Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02000

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07348 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 43,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж, 29,000,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний барааг сарын 0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээ байгуулсан өдрөө дэлгүүрийн хүнсний барааг тоолон өгч, тооллогын дүн, барааны тоо, баримтыг *******ийн и-мэйл хаягаар илгээсэн.

1.2 Гэрээгээр ******* нь эхний нэг сар төлбөр төлөхгүй, дараа сараас эхлэн зээлийн нийт дүнг 5 хуваан төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч зээлийг төлөөгүй.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Хүнсний бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан. Ямар нэгэн байдлаар хүү, алданги тооцогдохгүй гэсэн. Би 29,000,000 төгрөгийн бараа авсан учраас төлнө. Харин алдангийг төлөхгүй. Бид мөнгөн хөрөнгө биш бараа хүлээлцсэн тул алданги төлөхгүй, тийм үүрэг үүсээгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 29,000,000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 14,500,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 375,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Гэрээ байгуулснаас хэд хоногийн дараа хүнсний бараа материалуудыг хүлээж авсан. Гэрээнд дурдсан үнийн дүнгээс зөрүүтэй буюу 23,000,000 орчим төгрөгийн бараа материалыг хүлээлгэж өгсөн.

Тухайн хүнсний бараа материал гэрээнд заасан үнийн дүнгээс зөрүүтэй байгаа талаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын харилцан ярианы бичлэг байдаг. Тухайн бичлэг нь нэхэмжлэгчид hard disk дээр хадгалагдаж байгаа тул тухайн ярианы бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Гэвч шүүх хэрэгт ач холбогдолгүй хэмээн үзсэн нь хариуцагч татгалзлаа нотлох боломжийг хангаагүй.

Тухайн hard disk-ийг ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нотлох баримтаар хэрэгт өгсөн боловч мөн шүүхийн процессын алдаа гаргаж захирамжид тусгаагүй.

4.2 Хариуцагчаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч мөн хангаж шийдвэрлээгүй. Тухайн хүсэлтийг хангаж шийдээгүй агуулга нь хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна гэж тайлбарласан. Миний бие тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн материалтай танилцаад орж буй эхний шүүх хурал байсан бөгөөд татгалзлаа нотлох зорилгоор шаардлагатай нотлох баримт гаргуулах үзлэг хийлгэх хүсэлтээ гаргасан.

4.3 Хэргийн эргэлзээтэй нөхцөл байдал бүрэн гүйцэд арилаагүй байхад талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний гол нөхцөл нь 29,000,000 төгрөг ба гэрээнд зааснаас бага үнийн дүнтэй бараа авсан нь энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох агуулга бий болж байгаа. Хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй этгээд алданги тооцох боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 ******* 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүх барааг биечлэн шалгаж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *******, түүний нөхөр болон миний найз нар бүх бараа, бүтээгдэхүүнийг тоолсон бөгөөд кассын программын бар код уншуулах системд суурилсан бүртгэлээр нийт 31,000,000 гаруй төгрөгийн бараа баталгаажсан. Үүнээс гадна 1,500,000 төгрөгийн шошгогүй бараа бүтээгдэхүүн буюу Нарантуул захаас татсан хямд үнэтэй бараанууд байсан бөгөөд эдгээрийг нэмж тооцоход 32,600,000 орчим төгрөг болсон. Их хэмжээний бараа авч байгааг нь харгалзан би үнэ хөнгөлж, нийт барааг 29,000,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон.

5.2 Дэлгүүрийн барааг *******т шилжүүлэх үед *******ийн нөхөр хяналтын камер болон түүний тоног төхөөрөмжийг авах хүсэлтээ илэрхийлсэн тул би камерын төхөөрөмжийг өгөхийг зөвшөөрсөн. Харин хяналтын камерын бичлэг бүхий hard disk нь нотлох баримтын ач холбогдолтой гэж үзсэн тул hard disk-ээ салгаж авч үлдсэн. ******* аймаг дахь анхан шатны шүүх хуралдааны явцад би уг hard disk-ыг авч очсон. Шүүх хуралдааны явцад хариуцагч тал бараагаа тоолж авсан гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хяналтын камерын бичлэгийг гаргаж өгөх шаардлагагүй болсон тул нотлох баримтаар өгөөгүй.

5.3 Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд өмгөөлөгч авах эрх дүрэм журмаа мэдэхгүй байна гэж үзэх үндэслэлгүй. Шүүх хуралдаан болохоос долоо хоногийн өмнө өмгөөлөгч авсан талаараа мэдэгдэх боломжтой байсан боловч уг мэдэгдлийг шүүхэд хүргүүлээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...29,000,000 төгрөгийн хүнсний бараа авсан тул төлнө. Харин алданги төлөхгүй гэж үгүйсгэн маргажээ. /хх 141/

3. ******* болон ******* нар нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 0139 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хөдлөх эд хөрөнгө/-г байгуулсан. Гэрээгээр худалдагч ******* нь хүнсний барааны эд зүйлийг худалдан авагч *******т шилжүүлэх, худалдан авагч нь хүнсний барааны үнэ 29,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчилж, 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 5,800,000 төгрөгөөр төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 5-11/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Учир нь, талуудын байгуулсан гэрээний зүйл, шинж, нөхцөл, хүлээсэн үүрэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хүнсний бараа бүтээгдэхүүн буюу хөрөнгийг хариуцагчид худалдаж, хариуцагч нь үнийг дараа хуваан төлөхөөр тохиролцсон нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Иймд давж заалдах шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөв.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

5.1 Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 29,000,000 төгрөгийн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...харин үндсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч болон тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар нь хэргийн нотлох баримт болно. Иймд нэхэмжлэгчийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 29,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

5.2 Харин хариуцагчийн хувьд мөн зүйлд заасан хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байхаас гадна хариуцагч нь энэ талаар маргаагүй. Иймд хариуцагч нь гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэ 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

6. Гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Шүүх алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тэнцүүлэн, хариуцагчаас 14,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд гэрээний хариуцлага болох алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй этгээд алданги тооцох боломжгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хард дискэнд үзлэг хийлгэх, хэргийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 156/ШЗ2024/01636 дугаартай захирамжаар үзлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй, харин хэргийг шилжүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 56-58/

7.1 Улмаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хард дискэнд үзлэг хийлгэх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 192/ШЗ2025/38494 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Учир нь, хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүхэд бичгээр гаргаагүй нөхцөлд тухайн хард дискэнд үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх боломжгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацаанд хариуцагч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх уг эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07348 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 43,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН