Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         04              15                                            2019/ШЦТ/126                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Н.А,

хохирогч Ю.Мөнгөнхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Н.Ад холбогдох эрүүгийн 1834007800113 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

  

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймаг, Цээл суманд 1984 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сан Их сургууль”-ийн эчнээ нягтлан бодох бүртгэлийн 1 дүгээр курсэд сурдаг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, Нарт 2 дугаар багийн 6-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүйг,

Урьд өмнө Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 841216 дугаарын регистртэй, М овгийн Н.А

  

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.А нь 2018 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд байрлах “Оч” хүнсний дэлгүүрийн үүдэнд Ю.Мөнгөнхуягтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А: 

...Гэм буруу дээр маргахгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс мэдүүлэг өгөхгүй гэв...

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Мөнгөнхуяг:

...2018 оны 09 дүгээр сарын 29-ний орой манай хадлан Төв аймгийн Цээл суманд Сэлэнгийн хүдрээс нүүж ирсэн. Дээр нь ачигч хийж байсан хүмүүс тамхигүй болсон байна гэхээр нь шөнө 12 цаг болж байхад дэлгүүр орсон. Төгсөө дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Төгсөөг зүс танина нэг суманд амьдардаг байсан Төгсөөтэй таараад мэнд мэдэхэд хэн бэ, хаанахын хэн бэ бид хоёр жаахан маргалдаад манай хадлангийн грүшик хийж байсан залуу бууж ирээд салгасан. Амраа Төсгөөгийн машинаас буугаад ирсэн. Тэгээд жаахан маргаан болоод би зугтаая гээд явсан. Тэгээд машины араас хөөгөөд байх шиг байж байгаад алга болсон. Гэртээ очсон чинь утас байхгүй байсан. Алга болсон утас нь манай дүүгийн утас байсан юм. Утсаа олж явъя гээд явсан. Дэлгүүрийн гадаа ирэхэд Амраа, Төгсөө хоёр ирсэн зогсож байсан. Буугаад утсаа асуугаад маргалдаад Амраа нь юу нь мэдэхгүй юмаар ам руу цохисон. Шүд бутраад явсан. Манай дүү бид хоёр зугтаагаад явсан. Битгий зодолдоорой гэж  хамт явсан залуучууддаа хэлсэн. Тэр дэлгүүрийн хажуу талын хашаа дээр даваад ороод суусан. Тэгээд хашаанаас өндийгөөд харахад хүн байхгүй байсан. Урдаас манай нөгөө хоёр залуу миний машиныг бариад ирсэн. Энгэр ам маань цус болсон байсан. Эмнэлэг очсон. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Содбаяр нь ээлжийн амралттай гээд байхгүй байсан. Эмнэлэг дээр шөнийн 02 цаг 40 минут болж байхад ирсэн. Дадлагын оюутан шүд амыг маань цэвэрлээд хацар дээр оёдол тавиад тэндээ эмчийн хяналтад хононо гээд эмнэлэг дээрээ хоносон. Өглөө гэмтэлд дээр ирсэн. Үрэвсэх магадлалтай байна гээд тариа хийлгээд зураг авахуулаад байж байтал шүүхээр явах юм уу гээд эмнэлэг дээр анхан шатны зөвлөгөө аваад маргааш нь аймгийн шүүх эмнэлэг дээр ирсэн. Амраа дараа нь уулзаад 6 000 000 төгрөг өгье гээд тохирсон. Цээлд өвс байгаа тэрийг очоод авчих гэсэн. Унаа тэрэг олдохгүй байсан учраас очиж авч чадаагүй. Гомдол санал байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1834007800113 дугаартай хэрэгт хохирогч Ю.Мөнгөнхуягийн /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Ш.Төгсбаатарын /хх-ийн 19-21, 22-23 дугаар хуудас/, гэрч Ю.Мөнхбатын /хх-ийн 24-26 дугаар хуудас/, гэрч П.Содномдондовын /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, гэрч Б.Нямбаярын /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Д.Цэрэнлхамын /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Ч.Лхагвахишигийн /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, шинжээч Э.Дэлгэрхүүгийн /хх-ийн 50, 51-52 дугаар хуудас/, яллагдагч Н.Агийн /хх-ийн 57-58 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,  

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 636 дугаартай дүгнэлт, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12339863 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 013 дугаартай тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/ болон Төв аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргах нь /хх-ийн 05 дугаар хуудас/, бичгийн нотлох баримтыг хуулбар авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06-08 дугаар хуудас/, бичгийн нотлох баримтыг хуулбар авсан тухай тэмдэглэл яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 09-10 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Агийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59-61 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд байрлах “Оч” хүнсний дэлгүүрийн үүдэнд Ю.Мөнгөнхуягтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ю.Мөнгөнхуягийн ...Би Н.А гэх залууг тэвэрчихсэн байснаа дийлэхгүй болоод тавиад хойшоо зугтаасан чинь миний машин дээр ирээд машины кобудыг нэг юмаар цохиод байхаар нь би наанаас нь чи болилдоо наадах чинь хүний хөрөнгө шүү дээ гэхэд нөгөө барьж байсан зүйлээрээ миний нүүр рүү цохисон. Тэгсэн миний дээд үүдэн 2, доод үүдэн 3 шүд бутраад унахаар нь зугтаагаарай гэж хэлээд шууд машинаа хаяад дүүгийнхээ хамт зугтаагаад үрийн нөөцийн хашааны хаалгаар давж ороод дүүгийнхээ хамт хэсэг сууж байгаад чимээ гарахгүй болохоор нь хажуу талд Мөнхбат бид хоёрыг хайгаад хүрээд ирэхээр нь очиж машиндаа суугаад шууд цагдаагийн хэсэг дээр ирж Содбаяртай уулзаж болсон хэргийн талаар хэлсэн... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч Ш.Төгсбаатарын ...Мөнгөнхуяг бид хоёр нэг нэгнийгээ заамдалцаад автал манай найз Н.А гарч ирээд бид хоёрыг салгасан... ...дотроос нь 3 залуу бууж ирээд нэг ч юм ярилгүй жолоо барьж явсан. Н.Агийн талаар хаалга онгойлгоод Н.Аг цохиод машинаас татаж буулгаад гадаа ноцолдоод байх шиг болохоор нь би машинаас гартал Мөнгөнхуягийн дүү гэх өндөр залуу миний араас тэврээд хоолой боогоод би хэсэг зуур ухаан балартаад байхаар нь доошоо хараад зогсож байтал манай найз Лхагвахишиг гэрээсээ гарч ирээд болиоч та нар гэтэл нөгөө залуучууд зугтаагаад яваад өгсөн... /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

...Мөнгөнхуяг нөгөө хар тэрэгтэйгээ ирээд 3 залуугийн хамт Н.А бид хоёрыг зодох гэж бууж ирээд Н.Агийн хаалгыг онгойлгоод шууд цохиж аваад татаад буулгахаар нь би урд талаас нь буугаад яваад очиход нэг залуу нь араас боогоод унагасан. Тэгэхэд Н.А намайг салгаад босоод ирэхээр нь Лхагвахишиг гэрээсээ гарч ирээд болиоч гэж орилоход нөгөө хэд зугтаасан. Араас нь би ална гээд явтал Н.А Лхагвахишиг хоёр намайг татаж аваад машин дээрээ ирэхэд нөгөө хэдийн машин явчихсан миний машины түлхүүр байхгүй болчихсон байсан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

гэрч Ю.Мөнхбатын ...Мөнгөнхуяг ах наадуул чинь хүн алах нь зугтаагаарай гэж хашхираад зугтаасан... ...сумын эмнэлэг орж Мөнгөнхуягийг үзүүлэхэд зүүн хацарт оёдол тавиулж, амыг нь уусмалаар цэвэрлэж үзэхэд үүдэн 4 шүд нь унасан харагдсан... ...би юугаар цохисныг хараагүй. Мөнгөнхуяг надад алхаар цохчих шиг боллоо л гэж хэлсэн. Би Мөнгөнхуягийг зодсон гэх залууг нь танихгүй, урьд өмнө харж байгаагүй... ...Зодуулчихлаа гэж анх ирэхэд нь бол ил харагдахаар шарх байгаагүй. Тэгээд утсаа хайхаар очиж байгаад зодуулсан. Тэгэхэд уруул ам нь цус болчихсон, шүд ам нь унасан байсан... /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

гэрч П.Содномдондовын ......Цэдээ бид хоёр машинаас буугаад очтол Мөнгөнхуяг ах бид хоёрт зугтаагаарай гэхээр нь зугтаагаад машиндаа суусан чинь Мөнгөнхуяг ах араас гүйж ирээд суугаад бид нар хөдлөөд Мөнгөнхуяг ахын гэрт нь очоод Мөнгөнхуяг ах зодуулсан талаар хэлсэн... ...Мөнгөнхуяг, Мөнхбат ах хоёр хоёулаа зугтаагаад айлын хашаа давсан... ...гадаа харанхуй байсан би машин дотроос Мөнгөнхуяг Мөнхбат хоёрыг зугтаагаад айлын хашаа даваад орж байхыг нь харсан. Зодолдож ноцолдож байхыг нь хараагүй...  /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

гэрч Б.Нямбаярын ...Ю.Мөнгөнхуягийн уруул сэтэрсэн, үүдэн шүд суларсан, 2 шүд унасан байсан санагдаж байна. Тэгээд цэвэрлээд өвчин намдаах тариа хийгээд хүйтэн жин тавиад эмнэлэг дээр хонуулаад маргааш нь өглөө нь эмчээс зөвлөгөө аваад хот руу явсан. Ямар хүмүүст зодуулсан талаараа хэлээгүй... ...Ю.Мөнгөнхуяг нь алхаар цохисон шүд рүү цохисон гэж яриад байсан... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

гэрч Д.Цэрэнлхамын ...гадаа хүмүүс муудалцаад байх шиг байхаар нь манай охин гар харахад машин хөдлөөд хүмүүс гүйлдээд явчихсан. Тэгсэн охин орж ирээд надад хүмүүс шуугилдаад хөлийн чимээ гараад гүйлдээд явчихлаа гэж хэлсэн. Надад хэн хэн маргалдаж муудалцсаныг хэлээгүй... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

гэрч Ч.Лхагвахишигийн ...манай дэлгүүрийн гадна хүмүүс зодолдоод байх шиг байна гэж ээж хэлсэн. Тэгэхээр би гарч харахад харанхуйд сайн харагдаагүй хүмүүс гүйлдээд байсан. Үрийн нөөцийн хаалга руу нэг хүн гүйгээд ороход Төгсбаатар араас гүйж байгаад хөл нь хаалганд хавчуулагдаж үлдсэн байхаар нь би араас нь очиж боль гэж хэлээд машинд хүргэж өгсөн. Тэнд байсан хүмүүс тарсан байсан... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

шинжээч Э.Дэлгэрхүүгийн ...Би Ю.Мөнгөнхуягийн биед үзлэг хийж 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 636 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Ю.Мөнгөнхуягийг үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Мөнгөнгүүр эмнэлгийн КТГ-ийн шинжилгээгээр зүүн 1.2-р шүд, доод баруун 1, зүүн 2-р шүд хугаралтай гэсэн байсан. Үзлэгээр мөн тогтоогдсон. Багажийн шинжилгээнд дээрх 4 шүднээс өөр гэмтэл тогтоогдоогүй... ...үзлэгээр авахуулах шаардлагатай шүд байгаагүй... ...4-6 шүд унасан тохиолдолд гэмтлийн зэргийн журамд хүндэвтэр зэрэгт хамаардаг учир гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. 4-6 шүд унасан нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% алдагдуулдаг юм... /хх-ийн 50 дугаар хуудас/,  

...дээрх гэмтлийн хоншоор ясны хугарал, дээд эрүүний зүүн 1,2-р шүд, баруун 1, зүүн 2-р шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт, зүүн хацар, зүүн чамархай, уруулын салстад шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... ...Мохоо зүйл гэдэгт ир ирмэг үгүй тэгш гадаргуутай бүх зүйлийг хамааруулж ойлгож болно... ...хүний гар мохоо зүйлд орно... ...дээрх гэмтлийн хоншоор ясны хугарал, дээд эрүүний зүүн 1, 2 дугаар шүд, баруун 1, зүүн 2-р шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт  хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ...зүүн хацар, зүүн чамархай, уруулын салстад шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

яллагдагч Н.Агийн ...Мөнгөнхуягтай хамт ирсэн залуу Мөнгөнхуяг хоёр Төгсбаатарыг барьж аваад газар унагаагаад дээр нь гарчихаар нь би салгах гэж Мөнгөнхуягийг татаад хамт явсан залуучуудад нь энэ хэдийг салгаад аваач гээд зөндөө гуйсан боловч салж өгөхгүй Мөнгөнхуяг бид зууралдаад байж байтал нэг залуу нь намайг хажуунаас цохиод байхаар нь Мөнгөнхуяг намайг тавь гэж хэлэхэд тавихгүй зууралдаад байхаар нь би Мөнгөнхуягийн нүүр рүү нь гараа раа 2 удаа цохисон чинь цаашаа яваад өгсөн... /хх-ийн 57-58 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,  

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 636 дугаартай ...Ю.Мөнгөнхуягийн биед хоншоор ясны хугарал, дээд эрүүний зүүн 1,2-р шүд баруун 1, зүүн 2-р шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт, зүүн хацар, зүүн чамархай, уруулын салстад шарх, зүүн хацар, зүүн чамархай, доод уруул, эрүү, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэм, зүүн шуу, умдганд зулгаралт, зүүн эгэм, зүүн бугалга, зүүн шуу, умдганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 41-43 дугаар хуудас/ болон бичгийн нотлох баримтыг хуулбар авсан тухай тэмдэглэл яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 09-10 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Агийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59-61 дүгээр хуудас//хх-ийн 26-29 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Агийн 2018 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд байрлах “Оч” хүнсний дэлгүүрийн үүдэнд Ю.Мөнгөнхуягтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдыг зодож цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ю.Мөнгөнхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ю.Мөнгөнхуягаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй хэдий ч хохирогч Ю.Мөнгөнхуяг нь шүүгдэгч Н.Агээс 6.000.000 /зургаан сая/ төгрөг нэхэмжилдэг.

 

Шүүгдэгч Н.А нь хохирогч Ю.Мөнгөнхуягийн нэхэмжилсэн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч, шүүгдэгч нар хохиролтой холбоотой асуудлаар хоорондоо тохиролцсон зэрэг байдлаас шүүх хохирогчийн нэхэмжилсэн 6.000.000 /зургаан сая/ төрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлснийг, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

                36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                  хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус

                                            тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Н.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М овгийн Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун тавин нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

       

4. Шүүгдэгч М овгийн Н.Ад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

5. Шүүгдэгч М овгийн Н.Ад нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Н.Агээс 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЧБ82120615 дугаарын регистртэй, Годонгууд овгийн Юрагийн Мөнгөнхуягт олгосугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М овгийн Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М овгийн Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

  

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН