Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         04              16                                           2019/ШЦТ/128                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.Х, Ч.Х, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогч Ц.Дуламсүрэн,

гэрч Т.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн Э.Х, Л овгийн Ч.Х нарт холбогдох эрүүгийн 1834007010053 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

     

                                    Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Эрдэнэсант суманд 1977 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сум, 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

мөн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 770929 дугаарын регистртэй, У овгийн Э.Х,

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Дэлгэрхаан суманд 1976 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сум, 4 дүгээр багт Угалзат бригадад оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 760518 дугаарын регистртэй, Л овгийн Ч.Х

 

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Х, Э.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг, 1 дүгээр хороо 5-21 тоотод байрлах Ц.Дуламсүрэнгийн эзэмшлийн эд зүйл агуулж хадгалж байсан байшингийн цонхоор нэвтрэн, 60 ширхэг хурганы арьс нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х:

...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр сумын төвд орж ирсэн. Тэгээд гэртээ амарч байгаад гараад явж байтал Ч.Х-тай таарсан. Тэгээд 1 шил архи хувааж уугаад дэлгүүрээс 1 шил архи авч Ц.Дуламсүрэн эгчийн хашаанд уусан. Тэгээд амбаарынх нь цонхоор шагайсан чинь шуудайтай зүйл байхаар нь аваад үзсэн хурганы арьс байсан. Тэгээд тэр арьсыг аваад Эрдэнэсийн мандал дэлгүүр дээр байж байтал Т.Энхтөр ирээд юу юм гэхлээр нь хурганы арьс гэж хэлээд 50000 төгрөгөөр зарсан гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х:

...Бид хоёр хамт явж байгаад архи уусан. Тэгээд Ц.Дуламсүрэн эгчийн амбаараас Э.Х уг хурганы арьсыг авсан. Би хажууд нь зогсож байсан гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Дуламсүрэн:

...Манайх төвд сургуулийн хүүхэдтэй амьдардаг байсан. Манай амбаар бол манайх амьдардаг байсан байшин юм. Би хөдөө явах гээд байшиндаа хэрэгтэй зүйлсээ хураагаад цоожлоод явсан байсан. Манай байшин модон цонхтой шил нь хагарахаар нь паниар тавиад сараалжин төмрөөр хадсан байсан. Цөм цохиод орсон байна лээ. Би хурганы арьсаа тэнд хийсэн байсан. Би арьсаа авах гээд 2018 оны 8 дугаар сар гаргаад ирсэн байхгүй байсан. Би хөрш айлдаа захисан байсан. Тэгээд арьс алга гэсэн тэр айлын эхнэр Б.Эрдэнэчимэг хурганы арьс зарах гээд хүн явж байсан гэж надад хэлсэн. Хэн гэдгийг нь мэдэхгүй гэсэн. Би цагдаад 60 ширхэг хурганы арьс байх гэж хэлсэн. Ч.Х миний хурганы арьсыг авчирч өгсөн чинь 64 ширхэг арьс байсан. Тэгээд би 60 ширхэг арьс хүлээж авлаа гэж бичээд явуулсан. Учир нь 60 ширхэг арьс алдагдсан гэж цагдаад хэлсэн болохоор нь би 60 гэж бичсэн. Би 64 ширхэг арьс хүлээж авсан. Би 60 ширхэг гэж бодсон байсан. Манай хашаа хаалга нь түгжээтэй, даваад орсон байх гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Энхтөр:

...2018 оны 7 сар билүү 8 сард би Ч.Х, Э.Хнараас 50000 төгрөгөөр хурганы арьс авсан. Тэгээд арьсаа аавынхаа гэрт орхисон байсан. Нэлээд удсаны дараа хулгайн арьс байж таарсан. Тухайн үед нарийн тоолоогүй 50 гаран арьс байсан. Тэгээд аавынхаа гэрт аваачиж тавьсан. Элдээгүй арьс байсан гэв... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1834007010053 дугаартай хэрэгт хохирогч Ц.Дуламсүрэнгийн /хх-ийн 13-14, 15 дугаар хуудас/, гэрч Ц.Дуламсүрэнгийн /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэчимэгийн /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Г.Жаргалсайханы /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Т.Энхтөрийн /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Э.Чөдөржаргалын /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч А.Гантулгын /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Э.Батзоригийн /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Д.Энхтуяагийн /хх-ийн 31 дүгээр хуудас/, яллагдагч Ч.Хын /хх-ийн 53 дугаар хуудас/, яллагдагч Э.Хын /хх-ийн 57 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,  

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 07/91 дугаартай үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний гэрээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 38-43, 45-46 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 62-92 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

  

Шүүгдэгч Ч.Х, Э.Хнар нь согтуурсан үедээ, бүлэглэж, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг, 1 дүгээр хороо 5-21 тоотод байрлах Ц.Дуламсүрэнгийн эзэмшлийн эд зүйл агуулж хадгалж байсан байшингийн цонхоор нэвтрэн, 60 ширхэг хурганы арьс нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ц.Дуламсүрэнгийн ...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр сумын төвд хашаа байшиндаа ирэхэд манай зуны байшингийн цонхоор нь хүн орж дотор нь байсан 2 ширхэг шуудаатай 60 ширхэг хурганы арьсийг хулгайч аваад явчихсан байсан. Би уг нь нодлин жил, энэ жил хоёр өөрийнхөө үрэгдсэн хурганы арьсыг цуглуулж дээл хийх гэж байсан юм... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

...эд хөгшил хийдэг учраас цонх нь хаалттай байсан. Хулгай  хийх үедээ цонхыг онгойлгож орхисон байх... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Ц.Дуламсүрэнгийн ...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр сумын төвд хашаа байшиндаа ирэхэд манай зун байшингийн цонхоор нь хүн орж дотор нь байсан 2 ширхэг шуудаатай 60 ширхэг хурганы арьсыг хулгайч аваад явчихсан байсан... ...Баасандоржийн эхнэр Сэлэнгэ гэж хүүхэнтэй таараад би “байшингаасаа хурганы арьсаа хулгайд алдчихлаа” гэж хэлэхэд Сэлэнгэ надад “би одоо яг хэн болохыг нь сайн хараагүй ямар ч байсан гурван хүн Самбуугийн түүхий эд дээр хурганы арьс тоолоод байж байсан” гэж ярьж байсан юм... ...би тус бүрийг нь 20.000 төгрөгөөр нийт 60 ширхэг арьсаа 1.200.000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Б.Эрдэнэчимэгийн ...Мөнхбатаас сонссон. Дуламсүрэн иймдбайшинд нь хулгай орох үеэр би хөдөө Мөнхбат гээд хүүгийндээ байсан Дуламсүрэн манайх хоёрын хоорондоо голдоо нэг айлын хашаагүй газартай байдаг... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Г.Жаргалсайханы ...9 сард цгадаа сэргийлэх гэхээр нь би мэдсэн. Тэгээд би нөхөртэйгөө яриад хаана хэнд өгсөн юм гэхэд ярьж байгаад нөгөө айлыг нь хайж олсон. Аж ахуйн хашаанд төмөр гэдэг айл байсан. Тэгээд би 50000 төгрөг өгөөд буцааж аваад Дуламсүрэн эгчид аваачиж өгсөн... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч Т.Энхтөрийн ...Мандал дэлгүүрийн үүдэнд Ч.Х Э.Х хоёр цагаан шуудаатай юм дээр сууж байсан. Тэгээд уулзаад мэнд асуугаад юун дээр сууж байгаа юм гэхэд хурганы арьс зарах гэж байгаа гэсэн. Тэгээд хэдэд зарах юм гэж би асуухад 70.000 төгрөг гэсэн. Тэгэхээр би 70.000 төгрөгөөр авч чадахгүй гэхэд тэр хоёр нутгийн дүү 50.000 төгрөгөөр авахгүй юу гэхээр нь би хорхой идсэнгүйг нь Самбуу гэх айлын хашаанд оруулаад шуудайнаас гаргаж үзэхэд илдээгүй хорой идээгүй 50 гаран хурганы арьс байсан. Тэгээд та хоёрын арьс мөн үү гэхэд Э.Х, Ч.Х хоёр мөн мөн амбаараас гаргасан гэсэн. Тэгээд 50.000 төгрөгөө өгөөд шуудайтай арьсаа ганзаглаад аавынд авчирч тавьсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч Э.Чөдөржаргалын ...Ц.Дуламсүрэн гэх хүний байшингаас хурганы арьс хулгайд алдагдсан гэх хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Саяхан цагдаа сэргийлэх гэхээр нь би мэдсэн... /хх-ийн 27 дугаар хуудас/,

гэрч А.Гантулгын ...энэ хэргийн талаар надад хэсгийн төлөөлөгчөөс мэдээлэл авсан. Тэгсэн Ч.Х, Э.Х нарыг авч Энхтөр гэх хүнд зарсан сураг гарсан... ...Өөрөөр бол мэдэх зүйл байхгүй байна... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

яллагдагч Ч.Хын ...Дуламсүрэн эгчийн хоосон хашаанд орсон. Орход модон амбаар байсан. Амбаарын урд архиа ууж дуусаад Э.Х бид хоёр явах гээд босоход амбаарын цонх нь онгорхой байсан. Тэгээд бид хоёр дотор нь юу байна гээд шагайтал цонхны доор хоёр шуудаатай зүйл байсан. Тэрийг Э.Х цонхоор тонгойж байгаад татаж гаргаж ирэхэд хурганы арьс байсан. Бид хоёр авч яваад Эрдэнэсийн мандал дэлгүүрийн үүдэнд нутгийн дүү Энхтөр 50.000 төгрөгөөр зарчихаад нэг шил 05 грамын архи нэг хайрцаг улаан шонхор тамхи аваад архиа уугаад мөнгөөр 20000 төгрөгөө хувааж аваад бид хоёр салсан... /хх-ийн 53 дугаар хуудас/,  

яллагдагч Э.Хын ...архиа ууж дуусаад явах санаатай босоход модон амбаарн цонх онгорхой байсан. Тэгээд бид хоёр дотор нь юу байна гэж цонхоор нь шагайтал цонхны халз доор 1 цагаан, 1 шар шуудаатай зүйл байсан. Би цонхоор тонгойж байгаад татаж авсан. Шуудайг онгойлгоод үзэхэд элдээгүй хурганы арьс байсан. Тэгээд Ч.Х бид хоёр шуудаатай арьсаа аваад Эрдэнэсийн мандал дэлгүүрийн үүдэнд байж байгаад нутгийн дүү Энхтөр гэх хүнд 50.000 төгрөгөөр өгчихсөн... /хх-ийн 57 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 07/91 дугаартай ...60 ширхэг хурганы арьсыг 288.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний гэрээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 38-43, 45-46 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 62-92 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Х, Ч.Х нарын согтуурсан үедээ, бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг, 1 дүгээр хороо 5-21 тоот Ц.Дуламсүрэнгийн хашаанд байрлах эд зүйлээ агуулж хадгалж байсан байшингийн цонхоор нэвтэрч, 60 ширхэг хурганы арьсыг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл, эс үйлдэхүй нь Э.Х, Ч.Х нар нь иргэн Ц.Дуламсүрэнгийн эзэмшлийн эзэнгүй хашаанд орж архи ууж байхдаа улмаар эд зүйл хадгалж байсан байшинд шуудайтай эд зүйл байгааг олж хараад авах санаа төрж хамтран үйлдэж үйлдлээрээ нэгдэж байгаагаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөө хадгалж, агуулж байгаа байр, агуулахад өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр авч байгаа өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Э.Х, Ч.Х нар нь хэргийн нөхцөл байдал болон өөрсдийн үйлдэл, авсан эд зүйлийн тоо, шинж чанарын хувьд маргаагүй, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа талаар мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хохирогч Ц.Дуламсүрэн, гэрч Б.Эрдэнэчимэг, Г.Жаргалсайхан, Т.Энхтөрийн, А.Гантулга нарын мэдүүлгүүд, 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 07/91 дугаартай ...60 ширхэг хурганы арьсыг 288.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул шүүгдэгч Э.Х, Ч.Х нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул түүний дүгнэлтийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Х, Ч.Х нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Х, Ч.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Дуламсүрэнд 60 ширхэг хурганы арьс хулгайд алдагдаж 288.000 /хоёр зуун наян найман мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг болох 60 ширхэг хурганы арьсыг хохирогч Ц.Дуламсүрэнд биет байдлаар нь хүлээлгэн өгсөн болох нь хавтас хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ц.Дуламсүрэнгийн мэдүүлэг, хавтас хэргийн 92 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ц.Дуламсүрэнгийн өргөдөл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Х, Ч.Х нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Х, Ч.Х нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэж, шүүгдэгч нарт хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Х, Ч.Х нарт оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Э.Хын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,

шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Э.Х, Ч.Х нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овгийн Э.Х, Л овгийн Ч.Х нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.         

          

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч У овгийн Э.Хыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Луугар овгийн Чойжамцын Ч.Хыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримлтан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч У овгийн Э.Хт оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

шүүгдэгч Луугар овгийн Чойжамцын Ч.Хт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У овгийн Э.Хтын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 5 /тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Л овгийн Ч.Хнь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч У овгийн Э.Х, Л овгийн Ч.Х нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У овгийн Э.Хт авсан цагдан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Луугар овгийн Чойжамцын Ч.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У овгийн Э.Х, Л овгийн Ч.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН