Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         04              09                                            2019/ШЦТ/119                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Энхболд,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогч Я.Бямбаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Д.Б-д  холбогдох эрүүгийн 1834008240026 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1975 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдүүдийн хамт Төв аймаг, Борнуур сум, Нарт 4 дүгээр багийн “Улаан даваа” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ПГ75122011 дугаарын регистртэй, О овгийн Д.Б

  

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Б нь “Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Улаан даваа гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Я.Бямбааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б:  

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Бямбаа:   

...2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Д.Б, И.Сандагдорж, Н.Батлайг бид дөрөв нэг шил архи хувааж уусан. Тэгээд өвс хаддаг тармуулаас болж Д.Б бид хоёр маргалдаад намайг боож унагаад нүүр шанаа руу 3 удаа цохисон. Бид хоёрын аль аль нь халамцуу байсан. Тэгээд би мэс засалд орсон. Эмч намайг ахиад мэс засалд ор гэсэн. Хохиролд 1.888.560 төгрөг авсан. Одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг авбал гомдолгүй гэв....

 

Эрүүгийн 1834008240026 дугаартай хэрэгт хохирогч Я.Бямбаагийн /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Я.Бямбаагийн /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Н.Батлайгийн /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч И.Сандагдоржийн /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Ж.Жамъянсүрэнгийн /хх-ийн 21 дүгээр хуудас/, яллагдагч Д.Бын /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ гэх мэдүүлгийн,    

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 665 дугаартай дүгнэлт, гэмтэл согог судлалын үндэсний төвийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний баримт /хх-ийн 23-26, 27-29 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 666 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ болон Борнуурын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-10 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-51, 55 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Улаан даваа” гэх газар иргэн Я.Бямбааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Я.Бямбаагийн ...Д.Б намайг боож газарт унагаагаад би доороос нь дээшээ босох гэсэн боловч дийлж босч чадаагүй. Намайг Д.Б гараараа зүүн шанаа руу болон нүд рүү 2-3 удаа цохисон. Бид хоёрыг Батлай, Сандаг хоёр салгаад намайг гэрт хүргэж ирсэн өөр зүйл болоогүй... ...миний хүнээс гуйж хэрэглэсэн тракторын тармуурыг Д.Б надад хэрэглүүлчихгүй гээд уурлаад байсан юм. Тэрнээс болж надтай Д.Б маргалдаад зодолдсон. Би минийх биш хүнээс очоод гуйгаад ав гэж хэлсэн юм... ...Миний зүүн нүдний ухархайн яс хугарсан, зүүн шанаа цөмрөлттэй, зүүн тохой цууралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн онош тогтоогдсон... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Я.Бямбаагийн ...Д.Б намайг хоёулаа гарч уулзъя гээд дагуулж гараад та тармуураа надад хэрэглүүлээгүй аваачаад өгсөн бас та намайг жоохон байхад Баттөмөртэй яаж зодлоо гэж хэлээд намайг баруун гараараа багалзуурдаад газар унагаагаад зүүн нүд рүү гараараа цохисон. Тэгтэл гэрээс Батлай эхнэртэйгээ гарч ирээд салгаад намайг гэрт хүргэж хүргэж өгнө. Би Д.Бд багалзуурдуулаад доор нь орохдоо  нүүрийг гараараа маажсан... ...зууралдаад дээр доороо орж байхад хажууд хэн ч байхгүй байсан. Намайг Д.Б цохиод дууссан хойно миний дээр гараад надаас зуураад байж байхад Батлай, Сандаг 2 салгасан өөр хүн байгаагүй... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Н.Батлайгийн ...Д.Б, Бямбааг гарч уулзъя гээд дагуулаад гарсан. Гэрт байж байсан чинь чанга дуу гараад байсан яг юу ярьсан нь сонсогдохгүй байсан. Тэгээд би гэрээс гарсан чинь Д.Б, Бямбаагийн дээр гарсан цээжнээс нь заамдсан байдалтай байсан. Тэр үед эхнэр гэрээс гарч ирээд бид Д.Б, Бямбаа хоёрыг салгасан. Бямбаагийн нүднээс бас хамарнаас цус гарсан байсан. Д.Бын нүүр амнаас цус бол ямар ч байсан гараагүй байсан. Тэгээд би Бямбааг гэрт нь хүргэж өгсөн... ...Тэр үед нь хажууд нь байгаагүй ээ. Д.Б, Бямбаагийн дээр гараад зуурсан байхад би болон манай эхнэр Сандагдорж гэрээс гарч ирсэн...  /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч И.Сандагдоржийн ...Д.Б, Бямбаа хоёр гараад явсан. Би гарсан чинь харанхуй шөнө юм харагдахгүй байсан. Д.Б, Бямбаа хоёрыг манай нөхөр салгаад Бямбааг аваад манай нөхөр гэр рүү нь хүргэж өгсөн... ...Д.Б, Бямбаа хоёрыг манай нөхөр салгаад Бямбааг аваад манай нөхөр гэр рүү нь хүргэж өгсөн... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Б-ын ...Я.Бямбаа ах намайг гараараа боосон. Тэгээд намайг эхлээд цохихоор нь би Я.Бямбаа ахтай зодолдоод нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон. Тэгээд тэнд би байхад Батлай, Д.Б нар боль гээд бид хоёрыг салгасан... надад зодуулснаас хойш биед нь гэмтэл учирсан байсан... /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгийн,    

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 665 дугаартай ...Я.Бямбаагийн биед зүүн атгаал яс, зүүн нүдний ухархай яс, зүүн хацар яс, зүүн гайморовийн хөндийн хананд хугарал, зүүн завьжны салстад шарх, дух, баруун эгэмд зулгаралт, эрүү, амны өнцөг хэсэг, шанаа, завьж, хамар, чамархайнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 23-26, 27-29 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 666 дугаартай ...Д.Б-ын биед уруул, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий  гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ болон Борнуурын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-51, 55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Улаан даваа” гэх газар иргэн Я.Бямбааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдыг зодож цохиж байгаа өөийн үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Бямбаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.

 

Мөрдөн байцаалтын шатанд авагдсан хавтас хэргийн 4-9 дүгээр хуудсанд цугларсан баримтаар хохирогч Я.Бямбаа нь шүүгдэгч Д.Б-аас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардалд 1.888.560 /нэг сая найман зуун наян найман мянга таван зуун жар/ төгрөгийн нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шинээр баримтгүй өвчтэй байх 6 сарын хугацаанд нэг сарын 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр цалинжуулж малчин авч ажиллуулсан цалин 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, дахин хагалгаанд орох зардал 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

 

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн шатанд хохирогч Я.Бямбаад 1.880.000 /нэг сая найман зуун наян мянга/ төгрөг, мөн 388.500 /гурван зуун наян найман мянга таван зуу/ төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирогч Я.Бямбаагийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, “ТӨРИЙН” Банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Харин хохирогч Я.Бямбаагийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтгүй өвчтэй байх 6 сарын хугацаанд нэг сарын 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр цалинжуулж малчин авч ажиллуулсан цалин 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, дахин хагалгаанд орох зардал 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг тус тус нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Б-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овгийн Д.Б-ыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О овгийн Д.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О овгийн Д.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. 

         

4. Шүүгдэгч О овгийн Д.Б-д  шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Шүүгдэгч О овгийн Д.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.    

 

6. Хохирогч Я.Бямбаа нь малчны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О овгийн Д.Б-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О овгийн Д.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН