Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         04              11                                           2019/ШЦТ/122                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д.О-д холбогдох эрүүгийн 1934002280145 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлснийг хянан хэлэлцэв.   

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар багийн 20-1-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 860723 регистрийн дугаар Б овгийн Д.О

  

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.О нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.Солонгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 

 

 

 

 Эрүүгийн 1934002280145 дугаартай хэрэгт хохирогч О.Солонгийн /хх-ийн 10, 13 дугаар хуудас/, яллагдагч Д.О-ны /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 180 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 9 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 37-38 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 32-37, 41 дүгээр хуудас/, хохирогч О.Солонго болон шүүгдэгч Д.О нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

   

Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.Солонгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч О.Солонгийн ...Д.О хувцсаа тайл хоёулаа унтъя гээд миний хувцсыг тайлуулж байгаад өмнөх нөхрийг хэлж байгаад үснээс зулгаагаад чирээд хутга хайгаад байсан. Би хутгаа нуусан байсан. Би ерөөсөө чамайг ална гээд чи янхан биз дээ гээд байнга толгой руу цохиод байсан. Гарт тааралдсан болгоноор цохиод байсан. Тэгээд толгой хагараад цус гоожсон, тэгтэл чи ямбалаад байгаарай гээд нөхөр Д.О дээрээс дэвслээд байсан... ...Д.О-тай суугаад 3 жил болж байна. Эрүүл байсан ч юм авч шиддэг байнгын үс гэзэгнээс зулгаасан. Түүнээс болоод би ажлаасаа гарч байсан... /хх-ийн 10 дугаар хуудас/,

...гэрээ цоожлоод унтаж байсан чинь Д.О гэрт ороод ирчихсэн зогсож байсан энэ үед 02 цаг болж байсан. Тэгээд Д.О намайг дуудаж сэргээгээд одоо хоёулаа унтаж амаръя гээд орондоо орж хэвтсэн чинь Д.О чи миний хүүхдийг газар шагайсан гэж хэлсэн гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл Д.О миний үснээс зулгаагаад газар байсан гутлаараа миний нүүр бие рүү нэлээд хэдэн удаа цохисон. Тэгээд би нүүрээ гараараа хаасан. Миний толгой хоёр газраа хагарсан цус гараад байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ороод ирсэн... /хх-ийн 13 дугаар хуудас/,

яллагдагч Д.О-ны ...Солонго бид хоёр хүүхдээсээ болж муудалцаад манай хүүхдийг тэнэг газар шагайж явдаг чи тэр эхнэр рүүгээ утсаар ярь гэх зэргээр хэлээд бид хоёр маргалдаж хэрэлдсэн. Тэгээд би босоод би Солонгоогийн үснээс зулгаагаад газар байсан гутлыг аваад Солонго руу шидэж толгой руу нь цохисон. Тэгээд Солонгоо толгой хагалчихлаа гэж хашхирсан. Удалгүй цагдаа орж ирээд намайг аваад явсан... /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 180 дугаартай ...О.Солонгийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэний булчин, зүүн шилбэнд цус хуралт, баруун мөр, сарвуу, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун хацар, зүүн чамархайд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 9 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 37-38 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 32-37, 41 дүгээр хуудас/, хохирогч О.Солонго болон шүүгдэгч Д.О нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна. 

    

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.   

Прокуророос шүүгдэгч Д.Од холбогдох эрүүгийн 1934002280145 дугаартай хэргийг шүүгдэгч Д.О-ны гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч О.Солонго нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч Д.О-ны согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.Солонгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамтран амьдарч байгаа хүнийг зодож цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.О-ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.О-ны гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Солонгийн эрүүл мэндэд биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэний булчин, зүүн шилбэнд цус хуралт, баруун мөр,  сарвуу, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун хацар, зүүн чамархайд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.   

 

Хохирогч О.Солонгийн, шүүгдэгч Д.Оаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан О.Солонгын хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан нь хавтас хэргийн 39, 40 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.О-ныг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Од хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялаас дээгүүр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Онь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй,, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

                    36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    

4. Шүүгдэгч Б овгийн Д.Од шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

5. Шүүгдэгч Б овгийн Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч О.Солонго нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН