| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0128/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 130
2019 04 19 2019/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овгийн Ж.Тд холбогдох эрүүгийн 1934002680158 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэнийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1999 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Газар зүйн тэнхмийн 2 курсын оюутан, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Төв аймаг, Сэргэлэн сум, 5 дугаар баг, Авдар гэх газар оршин суух албан ёсны хаягтай боловч, Төв аймаг Зуунмод сум, 6 дугаар баг, 14-2а тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 990307 дугаарын регистртэй, З овгийн Ж.Т
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 03-нд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг 14-2 А тоотод У.Болдбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т:
...Хойд эцэг Болдбаатар нь согтуу ээжийг зодож цохиод доромжлоод байхаар нь зодсон гэм буруу зүйлчлэлээр маргахгүй гэмшиж байна... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934002680158 дугаартай хэрэгт хохирогч У.Болдбаатарын /хх-ийн 6, 13 дугаар хуудас/, гэрч Н.Энхбаярын /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч С.Цэрэнхандын /хх-ийн 11 дүгээр хуудас/, яллагдагч Ж.Тгийн /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 222 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Тгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 23-27 дугаар хуудас/, хохирогч У.Болдбаатар болон шүүгдэгч Ж.Т нарын эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 03-нд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг 14-2/А тоотод У.Болдбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч У.Болдбаатарын ...Ж.Т хөнжил хуулаад шууд зодоод эхэлсэн. Би болиочээ чи өөрөө хэрэгт орно шүү дээ гэхэд чамайг алаад би шоронд ороход надаа 20 жилийн нас байна гэж хэлээд балбаад байсан. Хажуунаас ээж нь боль цагдаа дуудна гэхэд ээж рүүгээ үгээр дайрсан. Тэгсэн ээж нь айсан байх гараад алга болсон. Би гараад зугтах гэхэд дүү болох Энхболдод наадахаа битгий гарга гэж бариулж байгаад зодсон... /хх-ийн 6 дугаар хуудас/,
...шөнө 03 цагийн үед гэнэтхэн намайг хүн цохиод авсан. Сэрсэн чинь Тэмүүжин байсан. Намайг бос гэсэн яах гээд байгаа юм гэсэн чинь бос гэж байна гээд байхаар нь би боссон чинь Тэмүүжин миний толгойн зүүн талын шанаа руу гараараа нэлээд олон удаа цохисон. Би боль гэж хэлсэн чинь яадаг юм гээд байсан. Тухайн үед Тэмүүжин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тэгээд цагдаа дуудаж өгсөн юм... /хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч Н.Энхбаярын ...Эмээгийн хамтран амьдрагч У.Болдбаатар гаднаас нилээн согтуу орж ирсэн. Тэгээд эмээтэй муудаад мангар авгай гэх зэргээр хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэгээд удалгүй манай ах 2 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд манай ах эмээг өмөөрөөд хүний хайр даахгүй архи уулаа чамайг архичин байхад манай ээж өөд нь татсан гэх зэргээр хэлж байсан. Тэгээд агаа чанга чанга дугараад байсан. Тухайн үед би унтаж байсан юм. Тэгээд удалгүй ах эхлээд нэг удаа цохисон. Тэгээд дахиж хэрүүл хийж байгаад дахиад зодолдсон. Би салгах гээд чадаагүй. Тэгээд удалгүй хоёулаа эвлэрсэн... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч С.Цэрэнхандын ...шөнө 02 цагийн үед Болдбаатар архи уусан байсан. Тэмүүжин зүгээр байх шиг байсан. Гаднаас ойролцоо орж ирсэн юм. Тэгээд Тэмүүжин та сүүлийн хэдэн өдөр архи уулаа ээжийг битгий зовоогоод бай өмнө нь та зодож байсан гэж хэлсэн. Дахиж архиндаа орох гээд байгаа юм уу гэж хэлсэн. Тэрнээс болж маргалдаад тачигнаад эхэлсэн. Би тархи толгой муутай тул гараад зугтсан. Гэр дотор зодолдоод байх шиг байсан. Тэгээд удалгүй гайгүй болоод хажуу гэрт Болдбаатарыг оруулж унтуулсан... /хх-ийн 11 дүгээр хуудас/,
холбогдогч Ж.Тгийн ...У.Болдбаатар согтуу унтах гээд орондоо хэвтэж байсан. Тэгээд миний дургүй хүрээд чи одоо хүний хайр даадгүй пизда вэ миний ээж чамайг архичин байхад чинь өөд нь татаж авсан. Архи уулаа чи гэх зэргээр хэлсэн. Тэгсэн өөдөөс дугарахгүй байсан. Тэгэхээр нь чамайг ална шүү гэсэн чинь өөдөөс чи өөрөө хэрэгт орно шүү дээ би чамайг цагдаад өгнө гэхээр нь дургүй хүрээд шууд зодоод эхэлсэн... ...хөл гараараа, мөн сандал ашиглан бүх биед нь цохиж, зодсон хэдэн удаа цохисон талаараа сайн санахгүй байна... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
яллагдагч Ж.Тгийн ...Болсон асуудлын талаар би урьд өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр дэлгэрэнгүй өгсөн байгаа. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 222 дугаартай ...У.Болдбаатарын биед дух, хамар, хацар, цээжинд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Тгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 23-27 дугаар хуудас/, хохирогч У.Болдбаатар болон шүүгдэгч Ж.Т нарын эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Ж.Тд холбогдох эрүүгийн 1934002680158 дугаартай хэргийн шүүгдэгч Ж.Тгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай, мөн хохирогч У.Болдбаатарын хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Тгийн 2019 оны 04 дүгээр сарын 03-нд гэртээ У.Болдбаатартай архи ууж, ээжийг зовоолоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл түүний улмаас учирсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан үр дагавартай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Ж.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Болдбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Харин хохирогч У.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/ болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Тг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Тд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Тд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн Ж.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч З овгийн Ж.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З овгийн Ж.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З овгийн Ж.Тд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч З овгийн Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч У.Болдбаатар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З овгийн Ж.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З овгийн Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН