| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/06684/И |
| Дугаар | 210/МА2025/01999 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01999
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Ууганбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/13262 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 5,215,358 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3,300,000 төгрөг, даатгалын үнэлгээний төлбөрт төлсөн 203,000 төгрөг, цалингүй чөлөө авсан 18 хоногийн цалин 1,623,000 төгрөг, нийт 5,215,358 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн 13-16 дугаар талд авагдсан 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл болон осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт ...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. гэж заасныг зөрчсөн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь буруу болжээ. Учир нь, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Уг үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь дээрх Эрх бүхий албан тушаалтны магадлагаа болон бусад баримтыг ******* цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс хуулбарлан авсан. Тухайн байгууллага нь уг баримтад байгууллагын хуулбар үнэн гэх дардас дарсан байгаа нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт харшлахгүй. Тодруулбал, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар байгууллагын архив тухайн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, архивын баримтыг анхан шатанд бүрдүүлж, энэ хуульд заасан хугацаагаар түр хадгалж, мөн зүйлийн 23.2.7 дахь хэсэгт зааснаар байгууллагын архив нь архивын баримтыг байгууллагын үйл ажиллагаанд болон хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр ашиглуулах, архивын баримтын лавлагаа, хуулбар олгох үндсэн чиг үүрэгтэй. Харин хүн, хуулийн этгээд нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар архивын баримтын хуулбарыг авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор эрх бүхий байгууллагын архиваас хуулбар үнэн гэх дардастай баримт гаргуулж, шүүхэд нотлох баримтаар өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй. Түүнчлэн, тухайн баримтыг эрх бүхий байгууллагын архиваас хэргийн оролцогч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж давж заалдах шатны шүүх үзээд, нотлох баримтын хэмжээнд үнэлнэ.
3.1 Дээрх 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-аар ...2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 40 минутын үед ******* ******* хороо ******* захын зүүн замд ******* нь Мопедыг жолоодон явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.10-т чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно. Тайлбар: дээрх заалт нь суудлын такси болон Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл, Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, мөн энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явах унадаг дугуй, мопедод хамаарахгүй. гэснийг зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэжээ. /хх 15/
3.2 Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс *******д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн хуудас, шийтгэлийн хуудсыг оногдуулсан эсэх талаарх баримтыг Тээврийн цагдаагийн албаны ******* замын цагдаагийн хэлтсээс гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/13072 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /хх 69-70/ Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14-1з/890 дугаар албан бичгээр ...*******д холбогдох 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр торгуулийн хуудас, шийтгэл оногдуулаагүй болно гэх хариуг ирүүлсэн. /хх 85/
3.3 Цагдаагийн Ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14-1з/1089 дугаар албан бичигт ...Тус хэлтэст зам тээврийн ослын 1100006240025529 гомдол мэдээллийн дугаартай шалгагдсан иргэн ******* гаргасан зөрчилд холбогдох 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч нь Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх заалтыг үндэслэн (0960734) дугаартай шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан болно гэжээ. /хх 93/
3.4 Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14-1з/1089 дугаар албан бичигт дурдагдсан 0960734 дугаартай шийтгэлийн хуудсыг Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албанаас гаргуулахаар хүсэлт гаргасан. /хх 106/ Шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШЗ2025/60949 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. /хх 107/ Цагдаагийн Ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14а/9283 дугаар албан бичгээр 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0960734 дугаартай шийтгэлийн хуудас болон ******* 50,000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 112-113/
4. Дээрх нотлох баримтаар 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 40 минутын үед ******* ******* хороо ******* захын зүүн замд ******* нь Мопедыг жолоодон явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.10-т чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно. Тайлбар: дээрх заалт нь суудлын такси болон Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл, Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, мөн энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явах унадаг дугуй, мопедод хамаарахгүй. гэснийг зөрчиж, нэхэмжлэгчийн жолоодож явсан ******* маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
5.1 -ийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 43946/ДД№31259118 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлан-аар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 3,300,000 төгрөг гэж үнэлсэн. /хх 11/ Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр -д даатгалын үнэлгээ хийсэн төлбөрт 203,000 төгрөг төлсөн байна. /хх 10/
Иймд анхан шатны шүүх дээрх баримтаар нэхэмжлэгчид эд хөрөнгөд шууд хохиролд 3,300,000 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 203,000 төгрөг, нийт 3,503,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/63688 дугаар захирамжаар ...хариуцагчийн зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудсанд гомдол гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна. /хх 115, 123/ Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6.1 Мөн дээрх Эрх бүхий албан тушаалтны магадлагаа болон шийтгэлийн хуудаст хариуцагч гарын үсэг зурсан эсэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх цалингүй чөлөө авсан 18 хоногийн цалин 1,623,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байхаас гадна нэхэмжлэгч үүнд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийгээгүй болно.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/13262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 71,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
М.БАЯСГАЛАН