| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/02721/И |
| Дугаар | 210/МА2025/01803 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01803
2025 10 20 210/МА2025/01803
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/05183 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ад холбогдох,
Нийтийн эзэмшлийг хааж барьсан хана, хаалгыг нураалган, талбайг чөлөөлүүлж, хаалгаар орж гарах эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* миний бие тус байрыг ашиглалтад орсноос хойш амьдарч байгаа. Миний хөрш 4 тоотын оршин суугч дур мэдэн зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн талбайг өөрийн эзэмшлийн байрны зайнд нэмж оруулж, 3 тоот оршин суугчийн хаалгыг хааж, хана босгон хаалгаа шилжүүлэн суулгаж эзэмшилдээ авсан. Ингээд 2 тоот байрны хаалганд хашиж хан босгож улмаар хоёр айлын хаалга зэрэг онгойход мөргөлдөж, бага насны хүүхэд цохиулах эрсдэлтэй мөн том оврын эд зүйл оруулж гаргахад багтахгүй хүндрэлтэй байна. Иймээс миний эзэмших ёстой нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлж өгөхийг хүсье гэжээ.
2. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
2.1. Би 2013 онд Баянгол дүүргийн *******, ******* тоот гадагшаа харсан хаалгатай байрыг худалдан авч, худалдаа үйлчилгээ явуулсаар байгаа. Анх худалдан авахад орц, коридороос орох хаалгыг хааж, хана өрсөн байсан боловч цаашид хаалгаа гаргаж, коридороор орох хаалгаа нээх хүсэлтэй байсан. Дотор коридороос ордоггүй байсан учир 4 тоот айл хана өрж, хаалгаа суулгаж, миний 3 тоот хаалгыг таглаж хаасныг мэдээгүй. Энэ тухай СӨХ-ны удирдлагад мэдэгдсэн боловч арга хэмжээ авч шийдэж өгөхгүй тул шүүхэд хандаж байна.
Иймд 2 болон 3 тоот оршин суугчийн нийтийн эзэмшлийн коридорын талбайг чөлөөлүүлж, 4 тоотын хана хаалгыг буцаан татуулж, буулгуулж, 3 тоотын хаалгаараа орж гарах эрхийг сэргээж, байрандаа амгалан тайван, тав тухтай амьдрах эрхээ эдлэх эрхийг минь сэргээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Иргэн ******* миний бие нь Баянгол дүүргийн *******, *******, 4 тоот орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон. Уг орон сууцыг анх худалдан авахад хаалганы зохион байгуулалт, байршил нь одоогийн байрлалд байсан. Тухайн орон сууцыг худалдан авснаас хойш дур мэдэн 2, 3 тоот оршин суугчийн эрх ашгийг хөндөн нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн ашиглаж, хана, хаалгыг хааж таглан 4 тоот хаалгыг шилжүүлэн байрлуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад холбогдох нотлох баримтыг өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан хариуцагч *******ыг Баянгол дүүрэг, *******, *******, , байрны 1 давхарын 4 тоот орон сууцны хаалгыг сунгаж, дундын өмчлөлийн талбайг хааж барьсан хана, хаалгыг буцаан нураалгаж, нэхэмжлэгч *******, ******* нарыг тус орон сууцны 2, 3 тоот орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож чөлөөлөхийг даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Миний бие нь Баянгол дүүргийн *******, *******, 04 тоот орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох иргэн тай эд хөрөнгө хөлслөх гэрээний үндсэн дээр 2021 оноос хөлслөн амьдарч байна. Анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэсэн боловч бодит байдалд уг орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, үнийн дүн дээр тохиролцоогүй учир өнөөдрийг хүртэл хөлслөн амьдарч байна.
5.2. Маргааны үйл баримт бүхий 04 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь иргэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг ирүүлээгүй байгаа талаар шүүгч шийдвэртээ тусгасан боловч ямар ч нотлох баримтгүй, мөн нэхэмжлэл гаргах этгээд мөн эсэх, хариуцагч уг орон сууцны хууль ёсны өмчлөгч биш болох нь баримтаар тогтоогдсон байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл орц, гарц нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйл, уг орон сууцны орц гарц нь иргэн *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө биш. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байна. Энэ шаардах эрхийг өмчлөгчөөс өөр этгээд хэрэгжүүлэх боломжгүй.
5.3. Нэхэмжлэгч нар нь хариуцагчаа зөв тодорхойлж, хэнээс юуг, ямар эрх ашиг нь зөрчигдөөд байгаа, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх, холбогдох нотлох баримт дээр үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой байхад ямар ч баримт нотолгоогүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн, хариуцагч биш этгээдэд даалгаж шийдвэрлэж байгаа үндэслэлгүй. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/05183 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1. Би 40,000,000 төгрөгөөр 2013 онд тухайн байрыг худалдаж авсан бөгөөд коридорын хаалга тухайн үед хаалттай байсан. Дотроос ордог хаалгыг нээж үйлчилгээ явуулж ашиглана гэж бодож байсан боловч тухайн үед миний нөхөр хүнд өвчтэй байсан учир тухайн хаалгыг ашиглаж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад ******* нь би тухайн байрны хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр худалдаж авсан гэж тайлбарладаг. Тухайн байрны СӨХ болон *******ны бүртгэлд *******ын нэр бүртгэлтэй байсан. ******* нь тухайн байрны хууль ёсны өмчлөгч биш гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгө нь *******ын ойр дотнын этгээдийн нэр дээр бүртгэлтэй боловч *******ын эзэмшлийн байр мөн гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзээд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******ад холбогдуулан нийтийн эзэмшлийн талбайг хааж барьсан хана, хаалгыг буулган, талбайг чөлөөлүүлж, хаалгаар орж, гарахад саад болж байгаа үйлдлийг зогсоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсээр тус байрыг эзэмшиж байгаа хөлслөгч гэх агуулгаар маргажээ.
3. Хэргийн баримтаас үзвэл Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар хариуцагч *******ын эзэмшиж, ашиглаж буй Баянгол дүүрэг, *******, *******, , *******, 04 тоотод байрлах орон сууцны өмчлөгч нь иргэн байна. /хх-90-91, 94/
4. Энэ тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэхэд гийн буюу өмчлөгчийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй нь буруу болжээ.
5. Түүнчлэн нэхэмжлэгч нар хариуцагчаар *******ыг тодорхойлсон хэдий ч тэрээр тус маргаан бүхий 4 тоот орон сууцны өмчлөгч биш гэж маргаж байгаа нөхцөлд түүний эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай байсан бөгөөд энэ ажиллагааг хийгээгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.
6. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/05183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Н.ГЭРЭЛТУЯА