Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01812

 

  *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04601 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: автомашины үнэд төлсөн 27,000,000 төгрөг, гарсан зардал, хохирол 7,311,076 төгрөг, нийт 34,311,076 төгрөгийг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2023 оны 12 сарын 25-ны өдөр *******тай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан 27,000,000 төгрөгөөр ******* улсын дугаартай, Лексус-470 маркийн авто машиныг худалдан авсан. Гэвч худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн. Учир нь уг тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш 2024 оны 08 сард техникийн улсын үзлэгт оруулах зорилгоор оношилгооны газарт очиход тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрүүтэй гэх шалтгаанаар үзлэгт оруулахаас татгалзаж, цаашид уг автомашиныг ашиглах боломжгүй гэсэн. Энэ тухай худалдагч *******д мэдэгдэн тээврийн хэрэгслийг буцааж мөнгөө эргүүлэн авах шаардлага тавихад биелүүлээгүй. Цаашилбал уг тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш хийсэн засвар үйлчилгээнд 7,311,076 төгрөг зарцуулсан бөгөөд нийт 34,311,076 төгрөгийн хохирол учраад байна.

Иймд гэрээний төлбөр 27,000,000 төгрөг, тээврийн хэрэгсэлтэй холбоотой гарсан зардал 7,311,076 төгрөг, нийт 34,311,076 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, Лексус-470 маркийн автомашиныг 2023 оны 12 сарын 20-ны өдөр хүнээс худалдан авсан. Тухай үед autbox.mn сайтаас торгуулийг нь шалгахад 2024 оны 07 сард үзлэг оношилгоонд орсон ямар нэг доголдолгүй байсан. Иймд 2023 оны 12 сарын 25-ны өдөр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч *******т шилжүүлэн өгч, хүлээлгэн өгсөн. Машиныг нэг залуу дээгүүр, доогуур нь тонгойж бүгдийг үзсэний дараа Солонгос хүн *******ийн хамт гурвуулаа унаж, явж шалгаад худалдаж авахаар болоод ярилцаж тохиролцоод худалдах худалдан авах гэрээ-г *******тэй хийчих, мөнгийг компаниас шилжүүлнэ гэсэн. Гэтэл 2024 оны намар 09 сард утасдаж машинаа буцаая, нэг бол үнэ дүйцэхүйц машинаар сольж өг, эсвэл буцааж ав гэж өдөр шөнөгүй залгаж, мессеж бичиж, одоо шүүхээр явна, гэж гэрээнд тусгаагүй, тохироогүй зүйлсийг дураараа нэхэж, автомашиныг унаж эдэлж, хэрэглэж, ашиглаж, эвдэлж, замын хөдөлгөөнд оролцон бараг жилийн дараа 2024 оны 11 сард өөрсдийн ашиглалтын зардлаа нэмж нэхэмжилж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. ******* нь 2023 оны 12 сарын 25-ны өдөр машиныг авснаас хойш 2025 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэл 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд тухайн машиныг 1 жил 6 cap унаж ашиглаж эвдэлчхээд тос маслыг нь гоожуулчихаад намайг гүтгэн мөнгө нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн хуульд заасан шаардлага гаргах хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 7,311,076 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Миний бие ******* улсын дугаартай, Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 07 сард үзлэг оношилгоонд орсон, биет байдлын болон эрхийн доголдолгүй тээврийн хэрэгслийг 2023 оны 12 сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг *******тэй байгуулж шилжүүлсэн нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т заасантай нийцсэн. Би уг автомашиныг худалдан авахыг шаардаагүй, харилцан тохиролцсоны үндсэн дээр ******* худалдан авсан. 2024 оны 09 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар 2025 оны 05 сард нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулйин 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанаас хэтрүүлсэн буюу 1 жил 5 сарын дараа байх тул шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй.

4.2. Тухайн үед ******* нь дээрх тээврийн хэрэгслийг худалдахдаа биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг тухайн үед худалдан авагч ******* өөрийн биеэр зөвшөөрч 27,000,000 төгрөгийг төлж, өөрийн гараашид хүргүүлсэн нь тээврийн хэрэгсэл биет байдлын доголдолгүй байсны нотолгоо юм. Хэрэв гэрээний гол нөхцөл болох тээврийн хэрэгслийн гадна байдлыг мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар хэмжүүлж, шалгаж, эд хөрөнгөө хүлээн авах, энэ байдлаар эд хөрөнгөө аваагүй бол худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлдийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдана гэж Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 02-р зөвлөмжид дурдсан. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т заасан. Энэ нь үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийг биет байдлын болон эрхийн доголдолгүй гэж үзнэ.

4.3.  ******* нь гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлээ хугацаандаа гаргаагүй тул гомдол нэхэмжлэл гаргах, гэрээнээс татгалзах эрхээ алдсан тул *******т Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрх үүсэхгүй

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Засвар үйлчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эрсдэл гэж хүлээж авсан тул үүнтэй холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүй. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон. Анх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үед уг доголдлыг нүдээр харж мэдэх боломжгүй байсан. Автомашины техникийн хяналтын үзлэгт орох хугацаа дууссан байсан тул оношилгоонд ороход автомашины арлын дугаарыг цохиж хийсэн, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, тэнцэхгүй гэх агуулга бүхий шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан автомашины үнэд төлсөн 27,000,000 төгрөг, гарсан зардал, хохирол 7,311,076 төгрөг, нийт 34,311,076 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2023 оны 12 сарын 25-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, Лексус-470 маркийн автомашиныг өмчлөлд нь шилжүүлэн өгөх, ******* нь автомашины үнэд 27,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус тохирчээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

5. Худалдан авагч ******* нь гэрээ байгуулагдсан өдөр буюу 2023 оны 12 сарын 25-ны өдөр автомашины үнийг төлж барагдуулсан, худалдагч ******* нь 2023 оны 12 сарын 28-ны өдөр автомашины өмчлөлийг шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй автомашиныг хүлээлгэн өгсөн эсэх, гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн эсэх, худалдан авагч автомашиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаанд гарсан зардал, хохирлыг гаргуулах эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг.

7. Хариуцагч нь нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй автомашиныг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлах боловч уг тайлбар нь хэрэгт авагдсан Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн ******* дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр няцаагдаж байна.

Тодруулбал, тус Шинжээчийн дүгнэлт-д ...******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, Лексус-470 маркийн автомашины арлын дугаар тоо үсэгний хувьд таарч байгаа хэдий ч арлын дугаарын тоо үсэг нь үйлдвэрийнх биш, өөр шобломоор цохисон хуурамч арлын дугаартай байна. Хаалганы хажуу дахь пайзны арлын дугаартай хэсгийг урж авсан, дөрвөн хаалганы наалтан дээрх арлын дугаар өөр байна. ...Уг арлын дугаарыг хэзээ хаана цохиж өөрчилснийг тогтоох боломжгүй..., ...Уг автомашины арлын дугаар нь зөрчилтэй байгаа тул MNS 4598, MNS 5011 стандартын шаардлага хангахгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцэх боломжгүй. Тухайн автомашины рамыг тусгай эрх бүхий байгууллагаар сольж дүгнэлт гаргуулан цаашид ашиглаж болно..., ...Уг автомашин нь арлын дугаарыг цохисон, дөрвөн хаалга болон кузовыг сольсон байна... гэж дүгнэсэн байх тул худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Лексус-470 маркийн автомашиныг биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй гэж үзнэ.

8. Дээрх биет байдлын доголдол болон эрхийн зөрчлийг нэхэмжлэгч ******* нь автомашиныг хүлээн авах үедээ мэдэх боломжгүй байсан, энэ нь автомашиныг 2024 оны 08 сард техникийн улсын үзлэгт оруулах үед мэдэгдсэн, улмаар тусгай мэдлэг бүхий этгээдийн гаргасан Шинжээчийн дүгнэлт-ээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд хариуцагчийн гаргасан ...нэхэмжлэгч нь автомашиныг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан... гэх татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.  

9. Өмнө дурдсан Шинжээчийн дүгнэлт-ээр маргаан бүхий автомашин нь стандартын шаардлага хангахгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдах тэнцэх боломжгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн гаргасан ...үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол автомашины нэг хэсэг доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй... гэх татгалзал, давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

10. Иймд хариуцагч *******аас автомашины үнэ 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 7,311,076 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04601 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

Д.НЯМБАЗАР