Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01806

 

  

 

 

 

 

 

 

     2025         10            20                                         210/МА2025/01806

                                                 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03441 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 166,161,326 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани нь 2018 оноос хойш “*******” ХХК-тай хамтран ажиллаж, тус компанийн дахин төлөвлөлт хийгээд сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд нь вакум цонхны үйлдвэрлэл, угсралтын ажлыг тухай бүр гэрээгээр тохирч хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* тоот Вакум цонх, хаалт суулгах ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, мөн бичгээр байгуулсан гэрээгүйгээр байрлах хаусны цонхны угсралтын ажлыг 15,120,000 төгрөгөөр тус тус нийт 7 удаагийн гэрээ хэлцлээр 1,103,794,024 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

1.2. Бид гэрээний төлбөрт 550,000,000 төгрөгийг бэлнээр, харин 479,150,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг орон сууцыг бартераар тооцохоор тохирсон байдаг боловч 55,685,000 төгрөгийн үнэ бүхий 1 орон сууцыг бидэнд мэдэгдэлгүйгээр буюу бидний зөвшөөрөлгүйгээр гэх гуравдагч этгээдэд 80,000,000 төгрөгөөр худалдсан байдаг тул манай компани 423,465,000 төгрөгийн үнэ бүхий нийт 5 орон сууцыг гэрээнд заасан ёсоор бартерт тооцож авсан. Ингээд нийт бэлэн болон бартерт шилжүүлсэн авсан төлбөрт 973,465,000 төгрөг авсан байгаа бөгөөд одоо гэрээний үлдэгдэл төлбөр 130,326,024 төгрөг байгаа болно.

Дээр дурдсанаар хариуцагч нь манай компанид бартераар гэрээний төлбөрт өгсөн орон сууцыг бидний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд 80,000,000 төгрөгөөр худалдсан тул олох ёстой байсан орлого буюу хохиролд 24,315,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Түүнчлэн гэрээнүүдийн 7.5-д алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар заасан тул бичгээр байгуулсан гэрээний үлдэгдэл 115,106,024 төгрөгийн 10 хувийн алдангид 11,520,602 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд “*******” ХХК-иас барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 130,326,024 төгрөг, алданги 11,520,602 төгрөг, бартерт орон сууц шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 24,315,000 төгрөг, нийт 166,161,626 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 130,326,024 төгрөг, алдангид 11,520,602 төгрөг, хохиролд 24,315,000 төгрөг нийт 166,161,626 төгрөг гэж тодорхойлж байгаа төлбөр нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурдаж буй гүйцэтгэсэн гэх ажлууд нь биет байдлын доголдолтой, чанарын шаардлага хангахгүй алдаа дутагдалтай байсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааны онцлог нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхыг шаарддаг ба нэгэнт доголдолтой, цонх нь өвлийн хүйтэнд салхи сийгдэг, зун борооны дуслууд нэвтэрдэг доголдлууд илэрсэн. Тодруулбал, нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэсэн гэх 802 болон дугаар байранд оршин суугчдаас цонх нь чанарын шаардлага хангахгүй байна гэх гомдол удаа дараа гаргасаар байна. Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх эрхтэй. Учир нь уг доголдлыг арилгах төлбөр нь нэхэмжлэгчийн шаардаж буй үнийн дүнгээс өндөр өртөгтэй болох юм.

2.2. Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын үр дүнг шилжүүлэх өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд төлбөрийг хувь тэнцүүлэн бууруулах эрхтэй. Гүйцэтгэгч ажлын үр дүн хүлээлгэж өгснөөс хойш захиалагчийн талаас аман хэлбэрээр болон мессенжерээр гаргаж байсан хэдий ч шаардлагыг хүлээн авч, шийдвэрлээгүй өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т "хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно" гэж хуульчилсан. Гүйцэтгэгч “*******” ХХК нь доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй, энэ тохиолдолд хариуцагч “*******" ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэггүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 282 дугаар зүйлийн 282.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 126,726,626 /нэг зуун хорин зургаан сая, долоон зуун хорин зургаан мянга, зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 39,435,000 /гучин есөн сая дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 988,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 791,583.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Талууд 2018 оноос эхлэн хэд хэдэн удаагийн барилгын төсөл дээр хамтран ажилласан. Ийнхүү ажиллаж байх хугацаанд хариуцагч компанийн захирал гийн захиалгаар байрлалтай амины орон сууцны цонхны усгралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Өмнө нь хэд хэдэн удаа хамтран ажиллаж байсан тул тухайн үедээ гэрээг бичгээр байгуулалгүйгээр амаар харилцан тохиролцож ажлыг нэхэмжлэгч компани хийж гүйцэтгэсэн.

Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг "*******" ХХК хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан тус компанийн харилцагчийн дэлгэрэнгүй тайланд тусгагдсан байдаг. Тус тайланг "*******" ХХК-ийн нягтлан бодогч гаргаж өгсөн бөгөөд тайланд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Цонжин цонх авав 15,120,000 гэж тусгагдсан. Дээрх баримтаар хариуцагчийн захиалгаар Цонжинд цонх суурилуулах ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэж, хариуцагч төлбөр төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогддог. Улмаар дээрх баримтыг хариуцагч компани үгүйсгэж, баримтаар няцаагаагүй болно.

4.2. Талууд бичгээр байгуулсан нийт 6 өөр ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу бартераар таван ширхэг орон сууцыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн. Харин 55,685,000 төгрөгөөр харилцан тохиролцсон 1 ширхэг орон сууцыг нэхэмжлэгч компанид мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд 80,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байсан. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс олох байсан орлого буюу хохиролд 24,315,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Учир нь гүйцэтгэгч компаниудын хувьд төлбөртөө эд хөрөнгө тооцон авч, тэрийгээ худалдан борлуулж дараа дараагийн ажлын гүйцэтгэлээ хийх санхүүгийн эх үүсгэврээ бий болгож байдаг.

Гэтэл хариуцагч нь төлбөртөө тооцон өгөхөөр тохиролцсон орон сууцаа худалдан борлуулснаар 55,685,000 төгрөгөөр харилцан тохиролцсон хэмжээд төлбөрийн үүргийг зөрчил үүсэж, мөн нэхэмжлэгчийн олох байсан орлого ч мөн адил үгүй болж, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлж байна. Нэхэмжлэгч олох байсан бол боломжит орлогоороо хохирсон тул хариуцагч нь нэхэмжлэгчийн олох байсан орлого буюу хөрөнгийг үнэгүйдүүлснийг хариуцан төлөх үүрэгтэй юм.

4.3. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 39,435,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг үндэслэлгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03441 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэгдүгээрт, энэ гомдлын агуулгыг дарааллаар нь авч үзвэл, байрлах амины орон сууцны цонхны угсралтын ажил гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын төлбөр болох 15,120,000 төгрөгийг шаардах эрхтэй гэх үндэслэлээр тодорхойлсон. Нэхэмжлэл болон давж заалдах гомдлын агуулгаар авч үзвэл энэ нь “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанаас үүссэн. “*******” ХХК нь байрлах гэх иргэний хувийн орон сууцанд угсралтын ажил хийсэн гэж үзэж байгаа боловч тус компанийн үйл ажиллагаа болон ажлын гүйцэтгэл нь тодорхойгүй.

5.2. Хоёрдугаарт, “*******” ХХК-ийн нягтлан бодогчийн гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх баримт нь “*******” ХХК-ийн нэртэй атлаа зөвхөн “*******” ХХК-ийн тамга дарагдсан. Уг тайланг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож “*******” ХХК үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч болон хариуцагчийн гол маргаан нь хариуцагчийн зүгээс тухайн тайланг үйлдээгүй бөгөөд “*******” ХХК өөрсдөө үйлдэж тамга тэмдэгтээ дарсан учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариуцагчийн зүгээс маргадаг.

Хариуцагчийн зүгээс хоёр талын хооронд хийгдсэн сүүлчийн тооцооны баримтыг хүртэл гаргаж өгсөн бөгөөд уг сүүлийн тооцоогоор нийт төлбөр нь 1,029,150,000 төгрөгөөс 973,460,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 55,000,000 төгрөгт бартерын нэг орон сууц хүлээлгэн өгөхөөр болсон. Тус орон сууцыг хүлээлгэн өгөөгүйтэй холбоотойгоор “*******” ХХК-ийн хийсэн цонхны чанар, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар харилцагчдын гомдол гарч, үүнээс шалтгаалан хоёр тал гомдлыг хэрхэн, ямар хугацаанд, ямар байдлаар шийдвэрлэх талаар маргаан үүссэн.

5.3. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн борлуулсан гэх орон сууцыг 80,000,000 төгрөгөөр борлуулсан эсвэл борлуулах боломжтой байсан гэдгийг нотолсон нотлох баримт байхгүй. Орон сууцыг 55,000,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг 80,000,000 төгрөгөөр борлуулсан гэдэг нь хариуцагчийн зүгээс гуравдагч этгээдэд худалдсан тухай баримт болохоос биш, нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого гэдгийг нотлохгүй. Бартерын журмаар шилжүүлэх ёстой орон сууц нь ирээдүйд тодорхой үнийн дүнгээр зарагдана гэж урьдчилан олох ёстой байсан орлого гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан ирээдүйд олох ёстой байсан орлого гэх ойлголтыг заасан боловч уг тохиолдолд бартерын үнийн дүнгийн зөрүүг ирээдүйд олох ёстой байсан орлого гэж үзэх боломжгүй гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн хуудас 11-н сүүлийн өгүүлбэрт талууд дээрх 6 гэрээ болон гэрээний хавсралт тус бүрт гарын үсэг зурж, баталгаажуулсан, дээрх 6 төрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх талаар, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг гэжээ.

Энэхүү дүгнэлт нь илт үндэслэлгүй бөгөөд 6 төрлийн ажил гүйцэтгэх гэрээний 1 гэрээ болох 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот Вакум цонх, хаалт суулгах ажил гүйцэтгэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангасан хувиар хэрэгт авагдаагүй, уг гэрээний үнийн дүн нь мөн эсэхийг нотлох баримтыг талуудын хэн аль нь шүүхэд гаргаж өгөөгүй байна гэх үндэслэлээр бид маргасан.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/Ш32025/11404 дугаартай "Хүсэлт шийдвэрлэн, нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай" захирамжаар маргаан бүхий гэрээг баталгаажуулахад талуудаас гаргаж өгсөн гэрээний хуулбар, бүртгэлийн дэвтэрт хэрхэн бүртгэгдсэн талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба үүний дагуу нотариатч аас тухайн гэрээний хуулбар ирээгүй мөн нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар ирүүлсэн боловч, ямар үнийн дүнтэй, ямар гэрээ байгуулсан нь уг тэмдэглэлээс харагдахгүй.

6.2. Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр, ямар нотлох баримтаар талуудын хооронд байгуулагдсан 6 төрлийн ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд ямар ч маргаан байхгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрхээс үзвэл анхан шатны шүүх гэрээний нийт дүнг тооцоолохдоо нотлох баримт биш, шаардлага хангахгүй, үнэн зөв эсэх нь мэдэгдэхгүй 1 гэрээг оролцуулж, 6 төрлийн Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэн тооцоолж, таамаглаж шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх, нотлох баримтад үндэслэх шаардлагад нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шаардлага болох 166,161,626 төгрөгөөс 55,685,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдсэн 110,476,626 төгрөг нь хэрэгсэхгүй болгох байсан. Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн хэсэг болох 126,726,626 төгрөгийн 55,685,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдсэн 71,041,626 төгрөгийг хангах боломжгүй байсан гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

6.3. Алдангид 11,520,602 төгрөг хангасан нь үндэслэлгүй тухайд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж тусгайлан хуульчилсан. Үүнд, гүйцэтгээгүй үүрэг, хоног тутам буюу нийт хэтрүүлсэн хугацаа ба түүний үнийн дүнгийн 0.5 хувь хүртэлх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг хангаж байж алдангийг зөв тодорхойлох шаардлага үүснэ.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэдэн төгрөгөөс алданги бодож, нийт хэдэн хоногт үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа мөн тэр нь хэдэн төгрөг болсон учраас шууд 10 хувьд нь тулгаж алдангийг бодож хуульд нийцсэн гэж үзсэн нь тодорхойгүй байх тул шүүх Иргэний хуулийн 232.6-г буруугаар тайлбарлан хэрэглэсэн ба шүүх хэт нэг талыг барьж талуудын тэгш эрхийн хүрээнд нотлох баримтад үндэслэн мэтгэлцэхээр тогтоосон хуулийн шаардлагыг зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн зүгээс “2018 оны дугаартай гэрээг байгуулсан нь үнэн, гэхдээ үнийн дүн нь өөр байсан” гэх агуулгаар маргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 2018 онд байгуулсан дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар хариуцагч компанийн зүгээс гаргуулах хүсэлт гаргасан. Гэвч хариуцагч компани “уг гэрээ манайд байхгүй, гаргаж өгөх боломжгүй” гэж мэдэгдэж, баримт гаргахаас татгалзсан. Улмаар уг гэрээ нь өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан өөр нэг хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан байсан тул бид шүүхэд хүсэлт гаргаж улмаар хэрэгт хавсаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотариатч аас 2018 оны дугаартай гэрээг хуулбар үнэн гэж гэрчилсэн бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргуулж авсан. Уг бүртгэлийн дэвтэр нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хоорондох хугацаанд хөтлөгдсөн. Тухайн дэвтэр дээр 2018 оны дугаартай гэрээ он, сар, өдөр, дугаартайгаа тодорхой бичигдсэн. Нотариатч бүртгэлийн дэвтэр дээр “хуулбар үнэн” гэх тэмдэглэл хийхдээ гэрээний үнийн дүнг заавал бичих, эсвэл үнийн дүнг бичээгүй тохиолдолд тухайн хуулбар нотлох баримт болохгүй гэх ямар нэгэн зохицуулалт байхгүй. Мөн нотариатч “хуулбар үнэн” гэж баталгаажуулах үед тухайн гэрээний нэг хувь нотариатч дээр үлддэггүй.

Харин талууд гэрээгээ нотариатаар гэрчлүүлж байгаа тохиолдолд гэрээний нэг хувь нотариатч дээр үлдэх ёстой. Гэхдээ эх баримт бичгээс хуулбар үнэн даруулж байгаа нөхцөлд нотариатч бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийж, тухайн гэрээнд “хуулбар үнэн” гэсэн бичиг, мөнгөн тэмдэг, тэмдгээ дарсны дараа эх баримтыг буцаан олгодог. Бүртгэлийн дэвтэр дээр тухайн гэрээг “хуулбар үнэн” гэж гэрчлүүлсэн тухай тэмдэглэл тодорхой байдаг. Иймээс анхан шатны шүүх “талуудын хооронд бичгээр 6 төрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэйн адил, хариуцагч мөн өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэв хариуцагч 2018 оны дугаартай гэрээний үнийн дүн 405,000,000 төгрөг биш гэж маргаж байгаа тохиолдолд яг хэдэн төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан болохоо өөрөө баримтаар нотолж шүүхэд гаргаж өгөх ёстой. Гэвч энэ үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

Мөн алдангийн тухайд талуудын хооронд байгуулсан гэрээнүүдэд алдангийн нөхцөл тус тусдаа тодорхой заагдсан. Улсын комисс барилгыг хүлээн авсан акт, ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга ашиглалтад оруулсан гүйцэтгэлийн актад хамгийн сүүлийн хугацаа нь 2022 оны 12 дугаар сар гэж тусгагдсан. 2022 оны 12 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 480 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн. Өдрийн алданги 430,000 төгрөгөөр тооцвол нийт алданги ойролцоогоор 113,000,000 төгрөг болсон. Анхан шатны шүүх гэрээнд заасны дагуу алдангийг 10 хувиас хэтрүүлэхгүй хэмжээнд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 166,161,326 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11- дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тухайн гэрээгээр “*******” ХХК нь Баянгол дүүргийн нд баригдаж буй ы 2 дугаар ээлжийн байрны барилга угсралтын ажлыг “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт”-д заасан ажлыг стандартын шаардлага хангасан материалаар батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх, “*******” ХХК нь гэрээний нийт төлбөр болох 405,984,221 төгрөгийн 223,291,321 төгрөгийг бэлнээр, 162,393,688 төгрөгийг бартераар, харин үлдэх 20,299,211 төгрөгийг Барилгын тухай хуулийн дагуу баталгаа болгон авч үлдэхээр, /1хх-26-32/

 

3.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тухайн гэрээгээр “*******” ХХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт”-д заасан ажлыг стандартын шаардлага хангасан материалаар батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх, “*******” ХХК нь гэрээний нийт төлбөр болох 59,210,160 төгрөгийн 32,565,588 төгрөгийг бэлнээр, 23,684,064 төгрөгийг бартераар, харин үлдэх 2,960,508 төгрөгийг Барилгын тухай хуулийн дагуу баталгаа болгон авч үлдэхээр, /1хх-5-11/

 

3.3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тухайн гэрээгээр “*******” ХХК нь Чингэлтэй дүүргийн хороо, ийн өргөтгөлийн барилгын ажлыг “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт”-д заасан ажлыг стандартын шаардлага хангасан материалаар батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх, “*******” ХХК нь гэрээний нийт төлбөр болох 40,080,622 төгрөгийн 22,044,342 төгрөгийг бэлнээр, 16,032,248 төгрөгийг бартераар, харин үлдэх 2,004,032 төгрөгийг Барилгын тухай хуулийн дагуу баталгаа болгон авч үлдэхээр, /1хх-12-18/

 

3.4. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тухайн гэрээгээр “*******” ХХК нь Баянгол дүүргийн хороо, сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт”-д заасан ажлыг стандартын шаардлага хангасан материалаар батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх, “*******” ХХК нь гэрээний нийт төлбөр болох 144,596,600 төгрөгийн 7,229,830 төгрөгийг гэрээний 8 дугаар зүйлд заасан хугацаагаар авч үлдэж, харин үлдэх 137,366,770 төгрөгийн 55 хувийг бэлнээр, 45 хувийг бартераар өгөхөөр, /1хх-33-39/

 

3.5. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тухайн гэрээгээр “*******” ХХК нь Налайх дүүргийн , , -ийн оюутны хөгжлийн төсвийн барилгын ажлыг “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт”-д заасан ажлыг стандартын шаардлага хангасан материалаар батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх, “*******” ХХК нь гэрээний нийт төлбөр болох 44,393,440 төгрөгийн 2,219,672 төгрөгийг гэрээний 8 дугаар зүйлд заасан хугацаагаар авч үлдэж, харин үлдэх 42,173,768 төгрөгийн 55 хувийг бэлнээр, 45 хувийг бартераар өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /1хх-19-25/

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4.1. Талууд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 20/03 дугаар гэрээг тус тус байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй.

 

4.2. Мөн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан болон “*******” ХХК-ийн харилцагчийн тооцоо гэх хоёр талын баримтаар хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д гэрээний үүрэгт нийт 550,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийт 338,365,000 төгрөгийн үнэ бүхий 4 орон сууц, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 85,100,000 төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц, нийт 423,465,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д шилжүүлэн өгсөн. /1хх-157, 170-171/ Уг үйл баримтад талууд маргаагүй.

 

4.3. Харин талууд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар гэрээ байгуулагдсан эсэх болон байрлах хаусны цонх угсралтын ажил гүйцэтгэх 15,120,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар маргасан.   

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

5.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай Вакум цонх хаалт суулгах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр талаар дүгнэснийг зөв гэж үзнэ. Учир нь,

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 164-169 дэх талд авагдсан маргаан бүхий гэрээний хуулбарыг нэхэмжлэгч тал Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Хуулбар үнэн” дардас даруулж, хэрэгт хавсаргуулсан байх ба шүүх уг баримтыг шаардлага хангаагүй гэж үзэж, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр захирамжаар танхим болон нотариатч нараас гэрээний хуулбар, бүртгэлийн дэвтэрт хэрхэн бүртгэгдсэн талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн. /1хх-176-177/

 

Шүүгчийн захирамжийн дагуу танхимаас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр албан бичгээр “тухайн баримт нь нотариатчид өөрт нь хадгалагдаж байгаа” гэх хариу өгсөн. /1хх-183/

 

Харин Нийслэлийн тойргийн нотариатч аас 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийгдсэн нотартиатын бүртгэлийн дэвтрийг ирүүлсэн ба уг дэвтрийн дугаарт 2018 оны ******* дугаар гэрээний хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн тухай бүртгэл хийгдсэн байна. /1хх-186/

 

Маргаан бүхий гэрээнд дарагдсан нотариатын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн тэмдэглэгээ нь нотариатч ын бүртгэлийн дэвтрийн холбогдох дугаарлалттай тохирч байх тул  Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар дээрх гэрээг эх хувийг үндэслэн хуулбарыг гэрчилсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд талууд  2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай “Вакум цонх хаалт суулгах ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр хийсэн  гэж үзэхээр байна.  

 

Түүнчлэн, хариуцагч “*******” ХХК-ийн гаргаж өгсөн “Харилцагчийн тооцоо /*******/” гэх тооцооны баримтаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөг, нийт 115,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д талуудын хооронд байгуулсан маргадаггүй эхний гэрээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11- дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахаас өмнө шилжүүлсэн.  /1хх-157/

 

Мөн хэргийн 1 дүгээр хавтасны талд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэлийн хуудас”-т дугаар барилгын цонхны ажил гүйцэтгэлийг актаар хүлээн авсан ба уг актаар тус байранд хийгдсэн 1140.99 м.кв хэмжээтэй 72-н рамтай цонх, 441.15 м.кв хэмжээтэй баруун, зүүн талын тагтны цонх, 478.4 м.кв талбайтай урд талын тагтны цонхны ажил буюу 2060.54 м.кв талбай бүхий цонхны ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, хариуцагч “*******” ХХК-ийг төлөөлж  гүйцэтгэх захирал , ерөнхий инженер нар гарын үсэг зурж, баталгаажуулсан.

 

Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь дугаар байрны цонхны ажлыг гүйцэтгэсэн гэж үзэхээр байх ба хариуцагч тал дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй.

 

Иймд Баянгол дүүргийн , ы 2 дугаар ээлжийн дугаар орон сууцны барилгын цонх угсрах 405,984,221 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгүүлэхээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан, уг гэрээний ажлын хөлсийг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хариуцагч талын “2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, ийм гэрээ байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй байхад уг гэрээний үнийн дүнг тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.2. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 15,120,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаныг баримтаар нотлоогүй тул хэрэгт авагдсан хариуцагч "*******" ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Тодруулбал, тухайн хариуцагч "*******" ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх 1 дүгээр хавтасны 41 дүгээр талд авагдсан баримтад нэхэмжлэгч "*******" ХХК-ийн тамга дарагдсан байх боловч хариуцагч "*******" ХХК-иас гарын үсэг зурж, тамга дараагүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч "*******" ХХК-ийг хүлээн аваагүй байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй.

 

Дээрх үндэслэлээр байрлах хаусны цонх угсралтын ажлын хөлс 15,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх “Нэхэмжлэгч хувийн хауст цонх суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй, хариуцагч уг хийж гүйцэтгэсэн гэх ажлын хөлсийг төлөх үүрэг үүсээгүй” гэж дүгнэсэнийг буруутгах үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.3. Дээр дурдсан 6 гэрээний дагуу нийт 1,088,674,024 төгрөгөөс хариуцагч “*******” ХХК нь 550,000,000 төгрөгийг бэлнээр, 423,465,000 төгрөгийг бартер хэлбэрээр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж, үлдэх 115,206,024 төгрөгийн үүрэг үлдсэн талаар анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

6. Талууд ажил гүйцэтгэх гэрээ бүрийн 7.5-д захиалагч гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй 7 ба түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаан хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлөх ба алдангийн хэмжээ нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн ба нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч “*******” ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгч “*******” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд 115,206,024 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй бөгөөд үүний 0.2 хувийн алданги 230,412 төгрөг ба нийт 109 хоногт тооцвол 25,114,908 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй.

 

Гэвч гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж тохиролцсон тул уг үнийн дүнгийн 10 хувь 11,520,602 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв тул хариуцагчийн алдангийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгч “олох байсан орлого буюу хохиролд 24,315,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “манай компанид бартераар шилжүүлэх байсан 55,685,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч бусдад 80,000,000 төгрөгөөр худалдсан тул зөрүү төлбөрийг гаргуулна” гэж тодорхойлсон.

 

Гэвч хариуцагч “*******” ХХК нь бусадтай гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхдээ гэрээний үнийн дүнг тохиролцон тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд хамаарах тул хариуцагчийн гуравдагч этгээдтэй тохиролцсон үнийн дүнгээр өөрт хохирол учирсан гэж нэхэмжлэгч шаардах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн хохиролд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

8. Харин анхан шатны шүүх уг хохиролтой холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шаардах эрхийн холбогдох зохицуулалт болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн заасантай нийцнэ.

 

9. Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03441 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,125 төгрөг, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 514,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ГАНДИЙМАА

 

 

                            ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА