| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 191/2025/03133/И |
| Дугаар | 210/МА2025/01755 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01755
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/06162 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 19,734,420 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие *******тэй 2022 оны 05 сард уулзалт хийж, хууль зүйн зөвлөгөө өгсөн. Дараа нь 2022 оны 10 сараас ******* улсын иргэн *******оос хөрөнгө оруулалтын гэрээнд оруулсан төлбөр, зээлийн төлбөр, нийт 197,344,200 төгрөг гаргуулах ажиллагаанд биечлэн оролцож, үүргийг хангуулах, уулзалт зохион байгуулах, зэргээр ажилласан. Үүний үр дүнд 2023 оны 02 сарын 09-ний өдөр *******той эвлэрлийн гэрээ хийж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. *******тэй анх уулзалт хийхдээ гэрээний үнэ хөлс төлбөрийг нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувь гэхэд тэрээр та шийдвэрлүүлээд өгөх юм бол 20 хувь байсан ч яахав гэж хэлсэн. Миний бие хуульчийн жишиг үнэ 10%-иар гэрээ байгуулах талаар ярьж тохирсон боловч гэрээ байгуулах шаардлагагүй гэхээр нь итгэсэн. Сүүлдээ гэрээ байгуулаагүй юм чинь гэдэг хандлага гаргаж төлбөр нэхэхэд надад мөнгө байхгүй гэх зэргээр хандсаар өнөөдрийг хүрээд байна.
Иймд хууль зүйн үйлчилгээний төлбөрт 19,734,420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Миний бие ******* гэх хүнтэй өөрийн эцэг, эхээр дамжуулан холбогдсон. Миний бие санхүүгийн асуудалд орж өмгөөлөгч хөлслөх чадваргүй байсан тул хуульч *******т өөрийн нөхцөл байдлыг тайлбарлан урьдчилгаа төлбөр өгөх боломжгүй талаар хэлсэн. Харин *******оос авах ёстой эвлэрлийн гэрээнд заасан 182,694,200 төгрөгийг барагдуулсан тохиолдолд үнийн дүнгийн 10%-ийг өгөхөөр санал болгосон. Хуульч ******* нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.2-т хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулна гэж заасан шаардлага тавьж ажилласан бол миний зүгээс татгалзах зүйлгүй гэрээ байгуулж ажиллах байсан. Түүний гаргасан нэхэмжлэлийн агуулга, шаардлагатай танилцаад бодит байдалд нийцээгүй агуулга бүхий нэхэмжлэл шүүхэд гаргаж байгаа хуульч хүнээр өөрийгөө төлөөлүүлж ажиллуулсандаа харамсаж байна. Бодит байдалд эвлэрүүлэн зуучлах гэрээг би өөрөө ******* дагуулж эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авхуулж, уулзалт зохион байгуулах, эвлэрийн гэрээ байгуулах бүх ажлыг эвлэрүүлэн зуучлагч хийж, ******* намайг төлөөлж эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаас өөр ажиллагаанд оролцоогүй. 2023 оны 06 сарын 04-ний өдөр *******оос 4,000,000 төгрөг орж ирсэн ба ******* хуульчид 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 181/ШЗ2023/04303 дугаар захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээний дагуу 2023 оны 07 сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг барагдуулаагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаж шилжүүлсэн. Гэсэн ч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас ямар ч үр дүн гараагүй байхад боломжтой арга хэмжээг авч өгөөгүй, дахин энэ хэрэг дээр оролцоогүй.
Иймд 19,734,420 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 18,734,420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 251,622 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. ******* нь хуульч *******оос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3, 24.1.4-д зааснаар үйл ажиллагаа явуулахыг хүссэн. Тухайн үед ******* нь *******оос төлбөр авах ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлөөлж, төлбөр орж ирснээр өөрийн ажлын хөлсийг авая гэсэн санал гаргасны дагуу орж ирсэн мөнгөний 10 хувийг өгөхөөр тохирсон. Иймд ч иргэний хэргийн шүүхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөөлөх итгэмжлэлийг тус тус 3 жилийн хугацаатай олгосон. Тэрээр тухайн итгэмжлэлүүдийн хугацаа дуусахаас өмнө өөрөө ажлаа хийхээ зогсоосон бөгөөд үүгээр ажил, үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байна гэж ойлгож, ******* өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөөлөх итгэмжлэлээ өгөөгүй ба бид татгалзлаа нотолж, тайлбарын үнэн зөвийг гэрчлэх зорилгоор итгэмжлэл өгсөн. Гэвч шүүх татгалзлаа нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй.
4.2. Түүнчлэн ******* нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, гэрээний нөхцөл болон бусад зүйлсийн талаар өөрийн үйлчлүүлэгчдээ тайлбарлаж, ирээдүйд бий болох үл ойлголцлоос сэргийлэх үүрэгтэй. Гэрээг бичгээр байгуулаагүй байхад нэхэмжлэгч шаардах эрхээ өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх хариуцагчид байхгүй зүйлийг нотлох үүрэгтэй гэж дүгнэсэн нь нотлох үүргийн хуваарилалтыг буруу тогтоосон гэж үзэж байна. ******* 1,000,000 төгрөг авсан мөртлөө аваагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөөлж, ажлыг дуустал явна гэсэн атлаа сүүлд авсан итгэмжлэлээ шүүхэд өгөлгүй нэхэмжлэл гаргаж, худал тайлбар гаргаж байгааг гайхаж, хуульч хүн үнэн зөвөөр шүүхэд мэдүүлдэггүй юм байна гэж ойлгож, гомдолтой байгаа болно.
4.3. Анхан шатны шүүх талуудын хооронд хэзээ, хэдий хугацаатай, ямар нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан, уг гэрээнээс хэн, хэзээ татгалзсан, гэрээний дагуу ажил бүрэн гүйцэтгэгдсэн эсэх, эсхүл гэрээний хугацаа дууссан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Эргэлзээ бүхий тодорхой бус үйл баримтыг дурдаж, талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны талаарх дутуу мэдээлэл, баримтыг шүүхэд гаргаж өгөх байдлаар нэхэмжлэл гаргасан хуульч *******ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Талууд төлбөрийг хэзээ төлөх вэ гэж маргадаг. Анх шатны шүүхийн шийдвэрийг эцэслэж өгөөд, эцэслэсэн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргаснаар миний ажил дуусгавар болохыг *******тэй тохиролцсон. Хариуцагч нь гэрээ байгуулж төлнө гэсэн боловч гэрээ байгуулаагүй. Үүнээс хойш 2 жил хүлээсний хариуцагч руу төлбөрөө төлөөрэй гэхэд хоёуланд нь ямар гэрээ байгаа билээ гэх мэтээр үл хүндэтгэх байдалтай харьцсан. Тухайн үед эхнэр минь хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байсан. Би *******оос авсан төлбөрөөс төлбөрөө авна гэж тохиролцоогүй, хариуцагч ч ийм баримтыг гаргаж өгөөгүй. Өөрсдөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Анхнаасаа ийм тохиролцоо байгаагүй учраас шүүх зөв шийдвэрлэсэн. Хууль хэрэглээний хувьд хөлсөөр ажиллах гэрээний дагуу шийдвэрлэсэн нь зөв байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 19,734,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. *******ээс 2023 оны 01 сарын 10-ны өдөр *******т итгэмжлэл олгож, ******* улсын иргэн *******оос авах авлага 197,344,200 төгрөгийг гаргуулахтай холбоотой иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг 2 жилийн хугацаатай олгосон;
3.2. ******* нь дээрх итгэмжлэлийн үндсэн дээр хууль зүйн үйлчилгээ үзүүлж, үүний үр дүнд талууд 2023 оны 02 сарын 09-ний өдөр 32 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 182,694,200 төгрөгийг 2023 оны 07 сарын 30-ны өдрийн дотор *******д төлөх үүргийг хүлээсэн. Уг эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар ******* гарын үсэг зурсан;
3.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 181/ШЗ2023/04303 дугаар захирамжаар дээрх Эвлэрлийн гэрээ-г баталгаажуулж, хариуцагч уг захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн;
3.4. *******ээс 2023 оны 08 сарын 01-ний өдөр *******т итгэмжлэл олгож, ******* улсын иргэн *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч талыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлөөлөх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгосон;
3.5. 2023 оны 06 сарын 04-ний өдөр төлбөр төлөгч ******* улсын иргэн *******оос 4,000,000 төгрөгийг төлбөр авагч *******д дансаар шилжүүлэн өгсөн;
3.6. 2023 оны 06 сарын 05-ны өдөр *******ээс 1,000,000 төгрөгийг *******т өмгөөлөгчийн ажлын хөлс гүйлгээний утгатайгаар дансаар шилжүүлэн өгсөн.
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
5. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 3.1-3.6-д тусгагдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин хууль зүйн туслалцаа үзүүлсний ажлын хөлс 10%-ийг урьдчилан, эсхүл гүйцэтгэлээр нь төлөхөөр тохирсон эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг; ойлгоно гэж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.2 дугаар зүйлийн 2-т Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулна гэж, 3-т Хуульч нь үйлчилгээний хүрээ, хөлс, зардлын хэмжээ, тэдгээрийг тодорхойлох аргын талаарх саналаа үйлчлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдлийг бичгээр үйлдвэл зохимжтой. Хөлс, зардлын хэмжээг өөрчлөх бол үйлчлүүлэгчид мэдэгдэнэ гэж тус тус заажээ.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч ******* нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийн хувьд хариуцагч *******тэй хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, уг гэрээндээ хөлс, зардлын хэмжээ, түүнийг төлөх нөхцөлийг тусгаж өгөх учиртай байжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь ...эвлэрэл баталсан шүүгчийн захирамж гарснаар хариуцагчид хөлс төлөх үүрэг үүссэн... гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүйтэй холбоотой эрсдлийг өөрөө хүлээнэ.
7. Өмнө дурдсанчлан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч талыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлөөлөх бүрэн эрхийг *******ээс *******т итгэмжлэлээр олгосон, мөн төлбөр төлөгч *******оос мөнгө бодитоор төлөгдсөн даруй *******ээс *******т хөлс шилжүүлсэн зэрэг үйл баримтаас дүгнэвэл ...гүйцэтгэлээр нь хөлс өгөхөөр тохирсон... гэсэн хариуцагч талын тайлбар, татгалзлыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна.
8. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
9. Төлбөр төлөгч *******оос төлбөр бодитоор төлөгдөх тухай бүр нэхэмжлэгч *******т 10%-ийг нь шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч ******* гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/06162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч *******д холбогдох 19,734,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 251,622 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.НЯМБАЗАР