Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овгийн Д.Лд холбогдох эрүүгийн 1934002820160 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1984 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, Мөнхийн баян гал ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 3, аав, эхнэрийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, колонкийн задгай 17-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЮ84071118 дугаарын регистртэй, И овгийн Д.Л

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Л нь Төв аймгийн Зуунмод сумын нутагт 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Энхбаттай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...

 

 Эрүүгийн 1934002820160 дугаартай хэрэгт хохирогч М.Энхбатын /хх-ийн 8, 13 дугаар хуудас/, гэрч Ж.Отгонбаатарын /хх-ийн 11 дүгээр хуудас/, яллагдагч Д.Лгийн /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 242 дугаартай дүгнэлт, эмчийн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 7 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Лгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 23-29 дүгээр хуудас/, хохирогч М.Энхбат болон шүүгдэгч Д.Л нарын эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

   

Шүүгдэгч Д.Л нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Энхбаттай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч М.Энхбатын ...0.75 грамм архи гаргаж ирээд тэрнээсээ бид гурав, хоёр хоёр татаад аваад гараад явах гэтэл Лхагваа 6 дугаар байрны гадаа намайг зүүн гараараа миний нүүр хэсэгт нэг удаа алгадсан. Тэгээд би чи яаж байгаа юм, би Энхбат байна гэхэд толгой хэсгээрээ миний хамар хэсэгт нэг удаа мөргөж гэмтээсэн. Тэгээд Отгонбаяр ах салгаад би цагдаад хандсан... /хх-ийн 8 дугаар хуудас/,

...би Отгонбаатар ахтай зогсож байтал Д.Л гэнэтхэн миний баруун шанаа руу гараараа цохиод авахаар нь би яасан бэ би Энхбат байна ш дээ гэж хэлсэн чинь намайг дахиж татаж аваад толгойгоороо миний нүүр рүү нэг удаа мөргөсөн. Би чи намайг мөргөчихлөө гэсэн чинь юм хэлээгүй. Тэгээд би Д.Лг цагдаад хэлсэн... /13 дугаар хуудас/,

гэрч Ж.Отгонбаатарын ...Соёмбо гэх 0.75 грамм архи гаргаж ирээд тэрнээсээ бид гурав хоёр, хоёр татаад аваад гараад явах гэтэл Лхагваа 6 дугаар байрны гадаа Энхбатын хамарнаас цус гаргасан байсан. Тэгээд би та хоёр одоо боль гэж салгаад гэртээ ороод унтаад өгсөн... ...цохисон эсэхийг нь хараагүй. Хамарнаас нь цус гарсан байсан...  /хх-ийн 11 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Лгийн ...Отгоо ах гэртээ үлдээд Энхбат бид хоёр гэрээс нь гарсан. Тэгээд байрны гадаа бид хоёр хоорондоо маргалдсан. Машин барина барихгүй гэдэг асуудлаас болсон. Маргалдаж байгаад би Энхбатын нүүр хамар хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн. Тэгээд Отгоо ах гэрээсээ гарч ирээд Энхбат бид хоёрыг загнаад харьцгаа гээд. Тэгээд бид хоёр явсан... /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгийн,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 242 дугаартай ...М.Энхбатын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт, эмчийн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 7 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Лгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 23-29 дүгээр хуудас/, хохирогч М.Энхбат болон шүүгдэгч Д.Л нарын эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

    

            Прокуророос шүүгдэгч Д.Лд холбогдох эрүүгийн 1934002820160 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Лгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.   

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:  

Шүүгдэгч .Д.Лгийн согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Энхбаттай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл түүний улмаас учирсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан үр дагавартай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Д.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Лгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Энхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. 

 

Хохирогч М.Энхбат нь шүүгдэгч Д.Лгээс эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал баримтаар 145.000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардал тус тус нэхэмжилсэн ба дээрх эмчилгээний зардалтай холбоотой 145.000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг төлсөн болох нь хохирогч М.Энхбатын “ХААН” банкны 5450424420 дугаарын дансанд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой байна.

 

Харин шүүхийн шатанд нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Лд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Лд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овгийн Д.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч И овгийн Д.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И овгийн Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

       

4. Шүүгдэгч И овгийн Д.Лд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.    

 

5. Шүүгдэгч И овгийн Д.Л нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч М.Энхбат нь гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

   

6. Хохирогч М.Энхбат нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И овгийн Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.      

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И овгийн Д.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН