Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 151

 

Т.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, хохирогч Э.М-ын өмгөөлөгч Н.Баярсайхан, иргэний нэхэмжлэгч Д.У, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 634 дүгээр магадлалтай, Т.Эд холбогдох 2102004780066 дугаартай хэргийг иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой ... Э.

Шүүгдэгч Т.Э нь “Батлан даалтын сангаас зээл авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн Хас банкнаас Д.С-ын шилжүүлсэн 186.600.000 төгрөгийг,

мөн үргэлжилсэн үйлдлээр Э.Мыг “Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендерийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч тендер авсан гэх хуурамч баримт бичиг үзүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа бэлнээр 2.500.000 төгрөг, мөн Хаан банкны 5034543293 тоот данс руу 3 удаагийн үйлдлээр 19.500.000 төгрөгийг, нийт 22.000.000 төгрөгийг,

2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Н.Г-ын Хаан банкны 5753521781 тоот данс руу 350.000.000 төгрөгийг,

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа С.У-ийн Хаан банкны 5034087238 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлэн залилан авч, Э.Мд нийт 392.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Эыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Эыг 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 40 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эаас нийт 557.600.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Мд 375.000.000 төгрөг, хохирогч Д.С-д 182.600.000 төгрөг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Б.У-ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эаас нийт 557.600.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.У-д 350.000.000 төгрөг, хохирогч Э.Мд 25.000.000 төгрөг, хохирогч Д.С-д 182.600.000 төгрөг тус тус олгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хоёр шатны шүүх Э.Мыг хохирогч гэж тогтоож хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б.У-ын гэрт Э.М, Т.Э нар хоёулаа очсон. Э.М 10 гаруй жилийн харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, бодит байдлыг нуусан. “Ар жаргалантын гол” гэдэг компани нь хогны машины тендерт шалгараагүй гэдгийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 6 хоногийн өмнө гэрч Ш.Т-аас мэдчихсэн мөртлөө тендерт ялсан гэж итгүүлээд Б.У-аас 350,000,000 төгрөгийг авсан. Гэтэл Э.М хохирогч, Т.Э яллагдагч болчихсон. Гэтэл Э.М, Т.Э нар бодит байдлыг нууж Б.У-аас 350,000,000 төгрөгийг авснаар залилах гэмт хэрэг туйлдаа хүрч төгссөн. Үүний дараа гэмт этгээдүүд хохирогчоос авсан мөнгөө бие бие рүүгээ шилжүүлснийг гэмт хэрэг гэж хараад Э.Мыг хохирогч болгож шийдвэрлэсэн. Ийм учраас Э.М бол энэ гэмт хэргийн хамтран оролцогч, зайлшгүй яллагдагчаар татагдах ёстой этгээд мөн. Мөн Э.М нь өөрийн хоёр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаална гэж ярьж байсан. Гэтэл шүүх хуралдаанд оролцохдоо барьцааны хөрөнгийг шилжүүлэхгүй гэсэн. Энэ нь урьдаас буцааж төлөх сонирхолгүй байсныг илтгэдэг. Тэгэхээр энэ хэргийн хохирогч Б.У-, Т.Э-тай хамтран оролцсон этгээд Э.М мөн юм. Э.М-ыг яллагдагчаар татахын тулд зайлшгүй шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох шаардлагатай” гэв.

Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... прокуророос миний үйлчлүүлэгч Т.Э-ыг 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 2021 оны 02 дугаар сарын 06-ны хүртэлх хугацаанд “Батлан даалтын сангаас зээл авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нууж, Д.С-ос 186,600,000 төгрөгийг залилсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үндэслэлтэй гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.С- Т.Э-д 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3,8 хувийн хүүтэй 40,000,000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 6 хувийн хүүтэй 55,000,000 төгрөгийг, энэ мэтчилэн явсаар хамгийн сүүлд 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг, нийт 187,000,000 төгрөгийг зээл хэлбэрээр авч, аман хэлцэл хийсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Д.С-гын өмгөөлөгчийн зүгээс Т.Э-ын шилжүүлсэн 87,780,000 төгрөг бол өмнө авсан мөнгө буюу сүүлд авсан мөнгөний хүү биш гэж тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзвэл 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс авч эхэлсэн мөнгөний хүүг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс төлж эхэлсэн байдаг. Ингээд нийт 87,780,000 төгрөгийг Д.С-гын Хаан банкны данс руу зээл гэсэн агуулгатай шилжүүлсэн нь Д.С-, Т.Э нарын мэдүүлэг, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээ нотлогдоно. Эдгээр байдлаас үзэхэд тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Магадгүй дээрх үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд Т.Э-ын Д.С-д зээл гэж төлсөн 87,780,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол 186,600,000 төгрөгөөс хасаж тооцоогүй эргэлзээ бүхий асуудал үүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс дээрх үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байна. Иймд хохирогч Д.С-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан. Харин Э.М-ын хувьд тухайн хэргийг туйлд нь хүргэхэд тодорхой үйлдэл хийсэн. Т.Э, Э.М нар нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хогны машин зарласантай холбоотойгоор 350,000,000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч гэсэн байдлаар Ш.Т- дээр очдог. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнаас тендер зарлагдсан эсэхийг тодруулахад “Ар жаргалантын гол” гэдэг компани шалгараагүй болохыг хэлсэн байдаг. Энэ нөхцөл байдлаас үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт зөрүүтэй авагдсан нотлох баримтуудын нэгийг авахдаа нөгөөг үгүйсгэсэн үндэслэлийг огт дурдаагүй. Тэгэхээр хэрэгт Э.М-ыг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол үндэслэлтэй байсан. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг Э.М хариуцах ёстой. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүл мэндийн болон хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шатны шүүхэд хохирогч Э.М-ын өмгөөлөгч Н.Баярсайхан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... гомдол гаргагч талууд Ш.Т-ын мэдүүлгийг үндэслээд Э.М-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж ярьдаг. Э.М, Т.Э нар нь 2021 оны 04 дүгээр сард Ш.Т-тай уулзсан байдаг. Гэтэл тухайн тендер 2021 оны 02 дугаар сард зарлагдаад 08 дугаар сард “Хьюндай моторс” гэдэг компани шалгарсан. Ш.Т- хүний эд хөрөнгө барьцаалж авчхаад маргааш нь мөнгө олдохгүй болохоор нь шалтаг хэлсэн юм шиг байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээд л хохирлыг хариуцах ёстой. Э.М 350,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Дээр нь Т.Эд 42,000,000 төгрөгөө залилуулсан. Анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хэмээн дүгнэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “Иргэний хуульд заасан маргааныг залилах гэмт хэрэг гэж үзсэнд гомдолтой байна” гэж гомдол гаргадаг. Гэтэл Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг нь иргэний эрх зүйн маргаанаас гэмт хэргийн объектив талын шинж болох үйлдлийн аргаараа ялгагддаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эрхийн эсрэг гэрээ, хэлцлээр халхавчилсан үйлдлийг хийж, төөрөгдөлд оруулан, хуурсан, анхнаасаа хохирогчид төлбөр төлөх санаа зорилго байгаагүй, төлбөрийг төлөх талаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэрэг нь залилах гэмт хэргийг шинжийг агуулж байна. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Т.Э-ын бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт хохирогч Э.М оролцоогүй бөгөөд шүүгдэгчтэй санаа зорилго нэгдэж, хамтран оролцсон талаарх субьектив талын шинж тогтоогдохгүй байна. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нотлох баримтад тулгуурлан эргэлзээгүй байдлаар хангалттай нотолж чадаагүйн улмаас шүүхийн энэхүү шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байх учиртай.

Т.Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 2021 оны 02 дугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд өөрийн танил Д.С-ос удаа дараа зээлсэн гэх мөнгөнөөс 186.600.000 төгрөгийг,

мөн зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2021 оны 03 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сарын 18-ны хүртэлх хугацаанд Э.М-аас нийт 392.000.000 төгрөгийг залилан авч, нэр бүхий 2 иргэнд 578.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байна.

Тухайлбал, хохирогч Э.М нь 50.000.000 сая төгрөгийн ашиг авах зорилгоор Т.Э-ын шалгарсан гэх “хогны машин нийлүүлэх тендер”-ийг санхүүжүүлэхийн тулд Б.У-ыг Т.Э-тай танилцуулж, улмаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж Б.У-аас 350.000.000 сая төгрөгийг 18 хоногийн хугацаатай, 50.000.000 сая төгрөгийн хүүтэй зээлсэн үйл баримт хэргийн оролцогчдын гаргаж өгсөн нотлох баримт болон мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулахын зэрэгцээ гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх замаар хүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь хамгаалахад оршино.

Мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан гэмт хэргийн ул мөр, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэн, түүний эх сурвалжийг магадлах аргаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг эргэлзээгүй нотлох үүргийг хуулиар хүлээсэн болно.

Гэтэл мөрдөн байцаалтаар мөнгө зээлсэн гэх Б.У-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч мөн эсэхийг шалгаж тогтоогоогүйгээс гадна ямар эрх, үүрэгтэйгээр тухайн ажиллагаанд татан оролцуулсан нь ойлгомжгүй, үндэслэл бүхий тогтоож чадаагүйн улмаас хүний эрхийг ноцтой зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн хохирогч Д.С- нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Т.Эд тухай бүр нь 3.8-аас 10 хүртэл хувийн хүүтэйгээр нийт 471.700.000 төгрөг гэрээ байгуулж зээлүүлсэн үйл баримтын талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль маргаагүй боловч зээлсэн мөнгийг заасан хугацаанд төлсөн явдлыг иргэний эрх зүйн харилцаа, тогтоосон хугацаанд төлж чадаагүй байдлыг залилах гэмт хэрэгт тооцсон нь хууль зүйн үндэслэлгүйн дээр хуулийн буруу хэрэглээ гэж үзнэ.

Нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн олон удаагийн давтамжтай, тухай бүр нь хүү тооцсон хэлцлийн үр дүнг ердийн байдлаар тооцоолон гаргах боломжгүй бөгөөд энэхүү тохиолдолд тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж дүгнэлт гаргуулж үр дүнг нь нотлох баримтаар тооцдог нь мөрдөн шалгах ажиллагааны нэг арга, хэрэгсэл юм.  

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болон хуулийн буруу хэрэглээ бүхий нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн үйл баримт, хууль хэрэглээнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заан дурдаагүй нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Шүүх аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо, уг шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж олж авсан, бэхжүүлсэн байх, түүний эх сурвалж тодорхой, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолсон байх ёстой.

Иймд хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг бэхжүүлж, цуглуулж, эргэлзээгүй байдлаар тогтоосны эцэст шүүгдэгч Т.Э-ын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэмт хэрэг нь тухайн үйл явдлын талаар мэдсэн, харсан зүйлийнхээ талаар үнэн, зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн этгээдийн эх сурвалжаа заасан мэдүүлгээс гадна мөрдөн байцаалтын бусад арга, хэрэгслээр нотлогдсон байх ёстой бөгөөд энэхүү үйл ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг шинээр тогтоон дүгнэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүйг дурдвал зохино.

Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон тул хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 634 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ                                           М.ПҮРЭВСҮРЭН

         ШҮҮГЧ                                           С.БАТДЭЛГЭР

                                                                Б.БАТЦЭРЭН 

                                                              Ч.ХОСБАЯР

                                                                Б.ЦОГТ