Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01815

 

 *******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03276 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2008 оны 11 сарын 26-ны өдөр ******* ХХК-тай орон сууцны барилга захиалгын гэрээ байгуулан Баянгол дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* давхрын 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирсон. Нөхөр ******* өмнө нь ******* ХХК-ийн захирал *******аас авлагатай байсан, байрны төлбөрийг энэ өр авлагатаа багтаан бүрэн төлж дууссан байдаг. Гэсэн хэдий ч ******* ХХК нь орон сууцны баримт бичгийг шилжүүлэн өгөөгүй. Дээрх орон сууц нь өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* тоот хаягтай болсон ба талбайн хэмжээ 43 м.кв. Уг орон сууцыг улсын комисс хүлээн авч ашиглалтад ормогц *******, ******* нар хүлээн авч 10 гаруй жил өөрсдийн мэдэлд байлгаж байна. ******* ХХК-ийн захирал *******д байрны гэрчилгээ гаргуулж өгөх талаар удаа дараа хэлэхэд удахгүй өгчихнө гэж хойшлуулсаар өдийг хүрсэн.

Иймд Баянгол дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг баримтлан Баянгол дүүрэг, ******* хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч нараас өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгсөн. Хариуцагч талаас холбогдох нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч компани олон дахин нүүж баримтууд олдохгүй болсон гээд гаргаж өгөөгүй.

4.2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж ямар нэг тайлбар өгөөгүй. Маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч нар ашиглалтад орсон цагаас хойш буюу 2011 оноос өнөөдрийг хүртэл 14 жил ямар нэг маргаангүйгээр эзэмшилдээ байлгаж байгаа талаар маргаагүй.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангав.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч ******* ХХК, *******, ******* нар нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд мөн зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

4. Талууд 2008 оны 11 сарын 26-ны өдөр Орон сууцны барилга захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянгол дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* давхрын 2 өрөө орон сууцны өмчлөлийг 2008 оны 12 сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 25,836 ам.долларыг төлөх нөхцөлийг тохиролцжээ.

/Дээрх гэрээ нь хэрэгт хуулбар хувиар авагдсан боловч уг гэрээний үнэн зөв эсэх талаар зохигч маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн болно/

5. Маргаан бүхий орон сууц нь 2011 онд ашиглалтад орж, 2011 оны 05 сарын 28-ны өдрөөс *******ын өмчлөлд, 2011 оны 10 сарын 24-ний өдрөөс *******ын өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь 2024 оны 05 сарын 14-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа-гаар тогтоогдсон.

Түүнчлэн, маргаан бүхий орон сууц нь улсын бүртгэлд Баянгол дүүрэг, ******* хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байрны ******* тоот хаягтай бөгөөд талбай нь 42.6 м.кв байна.

6. Нэхэмжлэгч нар орон сууцыг ашиглалтад орсон цагаас нь хойш буюу 2011 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа болохоо нотолж ашиглалтын зардал болон СӨХ-ны төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэ талаар хариуцагч нар мөн маргаагүй.

7. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

Түүнчлэн, маргаан бүхий орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцнэ гэж үзлээ.

8. Анхан шатны шүүх зохигчийн маргаагүй асуудлаар буюу хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд харшилж байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

Нэхэмжлэгч нар орон сууцыг 2011 онд эзэмшил, ашиглалтдаа авснаас хойш улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх эрх нь зөрчигдсөн буюу эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03276 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 42.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******, ******* нарыг тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.2... гэснийг ...56.1... гэж, ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР  

Д.НЯМБАЗАР