Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 600

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зайсан овогт Н-гийн Б-т холбогдох эрүүгийн 1910002960596 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн У.Б-ийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололд хүргэж өгөхдөө түүний мартаж буусан “I phone 7” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 632.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910002960596 дугаартай хэргээс:

 

Хохирогч У.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө ангийнхаа охидуудын хамт пабд пиво ууж байгаад Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн автобусны буудал дээрээс марк, улсын дугаарыг нь мэдэхгүй таксинд суугаад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын 727-49 тоот гэр рүүгээ явсан. Буянт-Ухаа 1 хорооллын ойролцоо ирээд зам дээр буугаад гэр рүүгээ алхаад явсан. Би гэртээ ирээд унтаад өглөө нь хар өнгийн [email protected] гэсэн id хаягтай “I Phone 7” маркийн  гар утсаа гээснээ мэдсэн. Намайг таксинаас буухад миний гар утас байсан эсэхийг анзаараагүй. Би таксинд суухдаа ээж рүүгээ өөрийн утаснаас мессэж бичиж байсан. Би өөрийн гар утсаа таксинд юм уу, таксинаас буугаад гэр рүүгээ явах замдаа гээсэн байх гэж бодож байна. Уг гар утсаа 2018 онд Тэди худалдааны төвөөс 850.000 төгрөгөөр худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

Гэрч Б.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Сонгинохайрхан дүүргийн 5-н шарын Залуус хорооллын 486-428 тоотод гар утасны дагалдах хэрэгсэл, засвар ажиллуулдаг. Би 2019 оны 01 дүгээр сарын орчимд фэйсбүүк дээр байсан “I phone 7 зарна” гэсэн зарын дагуу утас руу нь залгаад “худалдаж авъя” гээд 5-н шард байрлах гар утасны лангуун дээр авчруулахад 20-21 орчим настай, 170-175см өндөртэй, шар царайтай, богино хар үстэй, туранхай залуугаас /Б-/ 160.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би өөрийн 90111005 дугаар болон эхнэр Э.Болорцэцэгийн 88297529 дугаарыг хийж ашигласан. Тухайн гар утасны сүлжээ унаад байхаар нь би “Нуман хүү” гэсэн фэйсбүүк хаягнаас Гар утасны группд зар тавьж үл таних хүнд 630.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “I phone 7” маркийн гар утас 632.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 20-21-р хуудас/

 

Шүүгдэгч Н.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж мөнгө олдог юм. 2019 оны 01 дүгээр сарын 16-нд шилжих шөнө цагийг нь тодорхой санахгүй байна. Үйлдвэр комбинатаас нэг эмэгтэй /Б-/ гар өргөхөөр нь суулгаад Буянт-Ухаа 1 хороололд хүргэж өгсөн. Тэр эмэгтэй /Б-/ тухайн үед согтуу байсан. Тэрээр буухдаа хар өнгийн “I phone 7” маркийн гар утсаа машинд унагаасан байсан. Би гэртээ ирээд машинаа хашаандаа байршуулаад буух гэж байхдаа арын суудлын шалавчин доороос тухайн гар утсыг олоод үзтэл унтарсан байсан. Маргааш нь фэйсбүүкээр зар харж байгаад “ID-тай гар утас авна” гэсэн зарын дагуу 5-н шарын Залуус хорооллын орчим гар утас засварын хүнд /Д-/ 160.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь ойр зуур хэрэглээд дууссан. Би хүний гар утсыг бусдад зарсандаа маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/, “Гранд мед” эмнэлгийн шинжилгээний хариу /хх-ийн 29-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 30-31-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө өөрийн эзэмшлийн “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч У.Б-ийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололд хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн “I phone 7” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшиж 632.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч У.Б-ийн ... Би 2019 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн автобусны буудал дээрээс марк, улсын дугаарыг нь мэдэхгүй таксинд суугаад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын 727-49 тоот гэр рүүгээ явсан. Би гэртээ ирээд унтаад өглөө нь хар өнгийн [email protected] гэсэн id хаягтай “I Phone 7” маркийн  гар утсаа гээснээ мэдсэн. Уг гар утсаа 2018 онд Тэди худалдааны төвөөс 850.000 төгрөгөөр худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

Гэрч Б.Д-ын ... Би 2019 оны 01 дүгээр сарын орчимд фэйсбүүк дээр байсан “I phone 7 зарна” гэсэн зарын дагуу утас руу нь залгаад “худалдаж авъя” гээд 5-н шард байрлах гар утасны лангуун дээр авчруулахад 20-21 орчим настай, 170-175см өндөртэй, шар царайтай, богино хар үстэй, туранхай залуугаас /Б-/ 160.000 төгрөгөөр худалдаж авсан. ... Тухайн гар утасны сүлжээ унаад байхаар нь би “Нуман хүү” гэсэн фэйсбүүк хаягнаас Гар утасны группд зар тавьж үл таних хүнд 630.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “I phone 7” маркийн гар утас 632.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 20-21-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд Н.Б- яллагдагчаар өгсөн: Үйлдвэр комбинатаас нэг эмэгтэй /Б-/ гар өргөхөөр нь суулгаад Буянт-Ухаа 1 хороололд хүргэж өгсөн. Тэр эмэгтэй /Б-/ машинаас буухдаа хар өнгийн “I phone 7” маркийн гар утсаа унагаасан байсан. Би машиныхаа арын суудлын шалавчин доороос тухайн гар утсыг олоод үзтэл унтарсан байсан. Маргааш нь фэйсбүүкээр зар харж байгаад “ID-тай гар утас авна” гэсэн зарын дагуу 5-н шарын Залуус хорооллын орчим гар утас засварын хүнд /Д-/ 160.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Н.Б- нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө буюу “I phone 7” маркийн гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч бусдад зарж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

          Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.

          Хэргийн шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө өөрийн эзэмшлийн “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч У.Б-ийн гээгдүүлсэн “I phone 7” маркийн гар утсыг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн байдлаар 632.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон баримт хэргийн 21 дүгээр талд авагдсан, уг үнэлгээний дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 632.000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарах юм.

  

          Шүүгдэгч Н.Б- нь гээгдэл эд хөрөнгө нь бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 632.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

        Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 632.000 төгрөгний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.

 

          Иймд шүүгдэгч Н.Б-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 632.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Н.Б- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч У.Б-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 632.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 21-р хуудас/ байх тул шүүгдэгч Н.Б-ээс 632.000 төгрөг гаргуулж, хохирогч У.Б-т олгохоор шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Н.Б- нь эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

            1. Зайсан овогт Н-гийн Б-ийг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б-т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 632.000 төгрөг гаргуулж, хохирогч У.Б-т олгосугай.

 

5. Шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР