Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2026/0055

 

“О” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:      Д.Мөнхтуяа

Шүүгчид:                          Г.Банзрагч

        М.Батсуурь

Илтгэгч шүүгч:             Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0081 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2026/0197 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 219 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.А, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектурын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ч, Б.Б нарыг оролцуулан, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч “О” НҮТББ-аас 1) нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн *** нэгж талбарын дугаар бүхий газрын усны онцгой хамгаалалтын бүсэд давхцалтай 29094 м.кв хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, *** болон *** нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”, 2) Улаанбаатар хотын ерөнхий архитектурт холбогдуулан “2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ***, *** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”, 3) Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд холбогдуулан “2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай “Э” ХХК-ийн А блок-128, В блок-140, Г блок-287 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”, 4) Барилгын хөгжлийн төвд холбогдуулан “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Анхан шатны шүүхийн шийдвэр:

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0081 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 21.2.4, 21.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн ерөнхий архитектор, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2026/0197 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

4.Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. (Агуулгаар тусгав)

4.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхүүдийг эдэлж, харин түүний үндэслэлийг нотлох үүргийг хүлээхээр тус тус хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ удаа дараа, өөрчилж, тодруулсан. Мөн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар шүүхэд тайлбарласан байдаг.

4.2.Тодруулбал, мөн өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нийтийн өмчийн асуудал болон хүрээлэн буй орчны гэх хоёр асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа талаараа дурдаж, маргаан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор “... тухайн газрыг нийтээрээ ашиглах эрх сэргэнэ, мөн хүн амыг үер, усны эрсдэлд орохоос сэргийлэгдэнэ” гэж тодорхой маргасан.

4.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуулийн энэ үндэслэлд хамаарч байгаа тохиолдолд эрх хэмжээнийхээ хүрээнд хэргүүдийг нэгтгэх зохицуулалтай.

4.4.Гуравдагч этгээдээс нийслэлийн Засаг даргын дээр дурдсан 2023 оны А/1000, А/1002 дугаар захирамжуудыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус хэрэг нь энэхүү захиргааны хэрэгтэй маргааны үйл баримт харилцан адилгүй, нэхэмжлэгч болон маргаан бүхий захиргааны актууд зэрэг нь өөр, өөр бөгөөд цуглуулах нотлох баримтын хувьд ч харилцан адилгүй тул энэхүү хоёр захиргааны хэргийг нэгтгэж шийдвэрлэх шаардлагагүй байтал энэ маргаануудыг нэг дор шийдвэрлэх шаардлагатай, хоорондоо харилцан уялдаа холбоотой мэтээр дүгнэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

4.5.Маргаан бүхий газар нь усны хамгаалалтын бүстэй давхцаж байгаа эсэх, энэ нь холбогдох хууль, журамд нийцсэн эсэх талаарх маргааны үйл баримт нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэрээр “гуравдагч этгээдийн маргаан бүхий газар нь онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй болох нь тухайн үед мөрдөгдөж байсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.4-т зааснаар тогтоогдсон талаар” дүгнэж шийдвэрлэсэн үйл баримттай ижил тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т нийцэж байгаа.

4.6.Гэтэл давж заалдах шатны шүүхээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 111 дүгээр тогтоолын 41-д, 147 дугаар тогтоолын 8-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дахь хэсгийг тайлбарласнаас өөрөөр хэрэглэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 219 дүгээр хэлэлцүүлэх тогтоолоор гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 120 дугаар зүйлийн 120.1, 120.3, 121 дүгээр зүйлийн 121.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл хэвээр үлдээх, анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрх олгогдсон.

8.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, мөн хуулийн 121.3.1-121.3.7 дахь заалтад давж заалдах шатны шүүх ямар тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийг тодорхой хуульчилсан байна.

9.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

10.Ингэхдээ магадлалд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэх боловч хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгаас үзэхэд хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал,

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэх тухайд:

11.Нэхэмжлэгч “О” НҮТББ-аас 1) нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн *** нэгж талбарын дугаар бүхий газрын усны онцгой хамгаалалтын бүсэд давхцалтай 29094 м.кв хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, *** болон *** нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”, 2) Улаанбаатар хотын ерөнхий архитектурт холбогдуулан “2022 оны 03 дугаар сарын 23-н ы өдрийн ***, *** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”, 3) Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд холбогдуулан “2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай “Э” ХХК-ийн А блок-128, В блок-140, Г блок-287 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”, 4) Барилгын хөгжлийн төвд холбогдуулан “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага[1] гаргаж,

12.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нийтээр ашиглах газрыг хуулийн этгээдэд олгож Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн ... Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг зөрчиж орон сууцны барилга бариулах зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргасан. ... дунд голын онцгой хамгаалалтын бүсэд Улаанбаатар хотын иргэдийн эрх, ашиг сонирхол, туулд гол үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцож үзэлгүйгээр барилга барих эрх олгосон” гэж, шүүх хуралдаанд “хотын оршин суугчдын тус газрыг нийтээрээ ашиглах эрхийг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

13.Нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ бүрэн тодорхойлсон, нэмж тодруулах шаардлагагүй талаар тайлбарлаж буй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө эрхийн хүрээнд тодорхойлсон шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёр.Хэргийг нэгтгэх шаардлагатай гэх тухайд:

14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж зааснаар 1) нэхэмжлэлийн нэг зүйлийн талаар хэрэг үүссэн, 2) нэг этгээдээс өөр өөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэлийг нэгдмэл байдлаар шийдвэрлэх боломжтой.

15.Энэ хэргийн хувьд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн төрийн бус байгууллагын гаргасан нэхэмжлэлээр хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Маргааны хувьд хариуцагч төрийн байгууллагуудаас гуравдагч этгээдэд газар эзэмших эрх болон барилгын ажлын зөвшөөрөл олгож, дүгнэлт гаргасан нь Газрын тухай хууль, Усны тухай хууль, бусад холбогдох хууль, дүрэм, журам зөрчсөн эсэх, нийтийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн эсэхтэй холбоотой байна.

16.Харин давж заалдах шатны шүүхийн нэгтгэх шаардлагатай гэж дүгнэсэн “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэрэг нь дээрх хэргийн гуравдагч этгээдээс өөрийн субьектив ашиг, сонирхлын үүднээс, газрын хэмжээ багасгасан, ашиглалтад ороогүй 2 барилгыг албадан буулгах шийдвэртэй холбогдуулан маргасан байна.

17.Уг хоёр хэргийн үйл баримтын зарим хэсэг давхцаж болох ч маргааны агуулга, үндэслэлүүд харилцан адилгүй, нэхэмжлэгч нар нь өөр, өөр субъектүүд байхын дээр өөр, өөр эрх, ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хэргийг зайлшгүй нэгтгэх урьдчилсан нөхцөл үүсээгүй.

18.Өөрөөр хэлбэл, нэг процесс ажиллагаагаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, зөрчигдсөн гэж маргаж буй эрх ашиг нь өөр, нотлох баримт үнэлэх ажиллагаа харилцан адилгүй, үүнээс хамаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, процесс эсрэгцэх эрсдэлтэй тул хэрэг нэгтгэх ажиллагааны зорилгод үл нийцнэ.

Гурав.Маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэх тухайд:

19.Давж заалдах шатны шүүх “2003 оны үер болсонтой холбоотой үйл баримтуудыг буюу нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1000, А/1002 дугаар захирамжууд гарах болсон шалтгаан үндэслэл, түүнд хамаарах үйл баримтыг бүрэн тодруулах шаардлагатай. ... Усны энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх нь нийтэд хор хөнөөлгүй гэж үзэх эсэх, энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэл тус бүрийг авч үзэж, үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна” гэж дүгнэж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нэг үндэслэл болгожээ.

20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж тус тус заасан.

21.Энэ хэргийн тухайд, маргааны үйл баримтад холбогдуулан анхан шатны шүүхээс цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь буруу.

22.Анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл ойлгомжгүй, үндэслэл муутай гэж үзэх тохиолдолд давж заалдах шатны шүүх өөрөө зөвтгөн дүгнэж шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээ, процессын алдааг залруулах нь давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

23.Ийнхүү давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.

24.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээ, давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2026/0197 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

      ШҮҮГЧИД                                                               Г.БАНЗРАГЧ

                                                                             М.БАТСУУРЬ

                Ц.ЦОГТ

 

[1] 3 дугаар хавтаст хэргийн 236 дахь талд,