Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 226/МА2025/00017

 

 

 

 

 

 

 

 

 

 2025         11           11                                           226/МА2025/00017

 

 

 

 

Х-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Гуравдагч этгээд: С.Ш, түүний өмгөөлөгч Г.Б,

   Нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

   1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Э-н даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн  523 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х-ын  Хэрлэн сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, С.Ш-ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээд С.Ш-ын өмгөөлөгч Г.Б-ны гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2. Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух хаягтай, Хэрлэн сумын 5 дугаар багийн Нийгмийн ажилтан М.О  нь 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр тус багийн иргэн С.Ш-г архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг цагдаагийн газарт ирүүлсэн. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн *******ыг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү...” гэв.

3.Гуравдагч этгээд С.Ш: “...Миний бие Х-ээс гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би Хаан банканд 4,175,131 төгрөгийн зээлтэй, сард 215,000 төгрөгийг төлдөг. Голомт банканд 7,030,500 төгрөгийн зээлтэй, сард 365,000 төгрөгийг төлдөг. Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хот тохижуулах газарт ачигчаар ажилладаг. С.Ш би 7 хоногийн 5 өдөр өдөр бүр 08:30 цагаас 19:00 цаг хүртэл ажилладаг. Хэрэв ажлаас хийхгүй бол дээрх цалингийн зээлүүдээ төлж чадахгүй. Ээж Х.С  59 настай бие нь муу нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа. Эхнэр М, хүү М, 21 настай, охин Ш.И 15 настай, Политехникийн сурдаг. Миний хувьд байнга архидан согтуураад байдаг асуудал огт байхгүй. Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, ... тоотод оршин суудаг байхад 3 дугаар багийн Нийгмийн ажилтан хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Архины албадан эмчилгээнд явахгүй...” гэв.

4. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Ш-г архины албадан эмчилгээнд хамруулж шийдвэрлэжээ.

5. Гуравдагч этгээд С.Ш-ын өмгөөлөгч Г.Б-ны давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Надаар үйлчлүүлсэн С.Ш  нь Хаан банкинд 4,175,131 төгрөг, мөн Голомт банканд 7,030,500 төгрөгийн зээлтэй одоогоор зүүн хөл машинд шилгүүлсний улмаас хугарсан. Гэр бүл болох М  нь С.Ш  өөрөө сайн дураараа архинаас гаргах эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлсэн үүнээс үзэхэд шүүхийн архинаас гаргах албадан эмчилгээнд явуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул гомдол гаргаж байна.” гэжээ.

6. Гуравдагч этгээд С.Ш, түүний өмгөөлөгч Г.Б нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээр  архины эмчилгээнд явуулах шийдвэр гарсан. Өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй гомдол гаргасан. 4 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш тасралтгүй ажиллаж байгаа. Хаан банканд 4 сая, голомт банк дээр 4 саяын өртэй. Эмчилгээнд явуулчихаар хэн зээлийг нь төлөх вэ? удаа дараа баривчлагдсан зүйл байхгүй. Өр төлбөр тодорхой. Явуулах шаардлагагүй, өөрийн гаргасан гомдлоо дэмжиж байна...” гэв.

7. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Ш-н хувьд 2014-2024 он хүртэл архи согтууруулах ундаа зүйл хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Хамгийн сүүлд баривчлах шийтгэл эдэлж байсан. 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 2025  оны 8 дугаар сарын 02-ны өдөр, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, 2025 оны  5 дугаар сарын 13-ны өдрүүд тус тус архи согтууруулах ундаа хэрэглээд арга хэмжээ авагдаж байсан. Мөн 2016, 2018 онуудад гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан. 2024 онд захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах саналыг гаргасан. Ажил төрөлтэй гээд гуйсаар байгаад үлдсэн. С.Ш-н хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах саналтай байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б-ны давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр  хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг бүхэлд хянав.

9. Нэхэмжлэгч Х-ээс  “согтуурах, мансуурах донтой гэх *******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай”  шаардлага гаргажээ.

10. Хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэхдээ оролцогчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарласан тохиолдол гараагүй байна.

11. Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух  С.Ш-г  согтууруулах ундаа байнга хэрэглэсний улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлд орж, архины  идэвхтэй хараат байдалтай болсон нь иргэний хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Хэрлэн сумын ... дугаар баг хариуцсан нийгмийн ажилтан гэрч  М.О, бусад гэрч Р.Г, Ц.Б, Э.О нарын “Ш” гэх залуу Эвт худалдааны төв, Далай хан хүнсний дэлгүүрийн хавиар архи ууж хэсэг хүмүүсийн бөөгнөрөл үүсгэн орилж хашхирч заримдаа гадаа унтаж байдаг” гэх мэдүүлгүүд /хх-8-15х/, зөрчил холбогдогчийн байнга эрүүлжүүлэгдэж, зөрчлийн  хэргийн шийтгэл хүлээсэн тухай баримт /хх-19-35х/, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-36-37х/, гуравдагч этгээдийн “5 жил архи ууж байгаа тухай” тайлбар /хх-6-7х/, иргэний үнэмлэх, гэрлэсний бүртгэл, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-16-18х/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь  хэргийн бодит байдалтай нийцсэн.

12. Гуравдагч этгээд С.Ш  нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь  хэсэгт “жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно.” заасан үндэслэлд хамаарахгүй байх тул анхан шатны шүүхээс түүнийг мөн зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

13. Гуравдагч этгээд нь С.Ш нь  Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гарган өгч шийдвэрлүүлээгүйгээс гадна банкинд зээлтэй байдал нь архины албадан эмчилгээнд хамаарагдахаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

 14. Иймд гуравдагдагч этгээд С.Ш-ын өмгөөлөгч Г.Б-ны давж заалдах гомдлыг хангах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр орхив. /хх-97х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Гуравдагч этгээд С.Ш-ын өмгөөлөгч Г.Б-ны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн  523 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг зааснаар гуравдагч этгээд С.Ш-ын 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.