Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01462

 

“Ш И” Д Снэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01345 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1506 дугаар магадлалтай,

“Ш И” Д Снэхэмжлэлтэй

““А Н”” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр, алданги 109 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Ч.Цэцэгээгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш И дээд сургууль 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ““А Н”” ХХК-тай №ЗТГ-07/2012-АН тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, сургуулийн өргөтгөлийн 16 давхар барилгын ажлын зураг төслийг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 115 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу “Ш И” дээд сургууль нь ““А Н”” ХХК-д 51 500 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч гүйцэтгэгч тал гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс хойш барилга бариулахад шаардлагатай инженерийн хайгуулын шинжилгээ, хөрсний техникийн нөхцөл, дулааны шугам сүлжээ, мэдээлэл холбооны, цэвэр бохир усны техникийн болон цахилгаан түгээх сүлжээний зэрэг зөвшөөрлүүд цуцлагдсан төдийгүй “Ус-Орчин” ХХК-тай байгуулсан барилга бариулах хэлцэл нэг талын санаачлагаар цуцлагдаж, сургуулийн өргөтгөл баригдах боломжгүй болж маш их хохирол учирсан. Ажил гүйцэтгэх гэрээгээ 2014 оны 3 сард цуцалсан. Энэ үед хариуцагч ““А Н”” ХХК нь манай компаниас ажлын хөлсөө нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд манай компани сөрөг нэхэмжлэл гаргасан. ““А Н”” ХХК нь гэрээг цуцлах хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй учраас алданги тооцон нэхэмжлэх эрхтэй. Гэрээний 4.2-д гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд зураг төсөл боловсруулах ажлын тохиролцсон үнийн 0.3 хувиар буруутай талдаа алданги ногдуулахаар тохиролцсон. Манай компани нь гэрээнээсээ татгалзаагүй, гэрээний үүргээ хугацаанд нь гүицэтгээгүй үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээгээ цуцлуулах, гүйцэтгэгч нь ямар ч ажил хийгээгүй, үр дүн гараагүй учраас ажлын хөлс төлөх үүрэггүй тул мөнгөө буцаан авахаар шаардлага гаргасан. Иймд “Ш И” Д Сзахиргаа ““А Н”” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд өгсөн 51 500 000 төгрөг, гэрээний үнийн дүн 115 000 000 төгрөгнөөс алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 57 500 000 төгрөг, нийт 109 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манай компани ““А Н”” ХХК-тай дээрх гэрээг байгуулсан бөгөөд компанийн захирал нь Ч.Цэцэгээ байсан. Уг нэхэмжлэлийг 2015 оны 8 дугаар сарын 05-нд анх шүүхэд гаргасан ба хариуцагч шүүхэд ирдэггүй, албадан ирүүлэх захирамж гаргасан боловч захирал Ч.Цэцэгээ нь солигдсон байсан тул хүсэлт гаргаж, УБЕГ-аас тус компанийн болон удирдлагын талаар лавлагаа авахад Монголын Архитекторуудын эвлэл биш, биеэ даасан ““А Н”” ХХК-иар бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг, захирал нь Р.Баяр, дараа нь Ж.Наранцогт гэгч хүн болсон байсан. Гүйцэтгэх захирал Ж.Наранцогт нэхэмжлэлийн хувийг 2016 оны 8 дугаар сарын 30-нд гардаж авсан. Гэвч тус компани шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбар гаргаж өгөөгүй, шаардлага татгалзлаа нотлоогүй. Харин Монголын Архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар гэгч 2016 оны 9 дүгээр сарын 20-ноор огноологдсон тайлбар ирүүлсэн байна. Монголын Архитекторуудын эвлэл нь манай хэргийн оролцогч биш, бид анхнаасаа ““А Н”” ХХК-тай гэрээг байгуулсан гэжээ.

Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01345 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-д зааснаар ““А Н”” ХХК-иас 77 250 000 төгрөгийг гаргуулж “Ш И” дээд сургуульд олгож, нэхэмжлэлээс гэрээг цуцалж, 31 750 000 төгрөгийн гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ш И” Д Сулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ““А Н”” ХХК-иас 544 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шинэ игргэншил” дээд сургуульд олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1506 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгээ хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.03-ны өдрийн 1506 дугаартай магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дүгээр хэсэгт заасан /шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх/-ыг үндэслэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. "Иргэний хууль”-ийн 75.2.1 дүгээр зүйл, 76.2 дугаар зүйлд гэрээний үүрэгтэй холбогдуулан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар тогтоосон. Тэгвэл талуудын хооронд 2012.03.16-ны өдөр байгуулсан гэрээний гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2012.06.15-ны өдөр эхэлж, 2015.06.15-ны өдөр дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа буюу 2015.08.05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн 2014.03.04-ний өдрийн 18 тоот албан бичгээр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгчийн 2014.03.04-ний өдрийн 18 тоот албан бичигт зөвхөн төлбөрийн тухай л дурдсан байгаа болохоос биш гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон зүйл, тийм утга агуулга огт байхгүй юм. Гүйцэтгэгч нь гэрээний үүргээ хугацаандаа багтаан гүйцэтгээгүй явдал нь захиалагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс шууд шалтгаалсан. Захиалагч нь барилгын ажлын зураг төсөл боловсруулахад шаардлагатай мэдээ мэдээлэл, баримт материалуудыг гүйцэтгэгчид гаргаж өгөөгүй. Мөн захиалагч нь эхлээд 16 давхар, 13511.52 м.кв талбай бүхий барилгын ажлын зураг төсөл хийлгэж байсан боловч ажлын явцад 15 давхар, 9851.00 м.кв талбай бүхий барилга болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгчийн зүгээс гэрээний дагуу ажил үүргийнхээ тодорхой хувийг гүйцэтгэчихээд байсны дараа захиалагч нь барилгын давхар, талбайн хэмжээгээ өөрчилсөн. Үүний улмаас гүйцэтгэгчийн өмнө гүйцэтгэчихээд байсан барилгын зураг төслийн ажил ямарч хэрэггүй болж, түүнийг дахин шинээр гүйцэтгэхэд хүрсэн. Захиалагчийн энэ мэт үйлдэл, эс үйлдлээс шалтгаалан гүйцэтгэгч нь барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэж дуусгах боломжгүй байдалд хүрч, улмаар гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ 2 дахин гүйцэтгэхэд хүрч төлөвлөсөн буюу тохирсон хугацаа алдагдаж, түүнтэй холбогдуулан ихээхэн зардал гаргаж, хохирол амссан. Захиалагч нь ажлын явцад барилгын зураг төслийн анхны захиалгаа өөрчилсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа захиалагчийн 2014.02.25-ны өдрийн 17 тоот болон 2014.03.04-ний өдрийн 18 тоот албан бичгүүдээр нотлогдоно. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож буй энэхүү бодит нөхцөл байдлыг үндэслэн шүүх нь “Иргэний хууль”-ийн 222.2 болон 223.2 дугаар зүйлүүдийг хэрэглэж, улмаар захиалагчийн гэм буруугийн асуудлыг шийдэх боломжтой байсан. Мөн шүүхээс гүйцэтгэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хүрээнд багагүй ажил гүйцэтгэж, ихээхэн зардал мөнгө гаргачихаад байхад түүнийг огт анхаарч үзэлгүйгээр хянан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.15-ны өдрийн 181/ШШ2017/01345 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.03-ны өдрийн 1506 дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож, Ш И ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...захиалагч анхны захиалгаа өөрчилж ажлыг 2 дахин хийлгэхэд хүргэсэн, зураг төсөл боловсруулахад шаардлагатай мэдээ, баримтыг өгөөгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. Хэрэгт авагдсан баримтад үндэслэн хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлжээ. 

Нэхэмжлэгч “Ш И” дээд сургууль нь хариуцагч ““А Н”” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 51 500 000 төгрөг, алданги 57 500 000 төгрөг, нийт 109 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Талууд 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, ““А Н”” ХХКомпани нь сургуулийн өргөтгөлийн 16 давхар барилгын ажлын зураг төслийг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд зураг төсөл боловсруулах ажлын тохиролцсон үнийн 0.3%-иар алданги төлөх, нөгөө талаас “Ш И” дээд сургууль нь ажлын хөлс 115 000 000 төгрөгийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээсэн байх ба уг гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 34 500 000 төгрөг, 06 дугаар сарын 04-ний өдөр 17 000 000 төгрөг нийт 51 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

““А Н”” ХХК нь гэрээний 1.3-д заасны дагуу барилгын ажлын зураг төслийг 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь захиалагчийн хувьд гэрээг цуцлах эрхтэй байна. Нэхэмжлэгч буюу захиалагч нь 16 давхар, 13511.52мкв талбай бүхий барилгын ажлын зураг төсөл хийлгэх захиалга өгсөн боловч 15 давхар 9851 мкв талбай бүхий барилгын ажлын зураг төслийг хийлгэхээр өөрчилсөн нь тогтоогдож байх боловч үүнээс шалтгаалж ажлыг гүйцэтгээгүй гэх байдал тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгчийн 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 17 тоот, 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот албан бичгээс үзэхэд ажлыг өөрчилсөн нь тогтоогдож байх ба техникийн нөхцлүүд үүнээс хойш гарснаас үзэхэд, хариуцагч нь захиалагчийн саналыг хүлээж авсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ус суваг удирдах газрын техникийн нөхцөл олгох комиссоос 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 303\12 тоот техникийн нөхцөл, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ний техникийн нөхцөл олгох комиссоос 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 117 тоот техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХКомпаниас 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1661/2012 дугаар техникийн нөхцлийг тус тус гаргасан, хариуцагч үүнээс өөр ажил хийгээгүй, ажлын үр дүнг бүрэн бий болгоогүй байна.

Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар барилга байгууламжийг барих, засвар өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг “зураг төсөл” гэж тодорхойлсон бөгөөд зохигчдын байгуулсан гэрээний зүйл энэ агуулгаар тодорхойлогджээ. Ажил гүйцэтгэгч ““А Н”” ХХКомпани ажлын үр дүнг бий болгож, хүлээлгэж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 221.5.-д зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцална. “Ш И” дээд сургууль нь үүрэг гүйцэтгэх хугацааг 256 хоног хэтрүүлсэн, гэрээний 4.2-т зураг төсвийн хугацаа хэтэрснийг сануулж, алданги тооцох тухай 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 18 тоот албан бичгийг хариуцагч ““А Н”” ХХК-д хүргүүлж байсныг хариуцагч үгүйсгээгүй тул түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч ус, дулаан, цахилгааны техникийн нөхцлийг бэлэн болгосон боловч /хх-70, 74, 72/ ажлын үр дүнг бүрэн гүйцэтгээгүй тул эдгээр техникийн нөхцлүүдийн хугацаа дууссан, уг ажил ач холбогдлоо алдсан, холбогдох хөлсийг захиалагч төлөх үүрэггүй байна. Эрх бүхий этгээд техникийн нөхцлүүдийг цуцалсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байв.

Иймд нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 51 500 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцжээ.

Харин алдангийг гаргуулсан шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэж нэмэлт үүрэг болох алданги гаргуулахыг шаардсан бөгөөд гэрээг цуцалснаар гэрээ дуусгавар болох буюу гэрээний үүргийг хангуулах үүрэг дуусгавар  болсон тул алдангийг гаргуулах үндэслэлгүй байна. Хуульд заасан нөхцлөөр, бичгээр тохирсон алданги нь тухайн үндсэн үүргийн салшгүй эрх байдаг тул үндсэн үүрэг дуусгавар болоход алданги төлөх үүрэг мөн адил дуусгавар болно. 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1506 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01345 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...77 250 000 ..гэснийг 51 500 000...гэж, ...31 750 000 ...гэснийг ...57 500 000...гэж, 2 дах заалтад “...544 200...гэснийг ...415 450 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 544 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

  ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА