Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Амарын гудамж 2-12 тоотод оршин суух Боржигон овогт Доржийн Хатантуул /РД: УК83040416, утас 91452223/-д холбогдох,

 “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,647,439 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч Д.Хатантуул, нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд тус байгууллагад асрагч ажилтай Д.Хатантуултай 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр №36 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар сарын 1,60 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлдэгч Д.Хатантуул нь зээл авснаасаа хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй оршин суугаа хаягаа сольсон, жирэмсний амралтаа аван зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй удаан хугацаагаар сураггүй болж өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Хариуцагч Д.Хатантуулаас үндсэн зээлийн үлдэгдэл 6,414,643 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 232,796 төгрөг нийт 6,647,439 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: “... 2014.11.02-ноос эхлэн зээлийн төлөлтийг хийхгүй байж байгаад 2016 оны 01 сараас эхлэн төлсөн, 3 сараас Нэгдсэн эмнэлэгийн цалин манайхаар буухаа  больсон. 2016.03.22-нд 370,000 төгрөг, 04 сарын 23-нд 350,000 төгрөг, 05 сарын 24-нд  360,000 төгрөг, 06 сарын 23-нд 350,000 төгрөг, 07 сарын 27-нд 300,000 төгрөг, 08 сарын 24-нд 100,000 төгрөг, 09 сарын 04-нд 50,000 төгрөг, 09 сарын 23-нд 300,000 төгрөг төлсөн. Удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, төлөх талаар шаардсан боловч төлөөгүй, гэрээний хугацааг сунгах боломжгүй тул үндсэн зээл 6,414,643 төгрөг, хүү 165,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,303 төгрөг нийт 6,647,439 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Хатантуул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд: “Миний бие Д.Хатантуул нь Капитал банкнаас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цалингийн зээл авч зээлээ төлж байгаад 2014 оны 11 дүгээр сард жирэмсний амралтаа аваад 2015 оны 01 сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл зээлээ төлж чадаагүй 2015 оны 10 сард ажилдаа орж зээлээ төлж эхэлсэн. Жирэмсний амралттай байх хугацаанд төлөөгүй үлдэгдэл 6,647,439 төгрөгийг цалингаараа төлж барагдуулна. Би нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна.  Би банкнаас зээл авах гээд Капитал банкнаас зээлийн үлдэгдэл асуухад надад 6,547,000 төгрөг байна гэж хэлсэн” гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар хариуцагч Д.Хатантуулд холбогдуулан зээлийн төлбөр 6,414,643 төгрөг, зээлийн хүү 165,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,303 төгрөг нийт 6,647,439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Хатантуул үндсэн зээлийн төлбөр, хүүг төлнө, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан.

Хариуцагч Д.Хатантуул нь Капитал банкны Замын-үүд салбартай 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №36 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,60 хувийн хүүтэй зээлж авсан байна.

 Зээлдэгч Д.Хатантуул нь зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд энэ талаар зээлдүүлэгч удаа дараа утсаар болон биеэр уулзаж зээлийн төлбөрийг шаардаж байсан талаар зохигчид маргаангүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний 5.3.1, 5.3.2 дахь заалтыг зөрчиж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа боловч зээлийн гэрээний 2.9, 2.10-т зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээний үүрэг хангагдах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор гэрээг бичгээр байгуулсан тул гэрээний дагуу банк шаардах эрхтэй гэж үзнэ.

 Иймд хариуцагч Д.Хатантуулаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,647,439 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарт олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Хатантуулаас үндсэн зээлийн үлдэгдэл 6,414,643 төгрөг, хүү 165,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,303 төгрөг нийт 6,647,439 төгрөгийг гаргуулан Капитал банкны Замын-Үүд салбарт олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Хатантуулаас 121,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4 . Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ