| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 101/2024/05919/И |
| Дугаар | 210/МА2025/01804 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01804
2025 10 20 210/МА2025/01804
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04410 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
106,210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2022 оны 05 дугаар сарын эхээр уулзаж барилга барих иж бүрэн төслийг газрын хамт 250,000,000 төгрөгөөр худалдаж авахаар аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба тус гэрээгээр хариуцагч *******ын эзэмшлийн Өвөрхангай аймаг, *******, *******, ******* тоот хаягт байрлах, 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай, нэгж талбарын ******* дугаар бүхий 487 м.кв газрын эзэмшлийг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраар хянуулсан 24 айлын үйлчилгээтэй орон сууцны төслийн хамт нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх, харин нэхэмжлэгч нь газрыг 24 айлын үйлчилгээтэй орон сууцны төслийн үнэ буюу 250,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохиролцжээ.
1.2. Ингээд хариуцагч *******д гэрээний урьдчилгаанд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 62,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд гэрээний дагуу нэхэмжлэгч талаас 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр газар шорооны ажлыг эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчээс газар шорооны ажлыг хийхэд 43,710,000 төгрөгийг зарцуулсан.
1.3. Гэтэл газар шорооны ажлыг хийж дуусахад хариуцагчийн эзэмшлийн 487 м.кв газарт гуравдагч этгээдээс барилга бариулахгүй гэж маргаан үүсгэж, ажил үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд хариуцагчид итгэж хүлээсэн боловч үр дүнд хүрээгүй тул Барилга барих иж бүрэн төсөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 62,500,000 төгрөг, газар шорооны ажилд зарцуулсан 43,710,000 төгрөг, нийт 106,210,000 төгрөгийг шаардаж байна. Гэвч хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа 424,922 төгрөгөөр багасгаж, нийт 105,785,078 төгрөгийг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүйг мэдэгдэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 424,922 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч *******аас 63,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42,285,078 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 690,000 төгрөгийн 689,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 475,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохирол буюу газар шорооны ажилд зарцуулсан 42,285,078 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Зохигчдын хооронд Барилга барих иж бүрэн төсөл худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж газар шорооны ажлыг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эхэлсэн ба нэхэмжлэгчээс газар шорооны ажилд 43,710,000 төгрөгийн бодит гарсан зардал гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ харилцаанд маргаан гарахыг мэдэх боломжгүй байсан учраас уг бодит гарсан зардлын баримтыг тухайн үед бүрдүүлээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзсан тул нэхэмжлэгчээс газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхэд хэчнээн төгрөгийн бодит зардал гарсан болохыг "" ХХК-аар үнэлгээ хийлгэсэн. Хариуцагч газар шорооны ажил болон хөрөнгийн үнэлгээний тайлантай маргадаггүй.
Нэхэмжлэгчид нэгэнт хохирол учирсан нь нотлогддог тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгчээс хохирлоо шаардах үндэслэлтэй байна.
4.2. Шүүхээс "гэрээний үүргийг хариуцагч гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй" гэх үндэслэлд хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийж чадаагүй бөгөөд "" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэргийн 92 дахь талд авагдсан газрын ажлын төсвийг шүүхийн шийдвэртээ дүгнээгүй нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04410 дугаар шийдвэрийн зарим хэсгийг буюу нэхэмжлэлийн шаардлагын гэрээнээс учирсан хохирол 43.285.078 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд бодитоор үүссэн харилцааг нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт үндэслэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн мөнгийг буцааж авах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 250,000,000 төгрөг төлж газар шорооны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон буюу талууд хамтран хөрөнгө босгож 24 айлын орон сууцыг бий болгон, тухайн орон сууцнаас хариуцагч өөрт ноогдох хэсэгт бэлэн мөнгө болон бартераар орон сууц авах байдлаар тохиролцсон. Тухайн үйл баримтын талаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэлгүй, буруу тайлбар гаргасан.
Газар худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр хийхгүй бөгөөд тухайн гэрээ бодитоор бичгийн хэлбэрээр хийгдэнэ. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 250,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон үйл баримт нь үнэн. Талууд тус 250,000,000 төгрөгийн төлбөрийг гэрээ байгуулагдсанаас хойш 1 сарын дотор төлөхөөр тохиролцсон боловч энэ нь бодитоор биелэгдээгүй.
5.2. Мөн талуудын хооронд хөрөнгө шилжүүлэх харилцаа байсан бөгөөд энэ талаарх үйл баримтад шүүх дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бодитоор үнэн зөв тайлбарлаагүй бөгөөд хэргийн болсон нөхцөл байдлын талаар бодитоор үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шийдвэрлэсэн ба уг заалттай холбоотойгоор Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчил үүссэн гэж дүгнэдэг.
Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын маргадаггүй үйл баримт байдаг бөгөөд Өвөрхангай аймаг дахь сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэр юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* газар ухах ажлыг хийж гүйцэтгэх явцад бусдын газар руу орсны улмаас гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн үндэслэлээр “” ХХК нь нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн буруутай үйл баримт байдаг. Нэхэмжлэгч нь талуудын хооронд үүссэн харилцаанд гэм буруутай байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн буруу гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг үндэслэж хариуцагч тухайн харилцааг буруутай гэх үндэслэлээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
5.3. Түүнчлэн миний үйлчлүүлэгч эрх зүйн мэдлэггүй бөгөөд өмгөөлөгч авах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Ингээд шүүх хурлын товыг өмгөөлөгчид мэдэгдээгүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь 3 байртай ба би төв байранд хүлээж байсан. Шүүгчийн туслахаас хурлын талаар лавлахад нарийн бичиг холбогдоно гэж тайлбарлаж байсан боловч нарийн бичиг над руу холбогдоогүй шүүх хуралдаан эхэлсэн. Миний хувьд тухайн хэрэг маргаантай холбоотой гэм буруугийн нөхцөл байдал, тухайн маргаан хэний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн талаарх үйл баримттай холбоотой Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын 4 албан бичиг болон бусад баримтуудыг авчирсан боловч тус шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Иймд талуудын хооронд мэтгэлцэх нөхцөл байдал үүсээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Үүнээс шалтгаалж гэм буруугийн нөхцөл байдал бодит байдлаас зөрсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэв.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүх талуудын хооронд байгуулсан хэлцлийг алдаатай дүгнэсэн. Өвөрхангай аймгийн онцгой байдлын газрын хянасан гэх тэмдэг дарагдсан "" ХХК-ийн 24 айлын үйлчилгээний зориулалттай орон сууцны загвар зураг, шинжээч "" ХХК-ийн дүгнэлтэд хавсаргагдсан иргэн *******д газар эзэмшүүлэх дугаартай гэрчилгээний хуулбар зэргээс үзэхэд нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар нь гэрээний агуулгыг тодорхойлохгүй бөгөөд мөнгө шилжүүлсэн бүхэн худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулахгүй. Талуудын хооронд хамтран ажиллах тохиролцоо болж хариуцагч газрын эрхээ шилжүүлэх, нэхэмжлэгч талбайд барилга байгууламж барихаар тохиролцоо хийгдэж байсан. Нэхэмжлэгчийн тайлбар гэрээний шинжийг тодорхойлох үйл баримт болохгүй ба энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй болно. Иймд шүүх гэрээний харилцааг бодит бус хийсвэр дүгнэсэн ба гэрээний харилцааг буруу дүгнэснээс үүдэн алдаатай дүгнэгдэх нөхцөл байдлыг бий болсон.
6.2. Үүргийн зөрчлийг буруу тодорхойлсон тухайд бол бодит байдал дээр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дагуу газар шорооны ажлыг нэхэмжлэгч ******* өөрөө мэдэж эхлүүлсэн байдаг бөгөөд ингэхдээ хажуугийн газар руу нэвтэрч эрх ашиг нь зөрчигдсөн гэх “” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ зөрчилтэй үйлдлийг ******* гаргаагүй байсан бол өнөөдрийн шүүхийн маргаан үүсэхгүй байх байсан. Мөн түүнчлэн шүүхийн журмаар тухайн газар шорооны ажлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох хүртэл түдгэлзүүлсэн бөгөөд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас талуудын хамтын ажиллагаа дуусгавар болсон. Шүүх нэхэмжлэгчийн тайлбараар үүргийн зөрчил гаргасан гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байхаас гадна шударга ёсны зарчимд үл нийцнэ.
6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн тухайд тус шүүхийн шүүх хуралдаанд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн миний өмгөөлөгч ******* нь тус шүүхэд 08 цаг 45 минутад ирж шүүх хуралдаан болохыг хүлээж шүүгчийн туслахаас асуусан боловч хурлын нарийн бичиг дуудна гэж хүлээлгэсэн. Тус шүүх шүүн таслах ажиллагааны хурлын 3 байртай бөгөөд төв байранд хүлээгээд дуудаагүй тул шүүгчийн туслахаас дахин очиж асуухад нарийн бичиг өөрийг чинь дуудаагүй юу гэсэн зүйлийг хэлж хуралдааныг оруулсан байсан ба шүүх хуралдаанаас гарч ирээд таныг өмгөөлөгчтэй оролцож байгааг мэдсэнгүй гэх тайлбар гарган өрөөндөө орсон байдаг.
Тус шүүх хуралдаанаар бодит байдал зөрүүтэй дүгнэгдсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байна. Анх 250,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Энэ нь худалдах, худалдан авах гэрээний тохиролцоо юм.
Мөн хавтаст хэргийн 7 дахь талд авагдан баримтад 62,500,000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн. Хэрэв талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бол 62,500,000 төгрөгийг яагаад гэрээний урьдчилгаа гэж шилжүүлсэн гэх асуулт гарна. Мөн тухайн 62,500,000 төгрөгөөр хамтран ажиллах гэрээнд юу хийх байсан болон зориулалт нь юу байсан талаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаж тодорхойлох ёстой байсан.
Хариуцагч нь газрын гэрчилгээ буюу тухайн зохиосон төсвийг их хэмжээгээр нэхэмжлэгчид өгсөн. Иймд нэхэмжлэгч нь тухайн газрыг шилжүүлнэ гэж бодсон учир тухайн газрыг ухаж эхэлсэн гэж тайлбарладаг. Хариуцагч гомдолдоо газар ухсанаас үүдэж Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсэн гэж дурдсан. Захиргааны хэргийн маргаан болон иргэний хэргийн маргаан нь ялгаатай.
7.2. Нэхэмжлэгч ******* өөр айлын хилийг давж газар ухсан тохиолдолд тухайн маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй. Иймд тус маргаан нь газрын маргаан байсан учир захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нийтэд илэрхий үйл баримтын талаар тайлбарлаж байна. Нийтэд илэрхий үйл баримтыг нотлох баримтаар өгөхгүй гэж заасан агуулга байхгүй. Нийтэд илэрхий үйл баримт мөн эсэх эсхүл нотариатаар батлуулсан, эх хувийг нь гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх үнэлэх ёстой. Иймд хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн уг асуудалд талуудын хэн нь буруутай байсан талаар яригдахгүй харин хариуцагч газар шилжүүлж өгөөгүйн улмаас худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй 08 цаг 30 минутын үед шүүхийн байранд ирсэн. Шүүх нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг процессын дагуу зөв явуулсан гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан гомдол, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 106,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, худалдах-худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн 62,500,000 төгрөг, газар шорооны ажилд зарцуулсан зардал буюу хохирол 43,285,078 төгрөг, нийт 105,785,078 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нь “*******тай аман тохиролцоо хийж, 2020 оны 05 дугаар сард *******ын эзэмшлийн Өвөрхангай аймаг, *******, *******, ******* тоотод байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 487 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тухайн газар дээр 24 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга барих төслийн хамт 250,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба гэрээний дагуу ******* 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 62,500,000 төгрөгийг *******д шилжүүлсэн. Гэвч худалдан авахаар тохирсон газарт гуравдагч этгээдээс барилга бариулахгүй хэмээн маргаан үүсгэснээс болж, гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзана” гэж тайлбарласан. /хх-1-3, 7, 152-157/
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж гэрээг цуцалсан эсэх, эсхүл гэрээнээс татгалзсан эсэх, хэрэв гэрээнээс татгалзсан гэж үзвэл гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх үүссэн эсэх, үүнд хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн талаар шүүх талуудыг мэтгэлцүүлж хэргийг шийдвэрлэх байжээ.
4.2. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн “” ХХК-ийн үнэлгээний тайлан болон мэргэшсэн төсөвчин ын гаргасан “” 24 айлын 5 давхар орон сууцны барилгын төсөв гэх нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй.
5. Харин хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
5.1. Шүүх *******ын нэхэмжлэлд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч *******д 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан.
5.2. Шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлосон ба уг өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, дараагийн шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр товлон зарласан.
5.3. Ингээд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хийхээр товлосон.
Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
5.4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо шүүх хуралдааны үеэр буруу байранд очсон, хурлын товыг хаана болох талаар тодорхой мэдэгдээгүйгээс хуралдаандаа оролцож чадаагүй гэх боловч хэргийн баримтаар уг үйл баримт тогтоогдоогүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул хариуцагч талын дээрх агуулга бүхий давж заалдах гомдол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
6. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374,500 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475,450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА