говийн муу сайн хулгайчууд хүн байхгүй гээд байсан. Намайг голын хажуу талын хайлсан хэсэг рүү цусаа угаа гээд шидсэн. Би морио бариад цусаа угаагаад байж байхад дахиад өшиглөсөн. Одоо болсон шүү дээ. Нүүр ам чихтэйхэн боллоо гэсэн чинь аан энэ болоогүй байна гээд байсан. Тэгээд гэртээ очоод дүү охин дээрээ очоод хэлсэн байгаа. Хоёр гурван хүн зодлоо гэж хэлсэн. Өндөрширээт сумын эмнэлэгт очиход цусыг минь янзалж өгөөд даралтаа үзүүлсэн. Намайг Төв аймаг дээр шүүх эмнэлэг цагдаад очиж үзүүл гэсэн. Ирээд маргааш нь үзүүлсэн байгаа. Нүдний цөцгий шахуулсан байгаа. Нэг талстад нь цус хурсан байна. Хавдраа буулгаад хүрээд ирсэн гэсэн. Хэд хоног эмнэлэгт хэвтээд ирсэн. Нийт нүдээ тархины гэмтэлтэй нүүр амны хавдартай байсан байгаа. Энэ хоёрт хүртэл хэлсэн. Хоёр сая төгрөгөөр цохиулсан гэж ахад бас хэлсэн. Хоёр сая төгрөг өгөх юм бол гомдол санал байхгүй гэв...,

 

Эрүүгийн 1934000000138 дугаартай хэрэгт хохирогч Ш.Мэдрээгийн /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Ш.Мэдрээгийн /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Б.Аын /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Б.Уын /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Д.Хадбаатарын /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Ц.Дуламжавын /хх-ийн 29 дүгээр хуудас/, яллагдагч Б.У-ын /хх-ийн 42-43 дугаар хуудас/, яллагдагч Б.Аын /хх-ийн 44-45 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,  

Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 11-12 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13 дугаар хуудас/, хохирогч Ш.Мэдрээгийн хохирлын тооцооны хүснэгт /хх-ийн 16-21 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-50 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Шүүгдэгч Б.А, Б.У нар нь согтуурсан үедээ, бүлэглэж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын “Туул овоотын гүүр” гэх газар иргэн Ш.Мэдрээг “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, улмаар эрүүл мэндэд нь “урууланд язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, урууланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ш.Мэдрээгийн ...гуйлгачин юу хийж яваа юм гээд миний нүүр рүү дэвссэн, ер нь толгой, нүүр рүү ихэвчлэн цохисон. Хөлөөрөө болон гараараа цохисон. Тэр хоёр зүс таних залуу нэгийгээ Ууганаа гэж дуудаад байсан. Намайг хоёулаа нийлж зодсон. Тэгээд намайг гол руу шидсэн. Алсан ч яадаг юм гээд намайг зодоод байсан... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Ш.Мэдрээгийн ...өндөр залуу нь миний нүүр рүү өшиглөсөн би нүүр ээ дараад доошоо хараад хэвтэхэд хоёулаа ээлжлээд намайг өшиглөөд байсан өндөр залуу нь энэ мууг алчхаад гол руу шидчихье гэж хэлсэн. ... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

гэрч Д.Хадбаатарын ...2019 оны 03 дугаар сарын 20-нд би хот явсан юм. Тухайн өдөр зодуулсан гэсэн намайг байхгүй хойгуур манай гэрт цагдаа ирээд явсан гэсэн манай гэр бүлийн хүн Цэндээ надад хэлсэн хэлэхдээ Мэдрээ гэх хүнийг таньж мэдэх үү хүнд зодуулсан байна гэж асууж байсан... ...Би Б.А, Б.У гэх хоёр хүнийг таньж мэднэ. Б.А нь манай сумын Бат-Очирын том хүүхэд Б.У нь Бүрэн суманд байдаг. Лхасүрэнгийн дүүгийн хүүхэд юм... /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Ц.Дуламжавын ...Мэдрээ ах надад хэлэхдээ архи нэхээд Хадаа гэх айлаас архи авч өг гэж хэлэхээр нь би архи уудаггүй юм. Хадаа гэх айл нь надад архи зарахгүй би таньж мэдэхгүй гэж хэлэхэд надаас ямаа нэхээд байхаар нь би энэ миний мал биш манай дүүгийн мал гэж хэлэхэд отрын муу хулгайч нар манай нутгаас зайлаарай гэж хэлээд өндөр намхан хоёр залуу намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би цусыг нь угаалгаад шөнө сумын эмнэлэг орж үзүүлээд эмчилгээ хийлгээд хот руу авч явж эмнэлэгт үзүүлээд одоо гэмтлийн өөдөөс харсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

яллагдагч Б.У-ын ...морьтой ирсэн ах архи авч өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд Б.А морьтой ирсэн ахийг цохих шиг болсон. Би босоод нөгөө ахийн морийг бариад салгаад байж байхад морьтой ирсэн ах намайг цохисон, миний зүүн шанаанд би эргүүлээд нүүр рүү нь цохисон. Тэгээд над руу дайрахаар нь би хавирч унагаагаад нуруу руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд Б.А миний гараас татаж авсан. Тэгээд Тэгээд бид гурав газар суугаад тамхи татаад  салсан... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

яллагдагч Б.А-ын ...би юун сүртэй юм гэж хэлээд газраас босож ирээд морьтой ирсэн ахийг газар сууж байхад нь өшиглөсөн. Тэгтэл морьтой ирсэн ах босож ирээд чи яагаад намайг өшиглөж байгаа юм гээд уурлаад байхаар нь өмнөөс нь алхаад тулж очоод дахиад нүүр рүү нь мөргөсөн. Тэгтэл ахын хамраас цус гарсан. Тэгээд би мөн цуг явж байсан Б.У нь ахийн морийг бариад зогсож байсан. Б.У ирээд бид хоёрыг салгаад хоёр тийш нь түлхсэн тэгтэл нэг мэдэхэд Б.У нь нөгөө ахын зүүн шанаа руу цохиж байгаа харагдсан. Би ахын морийг бархи гээд явсан. Тэгээд хэсэг газар ус тогтсон байсан бага зэрэг шавхайтай байсан уг газар морьтой ах очоод нүүрээ угааж байгаад халтираад унасан босож ирээд морио унаад яваад өгсөн... /хх-ийн 44-45 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай ...Ш.Мэдрээгийн биед урууланд язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, урууланд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 11-12 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13 дугаар хуудас/, хохирогч Ш.Мэдрээгийн хохирлын тооцооны хүснэгт /хх-ийн 16-21 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-50 дугаар хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

   

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

    

            Прокуророос шүүгдэгч Б.А, Б.У нарт холбогдох эрүүгийн 1934000000138 дугаартай хэргийн шүүгдэгч Б.А, Б.У нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.  

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:  

Шүүгдэгч Б.А, Б.У нарын согтуурсан үедээ, бүлэглэж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ш.Мэдрээг “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, улмаар эрүүл мэндэд нь “урууланд язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, урууланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь үйлдлээрээ нэгдэж, хүнийг зодож, цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, цохиж зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн үйлдэл хөнгөн хохирол, хор уршиг бий болсон үр дагаврын хооронд шалтгаант холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.   

 

Иймд шүүгдэгч Б.А, Б.У нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.А, Б.У нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Мэдрээгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. 

 

Хавтас хэргийн 16-21 дүгээр хуудсанд хохирогч Ш.Мэдрээ нь шүүгдэгч Б.А, Б.У нараас мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаар 973.261 /есөн зуун далан гурван мянга хоёр зуун жаран нэг/ төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 115.200 төгрөгийг тус тус баримтаар нэхэмжилсэн байна.

 

Шүүгдэгч Б.А, Б.У нар нь хохирогч Ш.Мэдрээд гэмт хэрэг үйлдэж эрүүл мэндэд учирсан хохирол гэж 973.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Цэвээнрэгзэнгийн Дуламжав гэх хүний 5464092329 дугаарын дансанд гэмтлийн төлбөр 973.000 /есөн зуун далан гурван мянга/ төлсөн талаарх “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 115.200 /нэг зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн цаашид гарах эмчилгээний зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй болно.

Иймд энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч  Б.А, Б.У нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял тус бүрт оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А, Б.У нарт тус бүр торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс тэдэнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

Шүүгдэгч Б.А, Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.4.2., 36.6., 36.7., 36.8.,

                   36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овгийн Б.А, Х овгийн Б.У нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л овгийн Б.А, Х овгийн Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л овгийн Б.А, Х овгийн Б.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.  

          

4. Шүүгдэгч Л овгийн Б.А, Х овгийн Б.У нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

  

5. Шүүгдэгч Л овгийн Б.А, Х овгийн Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.    

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л овгийн Б.А, Х овгийн Б.У нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 57.600 /тавин долоон мянга зургаан зуу/ төгрөг, нийт 115.200 /нэг зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЗП68100811 дугаарын регистртэй, Хадна ус овгийн Шаравдоржийн Мэдрээд олгосугай.

 

7. Хохирогч Ш.Мэдрээ нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л овгийн Б.А, Х овгийн Б.У нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.     

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л овгийн Б.А, Х овгийн Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН