Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0196

 

“И к Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц-А, өмгөөлөгч Г.Б-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 888 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “И к Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 888 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.5, 14.6 дахь хэсгийг тус тус баримтлан “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 392 тоот тушаал, тус хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай “И к Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр талуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг баталгаажуулсан тушаалыг хүчингүй болгосон байсан. Харин энэ талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй бөгөөд “И к Б” ХХК мэдээгүй явж байсан. Гэтэл хариуцагч байгууллага 2019 оны 07 дугаар сард хуулиар тогтоосон дүрмийн сангийн хэмжээ хуульд тогтоосон хэмжээнд хүрэхгүй байгаа учир танай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар оруулах гэж байгаа гэж маргаан бүхий мэдэгдлийг ирүүлсэн байдаг. 2019 оны 07 дугаар сард ирсэн энэ мэдэгдлийн дараа буюу 2019 оны 08 дугаар сард өмнө нь дүрмийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг баталгаажуулсан байсан тушаалыг хүчингүй болгосон 2019 оны 05 сарын тушаал нь ирсэн. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр энэ мэдэгдлийг аваад манай байгууллага яагаад дүрмийн сангийн хөрөнгийн хэмжээ хүрэхгүй байгаа юм бол гэж гайхсан. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэтэл хариуцагч нь уг заалтыг зөрчиж сонсох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгч байгууллага нь дүрмийн сангийн хэмжээгээ 1.000.000.000 тэрбум хүргэсэн, одоо сүүлд батлагдсан тушаалын дагуу 400.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж 1.400.000.000 төгрөг болгоно гэж төлөвлөөд явж байсан байдаг. Гэтэл энэ асуудлын талаар тайлбар, тодруулга гаргах боломж нөхцлийг бүрдүүлээгүй байж араас нь дахин танай байгууллага дүрмийн сангийн хувь нийлүүлсэн хэмжээгээ нэмэгдүүлээгүй байна, тусгай зөвшөөрлийг чинь цуцлах тухай асуудлыг хурлаар шийдвэрлэнэ гэх нэхэмжлэгчид чиглэсэн үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэх, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсгэх эрх зүйн үр дагавар үүсгэхээр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн захиргааны акт ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь өмнө 800.000.000 төгрөг байсан дүрмийн сангаа 200.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж 1.000.000.000 төгрөг болгосон байж сүүлд батлагдсан тушаалын дагуу одоо 400.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэх биш 600.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэх болчихоод байгаа юм. Захиргааны байгууллагын алдаатай, сонсох ажиллагаа хийгдээгүй шийдвэрийн улмаас манай талын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүхээс энэ бүх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт дүгнээгүй, нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч “И к Б” ХХК нь “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” 9/2950 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

          Анхан шатны шүүх “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх боловч “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” 9/2950 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.

          Маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 392 тоот тушаалаар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх тухай” 196 дугаар тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн үндэслэл хуульд нийцсэн талаар анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч “И к Б” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дүрмийн сангаа 200.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаалаар дээрх өөрчлөлтийг зөвшөөрсөн байх боловч ийнхүү дүрмийн сангаа нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагаас дүрмийн санд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан, уг татгалзсан үйлдэл  хуульд нийцсэн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг дүрмийн сангаа нэмэгдүүлсэн гэж үзэх боломжгүй, хариуцагч нь хувьцаа эзэмшигч Г.Ганчимэгийн гомдлоор түүнд сөрөг нөлөөлөл бүхий 196 дугаар тушаалаа хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасантай нийцсэн гэж үзнэ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 5.1.5-д “Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад зохих тэмдэглэгээг хийж, баталгаажуулсны дараа ББСБ нь улсын бүртгэлийн байгууллагад холбогдох бүртгэлийг хийлгэнэ”, 5.1.6-д “ББСБ нь өөрчлөлт орсон улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл эх хувийг Хороонд ирүүлнэ” гэж заасан бөгөөд дээрх журмын дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулж гэрчилгээ болон дүрмээ хороонд ирүүлэх боломжгүй болсон нь илэрхий тохиолдолд хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

         Түүнчлэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэн урьд гаргасан захиргааны актаа хүчингүй болгосон тохиолдолд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сонсох ажиллагаа хийгээгүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

          Харин “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай”  9/2950 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

          Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай”  9/2950 тоот албан бичгээр тус хорооны 2017 оны 27 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хуваарийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор тогтоосон хэмжээнд хүргэх үүргээ биелүүлээгүй тул үйл ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл бий болсныг хорооны 2019 оны 8 дугаар сарын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх болсныг мэдэгджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 “Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу  банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ: 19.2.2 “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 8 дугаар зүйлийн 8.1 “Хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд Хорооны дарга гарын үсэг зурна” гэж заасны дагуу хуралдаанаар хэлэлцэж олонхийн санал авсан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж ойлгохоор байх бөгөөд ийнхүү хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсныг мэдэгдсэн албан бичгийг “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон”, “заавал биелэгдэх захирамжилсан шинжийг агуулсан” гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг хангасан, сонсох ажиллагааны мэдэгдэл гэж үзэхээр баримт бичгийг захиргааны актад хамааруулан ойлгох боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 888 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И к Б” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай”  9/2950 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасныг тус тус баримтлан “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 392 тоот тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн “И к Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Н.Хонинхүү

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН