Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         04              17                                           2019/ШЦТ/129                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Бд холбогдох эрүүгийн 1934000970089 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр8 2 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум 1 дүгээр баг, 32-2 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч, одоогоор Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг, 29-4 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 921221 дугаарын регистртэй, Б овгийн Б.Б

   

                                    Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                         

 

Яллагдагч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 32-2 тоотод өөрийн гэртээ М.Бат-Амьдралыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Б.Б:

...Гэм буруу дээр маргахгүй учраас мэдүүлэг өгөхгүй... ...200.000 төгрөг бэлнээр 100.000 төгрөгөөр хоёр хувааж өгсөн... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн  1934000970089 дугаартай хэрэгт хохирогч М.Бат-Амьдралын /хх-ийн 10, 16 дугаар хуудас/, гэрч Ч.Болортуяагийн /хх-ийн 12 дугаар хуудас/, шинжээч Э.Дэлгэрхүүгийн /хх-ийн 23 дугаар хуудас/, яллагдагч Б.Бы /хх-ийн 26, 27-28 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,   

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох ял шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоол, согтуурсан мансуурсан хүнийг саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-48 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

   

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 32-2 тоот өөрийн гэртээ М.Бат-Амьдралыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч М.Бат-Амьдралын ...би ерөөсөө гар хүрээгүй, барьцалдаж авсан байх. Ширээн дээр байсан шаазан аягаар миний толгойн тус газар цохиод л намайг толгойгоо бариад доошоо суунгуут дээрээс өшиглөж цохисон. Манай дүү М.Болортуяа л голоор орж ирж салгасан... /хх-ийн 10 дугаар хуудас/,

...Б.Б ширээн дээр байсан шаазан аягаар миний толгойг цохиж хагалсан мөн миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Би яг энэ үед л сэргэсэн. Би дараа нь чи яагаад намайг ингээд цохиж байгаа юм гэхээр Б.Б юм хэлэхгүй байгаа... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Ч.Болортуяагийн ...хаалгаа маш хүчтэй хүн нүдсэн юм. Манай нөхөр яарч сандраад очоод онгойлготол нэг хүнтэй ноцолдоод л ширээ сандал түжигнэх дуунаар нь би араас нь очоод харанхуй байсан тул гэрлээ асаатал манай төрсөн ах М.Бат-Амьдрал биэ авч явах чадваргүй шахам согтуу манай нөхөр Б.Бтай ноцолдоод шалан дээр доороо орчихсон байсан. Тэгээд би очоод тэр хоёрыг салгаад босч ирэхдээ манай ахын толгойноос цус гарсан байсан. Ойчихдоо л паар юм уу хананы булан цохисон байх... /хх-ийн 12 дугаар хуудас/,

шинжээч Э.Дэлгэрхүүгийн ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, хуйханд үүссэн шарх гэмтэл нь мохоо зүйлээр цохигдох, унаж ойчих үед үүсэх боломжтой, бусад гэмтэл нь унаж ойчих үед үүсэх боломж муу дээрх гэмтлүүд нь 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх болможтой... /хх-ийн 23 дугаар хуудас/,

яллагдагч Б.Бы ...Бат-Амьдрал согтуу орж ирээд намайг мөрлөж ширээ рүү түлхэж унагаасан. Тэгээд бид хоёр газар ойчсон. Тэгсэн Бат-Амьдрал орилж хашхирсан. Би зодуулчихлаа гээд байсан. Тэгээд манай эхнэр ирж гэрлээ асаасан чинь Бат-Амьдралын хамар хөмсөг хавиас нь цус гарчихсан өмсөж байсан куртик нь задарч урагдсан байсан... /хх-ийн 27-28 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дугаартай ...М.Бат-Амьдралын биед баруун хөмсөг, зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, согтуурсан мансуурсан хүнийг саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-48 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Бы 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн гэртээ М.Бат-Амьдралыг зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөг, зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, баруун зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал үүссэн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг зодож цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Бат-Амьдралын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.

 

Хохирогч М.Бат-Амьдрал нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх бөгөөд шүүгдэгч Б.Б нь 200.000 төгрөгийг хохирогчид өгсөн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч М.Бат-Амьдрал нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван тав/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б овгийн Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч М.Бат-Амьдрал нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН