Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01774

 

   

 

 

 

 

 

 

 

 

     2025            10             15                                           210/МА2025/01774

                                                 

 

 

 

 

 

*******йн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05856 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******йн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* гүйцэтгэгчид холбогдох,

 

Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас 67,285,388 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Тус төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ******* гүйцэтгэгч нь 2024 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар "Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг гаргаж *******йн гадаад улсад гарах, зорчих эрхийг түдгэлзүүлсэн.

1.2. Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл нь эрэн сурвалжлагдаж байгаа, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй явдал байна. Гагцхүү эдгээр үндэслэлүүдийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд л төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заажээ.

1.3. Гэвч энэхүү тогтоолд эрэн сурвалжлагдаж байсан эсэх, эсхүл гадаад улс руу оргон зайлах эсэх, хөрөнгөө нуун дарагдуулсан эсэх зэрэг үндэслэлийн алийг заасан тодорхой биш байгаа нь эрх зүйн хувьд алдаатай шийдвэр байх ба энэ хүрээнд нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр тус арга хэмжээг авч байгаа нь Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчиж байна.

Иймд ******* гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр *******, нараас 67,779,766 төгрөгийг гаргуулж "*******" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн зарлан дуудсан хугацаанд ирдэггүй, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.

2.2. Мөн төлбөр төлөгч ******* шүүхийн шийдвэрт заасан хаягт оршин суудаггүй болохыг хорооны тодорхойлолтоор тогтоосон тул түүнийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах тухай тогтоолоор эрэн сурвалжилсан. Эрэн сурвалжлах ажиллагаагаар олж тогтоон шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

2.3. Төлбөр төлөгч *******йг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн / тоот, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн / тоот зарлан дуудах мэдэгдлүүдээр дуудсан боловч тогтоосон хугацаанд буюу 10 дугаар сарын 24-ний өдөр, 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд ирээгүй төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийдэг болох нь тогтоогдож байна.

Иймд төлбөр төлөгч *******йн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гийн тайлбарын агуулга:

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ******* болон нараас 67,285,388 төгрөгийг гаргуулж, “*******” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 25,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд улмаар гийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлөх ёстой өр төлбөрийн 50 хувийг төлсөн. Харин 50 хувийг нь ******* төлөх учиртай бөгөөд тэрээр одоог болтол надад учруулсан хохирлоо төлөөгүй, мөн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөөгүй тул гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

3.2. Хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгчийн дурдаад байгаа 3 үндэслэл бүрдсэн болохыг дурдсан байгаагаас үзэхэд *******йн гадаадад зорчих эрхийг хязгаарласан тогтоолыг хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байна.

Иймд ******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөр үүргээ одоог хүртэл биелүүлэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан, хариуцагч *******, ******* гүйцэтгэгчид холбогдох, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч *******йн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тухай үндэслэл, дүгнэлтийг шийдвэрийн 10 болон 10.а хэсэгт тусгагдсан 2 өгүүлбэрт багтаан бичигджээ. Шүүхийн шийдвэрийн бусад хэсгүүд нь маргааны үйл баримт, талуудын гаргасан тайлбар зэрэг байхаас үзвэл шүүхийг тус маргааны хууль хэрэглээний асуудлаар хангалттай дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1 дэх хэсэгт Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй дараах төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан ба үүнд эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэх үндэслэлүүд юм.

Гэтэл дээрх үндэслэлүүдийн аль ч үндэслэл бүрдээгүй байхад шүүхээс хариуцагчийн гаргасан тогтоол хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь тодорхой бус, үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

5.2. Мөн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол гарч, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхэлсэн, тус өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн хөрөнгийн лавлагааг цахим системээр шийдвэр гүйцэтгэгч авч, хэрэгт хавсаргажээ. Улмаар лавлагаа авснаас хойш 14 хоногийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл гарсан байх боловч төлбөр төлөгч *******д тус зарлан дуудах мэдэгдлийг хүргүүлээгүй байдаг.

Үүнээс хойш ердөө 3 хоногийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэнээс хойш ердөө 21 хоногийн дотор түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

5.3. Дээр дурдсан 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдэл нь хэдийгээр нэхэмжлэгчид гардуулаагүй ба тус мэдэгдэл дээр "төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны дотор биелүүлэхийг мэдэгдье" гэсэн байдаг. Үүнээс үзэхэд хугацаатай мэдэгдлийн хугацаа дуусах хүртэл төлбөр төлөгчийг төлбөр төлөхөөс зайлсхийсэн, төлбөрийг төлөөгүй гэж үзэх хууль зүйн болоод, логик үндэслэл байхгүй юм. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад тухайн өдрөө төлбөр төлөгчийн зорчих эрхийг түдгэлзүүлж байгаа нь үндэслэлгүй.

5.4. Түүнчлэн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолд "хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн тогтоох нь" гэж тус тогтоолын үндэслэлийг заасан байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3 дахь заалтуудын аль үндэслэлээр зорчих эрхийг түдгэлзүүлж байгаа нь тодорхойгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж, уг гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* гүйцэтгэгчид холбогдуулан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагч , ******* нараас 67,285,388 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 494,378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн. /1хх-22, 23-24/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны хүрээнд газар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******, нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлжээ. /1хх-43, 98/

 

4. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ “... тухайн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т тус тус заасан үндэслэлийн алийг баримталсан нь тодорхойгүй, эрх зүйн хувьд алдаатай байх тул нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах шийдвэр нь үндэслэлгүй гарсан...” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч хариу тайлбартаа “нэхэмжлэгч заасан хаягт оршин суудаггүй болохыг хорооны тодорхойлолтоор тогтоосон тул түүнийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор эрэн сурвалжлах ажиллагаагаар олж тогтоон, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй” гэжээ.

 

5. Анхан шатны хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, маргааны үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэнэ.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн дараах баримтаар тогтоогдож байна. Тодруулбал:

 

6.1. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлэх журамтай байх ба газраас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр төлбөр төлөгч ******* гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг хүргүүлсэн. /1хх-96/

 

******* гүйцэтгэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолоор *******йн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан аль нэг үндэслэлийг тогтоохгүйгээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал гаргасан байхад ерөнхий шийдвэр гүйцэтгэгч дээрх арга хэмжээг  авсан нь хуульд нийцээгүй байна. /1хх-98/

 

6.2. Хэргийн баримтаар ******* эрэн сурвалжлагдаж байгаа, эсвэл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нүүн дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэж үзэх нөхцөл байдлыг нотолж тогтоосон гэх байдал тогтоогдоогүй байна.

 

6.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 59.1.2, 59.1.3 дахь хэсэгт тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгч нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохыг заажээ.

 

Энэ хуульд зааснаас бусад төлбөр төлөгчийн хувьд энэ хэм хэмжээ хэрэглэгдэхгүй бөгөөд хуулийн 59.1, 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан арга хэмжээнд хамаарах төлбөр төлөгчийн хүрээг ийнхүү хязгаарлан, тодорхой тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, тавин сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гүйцэтгэх баримт бичигт заасан үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөгчид гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлэх арга хэмжээг шууд авч болохгүй бөгөөд харин эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, эсхүл төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй зөрчлийг гаргасан, уг нөхцөл байдал баримтаар тогтоогдсон тохиолдолд дээрх арга хэмжээг авахыг хуульд тогтоож өгсөн.

 

6.4. Төлбөр төлөгч хаана амьдарч байгаа нь тодорхой бус, оршин суугаа хаягаа зориуд мэдүүлээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсэн, хөрөнгөө нуусан, орлогоо мэдүүлээгүй зэрэг үйл баримтыг тогтоосон нөхцөлд шийдвэр гүйцэтгэгч тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно.

 

Гэтэл нэхэмжлэгчийн хаана амьдарч байгаа нь тодорхой бус, оршин суугаа хаягаа зориуд мэдүүлээгүй гэх нөхцөл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байхаас гадна тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн мэдээллийг өгсөн байна. /1хх-108/

6.5. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т заасан “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэл нь зөвхөн төлбөр төлөгчийн төлбөрөө төлөөгүй үйлдлээр бус харин шийдвэр гүйцэтгэгч гадаад улсад зорчих гэж буй төлбөр төлөгчийн үйлдлийг төлбөр төлөхөөс зайлсхийх зорилготой, энэ нь тодорхой үйл баримт, шалтгаан нөхцөлд тулгуурласан байхыг хэлэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар дээр дурдсан нөхцөл шалтгаан бий болсныг нотолсон баримтгүй байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 180-187, 189-190 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч *******йн газарт 2025 оны 01 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд гаргасан хүсэлт болон баримтаас үзвэл тэрээр баруун нүдний торлогийн мэс засалд орох заалттай бөгөөд үүнийг -ын эмнэлэгт хийлгэх шаардлагатай байгаагаа дурдаж, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг цуцлахыг хүсэж, холбогдох нотлох баримтыг хавсаргасан байх боловч эдгээр баримт нь ******* гүйцэтгэгчийн ******* дугаар тогтоол гарснаас хойших цаг хугацаанд гарсан байх тул уг нөхцөл байдлыг төлбөр төлөхөөс зайлсхийх зорилготой гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05856 дугаар шийдвэрийн

 

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******йн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******наас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

 

                                                                                      Н.ГЭРЭЛТУЯА