Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         04              08                                            2019/ШЦТ/118                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б.Мт холбогдох эрүүгийн 1834009250082 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

     

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Төв аймаг, Зуунмод суманд 1984 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Төвийн тулгуур тэнхлэг ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Төв аймгийн аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19-56 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, АИ84052411 дугаарын регистртэй, Б овгийн Б.М   

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.М  нь Төв аймгийн Зуунмод сумын нутагт 2017 оны 10 дугаар сард “Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг газар гэж” хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Л.Цолмонгоос 3,000,000 / гурван сая/ төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй, гэмшиж байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

                                            

Эрүүгийн 1834009250082 дугаартай хэрэгт хохирогч Л.Цолмонгийн  /хх-ийн 19-20, 21-22 дугаар хуудас/, гэрч Ц.Ганзоригийн /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Ө.Отгонбаатарын /хх-ийн 24, 30-31 дүгээр хуудас/, гэрч М.Аззаяагийн /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Д.Мөнхцогтын /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Ш.Жаргалсайханы /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, яллагдагч Б.М ын /хх-ийн 07 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогчийн өргөдөл /хх-ийн 9 дүгээр хуудас/, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар лавлагаа, кадастрын зураг /хх-ийн 13-16 дугаар хуудас/, Б.М ын хохирол төлсөн тухай өргөдөл /хх-ийн 17 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /хх-ийн 35-37 дугаар хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай /хх-ийн 39 дүгээр хуудас/, улсын бүртгэлийн гэрчилгээ, геодезийн хэмжил зүйн лабораторийн гэрчилгээ, “Төвийн тулгуур тэнхлэг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /хх-ийн 41-48 дугаар хуудас/, нотлох баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримт /хх-ийн 55-68 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Б.М  нь 2017 оны 10 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын нутагт “Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг газар гэж” хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Л.Цолмонгоос 3,000,000 / гурван сая/ төгрөг залилсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Л.Цолмонгийн ...Отгонбаатар гэдэг хүнтэй ахаараа дамжуулаад утсыг нь аваад энэ хүн газар зарна гээд байгаа чи уулзаад үз гээд утсаар яриад манай хамаатны кадастр хийдэг залуу байгаа юм. Тэрэнтэй холбоод өгье гээд тэрнээс хойш 7-10 хоногийн дараа ирэхэд нөгөө залуу нь байхгүй байсан. Дараа нь 2017 оны 10 сарын эхээр Мөнхбаатар, Отгонбаатар гэдэг 2 хүнтэй уулзаад Хаан банкны зуслангийн ойролцоо нэг газар үзүүлсэн. Тэгээд төсөл бичиж өгье гэсэн бичиг баримтыг нь бүрдүүлээд өгье гэсэн. Тэгээд урьдчилгаа 3.000.000 төгрөг өгсөн дараа нь мөнгөө өгсөн... ...Тэрнээс хойш Төв аймгийн Сэргэлэн суманд төсөл бичиж материалыг нь өгөх гэж байгаа гээд дахиад мөнгө явуул гэсэн. Тэгэхээр нь би чи юм аа үзүүлж харуул гэсэн 2018 оны 03 дугаар сард би Төв аймагт ирээд үнэн ярьж байна уу, үгүй юу гэдгийг мэдэх гээд ирсэн. Тэгээд би хүнээр дамжуулаад тэр газрыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ордог юм байна гэдгийг мэдээд одоо болилоо энэ Сэрэглэнгийн газар нутаг биш юм байна мөнгөө авна гэхэд за тэгье та дансаа явуулчих гэсэн тэрнээс хойш зөндөө ярьсан мөнгө өгөөгүй. Өөр утаснаас над руу согтуу яриад удахгүй өгнө одоохон эгчээ гээд байсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

...Би Мөнхбаатараас тухайн газрыг авч жимс жимсгэнэ, мод үржүүлгийн зориулалтаар ашиглах зорилготой байсан юм... ...Мөнхбаатар тухайн үед өөрийгөө кадастрын албанд ажилладаг гэж танилцуулж байсан ба би тэр үед Мөнхбаатарыг улсын байгууллагад ажилладаг гэж бодож байсан. Харин сүүлд сонсоход Мөнхбаатар хувийн “Төвийн тулгуур тэнхлэг” нэртэй компанитай байсныг мэдсэн... ...Мөнхбаатар тэр үед надад газрын гэрчилгээ болон кадастрын зургийг үзүүлж байгаагүй. Харин кадастрын зураг өгч байсан ба тэр зургийг нь би Төв аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл гаргахдаа хамт өгсөн... ...би худалдан авах гэж байсан газраа 2017 оны 10 дугаар сард /яг өдрийг нь санахгүй байна/ очиж Мөнхбаатартай үзэж байсан. Тус газар нь Улаанбаатар хотоос Төв аймаг явах замд Хаан банкны зуслангийн баруун урд талд байрлах зуслангийн 5 га газар байсан. Хохирлоо Мөнхбаатараас авсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Ц.Ганзоригийн ...2017 оны 10 дугаар сард би Улаанбаатар хотоос би Мөнхбаатартай уулзах гэж урьдчилгаа мөнгөө аваад ир гэсэн. Ирээд уулзаад бэлэн 3.000.000 төгрөг тоолоод машиндаа сууж байгаад өгсөн... ...төв аймагт ирээд 5 давхар байрны гадаа Мөнхбаатарын гэрийн гадаа өөрийн 8805 УНД улсын дугаартай форестор маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байгаад тоолоод өгсөн... ...Мөнхбаатар болон Отгонбаатар хоёр байсан... /хх-ийн 23 дугаар хуудас/,

гэрч Ө.Отгонбаатарын ...2017 оны 10 дугаар сард тэр үеэр Цолмон гэх хүн залгаад би өмнө нь нэг хувиараа барилга дээр ажилладаг байсан. Тэгээд тэр барилгын эзнээс миний дугаарыг аваад ярьсан. Ажил дээр ирээд ахдаа нэг газар олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Б.М  гэдэг хүнд 5 га газар байгаа тэрийгээ зарна гэж байсан гээд тэр хүнтэй холбогдож өгсөн. Тэгээд бид нар тэр газраа үзээд машин оролцуулаад 16 саяаар авахаар болж байсан. Тэрнээс 3.000.000 сая төгрөг урьдчилгаа болгон өг гээд Цолмон гэх хүний нөхөр нь намайг хотоос барилга дээрээс ирж аваад Төв аймагт Мөнхбаатарын гэрт нь байрны гадаа нь ирээд машиндаа уулзаад бэлэн 3.000.000 төгрөг тоолоод өгсөн. Тэрнээс нь надад 200.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш Б.М тай би Сэргэлэн сум руу нилээн газрыг нь зохицуулах гээд тэгээд байж байтал Цолмон яриад та 2-г шүүхэд өгнө гэсэн. Мөнхбаатар нь бид 2 хоорондоо болж байгаа гээд байсан. Би өөр мэдэхгүй байна... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

...Мөнхбаатар ах над руу залгаад “Нөгөө хүндээ хэлээд өгөөч ах нь эхний ээлжинд урчьдчилгаа мөнгө гээд 3.000.000 төгрөг авах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би Ганзориг гэх хүн рүү утсаар яриад “Нөгөө газар зарах хүн чинь урьдчилгаа 3.000.000 төгрөг авъя гэж байна” гэхэд тэр Ганзориг гэх хүн “За за тэгвэл чи хамт явна шүү” гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр хотод уулзаад Төв аймаг орж Мөнхбаатарын ахын дүү баярлалаа гэж хэлээд надад бэлнээр 200.000 төгрөг өгсөн ба Мөнхбаатар гэр рүүгээ орсон. Харин бид хоёр буцаад Улаанбаатар хот руу явсан... ...Би Цолмон гэдэг хүнийг над руу яриад байсан эрэгтэй хүн гэж бодсон боловч над руу яриад, Мөнхбаатартай очиж уулзсан эрэгтэй хүн бол Цолмон гэх хүний нөхөр Ганзориг гэж хүн байсан... ...Харин би Цолмон гэх хүнтэй утсаар ярьж, уулзаж байгаагүй ба газар үзэх гээд Ганзориг, Мөнхбаатар нарын хамт очиход бидэнтэй хамт 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан. Тэр хоёр эмэгтэйн нэг нь Цолмон байсан байж магадагүй... ...Мөнхбаатар тухайн үед тус газрыг миний газар гэж байсан ба Цолмон, Ганзориг гэх хүмүүс 5 га газар биш 6 га газар болгоод өгчих гээд байна гэж Мөнхбаатар өөрөө надад хэлж байсан... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч М.Аззаяагийн ...2016 оны 07 дугаар сараас хойш би ажиллаад тэгээд 2017 оны 10 дугаар сарын 01-нд ажлаасаа чөлөөлөгдөөд гэрээтээр 2 сар ажиллаад 2018 оны 03 сард буцаад газрын даамлаа хийсэн... ...намайг ажиллаж байх хугацаанд захиамж гаргуулахаар ирж байгаагүй нэг удаа кадастрын зураг нэг хүнд хийж өгөөд тэр нь буруу байсан. Тэгээд утсаар ярьж байсан... ...хуучирн Ленд менежер гэх програм орохоос өмнө буюу 2017 оны 10 сараас өмнө хилийн зэс дамнуулж олгосон газрууд нь Сэргэлэн сумаас захирамж гарч мэдээллийн санд бүртгэгддэг байсан. Тэр газар нь анхнаасаа Хан-Уул дүүргийн газар нутаг байсан. Одоо Ленд менежер гэдэг програм 2017 оны 10 дугаар сараас эхлэн хэрэглэж эхэлснээр хилийн зэс доторх газар нутагтаа захирамж гаргаж мэдээллийн санд бүртгэдэг болсон... ...Зарах гэж байсан газар дээр нь өмнө нь захирамж тушаал шийдвэр гаргаж байгаагүй өргөдөл хүсэлт өгч байгаагүй... ...Манайхаас гарсан захирамж нь одоогоор хүчин төгөлдөр байгаа ажлын хэсэг гараад нийслэл рүү шилжүүлэхээр болсон байгаа энэ талаар одоогоор хуралдаж албан ёсны шийдвэр гараагүй байгаа... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

гэрч Д.Мөнхцогтын ...Би Мөнхбаатар гэх хүнд одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 онд байх сар өдрийг нь сайн санахгүй байна. Би Мөнхбаатар надаас газар асуухаар нь би Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндий гэх газар ийм 5 га газар байгаа гээд захирамж Мөнхбаатарт өгсөн. Одоо тэр захирамж нь бол надад байхгүй. Би Мөнхбаатарт хуулбарлаж өөрт байсан хувиа Мөнхбаатарт өгсөн юм. Тэгээд тэрнээс хойш ямар ч сураггүй болсон. Тэр газрыг Мөнхбаатарт зараагүй... /хх-ийн 32 дугаар хуудас/,

гэрч Ш.Жаргалсайханын ...тойм зургийг харахад тухайн кадастрын зураг нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг Хаан банкны зуслангийн газрын баруун урд байрлалтай газар байна... ...Монгол улсад мөрдөгдөж байгаа тогтолцооны систем болон үйлдсэн аж ахуйн нэгжийн нэр эзэмшигчийн нэр хаягийг тавих ёстой байдаг тул тухайн зургийг стандартын дагуу зурагдаагүй байна... ...хуурамч мөн эсэхийг би мэдэхгүй. Би тодорхойлох боломжгүй. Стандартын дагуу зурагдаагүй зураг байна... ...уг газар нь Хан-Уул дүүрэгт харьяалагддаг газар... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

яллагдагч Б.М ын ...Цолмон гэх хүнд үзүүлсэн захирамжид дээр бол Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндий гэх газар байрлалтай 5 га газрын захирамж байсан бөгөөд тэрийг би Цолмон гэх хүнд үзүүлсэн. Харин Цолмон гэх хүнд үзүүлсэн газар бол Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Хутсайн ар гэх газар байрлалтай газрыг үзүүлсэн... ...Хан-Уул, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр маргаантай байсан юм. Аймгийн газрын албан дээр Хан-Уул дүүрэг, Сэргэлэн сумын шинэчилсэн хилийн цэс гээд зураг ирчихсэн байсан. Тэр зургийг нь би хараад Цолмон гэх хүнд зарах гэж байсан газар нь Хан-Уул дүүргийн нутагт орсон болохыг би мэдсэн. Тэгээд би Цолмон гэх хүний нөхөрт нөгөө газар чинь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг болчихсон байна. Би мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд би мөнгөгүй болчихсон байсан учир мөнгийг нь өгч чадаагүй юм... /хх-ийн 7 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогчийн өргөдөл /хх-ийн 09 дүгээр хуудас/, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар лавлагаа, кадастрын зураг /хх-ийн 13-16 дугаар хуудас/, Б.М ын хохирол төлсөн тухай өргөдөл /хх-ийн 17 дугаар хуудас/, улсын бүртгэлийн гэрчилгээ, геодезийн хэмжил зүйн лабораторийн гэрчилгээ, “Төвийн тулгуур тэнхлэг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /хх-ийн 41-48 дугаар хуудас/, нотлох баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримт /хх-ийн 55-68 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Б.М ын 2017 оны 10 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын нутагт “Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг газар гэж” хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Л.Цолмонгоос 3,000,000 / гурван сая/ төгрөг залилсан үйлдэл, эс үйлдэхүй нь дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учиррсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч, залилан авсан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.М ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учиррсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.М ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Цолмонд 3.000.000 төгрөгийн хохирол хор уршиг учиррсан байна. 

 

Шүүгдэгч Б.М  нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 3.000.000 /гурван сая/ төгрөгөөс мөрдөн байцаалтын шатанд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, шүүхийн шатанд 1.000.000 /нэг сая/ төгрөг, нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг төлсөн болох нь  хавтас хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Мөнхбаатараас хохирлын мөнгө 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Л.Цолмонгийн “ХААН” банкны 5131223692 дугаарын данс руу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 20 минут 57 секундэд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийг баримт зэргээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч Б.М т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,

                                    заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б.М-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.М-т шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.М-т шүүхээс хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, 

Мөн хэд хэдэн үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б овгийн Б.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Л.Цолмон нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН