| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2023/02209/И |
| Дугаар | 210/МА2025/01814 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01814
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00749 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 203,367,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга: *******, ******* нар *******той 2020 оны 02 сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, Амарсанаа гудамж, ******* байр, ******* тоот, ******* м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, хариуцагч төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 80,000 койноор тооцож төлбөрийг төлсөн. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч талд койны ханш жил ирэх тусам өсөж хэд дахин ашиг олох боломжтой, ойрын хугацаанд худалдах шаардлагагүй, хэрэв зарах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд койн гаргасан компани буцаан худалдан авахад нээлттэй гэж ойлгуулснаар итгэл, үнэмшил төрж, койноор төлбөр тооцоо хийхийг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч талд хэдэн сарын дараа мөнгөний хэрэгцээ гарсан тул орон сууцны төлбөрт авсан койныг худалдахаар койн гаргасан компанид хандахад худалдан авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэ талаар хариуцагч талд удаа дараа хэлж байсан боловч санаа зовох хэрэггүй компанийн үйл ажиллагаа удахгүй жигдрээд койныг буцаан худалдан авч их хэмжээний ашиг олно гэхээр нь мөн л итгэж явсаар хохирч сүүлийн жил хариуцагчтай утас болон бусад хэлбэрээр холбогдох боломжгүй болсон. Виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхойлсон санхүүгийн хэрэгсэлд хамааралгүй, зөвшөөрөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол нөгөө талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд цахим мөнгөнд хамаарахгүй бөгөөд албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш юм. Хариуцагч тал Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 217.2-т заасан заалтыг зөрчиж худалдах худалдан авах гэрээ байгуулж, Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй албан бус төлбөрийн хэрэгслээр хууль зөрчиж төлбөр тооцоо хийгдсэний улмаас нэхэмжлэгч тал хохирсон. ******* нь 2020 оны 02 сарын эхээр ОХУ-аас барилгын материал оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй болсон боловч тухайн үед мөнгө зээлдэх хүн олдохгүй байсан тул танил эгч болох *******гоос надад мөнгө олж өгч туслаач, би орон сууцаа барьцаалаад ч гэсэн мөнгө зээлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл ******* нь орон сууцаа миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр түр шилжүүлчих, би мөнгө олж өгье гэж хэлсэн. Үүний дагуу *******той орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар нотариат дээр очиход койн дээр татвар төлөх боломжгүй харин бэлнээр төлсөн мөнгөнөөс татвар болон нотариатын зардал авах боломжтой, хамгийн багадаа 45,000,000 төгрөгөөр гэрээ хийх боломжтой гэснээр гэрээнд орон сууцны үнийг 45,000,000 төгрөг гэж тодорхойлон. Гэвч бодит байдал дээр орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож бэлнээр 50,450,000 төгрөг үлдэх 50 хувьд нь 80,000 койн зоос өгөөд, койн зоос хөрвөдөг болохоор зоосыг *******д буцааж өгөөд бид байраа буцааж авахаар тохиролцсон. ******* нь дээрх орон сууцыг 2022 оны 12 сарын 26-ны өдөр иргэн *******ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.
Иймд 2020 оны 02 сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56.5, 56.6-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар, хохиролд Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг одоогийн зах зээлийн ханшаар тооцож 203,367,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбарын агуулга: *******тэй 2020 оны 02 сарын 05-ны өдрийн зарын дагуу холбогдсон. ******* нь танил тал, найз нөхдөдөө койн авч өгнө гэж хэлээд өрөнд орсон, надад одоо мөнгө ч, койн ч аль аль нь хэрэгтэй байна, орон сууцыг минь авч надад тус болооч гэж гуйж байсан учраас уг орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон. ******* нь хадгаламж, зээлийн хоршооноос мөнгө зээлж, орон сууцны ордероо барьцаанд тавьсан байсан. *******, ******* нар Onecoin компанийн маркетинг, менежмент урамшууллын системийг бусдад тайлбарлаж шинээр гишүүд элсүүлдэг мэдлэгтэй, тус компанид тодорхой байр суурь эзэлсэн мерчант зэрэг цолтой, онцгой эрх бүхий идэвхтэй гишүүд. Харин би энэ компанаас койн худалдаж авсан, бараа худалдаж авах эрхтэй жирийн гишүүн. Гэтэл Onecoin компанийн тухай мөн койны талаар ямар ч ойлголтгүй хүмүүс болж ******* намайг гүтгэжээ. Тус компанийн койн зоос хэдэн жилийн дараа өсөх юм уу, буурах юм уу, ямар алдагдал орж, хэдэн хувийн ашигтай байх талаар би одоо ч ойлголтгүй явдаг учраас эдгээр хүмүүст тайлбарлаад бас ятгаад байх шаардлага болон мэдлэг байхгүй болно. Нэхэмжлэгч *******, ******* нар надад байр худалдсанаараа Хадгаламж, зээлийн хоршоонд зээлээ төлж чадахгүй, байраа алдах гэж байсны хүүг зогсоож, төлбөр тооцоог нь хийж ордероо авсан. Хүмүүсээс зээлсэн бэлэн мөнгөний өрөө дарсан. Найз нөхөд танилынхаа койны өрийг койноор төлсөн. АННА орос барааны дэлгүүр нээж 50 хувь бэлэн мөнгөөр, 50 хувь койноор бараагаа худалдаалж, байнгын ашиг орлоготой ажиллаж байсан.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч *******гоос 203,367,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,966,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцлийг хууль зөрчсөн хэлцэлд хамааруулахаар заасан. Хариуцагчийн шилжүүлсэн ******* зоос нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр виртуал хөрөнгөөр бүртгүүлээгүй буюу арилжаалагддаггүй, мөн Монголбанк-д энэ койнтой холбоотой бүртгэл, хяналт байхгүй талаар дурьдсан. Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх үйл ажиллагаа нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д зааснаар Монголбанкны зөвшөөрлөөр хийгдэх үйл ажиллагаа бөгөөд тухайн үйл ажиллагааг эрхлэхэд хуулиар тогтоосон шаардлагууд тавигддаг болохыг уг хуулиар нарийвчлан зохицуулсан. Тиймээс хариуцагч нь цахим мөнгө арилжаалах эрхтэй этгээд биш учир талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Гэтэл анхан шатны шүүх уг холбоотой харилцааг зохицуулсан хууль, журам талуудын хооронд гэрээ байгуулагдах үед Монгол улсад байгаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нар *******гэх койн албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш болохыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой эсэх нь дээрх хуулийн дагуу тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцоход ач холбогдолгүй юм.
4.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нар зохигчдийн хооронд байгуулсан 2020 оны 02 сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг байгаагүй, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь үл хөдлөх хөрөнгийн үнийг Оne койноор төлбөрт тооцон худалдахаар хүсэл зоригоо илэрхийлэн Facebook дэх Onecoin хэрэглэгчдийн групп-т хандан зар тавьж, зарын дагуу хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50,000,000 төгрөг болон 80,000 ширхэг One койноор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар 2020 оны 01 сарын 25-ны өдөр, 2020 оны 02 сарын 25-ны өдөр фэйсбүүк дээр орон сууц зарах тухай зар байршуулсан бөгөөд тус зарыг нийтэлсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн учир анхан шатны шүүх үүнд үзлэг хийж баталгаажуулаагүй ба үүнийг талуудын маргаагүй үйл баримт гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тал гэрээ байгуулах саналын дуудлагыг өөрсдөө олон нийтийн сүлжээнд байршуулсан бөгөөд тус саналын дуудлагыг манай үйлчлүүлэгч хүлээн авсны үндсэн дээр талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулагдсан. Тус саналын дуудлагад хэдэн төгрөг нь бэлэн мөнгө хэлбэрээр, хэдэн төгрөг нь койн хэлбэрээр байх тухай буюу гэрээний гол нөхцөлүүдийг тусгасан байсан бөгөөд үүний хүрээнд хариуцагч ямар нэгэн нэмэлт саналгүйгээр гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Үүнээс дүгнэвэл, хариуцагч дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор нэхэмжлэгч нарыг хууран мэхэлсэн нөхцөл байдалд оруулсан зүйл байхгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн нийтэлсэн орон сууц худалдах зараар нотлогдож байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдоогүй буюу нэгэнт үүрэг биелэгдсэн байхад үүнээс 3 жилийн дараа байгуулсан гэрээгээ хүчингүй болгуулая гэх байдлаар асуудалд хандаж байгаа нь иргэний эрх зүйн харилцааны итгэлцлийг хамгаалах зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Энэ хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 203,367,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...бид өөрсдийн өмчлөлийн орон сууцыг хуулиар зөвшөөрөгдөөгүй төлбөрийн хэрэгслээр худалдсан тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, бодит байдал дээр орон сууцыг худалдах бус харин мөнгө зээлдэн авах хүсэл зоригтой байсан, хариуцагч нь орон сууцыг бусдад бэлэглэсэн байх тул түүний зах зээлийн үнэ болох 203,367,000 төгрөгийг гаргуулна... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...орон сууцаа мөнгө болон койноор зарна гэсэн зарын дагуу нэхэмжлэгчтэй холбогдож гэрээ байгуулсан, гэрээний үнэ болох 50,450,000 төгрөг, 80,000 койныг шилжүүлэн өгсөн... гэж тус тус тайлбарлан маргажээ.
4. Хэрэгт авагдсан 2020 оны 02 сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Тодорхойлолт гэсэн гар бичмэлүүдийг харьцуулан үзвэл *******, ******* нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол /16063/, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот, ******* м.кв, 3 өрөө орон сууцыг *******д 100,000,000 төгрөгөөр буюу 50,450,000 төгрөг болон 80,000 койноор худалдсан үйл баримт тогтоогдож байна. /1хх 6, 10-арын нүүр, 11/
Дээрх орон сууц нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр *******, ******* нарын өмчлөлөөс 2020 оны 02 сарын 20-ны өдөр *******гийн өмчлөлд, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр *******гийн өмчлөлөөс 2022 оны 12 сарын 26-ны өдөр *******ийн өмчлөлд тус тус шилжжээ. /1хх 94-99, 102-105/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
6. Нэхэмжлэгч нар 2020 оны 02 сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т тус тус зааснаар хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлажээ.
6.1. Иргэний эрх зүйд хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрөх зарчим үйлчилдэг бөгөөд талуудыг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулах үед койноор төлбөр тооцоо хийхийг хуулиар тусгайлан хориглоогүй байсан тул уг хэлцлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Учир нь, виртуал хөрөнгө болох криптовалют нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.25, 35 дугаар зүйлд заасан шинжийг агуулаагүй учир цахим мөнгөнд хамаарагдахгүй бөгөөд Монгол улс 2020 оны байдлаар виртуал хөрөнгийн талаарх эрх зүйн зохицуулалтгүй байсныг хуулиар зөвшөөрөгдөөгүй төлбөрийн хэрэгсэлд тооцогдоно гэж дүгнэхгүй. Монгол улсын албан ёсны төлбөрийн хэрэгсэлд койныг тооцоогүй, хуулиар тухайн харилцааг зохицуулаагүй байсан нь арилжааны хэрэгсэл болгох болон төлбөрийн хэрэгслийг орлуулахыг хуулиар хориглосон аливаа зүйлтэй адилтгах үндэслэлгүй болно.
Иймээс Монгол улсад албан ёсоор зөвшөөрөгдөөгүй төлбөрийн хэрэгслийг ашиглан талууд хэлцэл хийсний улмаас хохирол учирсан бол тухайн хэлцлийн үр дагавар, эрсдлийг талууд өөрсдөө хариуцах учиртай.
Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж тус тус заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
6.2. Талууд 2020 оны 02 сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г дүр үзүүлэн хийсэн гэх, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 02 сарын 05-ны өдөр Onelife-Dealshaker групп дээр койн оролцуулан орон сууц худалдах агуулгатай зар нийтэлсэн, уг зарын дагуу хариуцагч ******* холбогдож, улмаар талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг тохирч, 2020 оны 02 сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нар орон сууцыг хариуцагчийн өмчлөлд, хариуцагч нь орон сууцны үнийг нэхэмжлэгч нарын өмчлөлд тус тус шилжүүлэн өгсөн байна. /1хх 112/
7. Нэхэмжлэгч ******* нь койны талаар зохих мэдлэгтэй этгээд болох нь түүний нийтэлсэн койн оролцуулан орон сууц зарна, койноор хашааны материал авна, койноор барилгын материал авна, койноор хашаа хийлгэнэ гэх зараар тогтоогдож байхаас гадна хожим тухайн койн олон улсын зах зээл дээр хөрвөхгүй болсон нөхцөл байдал нь өмнө байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй. /1хх 115, 116, 117/
8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тэдгээрийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
9. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон агуулгаар уншигдаж байх тул уг заалтад холбогдох найруулгын өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00749 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******д холбогдох, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 203,367,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 1,174,785 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.НЯМБАЗАР