| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0110/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн М.Ц-т холбогдох эрүүгийн 1934001310126 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, эгч дүү нарын хамт, Төв аймаг, Дэлгэрхаан сум, тарган 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд өмнө ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 970420 дугаарын регистртэй, Х овгийн М.Ц
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Ц нь тээврийн хэрэгсэл болох мотоцикл жолоодох эрхгүй байхдаа 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд жолоочид дараах зүйлийг хориглоно, тухайн ангиалалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулахгүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж М.Оюунбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлгийг өгсөн болно.
Эрүүгийн 1934001310126 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч М.Оюун-Эрдэнийн /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Шинэбаярын /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч Ц.Ариунтуяагийн /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Л.Барамсайгийн /хх-ийн 22 дугаар хуудас/, яллагдагч М.Цын /хх-ийн 35-38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, замын цагдаагийн газар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-15 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-13 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/, шүүгдэгч М.Цын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 39-51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч М.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, мөн 12.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж М.Оюунбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах насанд хүрээгүй хохирогч М.Оюун-Эрдэнийн ...2019 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 03 цагийн орчим манай ах М.Ц өөрийнхөө улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой ирээд намайг ардаа сундлаад гэр рүү буюу сумын төвөөс зүүн тийш гараад явж байсан. Тэгээд л юу болсноо санахгүй байна... ...миний толгойн баруун талын чамархайд цус хуралт гэмтэлтэй байгаа. Үүний улмаас хагалгаан орсон байгаа... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Шинэбаярын ...М.Цыг хадмындаа байхад нь дуудаад ирэхээр нь сумын төв ороод дүү М.Оюун-Эрдэнээ аваад ир гэж хэлээд явуулсан юм. Тэгээд 03 цаг өнгөрч байхад мотоциклоосоо уначихсан гээд ирж байсан. Тэгээд буцаад эмнэлэг дуудсан байгаа... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
гэрч Ц.Ариунтуяагийн ...... Шинэбаяр гэдэг хүн 8319399 дугаарын утсаар залгаад манай хоёр хүүхэд мотоциклтой явж байгаад онхолдсон байна. Манай охины чихнээс цус гарсан байна. Одоо толгой нь өвдөөд уйлаад байна гэсэн дуудлага өгсөн. Тэгээд би жолоочоо дуудаад дуудлага өгсөн айл Монголхүүгийнд 05 цаг 10 минутын үед очоод охины биеийг үзээд сумын эмнэлэг авч ирсэн... /хх-ийн 20 дугаар хуудас/,
гэрч Л.Барамсайгийн ...2019 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад эмнэлгээс жижүүр эмч ягаан мотоциклтой хүн явж байгаад ойчсон дуудлага гарсан гээд намайг дуудсан. Тэгээд бид хоёр дуудлага өгсөн айл болох Монголхүүгийнд очсон, гэрт ороход тэдний охин Оюун-Эрдэнэ баруун талын орон дээрээ хэвтэж байсан, бөөлжөөд чихнээс жаахан цус гарсан байдалтай байж байсан. М.Ц бас дүүтэйгээ цуг цаад талаар нь хэвтэж байсан. М.Цыг харахад зүүн талын шанаа халцраад хавдчихсан байсан. Өөр гэмтэж бэртсэн зүйл харагдаагүй... /хх-ийн 22 дугаар хуудас/,
яллагдагч М.Цтой ...Барамсай гэдэг айлаас дүү М.Оюун-Эрдэнийг очиж аваад шууд буцаад гэр рүүгээ явах замаар явж байгаад 1 орчим километр яваад байж байтал замын ховилд урд дугуй ороод онхолдсон юм. Тэгээд би мотоциклоо босгоод эргэж хараад дүүгээсээ бие нь яаж байна гэсэн чинь дүү дуугарахгүй байсан. Тэгээд би өргөөд босгосон чинь өөрөө босоод ирсэн бөгөөд нэрийг нь дуудсан чинь айн гээд байсан. Тэгээд дүүгээ сундлаад гэр рүүгээ явсан. Гэртээ 5 цагийн орчим ороод ээж сумын эмнэлэг рүү түргэн дуудаад сумын эмнэлэг ирээд дүүг аваад явсан байгаа... /хх-ийн 35-38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаартай ...М.Оюун-Эрдэнийн биед суурь ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус харвалт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай ...Улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл жолоодож явсан М.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ. б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх” мөн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиалалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн... дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, замын цагдаагийн газар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-15 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-13 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/, шүүгдэгч М.Цын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 39-51 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл болох мотоцикл жолоодон 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд жолоочид дараах зүйлийг хориглоно, тухайн ангиалалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулахгүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж М.Оюунбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учруулсан үйл баримтыг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Цын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Оюун-Эрдэний биед суурь ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус харвалт бүхий хүнд хохирол учирсан байна.
Насанд хүрээгүй хохирогч М.Оюунбат болон түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Шинэбаяр нар нь шүүгдэгч М.Цоос эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой хохирол, хор уршиг нэхэмжилсэн ямар нэгэн баримт гарган нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй талаар хавтас хэргийн 18-19, 58-59 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.Цт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч М.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба нэг /1/ жилийн хугацаагаар эрх хасаж, тэнссэн тул тэнссэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн М.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан Х овгийн М.Цт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн М.Цт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
Мөн үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн М.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхээс түүнийг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Х овгийн М.Ц нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн М.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн М.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН