| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2025/00198/И |
| Дугаар | 210/МА2025/01773 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01773
2025 10 15 210/МА2025/01773
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/05626 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь манай компанийн өмчлөлийн орон сууц болох Хан-Уул дүүргийн *******, *******, ******* тоот, 78.01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар амьдарч байгаа тул тус орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь уг орон сууцыг *******тай харилцан тохирсны дагуу эзэмшилдээ авсан. ******* нь өөр орон сууцыг *******д худалдахаар тохирсон байсан бөгөөд тухайн орон сууцыг өгч чадахгүй тул Хан-Уул дүүргийн *******, *******, ******* тоот, 78.01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өгсөн. ******* нь *******д 88,500,000 төгрөг, 60,700,000 төгрөгийг тус тус орон сууцны төлбөрт шилжүүлсэн тул орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *******, //, тоот хаягт бүртгэлтэй 78.01 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх “*******" ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, *******г орон сууцнаас албадан чөлөөлөх шийдвэр гаргахдаа хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах, холбогдох хүсэлт гаргах эрхийг ноцтой зөрчсөн, мөн нотлох баримтгүйгээр хэргийн үйл баримтад дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 20 минутад товлогдсон. Тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *******гаас олгосон итгэмжлэлийн дагуу очиж, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Гэвч тухайн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг тус өдөр хэргийн оролцогчид эрх, үүрэг танилцуулсан баримт, нөлөөллийн мэдүүлгийн баримт, хэрийн материал танилцуулсан баримт дээр гарын үсэг зуруулан хэргийг шийдвэрлэсэн.
Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 168.1.3-д "хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн" гэж заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэлд хамаарч байна.
4.2. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 болон 9 дэх дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар нотлох баримтгүйгээр дүгнэлт өгсөн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр ******* нь *******д үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн баримт, түүнтэй гэрээ байгуулсан эсэх, эдгээр үйл баримт нь нэхэмжлэгч "*******" ХХК-тай ямар холбоотой эсэх, үүнийг эрүүгийн журмаар шалгаж ямар үйл баримтыг тогтоосон эсэх талаар нотлох баримтыг гаргаж өгөх, нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах боломж бүрдэх байсан.
Гэвч анхан шатны шүүх дээрх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хариуцагч *******гийн татгалзал буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн, тэрхүү үйл баримт нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхтэй болоход ач холбогдолтой эсэх, ******* нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөнгө шилжүүлсэн гэх ******* нь нэхэмжлэгч компанитай ямар холбоотой байсан эсэх, энэ нь энэ хэргийн үйл баримтад хэрхэн нөлөөлөх эсэхийг тогтоогоогүй байхад ийнхүү дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.
Иймд Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 02-ны өдрийн 192/ШШШ2025/05626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн хувь гардаж авдаггүй, шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гаргасан бөгөөд уг захирамжийн дагуу хариуцагч ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр товлон зарласан. Тухайн өдөр хурал товлосныг хариуцагчид 2025 оны 06 дугаар сарын 09-ний мэдэгдсэн. 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч өөрийн биеэр оролцож өмгөөлөгч авах хүсэлт гаргаж байх тул 14 хоногийн хугацаагаар хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан.
5.2. Шүүхээс уг хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаан явагдах үед хариуцагч өөрөө ирээгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан. Өмнөх шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэн асуудал тул хэлэлцэхгүй гэж хэлсэн. Нотлох баримт цуглуулж хэрэгт хавсаргах боломжит хугацаа байсан. Шүүх хуралдаан 2 удаа хойшилсон. Шүүх хууль зөрчөөгүй, хууль буруу хэрэглэсэн зүйл байхгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр уг хэрэгт 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчаас итгэмжлэл авсан тул хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэсэн үндэслэлээр уг шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргажээ.
5. Шүүх 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцүүлж, эрхийн акт гаргаагүй байх тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.
6. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/05626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА