| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 192/2025/00124/И |
| Дугаар | 210/МА2025/01756 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01756
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04225 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* ХХК нь ******* ХХК-тай 2020 оны 04 сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн *******хороо, ******* хотхоны ******* барилгын ******* айлын ******* давхар орон сууцны барилгын болон гадна тохижилтын ажлыг гүйцэтгэж, төлбөрийн зарим хэсгийг бартераар төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний дагуу ******* миний бие ******* ХХК-тай 2023 оны 08 сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн *******хороо, ******* хотхоны А блок, ******* орцны 3 давхрын 55.55 м.кв (******* орон сууц) 2 өрөө орон сууцыг 122,188,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний төлбөрийг 2023 оны 08 сарын 22-ны өдөр 112,188,000 төгрөг, үлдэх 10,000,000 төгрөгийг барилгын улсын комисс хүлээн авсны дараа 2023 оны 12 сарын 01-ний өдөр төлж дуусгасан. 2023 оны 12 сарын 30-ны өдөр уг орон сууцанд нүүж орсон. Гэрээний дагуу орон сууцыг *******т хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй, өр төлбөргүй талаар ******* ХХК нь 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 057/23 тоот албан бичгээр ******* ХХК-д мэдэгдэж, ******* ХХК нь хүлээн зөвшөөрч 2023 оны 12 сарын 30-ны өдөр ******* тоот "Орон сууц захиалгаар бариулах гэрээ" шинэчлэн байгуулсан. Уг гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу орон сууцны төлбөрийг ******* миний бие бүрэн төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч ******* ХХК нь 2023 оны 12 сарын 30-ны өдөр ******* тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу 55.55 м.кв (******* орон сууц) 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд компанитай удаа дараа уулзсан боловч үр дүн гарахгүй, гэрчилгээ гаргаж өгөхгүй байна.
Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбарын агуулга: ******* ХХК нь ******* ХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 04 сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн *******хороонд ******* давхар, ******* айлын орон сууцны барилгын болон гадна тохижилтын ажлыг 2021 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 12,835,447,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны барилгын ажлыг бүрэн дуусгаагүй, гадна тохижилтын ажлыг гүйцэтгээгүй орхисон тул гүйцэтгэгчийн хийгээгүй ажлуудыг ******* ХХК болон ******* ХХК-иуд гүйцээн дуусгасан. Ажил гүйцэтгэх гэрээ-ний 4.1.8-д "Гүйцэтгэгч нь ажлыг чанаргүй, буруу, дутуу, хийж гүйцэтгэсэн тохиолдолд зөрчлийг арилгуулах хүртэл захиалагч санхүүжилтийг хойшлуулах эрхтэй" гэж заасан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч ******* ХХК нь ажлаа дутуу гүйцэтгэсэн тохиолдолд ******* ХХК нь санхүүжилтийг олгохгүй хойшлуулах эрхтэй болно. ******* ХХК нь орон сууцыг худалдан борлуулах тохиолдолд ******* ХХК-д албан бичгээр мэдэгдэж, ******* ХХК нь худалдан борлуулахыг зөвшөөрсөн буюу санхүүжилтийг олгох үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд ******* ХХК-д мэдэгдэж гэрээ байгуулах зөвшөөрөл хүсдэг байсан. ******* ХХК нь тухайн орон сууцыг худалдах зөвшөөрөл олгоогүй. 2023 оны 12 сард ******* ХХК-ийн ******* ХХК-ийн зөвшөөрөлгүй худалдсан орон сууцуудыг худалдан авсан иргэдэд дээр дурдсан нөхцөл байдлыг тайлбарлан иргэдтэй дараах нөхцөл байдлыг тохиролцсон. ******* ХХК-аас орон сууц худалдан авсан иргэнийг ******* ХХК нь орон сууцанд оруулна тухайн иргэн нь орон сууцны үнийг ******* ХХК-д төлнө. Орон сууцны үнийг төлсөн тохиолдолд ******* ХХК нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмлөх эрхийг гэрчилгээг иргэний нэр дээр гарган өгнө гэж иргэн нэг бүртэй харилцан тохиролцсон тул энэ агуулгаар гэрээ байгуулсан. ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан гэрээнд заасан талуудын үүрэг дээрх дарааллаар хэрэгжихээр харилцан тохиролцсон. Өнөөдрийн байдлаар ******* нь түлхүүрээ аваад орон сууцандаа ороод байна. Өөрөөр хэлбэл, ******* ХХК болон ******* нарын харилцан тохиролцоонд заасан ******* ХХК нь эхний үүргээ биелүүлсэн, одоо иргэн ******* нь орон сууцны үнийг ******* ХХК-д төлөх, ингэснээр ******* ХХК нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг *******т гарган өгнө. Гэтэл ******* нь төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй орон сууцны гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ХХК-д холбогдох *******ийн Хан-Уул дүүргийн *******хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны А блок, 2 дугаар орцны 3 давхрын 55.55 м.кв /******* орон сууц/ баригдаж байгаа 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж, 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 770,000 төрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 770,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. ******* ХХК, ******* ХХК-уудын хооронд 2020 оны 04 сарын 20-ны өдөр 05ХУД тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. ******* ХХК, ******* ХХК-ууд дээрх гэрээг дүгнэсэн тооцоо нийлсэн актыг 2023 оны 12 сарын 25-ны өдөр үйлдсэн. Уг гэрээний 3.2-т Гэрээний нийт үнэ 12,835,447,000 төгрөг үүнээс 1,283,544,700 төгрөгийг бэлнээр 11,551,902,300 төгрөгийг батераар төлнө. Гэрээний 3.1-т заасан үнийн 7,500,000,000 төрөгт НӨАТ багтсан болно. Бартерийн барааны жагсаалтыг хавсралт 1-р тодорхой тусгана гэж заасан байдаг. Гэрээний төлбөрт 11,551,902,300 төгрөгийг батераар төлөх төлбөрт ******* орон сууцны 3-р давхрын 55,55 м.кв талбайтай орон сууц буюу *******ийн худалдан авсан орон сууц багтсан болно. Үүнээс дүгнэхэд ******* ХХК-д мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг аваагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
4.2. ******* ХХК нь 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 057/23 тоот албан бичгээр ******* ХХК-д албан ёсоор мэдэгдэж, хариуцагч ******* ХХК нь хүлээн зөвшөөрч 2023 оны 12 сарын 30-ны өдөр ******* тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г шинэчлэн байгуулж, гэрээний уг гэрээний 2.2-т Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг ******* ХХК-д төлсөн гэж заажээ. Өөрөөр хэлбэл, уг гэрээний заалтын дагуу ******* ХХК нь орон сууцны төлбөрийг ******* ХХК-д төлсөн уг төлбөрийг ******* ХХК авахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
4.3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тайлбар, татгалзлаа нотлоогүй болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...******* ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг ******* ХХК, ******* ХХК-ууд гүйцээн хийж гүйцэтгэсэн, ******* ХХК нь орон сууцыг худалдан борлуулах эрхийг ******* ХХК-д олгоогүй, ******* нь орон сууцны үнийг ******* ХХК-д төлж барагдуулаагүй... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. ******* ХХК, ******* нар 2023 оны 08 сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, *******хороо, ******* хотхон, А блок, ******* орц, 3-р давхар, 55.54 м.кв 2 өрөө орон сууц (F орон сууц)-ыг 2023 оны 3-р улиралд багтаан барьж ашиглалтад оруулан *******ийн өмчлөлд шилжүүлэн өгөх, ******* нь орон сууцны үнэд 122,188,000 төлөх нөхцөлийг тохирчээ.
Үүний дагуу ******* нь 2023 оны 08 сарын 22-ны өдөр 112,188,000 төгрөг, 2023 оны 12 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 122,188,000 төгрөгийг ******* ХХК-ийн нэрлэн заасан этгээдэд дансаар шилжүүлэн өгчээ.
Улмаар 2023 оны 11 сарын 30-ны өдөр ******* ХХК-аас ...манай компани 2020 оны 04 сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 55.55 м.кв (******* орон сууц) байрыг *******т борлуулсан, нийт үнэ 122,188,000 төгрөгийн төлбөр тооцоо дууссан, уг байрыг захиалагчид хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй, гарах үр дагавар үүрэг хариуцлагыг ******* ХХК бүрэн хариуцна... гэсэн агуулга бүхий албан бичгийг ******* ХХК-д хүргүүлжээ.
Үүний дараа ******* ХХК, ******* нар 2023 оны 12 сарын 30-ны өдөр *******-23 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байх ба уг гэрээний 1.2-т Гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн *******хороонд баригдаж буй ******* ХХК-ийн 260 айлын орон сууц ба үйлчилгээний барилгын А блок (баруун), ******* орц, 3-р давхар, ******* тоот (******* тоот), 55.55 м.кв 2 өрөө орон сууцыг 122,188,000 төгрөгөөр барьж захиалагч талд хүлээлгэн өгнө гэж, 2.2-т Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг ******* ХХК-д төлсөн гэж тус тус дурджээ.
Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцыг Улсын комисс ашиглалтад хүлээн авсны дараа буюу 2023 оны 12 сарын 30-ны өдөр эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан үйл баримтын тухайд зохигч маргаангүй.
Хариуцагч ******* ХХК нь шүүхэд гаргасан ...******* ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг ******* ХХК, ******* ХХК-ууд гүйцээн хийж гүйцэтгэсэн... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.
5. Дээрхээс үзвэл, хариуцагч ******* ХХК нь ******* ХХК, ******* нар Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тухай, мөн орон сууцны үнэ 122,188,000 төгрөгийг *******аас ******* ХХК-д төлж барагдуулсан тухай тус тус мэдэж хожим хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсөн болохоо баталгаажуулж *******тай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээнд төлбөр төлөгдсөн тухай тусгайлан тусгаж өгчээ гэж дүгнэхээр байна.
6. ...******* нь орон сууцыг худалдан авахаар ******* ХХК-тай тохиролцож, үнийг нь төлөхдөө орон сууцны өмчлөгч ******* ХХК-д мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг аваагүй... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй буюу энэ талаарх хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.
7. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой ******* ХХК болон ******* ХХК-уудын хоорондын маргаан нэхэмжлэгч *******т хамааралгүй.
Учир нь, нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний нэг тал биш тул ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүргийг хүлээхгүй.
8. Иймд нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас орон сууцыг шаардах эрхтэй.
Мөн хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/04557 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зохицуулалтад нийцнэ.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04225 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар Хан-Уул дүүрэг, ******* хороо (хуучнаар *******хороо), ******* хотхон, А блок, ******* орц, 3-р давхар, ******* тоот (хуучнаар ******* тоот), 55.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ийг тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгч *******ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...улсын орлогод үлдээсүгэй гэснийг ...гаргуулан нэхэмжлэгч *******т буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 770,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.НЯМБАЗАР