Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01813

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04696 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээний үүрэгт 92,400,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь 2022 оны 04 сарын 01-ний өдөр ******* ХХК-тай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 20 тн даацтай *******, *******, ******* улсын дугаартай өөрөө буулгагч 3 автомашин тус бүрийг 30 хоногийн 12,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу манай компани 2022 оны 04 сарын 01-ний өдөр техникүүдийг ажлын талбайд бэлэн байлгасан ба ******* ХХК-ийн ажил санхүүжилт зогссонтой холбоотойгоор 2022 оны 06 сарын 17-ны өдөр ажил зогссон. Энэ талаар ******* ХХК-аас тодруулахад ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалсан гэх мэдээлэл өгсөн. ******* ХХК нь ******* ХХК-аас хаврын ажлын төлбөр орж ирэхээр автомашинуудын түрээсийн төлбөрийг төлнө гэж байсан ч өнөөг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй.

Иймд 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 18-ны өдөр хүртэлх 77 хоногийн түрээсийн төлбөрт нийт 92,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Тус компани нь ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй, 2022 оны 04 сарын 01-ний өдрийн гэх гэрээ хүчин төгөлдөр бус. ******* банкнаас зээл авах гэсэн юм, танай дээр ажил гүйцэтгэж байгаа гэсэн бичиг бичээд өг гэсний дагуу би 2022 оны 06 сарын 30-ны өдрийн ******* ХХК гэсэн бичгийг хийж өгсөн. Миний бие замын компанитай, ******* техниктэй учир хамтарч ажиллахаар энэ ажил руу орсон бөгөөд бүх зардлаа тооцоод ашгаа хуваана гэж амаар тохирсон. Орон нутгийн иргэд карьер ухуулахгүй гээд 2022 оны 06 сард ажил зогссон. 2022 оны 04 сарын 10-ны орчим техникүүдээ авч ирсэн. Сайн санахгүй байна. 2022 оны 04 сарын 02-ны өдрөөс 2022 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу замын ажил хийж байсан. Автомашины түрээс доод тал нь 9,000,000 төгрөг, дээд тал нь автомашины чадамжаас хамаарч байсан. 2022 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан тоног төхөөрөмж түрээсийн гэрээн дэх гарын үсэг миний гарын үсэг мөн боловч банкинд өгсөн гэрээг гаргаж өгсөн байна. 2022 оны 06 сарын 23-ны өдөр ажил зогсоход ******* хотод ирээд ажилчдын төлбөр тооцоо, бусад төлбөр тооцоог би хариуцая гэсэн. ******* ХХК-аас мөнгө орж ирэхээр чи захиран зарцуул гэж би хэлсэн. 2022 оны 06 сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу ******* ХХК бүх зардлаа хариуцаж ажиллахаар болсон. Тухайн техникүүд нэхэмжлэгч талын эзэмшлийнх биш байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас 92,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 619,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 619,950 төгрөг гаргуулж нэхэмжпэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.1. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээс харахад *******, *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр Ханги-Мандал автозамын далангийн ажлыг гүйцэтгэж байсан, *******г танина гэх талаарх нөхцөл байдлуудыг тодорхойлж байна. Харин зохигч талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэх, хэрхэн ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар гэрчүүд ямар нэгэн байдлаар тодорхойлох боломжгүй байна.

4.2. Анхан шатны шүүх ******* болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 04 сарын 11-ний өдөр байгуулагдсан Өмнөговь аймгийн Манлай-Ханги хүртэлх 10 км авто замын ажлыг хийхэд байгуулагдсан өөрөө буулгагч техник түрээслүүлэх гэрээг иш татаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг *******тэй байгуулсан гэрээний агуулга нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний агуулгатай ойролцоо, нэг цаг хугацаанд хийгдсэн гэдэг утгаар ******* ХХК, ******* ХХК-уудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн. Гэтэл *******ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг өмнө нь тухайн шүүгч анхан шатны журмаар шийдвэрлэж байсан дотоод итгэлээрээ хэрэгт эрх зүйн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй.

4.3. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүссэн байхад дахин шийдвэрлэх боломжгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх байтал өөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу гаргасан шүүхийн шийдвэр /өмнө гаргасан шийдвэр/-ийг үндэслэн шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй.

4.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч талаас түрээслүүлсэн гэх автотээврийн хэрэгслүүдийг хэрхэн ямар эх үүсвэрээс түрээслэн авч байсан талаарх нотлох үүргээ биелүүлээгүй. Харин зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэх гэрээг үндэслэл болгодог боловч энэ гэрээ нь агуулгын хувьд алдаатай, уг гэрээг талууд үнэн санаанаасаа, гэрээний талуудын адил тэгш эрхтэй байгуулж байсан эсэх талаар эргэлзээ төрүүлж байдаг. Энэ талаар хариуцагч талаас шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцдог боловч анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тодруулаагүй. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй анхан шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, энэ гэрээний төлбөрт 92,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 92,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2022 оны 04 сарын 01-ний өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, ******* ХХК нь ******* болон ******* улсын дугаартай North Benz маркийн өөрөө буулгагч, мөн ******* улсын дугаартай Dong feng маркийн өөрөө буулгагчийг түрээслүүлэх, ******* ХХК нь түрээсийн төлбөр төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 41-43, 44-46/

Дээрх гэрээний 1.1-д ******* ХХК-ийг түрээслүүлэгч гэж, ******* ХХК-ийг түрээслэгч гэж бичсэнийг техникийн алдаа гэж үзэв. Учир нь, компанийн тамга, захирлын гарын үсэг бүхий хэсэгт түрээслэгч ******* ХХК гэж, түрээслүүлэгч ******* ХХК гэж зөвтгөн бичсэн байна. /1хх 43, 46/

Энэ талаарх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5. Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулагдах үед ******* улсын дугаартай өөрөө буулгагч *******ийн өмчлөлд, ******* улсын дугаартай өөрөө буулгагч *******ны өмчлөлд, ******* улсын дугаартай өөрөө буулгагч *******ын өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /1хх 86-120/

Түрээсийн гэрээний зүйл нь заавал түрээслүүлэгчийн өмчлөлийн зүйл байх шаардлагыг хуулиар тогтоогоогүй тул ...тухайн тээврийн хэрэгслүүд нэхэмжлэгч компанийн өмч биш... гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.  

6. Хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй, банкинд өгөх зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан... гэх тайлбар, татгалзал нь гэрч *******ын өгсөн ...2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд замын ажил дээр байсан. ...Ханги мандлын авто замын далангийн ажлыг ******* ХХК гүйцэтгэж байсан. *******, *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүд ажлыг гүйцэтгэхэд байсан. Эдгээр тээврийн хэрэгслээр далангийн материал зөөдөг байсан. ...******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож байсан. ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* жолоодож байсан. ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* жолоодож байсан. 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд энэ машинууд замын ажил дээр байсан... гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна. /1хх 174-176/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд тооцогдох тул анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй.

7. Иргэний хуулийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.

Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний 1.3, 5.2-т тус тус заасныг харьцуулан үзвэл ******* болон ******* улсын дугаартай North Benz маркийн өөрөө буулгагчийг нэг сарын 12,000,000 төгрөгөөр, харин ******* улсын дугаартай Dong feng маркийн өөрөө буулгагчийг нэг сарын 12,000,000 төгрөгөөр тус тус түрээслүүлэх агуулгатай байна. /1хх 41-43, 44-46/

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ******* болон ******* улсын дугаартай North Benz маркийн өөрөө буулгагчийг тус бүр 12,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон мэтээр шийдвэртээ тусгасан нь буруу болжээ.

8. Иймд хариуцагч ******* ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт (12,000,000 : 30 х 77) = 30,800,000 х 2 = 61,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцнэ. 

9. 2022 оны 06 сарын 28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 4.1-д Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал, хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн ПК25100-аас ПК35100 авто замын ажлыг гүйцэтгэхэд зориулан хийгдсэн ******* ХХК-ийн нэр дээрх бүх гэрээний үүрэг, төлбөр тооцоог ******* ХХК бүрэн хариуцна гэж тусгажээ. /1хх 53-54/

Цаг хугацааны хувьд хожим байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ний заалтаар өмнө байгуулагдсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

/Хэрэгт Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар хувь авагдсан боловч уг гэрээний үнэн зөв эсэх талаар зохигч маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар уг гэрээг үнэлэх боломжтой гэж үзсэн болно/

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04696 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...92,400,000... гэснийг ...61,600,000... гэж, ...олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ....619,950... гэснийг ...465,950... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 619,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

Д.НЯМБАЗАР