Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 602

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярбилэг,

шүүгдэгч Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хэрээд овогт Х-ийн А-д холбогдох эрүүгийн 1910014810621 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Яллагдагч Х.А- нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ... тоотод байх өөрийн гэртээ дагавар охин болох 13 настай М.С-ыг “өөдөөс дандаа эсэргүүцэж юм хэлдэг” гэж зодож, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь “тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилуулах тухай тогтоол гарсны дагуу миний бие насанд хүрээгүй хохирогч М.С-ын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. С-ын ээж нь манай 11 дүгээр хороонд хэсгийн ахлагчаар ажилладаг. С-а нь олон нийтийн үйл ажиллагаанд санаачлагатай оролцдог бөгөөд одоо ангийн дарга хийж байгаа. Өсвөр насны хүүхдүүдийн зан ааш нь тогтворгүй байдаг. Тэр үедээ аавтайгаа маргалдсан байдаг. С-атай уулзахад “би аа, ээжтэйгээ ярилцсан. Манай аав дахиж ийм асуудал гаргахгүй гэж хэлээд надаас уучлалт гуйсан тул бидний харилцаа хэвийн байгаа. Надад нэгэн санал, гомдол байхгүй” гэж хэлсэн гэв.

 

Эрүүгийн 1910014810621 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогч М.С-а мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 1-7-76 тоотод гэртээ хичээлээ ялгаад сууж байхад ээж аарц чанаж байсан. Ээж дүү А-ийг “аяга аваад өг” гэхэд аав А- надад “дүү чинь яаж аяга авч өгч чадах юм, чи ээждээ авч өг” гэхээр нь “би хичээлээ ялгаж байна” гэхэд “чи өөдөөс дандаа эсэргүүцэж юм хэлдэг” гэж хэлээд миний хоёр хацар руу хоёр удаа алгадсан. Би уйлаад нүүрээ дартал миний толгой руу цохисон. Би хойшоо болохдоо дагз хэсгээрээ хана мөргөсөн. Тэгээд ээж ирж салгаад “чи яагаад хүүхэд зодоод байгаа юм” гэж хэлэхэд аав миний зүүн хөлийн шилбэ рүү хальт өшиглөсөн. Ээж намайг “гэрээс гар” гэхээр нь би гэрээс гараад хажуу айлынд орсон. Аав өмнө нь 2019 оны 01 дүгээр сард цагаан сарын мах чанаж байхад миний толгой болон гэдэс рүү нэг, нэг удаа гараараа цохиж байсан. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 31-р хуудас/,

 

Гэрч Н.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 6 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед гэртээ аарц чанаад аягалах гээд 4 настай охин А-ийг “ээждээ аяга аваад ир” гэж хэлэхэд нөхөр А- охин С-ад “дүү чинь авч өгч чадахгүй, чи аяга авч өг” гэхэд тэрээр “би хичээлээ ялгаж байна, дүүгээр авахуул” гэж хэлэхэд А- дахиад “аяга авч өгөөч” гэхэд охин С-а “би хичээлээ ялгаж байна” гээд дахин хэлтэл А- “чи дандаа урдаас тайлбар тавьж эсэргүүцэх юм” гээд охин С-ын баруун, зүүн хоёр хацар руу алгадахаар нь би очоод “чи болиоч, яах гэж эмэгтэй хүүхэд зодоод байгаа юм” гээд болиулаад охиныгоо “гэрээс гар” гэж гаргаад цагдаад дуудлага өгсөн. Манай охин С-а надад хэлэхдээ “аав хөл рүү өшиглөсөн” гэж хэлсэн. Би өшиглөж байхыг нь хараагүй. Х.А- бид 2 гэрлэлтийн баталгаагүй. Хамт амьдраад 12 жил болж байна. Дундаасаа 1 охинтой. Х.А- намайг цохиж зодож байгаагүй. Охин С-ад юм хэлэхээр эсэргүүцээд үгэнд нь ордоггүй болохоор хэрүүл маргаан гардаг. С-ыг өмнө нь 2019 оны 01 дүгээр сард үгэнд орохгүй байна гээд гэдэс болон толгой руу нь нэг, нэг удаа цохисон. Тухайн үед Х.А- эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №7059 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацар хавдаж улайсан. Дүгнэлт:

1. М.С-ын биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-р хуудас/,

102-ын дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 51-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 52-56-р хуудас/,

Шүүгдэгч Х.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Бурхантын 1-7-76 тоотод гэртээ байхад эхнэр Б- аарц чанаад аягалах гээд 4 настай охин А-ийг “аяга аваад ир” гэж хэлэхээр нь би “наад охин чинь чадахгүй, чи аваад өг” гэж охин С-ад хэлэхэд тэрээр “байз” гээд цүнхээ ухаад суугаад байсан.  Би “чи босоод аяга аваад ээждээ өгчихөөч” гээд 3 удаа хэлсэн боловч тоохгүй байхаар нь дэр аваад шидтэл “байз гэж байна” гээд уурлаад муухай харахаар нь миний уур хүрээд охин С-ын хацар руу 2 удаа алгадсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг би учруулсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Х.А- нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ... тоотод байх гэртээ насанд хүрээгүй хохирогч М.С-ыг “үгэнд орсонгүй” гэж шалтаглан гэж хацар руу нь алгадаж, биед нь “тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч М.С-ын “...Би 2019 оны 6 дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 1-7-76 тоотод гэртээ хичээлээ ялгаад сууж байхад ээж дүү А-ийг “аяга аваад өг” гэхэд аав А- надад “дүү чинь яаж аяга авч өгч чадах юм, чи ээждээ авч өг” гэхээр нь “би хичээлээ ялгаж байна” гэхэд “чи өөдөөс дандаа эсэргүүцэж юм хэлдэг” гэж хэлээд миний хоёр хацар руу хоёр удаа алгадсан” мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Н.Б-гийн “...нөхөр А- охин С-ад “дүү чинь аяга авч өгч чадахгүй, чи авч өг” гэхэд тэрээр “би хичээлээ ялгаж байна, дүүгээр авахуул” гэж хэлэхэд А- охин С-ад дахин хэлэхэд охин “би хичээлээ ялгаж байна” гэсэн. А- “чи дандаа урдаас тайлбар тавьж эсэргүүцэх юм” гээд охин С-ын баруун, зүүн хоёр хацар руу алгадахаар нь би очоод “чи болиоч, яах гэж эмэгтэй хүүхэд зодоод байгаа юм” гээд болиулаад охиныгоо “гэрээс гар” гэж гаргаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7059 дугаартай шинжээчийн дүгнэлт: М.С-ын биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт/хх-ийн 21-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Насанд хүрээгүй хохирогч М.С-ын биед учирсан “тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч Х.А- түүнийг гараараа хацар руу нь алгадах, хана мөргүүлэх зэргээр цохиж зодсон нэг бус удаагийн үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

            Насанд хүрээгүй хохирогч М.С-ыг 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 13 нас 10 сар 10 хоногтой буюу бага насны бие хамгаалах чадваргүй болохыг шүүгдэгч мэдэж байсан, шүүгдэгч Х.А- нь насанд хүрээгүй хохирогч М.С-ыг эх Н.Б-тай хамтран амьдрагч ба насанд хүрээгүй хохирогч нь тухайн гэр бүлд хамт амьдардаг тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

 

            Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Х.А- нь дагавар охин М.С-ыг “үгэнд орсонгүй” гэх шалтгааны улмаас алгадаж, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэнд эрх чөлөөнд нь халдсан бие махбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

            Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй буюу насанд хүрээгүй хохирогч М.С-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 30-31-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Х.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярбилэг, шүүгдэгч Х.А- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

         

         Шүүхээс шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Х.А-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.А-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

          1. Хэрээд овогт Х-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.А-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР