Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 361

 

 

 

 

 

 

 

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

улсын яллагч Н.Алтантүлхүүр,

ялтан Г.Амарсайхан

ялтан Г.Амарсайхан, Г.Загдаа нарын өмгөөлөгч Ч.Ням,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Загдаа, Г.Амарсайхан нарын өмгөөлөгч Ч.Нямын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201625031329 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Олхонууд овгийн Гэндэндаржаагийн Загдаа, 1959 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Зөв амьдрах ухаан” ТББ-ийн тэргүүн ажилтай, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух,

Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 5 дугаар шүүхийн 1983 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж хугацаа дуусч суллагдсан, /РД:МИ59061915/;

Боржигон овгийн Гомбосүрэнгийн Амарсайхан, 1965 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Зөв амьдрах ухаан” ТББ-ийн менежер ажилтай, ам бүл 8, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, /РД:МИ65041206/,

Г.Загдаа, Г.Амарсайхан нар нь бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төв байрны гадна болон дотор талд “Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзуулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан, төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарыг танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэснийг эсэргүүцэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Г.Загдаа, Г.Амарсайхан нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Загдаа, Г.Амарсайхан нарыг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарыг танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэснийг эсэргүүцэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5-т зааснаар шүүгдэгч Г.Загдаад 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, Г.Амарсайханд 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Загдаад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид, Г.Амарсайханд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Загдаа, Г.Амарсайхан нар нь 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Загдаад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Г.Амарсайханд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж, Эрүүгийн Байцаан Шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди-г хэрэгт  хавсаргаж, уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдаж,  гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Загдаа, Г.Амарсайхан нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Г.Загдаа,  ялтан Г.Амарсайхан нарын өмгөөлөгч Ч.Ням давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Г.Загдаа, Г.Амарсайхан нарыг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан, төрийн тусгай хамгаалалттай газрын ажилтан нарыг танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэснийг эсэргүүцэж догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5-т зааснаар Г.Загдааг 3 жил 6 сар, мөн Г.Амарсайханыг 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулсан. Болсон үйл явдлын тухайд: ялтан Г.Загдаа, Г.Амарсайхан нар нь 2016 оны 7 сарын 04-ний өдөр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагад 2013 оноос 2016 оныг дуусталх хугацаанд амьдарч, нийгэмшиж байгаа орон гэргүй, тэнэмэл 50 иргэний 2015 оны 2 дугаар улиралд дутуу олгосон санхүүжилтээ авах, 2016 оны санхүүжилтийг нэхэж авах асуудлаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1 дүгээр байранд очиж Нийслэлийн Засаг даргатай уулзах, санхүүжих ёстой 214 000 000 төгрөгийг нэхэж уулзахаар очсон байдаг. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас удаа дараалан захиргааны албан тушаалтны хүнд суртал гаргаж санхүүжилтийг “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагад олгохгүй явсаар 2016 оны орон нутгийн сонгууль болж, Нийслэлийн Засаг дарга солигдох болсонтой холбогдуулж, авах санхүүжилтийг нэхэж очсоноос дээрх хоёр иргэн танхайн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, улмаар шүүхээр шийтгүүлж хорих ял хүртэл сонсох болсон юм. “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагад Нийслэлээс олгох ёстой санхүүжилтийг авахаар удаа дараа хүсэлт гаргаж байхад шийдвэрлэж хариу өгөөгүй ба албан тушаалтнууд нь нэг нэгэн рүүгээ түлхэж хэт хүнд суртал гаргаж чирэгдүүлж байснаас гадна Нийслэлийн Засаг даргын орлогч буюу одоо Тамгын газрын дарга байсан Отгонбаяр, түүний хуулийн хэлтсийн дарга Нарантуяа нар уулзаж асуудлаа шийдвэрлүүлэх гэхэд Г.Загдаатай уулзахаас татгалзаж хамгаалалтын албаны хүмүүсээрээ дамжуулж “биднийг өрөөндөө байхгүй байна гэж хэл”, “наад хүнээ хөөж явуул” гэх мэтчилэнгээр үүрэг даалгавар өгч, зүй зохисгүй харьцсанаас энэ үйл явдал үүсэх шалтгаан нөхцөл гарсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн цагдаа, Прокурорын газраас иргэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт эрүүгийн хэрэг үүсгэж, албан тушаалтныг хамгаалж, үндэслэлгүй зүйлээр шалгаж, ял шийтгэл оногдуулж байна гэж үзэж байна. Г.Загдаа, Г.Амарсайхан нар нь 2016 оны 7 сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах, түүний эрх бүхий санхүүжилт олгодог албан тушаалтнуудтай уулзаж, санал хүсэлтээ илэрхийлж, авах авлагаа нэхэмжилж шийдвэрлүүлэхээр очсон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар хүч хэрэглэн танхайрсан, догшин авирласан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь хуулийг буруу хэрэглэсэн байхад үүнийг шүүхээс үнэлж, дүгнэж тогтоосонгүй.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь үл ялих зүйл биш бөгөөд төр, төрийн бус байгууллагаар дамжуулан төрийн чиг үүргийг хэрэгжүүлчихээд удаа дараа хүсэлт гаргаж байхад нь шийдвэрлэж хариу өгөөгүй ба албан тушаалтнууд нь нэг нэгэн рүүгээ түлхэж хэт хүнд суртал гаргаж чирэгдүүлжээ. Г.Загдаа, Г.Амарсайхан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1 дүгээр байрны цонхыг хагалж, төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчийн өмнөөс эсэргүүцсэн үндэслэлээр ял халдаасан. Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч Г.Загдааг бороохойдсон. Ноолууран цамцыг нь урж, цагаан өмдийг нь бас урсан. Г.Амарсайханг ирэхэд Г.Загдаагийн гараас цус гарсан, гудамжинд хөөж гаргасан байдлыг хараад Г.Амарсайхан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байр луу орж удирдлагуудтай уулзах гэсэн боловч оруулаагүй байдаг. Тэр үед Нийслэлийн Засаг даргын тамгын газрын он удаан жил өнгөрсөн үүдний цонх хагарсан. Г.Загдаа хагарсан шилийг түүх явцдаа гараа зүссэн байдаг. Г.Загдаа, Н.Амарсайхан нарын үйлдэлд танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн, сэдэлт байхгүй бөгөөд бүлэглэсэн үйлдэл ч болоогүй.  Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг анхан шатны шүүх зөв үнэлж тогтоосонгүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хэт барьж, нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Ялтан Г.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр бид хоёр “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулж, гэр оронгүй иргэдийг нийгэмшүүлэх ажил хийж явсныхаа  төлөө  хэрэгт холбогдсон. Гэр оронгүй 120 иргэдийг тэжээж байрлуулахад сардаа 11.000.000-13.000.000 төгрөг гардаг. Энэ мөнгийг өөрсдөөсөө гаргаад өнөөдөр хүртэл явж байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанд прокурор гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Загдаа, Г.Амарсайхан нарын үйлдэл нотлогдсон. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн видео бичлэгээс харахад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цонхыг хагалсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газар очоод Г.Загдаа, Г.Амарсайхан нар  нь Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах шаардлага тавьсан. Тухайн үед хуралтай байгаа учраас хүлээж авах боломжгүй гэсэн байдлаар хандсан. Гэтэл зүй бус үйлдэл гаргаж танхайрсан. Г.Загдаа, Г.Амарсайхан болон өмгөөлөгч Ч.Ням нарын зүгээс мөрдөн байцаалтад Цагдаагийн алба хаагч нарт зодуулсан  талаар шалгуулах шаардлагатай гэсэн хүсэлт амаар болон бичгээр гаргаж байгаагүй. “Зөв амьдрах ухаан” ТББ-тай холбоотой Батбаяр, Алимаа, Сүрэнхорлоо, Оюунтуяа, Давааням, Батбилэг, Дархандаваа, Батдэлгэр, Тунгалаг гэх цагаатгах талын гэрч нарыг өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу байцаасан. Мөн Г.Загдаа, Г.Амарсайхан нарын охин, “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагад ажилладаг хүмүүсийг болон “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт авагдан хавсаргасан. Прокурорын зүгээс хэргийг хэт нэг талыг барьж шалгасан гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих ажиллагаа бүрэн хийж, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

                                                ХЯНАВАЛ:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоол “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй байна.

Анхан шатны шүүх Г.Загдаа, Г.Амарсайхан нар нь “бүлэглэж” бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан, төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарыг “танхайрах” үйлдлийг нь таслан зогсоох гэснийг эсэргүүцэж  “догшин авирлаж танхайрсан” үйлдэл болон Г.Загдаа, Г.Амарсайхан нарын  “гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлэг, тэдний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, мэдүүлгийг няцаалгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудын аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн  үндэслэлийг тодорхой заалгүй,  Г.Загдаа, Г.Амарсайхан нарыг гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 Үйл баримтыг дүгнэхэд:  “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дэмжих зорилт”-ын хүрээнд нийслэл хотод орон гэргүй, тэнэмэл байдлаар амьдарч буй иргэдэд нийгмийн халамж үйлчилгээг нэгдсэн байдлаар тогтвортойгоор  хүргэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах, бичиг баримтжуулан орон гэржүүлж, нийгэмшүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын хооронд 2013 оны 8 дугаар сарын 5-нд “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, санхүүжилтийг Нийслэлийн засаг даргын тамгын газар болон, Нийслэлийн халамж үйлчилгээний газраас сар бүр гаргахаар тохиролцсон тул Нийслэлийн цагдаагийн газар орон гэргүй 60 иргэнийг “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагад хүлээлгэн өгчээ.  /ажил гүйцэтгэх гэрээ 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн  №2013/023,  /1хх-ийн 169-172, ажил гүйцэтгэх гэрээ 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №03, /1хх-ийн 173-177/, ажил гүйцэтгэх гэрээ 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр №02, /1хх-ийн 178-179/,  ажил гүйцэтгэх гэрээ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №05 /1хх-ийн 180-181/,

  Г.Загдаа, Г.Амарсайхан нарын хариуцдаг “Зөв амьдрах ухаан” ТББ нь  өөрсдийн хүчээр орон гэргүй, тэнэмэл иргэдийг  гэржүүлж, өдийг хүртэл тэжээн тэтгэж иржээ.

 Төрөөс гэрээ ёсоор олгогдох санхүүжилт өгөөгүйн улмаас Г.Загдаа  Г.Амарсайхан нар нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Засгийн газар, Ерөнхий сайд, Хүний эрхийн үндэсний хороо гэх мэт байгууллагуудад  /хх-1,185-188/ удаа дараа  өргөдөл, гомдол гаргаж  гэрээгээр хүлээлгэн өгсөн иргэдэд нийгмийн халамжийн санхүүжилт гаргаж өгөхийг шаардаж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй байсны улмаас  2016 оны 7 сарын 4-ний өдөр “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагад хамаарагдах орон гэргүй, тэнэмэл иргэдийн төлөөллийн хамт Нийслэлийн Засаг даргын тамгын газар очиж Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзуулахыг шаарджээ.

Тамгын газрын удирдах ажилтнууд энэ хүсэлтийг хүлээн авч уулзалгүй  хамгаалалт  дуудаж, улмаар цагдаа, хамгаалалтын ажилтанууд, Г.Загдаа, Г.Амарсайхан нарын хооронд маргаан гарсан боловч Г. Загдаа, Г.Амарсайхан нар нь  бүлэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдэх субьектив зорилгогүй болох нь:

Г.Загдаагийн сэжигтнээр байцаагдсан: “...овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Нийслэлийн цагдаагийн газраас манай байгууллага дээр 60 хүн авчирч өгөөгүй бол ийм үйл ажиллагаа болохгүй байх байсан. Тэр өдөр Нийслэлийн нийгмийн бодлого хөгжлийн хэлтсийн дарга Отгонбаяр дуудсан байдаг. Би дуудсаны дагуу Авилгатай тэмцэх газар очиж бичиг авах гэтэл таныг бид нар шалгахгүй уг бичгийн хариуг нийслэлд өгнө гэж хэлсэн. Ингээд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны үүдэн дээр ирээд Отгонбаяртай уулзъя гэтэл түүнийг байхгүй гэсэн хариу өгсөн гэтэл Отгонбаяр байхгүй гэсэн хэрнээ биеэрээ гараад ирсэн тэгэхээр нь би төрийн тусгай хамгаалалтын Тогтбаатарт утсаар хандахад над дээр ирсэн. …Төрийн албан хаагч нарын дуудсаны дагуу төрийн бус байгууллагад амьдарч байгаа нийт иргэдээ ирэх боломжтойг нь бүгдийг нь ир гэж хэлсэн. Ингээд төрийн тусгай хамгаалалтын газарт байхад намайг төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч нар нийлж зодсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 124/,

Г.Загдаагийн яллагдагчаар байцаагдсан: “...би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг асуудал нь 2015 оны 3 дугаар сараас хойш өдийг хүртэл хугацаанд санхүүжилтээ авч чадахгүй өнөөдрийг хүртэл хугацаанд 206 сая төгрөгийн зарцуулалт гаргаж хохироод байна энэ байдлыг минь ойлгохгүй төрийн байгууллага нь дууддаг, очихоор нэг нэг рүүгээ явуулдаг уулздаггүй, хүнд суртал гаргадаг, худал шалтаг тоочиж явдаг. Бүхэл бүтэн 1 жил 8 сарын хугацаанд өргөдөл гомдол өглөө албан бичиг өглөө телевизед хандлаа, сошиал ертөнцөөр хүртэл мэдээлэл цацлаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Ерөнхий сайдад удаа дараа албан ёсоор хандсан байдаг. Жишээ нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Д.Алтанхуяг нарт 30 гаруй удаа албан бичгээр хандсан байдаг. Ерөнхий сайдаас “зохих журмын дагуу хуулийн дагуу санхүүжилтийг олгож шийдвэрлэ” гэсэн хариу өгдөг боловч  Нийслэлээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй, цаг хугацаа зааж биднийг байнга ирж очуулдаг юм. Бидний энэ асуудал үл ялих зүйл биш, 100 гаруй хүний амьдрал мөн тэдгээрийн өрхийн идэх хоол хүнс, түлээ түлшний асуудал яригдаж байгаа учир үл ялих зүйл биш гэж үзэж байна. Өөр надад ярьж хэлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн129-130/,

Г.Амарсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: “ би Зөв амьдрах ухаан ТББ-ын менежерээр ажилладаг юм. Манай төрийн бус байгууллага нь 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна манай байгууллага нь орон гэргүй тэнэмэл орц хонгилоор амьдардаг хүмүүсийг нийгэмшүүлэх бичиг баримтжуулах орон байраар хангах ажлын дадлага туршлага олгох ажлыг хийдэг газар байгаа юм. Одоогоор манайд 0-76 насны 137 иргэн амьдарч байна. Ингээд анх 2013 онд Нийслэлийн цагдаагийн газраас хамтран ажиллах санал тавиад Улаанбаатар хотод байгаа орон гэргүй тэнэмэл иргэдийг эрсдлээс хамгаалах төслийн ажилд хамтарч ажиллах санал тавиад мөн хамтран ажиллаж гэрээ байгуулаад 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 60 иргэнийг баривчилгаагаар авчирч өгсөн байдаг. Эдгээр иргэдийг байршуулахдаа хоол хүнс нүүрс түлээ, энэ бүх зардлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санхүүжүүлэхээр тохиролцож ажилласан байдаг. Энэ ажил нь алдаг оног явсаар байгаад 2015 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэл санхүүжилтээ олгохгүй гэрээгээ дуусгавар болгоогүй албан ёсоор санхүүжилт олгох боломжгүй болсон тухай албан бичиг ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Энэ байдлаас үүдэлтэйгээр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрийн бус байгууллагад харъяалагдах хүмүүсийг дагуулаад очсон юм. Ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд, төр засгийн байгууллагын удирдлагын хүмүүстэй хэл амаа ололцохгүй хүнд байдалд байна. Удаа дараа жагсаж цуглах албан бичгээр мэдэгдэл хүргүүлэх, хэвлэл мэдээлэлд хандах интернет сошиал ертөнцөөр мэдээлэл цацах зэрэг маш олон үйлдэл хийж байгаа боловч шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн юм. Тэгээд 2016 оны 6 дугаар сард Нийслэлийн засаг даргын тамгын газраас биднийг дуудаад Нийслэлийн засаг даргын тамгын газрын удирдлагын зөвлөлийн хурлаар ганцхан танай асуудлыг авч хэлэлцэх гэж байна материалаа бүрдүүлж өг гэж дуудсаны дагуу би материалаа бүрдүүлж өгсөн. Тэгээд удирдлагын зөвлөлийн хурлаар ороод хурлын шийдвэр яаж гарсан талаар тухайн үеийн нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга Отгонбаяртай уулзахад танай санхүүжилтийг олго гэсэн шийдвэр гарсан одоо захирамжийн төсөлд гарын үсэг зурагдаад явж байна гэж хэлээд тэрнээс хойш чимээгүй байгаад байхаар нь дахиж очиход хуулийн хэлтсийн Нарантуяа орос улс руу явсан байгаа 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ирнэ тэгэхээр та ирж уулзаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонгууль болоод өнгөрвөл наад асуудал чинь бас худлаа болно. Сонгуулиас өмнө шийдүүлмээр байна гэж хэлсэн гэтэл Отгонбаяр дарга нь сонгууль болдгоороо болно амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ ялагдсан ч гэсэн тэр өдрөө ажлаа өгчихдөггүй юм нэгэнт өгнө гэсэн шийдвэр гарсан л бол өгөгдөнө гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай нөхрийг Отгонбаяр дарга дуудаад авилгатай тэмцэх газраас бичгийн хариугаа аваад ир гэж хэлсэн манай нөхөр Авилгатай тэмцэх газарт очсон юм. Мөн л танд хариуг өгөхгүй гэсэн байсан. Манай нөхөр тэндээсээ гараад тамгын газар дээр очиж дарга нартай уулзах гэтэл зугатаагаад  худлаа яриад байсан. Ингээд уулзах хүн олдохгүй байхаар нь Г.Загдаа Төрийн тусгай хамгаалалтын газар, Нийслэлийн цагдаагийн газар руу холбогдож болсон асуудлынхаа талаар хэлсэн. Тэгтэл Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Тогтбаатар нь наад асуудлаа өөрсдөө шийд гэж хэлсэн байдаг. Ингээд Нийслэлийн цагдаагийн газрын Даваадорж руу залгаад Тогтбаатарын хэлсэн үгийг хэлээд эмх замбараагүй байдал үүсэж магадгүй шүү гэж анхааруулж хэлсэн байдаг. Ингээд манай нөхөр 12 цагийн орчимд над руу утсаар холбогдоод та нар хүмүүсээ дагуулаад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд хүрээд ир би ганцаараа хүмүүст зодуулж байгаа талаар хэлсэн. Ингээд би төрийн бус байгууллагын иргэдийг автобусанд суулгаад өөрсдөө унаагаар зөөхийг нь зөөгөөд очсон. Биднийг очиход Тамгын газрын гадна доторгүй хүн оруулахгүй, гаргахгүй хамгаалалт авчихсан байсан. Би Тамгын газар луу ормоор байна гэж шаардлага тавьсан. Намайг оруулахгүй, модон том хаалгыг цохиход  гар өвдөөд байсан учир цонхыг нь тогшоод хүмүүс гарч ирэх болов уу гэж бодсон. Цав хагархай гарсан цонх байсан учир амархан хагарсан. Загдаа над дээр ирэхэд цонхны үлдэгдэл хагархай рамнаас мултарч Г.Загдаагын гар дээр унаж зүссэн. Ингээд түргэн тусламж ирж анхан шатны тусламж үзүүлсэн. Тэр хооронд бужигнаан болж Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилчид Цагдаагийн газрын ажилчид энэ зүйлийг зогсоохын оронд улам дэвэргэж хэл амаар доромжилж өдөөн турхирч байсан.  Цагдаагийн машин ирээд эхлээд Г.Загдааг баривчлаад машинд суулгаад аваад явсан. Би тухайн ажилчдаас намайг л ганцхан оруулчих би ороод уулзчихъя гэж зөндөө гуйсан. Миний хүсэлтийг хүлээн аваагүй ба тун удалгүй цагдаагийн машин ирээд намайг аваад явсан. Намайг баривчилж байх хооронд намайг чирж гулдчих, цохих зэрэг асуудал байсан би өөрөө машинд суучихъя гэж зөндөө хэлсэн. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъя 461 дүгээр ангид бидний биед учирсан гэмтлүүдийг эмч нар үзээд баталгаажуулж авсан. Ийм л асуудал болсон бид нар танхайрах юм уу өөр ямар нэгэн зорилготой очоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 133-137/,

Сэжигтнээр З.Солонгыг 2016 оны 10 дугаар сарын 04-ний байцаасан тэмдэглэлд: “...хэрэг гарах болсон шалтгааныг мэдэхгүй байна. Яагаад тэнд очих болсон бэ гэхэр манай аав Г.Загдаа нь хүмүүстэй муудалцаад цохиж зодуулаад байна гэж сонссон. Ер нь манай аав хүмүүстэй маргалдахаар зүрх нь өвддөг, зүрхний өвчтэй учир санаа зовоод Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд очсон юм. Намайг очиход аавын өмд нь урагдчихсан гар хөл нь шалбараад цус гарчихсан Төрийн тусгай хамгаалалтын албан хаагч нартай маргалдсан шинжтэй байсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газартай үүссэн авлагын асуудал нь удаан үргэлжилж байгаа юм 1 жил 8 сарын хугацаанд төрийн бус байгууллагын санхүүжилтээ авахаар хөөцөлдөж байгаа юм. Тэгээд дарга нартай уулзах шаардлага тавиад л маргалдаад байсан. Тэгтэл дарга нартай уулзуулаагүй. Гэтэл манай ээж  Г.Амарсайхан нь цонх тогшоод хүн гаргаж ирүүлэх гэж байгаад цонхыг хагалчихсан. Аав араас нь очиход цонхны шил нь унаад гараа зүсчихсэн юм. Хэн түргэн тусламж дуудсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 142-144/,

Гэрч Т.Оюунтуяагийн: “...би 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ажлын байран дээрээ байхад дарга Г.Загдаа нь дуудаад хүмүүсээ аваад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байран дээр ирээрэй гэж хэлсний дагуу Мөнхцэцэг, Ганхөлөг, Алимаа болон хэсэг хүмүүсийн хамт Нийслэлийн Засаг даргын тамгын газар очсон. Тэр үед нөхцөл байдал тайван байсан. Г.Загдаа дарга Нийслэлийн Засаг даргын тамгын газрын удирдлагуудтай уулзах гэсэн боловч төрийн тусгай хамгаалалтын албаны албан хаагч нар уулзуулахгүй хаалгыг нь дараад зогссон байсан. Ингээд хаалга үүдээ онгойлгохгүй дараад зогссон дотроос ч хүн гаргахгүй байсан. Тэгээд манай дарга намайг “хойд талын хаалганд очоорой, дарга нь гараад явчиж магадгүй шүү” гэсний дагуу би хойд талын хаалга дээр зогсож байгаад эргээд ирэхэд Г.Загдаа даргыг цагдаа нар баривчлаад, бид нар тараад явсан... Г.Амарсайхан дарга  хүн дуудна гээд цонх хоёр удаа тогшиход цонх нь хагарчихсан. Тэгтэл Г.Загдаа гүйж очиход дээрээс нь шил унаад гараа зүсүүлчихсэн юм...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 86-87/,

            Гэрчээр И.Идэржаргалын: “...2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүмүүсээ аваад ир гэсэн мэдээллийн дагуу би хүмүүсээ аваад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрлуу очсон. Өмнөх шигээ биднийг харах гэж байгаа юм болов уу гэж очсон. Тэгээд намайг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байранд ороход Загдаа ах үүдэнд нь төрийн тусгай хамгаалалтын албан хаагч нартай маргалдаад зогсож байсан. Тэгээд араас хүмүүс орж ирэх гэхэд оруулахгүй байсан.  Тэгээд би утсаа бариад бичлэг хийх гэтэл төрийн тусгай хамгаалалтын газрынхан даргатай хэрэлдэхээ болиод утсаараа бичлэг хийхээ болихоор Г.Загдаа даргатай үргэлжлүүлээд хэрэлдээд байсан. Коридорт Г.Загдаа ахыг өндөр төрийн тусгай хамгаалагч хоёроос гурван удаа цохиж авч байсан. Тэгэхэд гадна талд жагсаал цуглаан гээд байхаар юм болоогүй бид хэд л зогсож байсан. Ингээд гадна талд байсан Г.Амарсайхан эгч ирээд хаалгыг тогшсон тэгтэл энгийн хувцастай костюм өмссөн залуу “хаалга битгий нүдээд бай” гээд оруулахгүй байсан. Тэгвэл хаалга тогшоод болохгүй юм бол цонхыг чинь тогшоё гээд хажуу талынх нь цонхыг гараараа тогшиход цонх нь хагарчихсан.  Г.Загдаа ах Г.Амарсайхан эгчийг хараад цонхны хажуу талд очиж зогсоход шил нь унаад Г.Загдаа ахын гарыг зүсчихсэн юм. Тухайн үед эмх замбараагүй байдал болон жагсаал цуглаан хийх гэж очоогүй. Г.Загдаа ахад төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалагч нар л “хүмүүсээ дагуулж ир” гэсэн байсан. Манай Төрийн бус байгууллагын иргэдээс цагдаагийн болон төрийн албан хаагч нар луу дайрч давшилсан маргаан үүсгэсэн хүн байхгүй. Уг нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын болон манай төрийн бус байгууллагын хоорондын зөрчилдөөн байсан юм. Түүнээс бид цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын албан хаагч нартай зөрчилдсөн зүйл байхгүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газар асуудлаа шийдээд өгчихсөн бол ийм асуудал болохгүй байсан шүү дээ өвөл хүртэл ийм асуудал гараад хүмүүсээ цуглуулаад ир гэсний дагуу ирж л байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 88-89/,

гэрч Б.Алимаагийн: “....Тухайн өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар дээр Зөв амьдрах ухаан Төрийн бус байгууллагад амьдарч байгаа 20 гаран хүмүүс нийлээд очсон байсан, өмнө нь манай дарга Г.Загдаа очсон байсан. Цагдаагийн байгууллагаас хүлээлгэж өгсөн 60 гаруй хүний хоол ундны төсөв мөнгийг өгөхгүй байна тэр мөнгийг нэхэмжилье гэж очсон. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт очиход цагдаа нар бороохой бариад айлгаад байсан. Би ач нартайгаа очсон, тэд нар маань айгаад орилоод байсан юм. Тухайн үед нэг цагдаа түлхээд ойчуулсан, тэгсэн хүүхдүүд та арагшаа бай гээд холдуулсан. Цагдаа нар бид нартай муухай харьцсан. Миний хөлийг нэг цагдаа бороохойгоор цохих үед өвдөж байсан. Тэр үедээ л өвдөөд өнгөрсөн учраас гомдол гаргаагүй. Г.Загдаа даргыг тус байрнаас хөөж гаргаж ирсэн. Цагдаагийн байгууллагаас 60 гаран хүний хоол ундны мөнгийг л авах гэж очсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 6-7/,

гэрч Р.Сүрэнхорлоогийн: “...2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт  Зөв амьдрах ухаан Төрийн бус байгууллагын 20 гаран хүн очсон. Бид нарыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар дуудсан гэсэн тул очсон. Би цагдаагийн байгууллагаас хүлээлгэж өгсөн 60 хүний тоонд багтдаг юм. Эдгээр ирсэн хүний хоол ундны мөнгийг гаргуулах гэж очсон. Бид нарыг дотогш оруулаагүй, намайг очиход түлхэж унагаад, гар мушгисан. Тэгж байгаад Г.Загдаа, Г.Амарсайхан нарыг машинд суулгаад авад явсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 8-9/,

гэрч Т.Оюунтуяагийн: “...тус өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 20 гаран хүн очсон. Бид нарыг дуудсан гэсэн, тэгээд бид нар очсон. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Г.Загдаа ахыг дотогш оруулахгүй байсан. Бид нар Э.Бат-Үүлтэй уулзъя гээд шаардлага тавьж орох гэхэд байхгүй гээд хаалга үүдээ түгжсэн. Цагдаа нар ирээд бид нарыг хөөсөн бороохойгоор цохиод байсан. Үймээн болж байхад бороохойгоор нэг удаа цохиулсан, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй болсон явдал л энэ юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 10-11/

гэрч Л.Даваанямын: “...2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг Даргын тамгын газар дээр Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад амьдарч байгаа 20 гаран хүн очсон. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нэг дарга нь танай дээр тийм хүмүүс үнэхээр байгаа юм уу байгаа бол уулзъя гэсэн тул бид очсон юм. Би машин бариад тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зөөж байсан. Бидний очих болсон шалтгаан хоол ундны мөнгөө нэхэмжилж очсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 12-13/,

гэрч А.Батбилэгийн: “...тухайн өдөр Төриын бус байгууллагад ажилаа хийж байхад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хүмүүсээ аваад ир гэсний дагуу 20 орчим хүн очсон. Намайг очиход Г.Загдаа дарга газарт хэвтээд цус нөжөө гоожуулаад хүмүүс овоороод байж байсан. Намайг харж байхад Г.Загдаа даргыг бариад машинд суулгаад аваад явсан. Манай хүмүүс байр руугаа буцсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 14-15/,

гэрч П.Мөнхцэцэгийн: “...2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай төвийн дарга Г.Загдаа Нийслэлийн Засаг даргын тамгын газар “хүмүүсээ аваад ир”  гэж байна гэж хэлсэн. Тэгээд 20 гаруй хүмүүс очиход Г.Загдаа дарга Э.Бат-Үүлтэй уулзах гэсэн боловч үүдэнд байсан төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд  болон цагдаа нар оруулахгүй байсан. Тэгээд орно оруулахгүй гэдэг дээр бужигнаан болоод байсан юм. Цагдаа нар Г.Загдаа захирлыг аваад явсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 17-18/,

гэрч Ц.Дархандаваагийн: “...2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай  20 гаруй хүмүүс очиход хүмүүс бужигнаад манай дарга Г.Загдаа, Г.Амарсайхан нарыг цагдаа нар аваад явах гэхэд бид нар эсэргүүцэхэд цагдаа нар бороохойдоод байсан. Би даргыгаа салгаж авах гэж цагдаад 3 удаа бороохойдуулсан, тэгээд дахиж ойртоогүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 18-19/

гэрчээр Л.Тунгалагыг / 461 дүгээр ангийн дотрын их эмч/ байцаасан тэмдэглэлд: “...2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид намайг жижүүр эмчээр ажиллаж байхад Г.Загдаа, Г.Амарсайхан гэсэн хоёр хүн тус тусдаа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэгдэж ирсэн. Эхлээд Г.Загдаа гэх хүн ирэхдээ гарандаа шинээр үүссэн шархтай орж ирсэн. Г.Загдаа цонхны шилэнд гараа зүсчихсэн гэж байсан. Г.Загдаа нь цагдаа нартай муудалцсан гээд их бухимдалтай байсан. Г.Загдаа ирсэн байхдаа ч хүргэж ирсэн цагдаа нартай хэрэлдэж маргаад байсан. Г.Загдааг Гэмтэл согог судлал үндэсний төв рүү яваад эргэж ирсэн. Г.Загдааг эргэж ирэхэд даралтыг нь үзээд даралтны эм уулгасан. Дараа нь ирсэн Г.Амарсайханы биед үзлэг хийхэд толгой өвдөнө, хоёр шилбэний урд хэсэгт хөхөрсөн, эмзэглэлтэй, хавдартай, баруун бугалганы ар хэсэгт хөхөрсөн, даралт 160/100-тай орж ирсэн. Г.Амарсайханд даралтны эм уулгаж даралт буулгасан байгаа. Г.Амарсайхан бол хүмүүстэй хэрэлдэж маргасан юм гэж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 24/ гэх мэдүүлгүүд болон бусад баримтуудаар  нотлогдож байна.

Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “...Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно...” ,Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “...Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно...”,Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах...”, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т “...гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах...”, тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “...олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд дараах өрх, иргэн хамрагдана... 18.2.8-д “гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн”, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “...боловсролыг дэмжих үйлчилгээний хүрээнд дараах тусламж, дэмжлэг үзүүлнэ... 20.2,4 “гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд”, тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т  “...эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний хүрээнд дараах тусламж, дэмжлэг үзүүлнэ...”, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “...хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд дараах өрхийн гишүүн, иргэнийг хамруулна...,” гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэн” гэсэн зорилтот бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх хуулийн заалтуудыг барьж Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь Төрийн бус байгууллагатай “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, төрийн байгууллага, төрийн бус байгууллагын хооронд харилцан үүрэг үүссэн  боловч төр үүргээ хэрэгжүүлэлгүй орхигдуулсаны улмаас иргэдийн бухимдал үүсч, гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж, улмаар зөрчилдсөний улмаас Г. Загдаа, Г.Амарсайхан нар нь  гэмт хэрэгт сэжиглэгдэн, холбогдох шалтгаан нөхцөл үүсчээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийг хангалттай шалгасан боловч Г.Загдаа, Г.Амарсайхан нар нь бүлэглэн төрийн тусгай албаны хамгаалагчид болон цагдаа нарын эсрэг  догшин авирлаж, танхайрах гэмт хэрэг үйлдэх гэмт санаа зорилго агуулаагүй, танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр  прокурорын яллах дүгнэлтийг барьж, тэднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.1-т  заасныг удирдлага болгон Г.Загдаа, Г.Амарсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, энэ талаар гаргасан Г.Загдаа, Г.Амарсайхан нарын өмгөөлөгч Ч.Нямын давж заалдах гомдлыг хүлээж авах  үндэслэлтэй байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3-т, 248 дугаар зүйлийн 248.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтуудыг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Загдаа, Г.Амарсайхан нарыг цагаатгасугай.

2.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

                                         ШҮҮГЧИД                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ